Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Санчирбаатар: Оюутнууд 100 хувийн тэтгэлгээр суралцах боломж эрэлхийлж байна

Э.ГАНЦЭЦЭГ

“Монголын боловсрол 2016” боловсролын үзэсгэлэн яармаг хоёр дахь өдрөө “Блю скай” цамхагт үргэлжилж байна. Дөрөв дэх жилдээ болж буй энэ удаагийн үзэсгэлэн яармагт өмнөх жилтэй харьцуулахад цөөн тооны байгууллагууд оролцож байгаа нь боловсролын экспогийн босго өндөрссөний илрэл гэлээ.

Өнгөрсөн жил 50 гаруй их, дээд сургууль, гадаадад суралцахад зуучилдаг байгууллага оролцож байсан бол энэ жил 20 гаруй боловсролын байгуул­лага оролцож байгаа аж. Үзэсгэ­лэнгийн талаар “Мэргэжил болон суралцах сургуулиа сонгоогүй төгсөгчдөд сонирхож буй сургуулийнхаа мэдээллийг нэг дороос авах боломжийг олгож байгаа. Түүнчлэн сонгосон сургуулийнхаа талаар бүхий л мэдээллийг авч чадахаас гадна гадаадад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар энэ үзэсгэлэн яармагаас мэдэх боломжтой” хэмээн зохион байгуулагчид хэлэв. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн яармаг мэргэжлээ, элсэн суралцах сургуулиа  сонгосон уу гэх асуултад хариулт эрэлхийлж яваа хэн болгонд нээлттэй.

Элсэгчид сонгосон мэргэжлээрээ хаана суралцах талаар тунгаан байгаа энэ үед “оюутанд ээлтэй, 100 хувь тэтгэлэгт хөтөлбөр санал болгож байгаа их дээд сургууль, хэлний сургалтын төвүүдийг энэ удаагийн үзэсгэлэндээ оролцуулахыг зорьсон” хэмээн үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар ярив. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-“Монголын боловсрол” боловсролын үзэсгэлэн яар­­маг уламжлал болон зо­хиогдож ирсэн. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлогийн тухайд?
-20 гаруй их, дээд сургууль, хэлний сургалтын төв оролцож байна. Зохион байгуулагчдын зүгээс оюутанд ээлтэй, аль болох 100 хувь тэтгэлэгт хөтөлбөр санал болгож байгаа сургууль, сургалтын төвүүдийг сонгон оролцуулахыг зорьсон. Ихэвч­­лэн дотоодын их, дээд сургуу­лиуд байгаа. Цөөн тооны хэлний сургалтын төв бий.

-Оюутнууд ямар сур­галт, хөтөлбөр сонирхож байх юм?
-Тэтгэлэг, тэр дундаа 100 хувь тэтгэлгээр суралцах бо­ломж эрэлхийлж байна. Эдийн засгийн хямралтай холбоотой юм болов уу. Урд, урдны жилүүдэд БНХАУ руу эхний нэг жилийн сургалтын төлбөрөө төлөөд суралцах хүсэлтэй оюутан их байсан. Харин энэ жил хэлний бэлтгэлдээ суугаад ч хамаагүй шалгалтаа сайн өгөөд эхний жилээсээ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд их болж. Энэ жил үзэсгэлэнд 100 хувийн тэтгэлэг санал болгож байгаа сургуулиудыг оролцуулахыг зорьсныг дээр хэлсэн. Энэ нь ч нүдээ олсон байна гэж харж байгаа. Боловсролын байгууллагууд оюутнуудыг гадаадын их, дээд сургуульд зуучлахдаа зуучлалын хөлс гэж их хэмжээний мөнгө авдаг. Оюутнуудаас ашиг харна гэдэг утгагүй. Иймд бид аль болох хямд үнэ санал болгож байгаа хэлний сургалт, зуучлалын байгууллагуудыг оролцуулахыг хичээсэн. Оюутан залуус үзэсгэлэнгээс хэрэгтэй мэдээллээ олж авч байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Хятадад суралцах хүсэлтэй оюутны тоо их байгаа нь Хятадын Засгийн газраас олгодог тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой байх?
-Тийм. БНХАУ жилд 30 мянган гадаад оюутан суралцуулахаар болсон. Ингэхдээ нэг жилд бакалаврын зэрэгт 2500-3000 юань, магистрын зэрэгт 3000-3500 юанийн тэтгэлэг олгодог. Тийм болоод ч тэрүү Хятадад суралцах сонирхолтой хүүхдүүд их болж. Мөн хойд хөршид суралцах хүсэлтэй хүүхдүүд ч их байна.

-Оюутан, залуусын идэвх хэр байна вэ?
-Өнгөрсөн жил элсэгчдийн тоо бага байснаас үүдээд оюутнуудын идэвх тааруу байсан. Энэ жилийн хувьд ЭЕШ-аа өгчихсөн болоод ч тэр үү элсэгчдийн идэвх сайн байна. Нээлтээ хийснээс хойш нэлээд их хүн ирсэн. Хэл ус тааруу нь хэлний бэлтгэлдээ суугаад урагшаа юм уу, хойшоо сургуульд явах сонирхолтой хүүхдүүд байхад эсрэгээрээ хэлний түвшин өндөртэй нь Европ руу, ихэвчлэн Австралид очиж суралцах хүсэлт тавьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан