Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ю.Цэдэнбал агсны хөшөөний газрыг МАН наймаалчихсан байж


Сонгуулийн сурталчилгааны энэ хэдэн өдөр олон хүний тарыг таниулав. Ердөө хэдхэн хоногийн өмнө дөө. Увсад АН-ын дарга З.Энхболдыг намаас нэр дэвшигчдээ дэмжиж уулзалт хийх үеэр зохион байгуулалттайгаар  хэдэн залуус Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын /хуучнаар/ ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал агсаны 100 жилийн ойг тэмдэглэхэд ач холбогдол өгсөнгүй хэмээн “бослого” гаргах шахсан. Яг үнэндээ УИХ-аар ойг тэмдэглэх тухай тогтоолын төсөл аль хэдийнэ дэмжигдсэн байсан л даа. Гэтэл зохион байгуулалттайгаар ийн өдөөн турхирсан нь тодорхой байсан юм. Увсынхан Ю.Цэдэнбал даргатай холбоотой бүхнийг ийн өмгөөлж хамгаалж байгаа юм бол МАН-ын Г.Мөнхбаяр даргатай юун түрүүнд заргалдах хэрэгтэй байж дээ гэж бодогдов. Учир нь Г.Мөнхбаярыг хотын дарга хийж байх үед УДЭТ-ын өмнөх Ю.Цэдэнбал даргын хөшөө бүхий талбайн газрыг бусдад эзэмшүүлэхээр олгочихсон байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайн нэг буланд “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” төрийн бус байгууллагаас “Газраа алдвал бүхнийг алдана” гэсэн нэрэн дор хууль бус газар олгосон гэх олон баримтыг дэлгэсэн байсан юм. Эндээс нүд бүлтийж, чих дэлдиймээр олон баримтыг харсан хүмүүс, бид хотоо ямар хүмүүсээр удирдуулж байсан хэрэг вэ хэмээн толгой сэгсэрч байв. Гэвч МАН-ын зүгээс одоогоор энэ талаар ямар нэгэн бодит тайлбар хэлж чадаагүй л байна.

 “Бид олгоогүй, энэ бол худлаа баримт” гээд хэлчих хүн МАН-ын дарга нар дунд алга. Үзэсгэлэнг нээснээс хойш 100 гаруй иргэн газартай холбоотой гомдол саналаа бичгээр өгсөн гэнэ. Зөвхөн иргэд гэлтгүй аж ахуйн нэгжүүд ч олноор хандах болсон аж. Тус төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцэцэг 400 ам.метр газрынхаа төлөө 12 жил тэмцсэн. Үүнээс үүдэн олон ч хохирол амссан. Тиймээс надтай адил хохирсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд Төрийн бус байгууллагаа байгуулсан  гэж байлаа. Тэрээр үзэсгэлэнгээ дүүргүүдэд ч явуулаар аялуулан иргэдэд үнэнийг хүргэнэ гэж байв.

Хотын дарга Э.Бат-Үүл анх Дэлхийн банкны тооцоогоор 26,9 их наяд төгрөгийн газрыг МАН-ын үе үеийн хотын дарга нар хууль бусаар олгосон байна хэмээн хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Нийтийн эзэмшлийн зам талбайг хайр гамгүй олгож, эзэмших эрх өгчихөөд толгой сэжиж суусан нөхдийн 200 гаруй зөвшөөрлийг тэрээр цуцалсан гэдгээ ч хэлсэн. Зөвхөн 2002-2012 оны хүртэлх 10 жилийн хугацаанд олгосон газруудад судалгаа хийсэн Дэлхийн банкнаас дуудлага худалдааны анхны үнээр тооцоход 26,9 их наяд төгрөг болж байна гээд тооцоод гаргаад ирсэн тухай хотын дарга Э.Бат-Үүл баримтыг нь барьчихаад мэдээлэл хийж байхад  “Дэлхийн банкны тооцоолол бодит эх сурвалж болж чадахгүй ээ” хэмээн хээв нэг хэлж байгаа МАН-ын эрх бүхий хүмүүсийн тухай юу гэж тайлбарлах билээ.
Э.Бат-Үүл даргын хувьд “энэ удаагийн сонгуулийг тэд газрын төлөөх тулаан” болгож байна хэмээн томъёолж байсан юм.

 Ёстой л намын захиалгаар бичсэн ч яруу найрагч Б.Галсансүхийн  хэлснээр “Газраа алдсан газрын эзэд Гарын үсгээ санасан хуучин дарга нар ууртай байна. Багтарсан хилэнгээ барьж ядаж байна. Би хотынхоо газар дээр зогсч байна. Би газрын төлөөх дайны галын шугам дээр зогсч байна...” гэгч болж буй бололтой.

Ашгүй өнөөдөр өнгөрвөл  сонгуулийн сурталчилгаа зогсоно. Хэдэн өдөр хар мэдээллээр бөмбөгдүүлсэн чих амарна. Дээрээс нь энэ олон баримтын үнэн мөнийг цагдаа, хууль хүчнийхэн нь шалгах цаг ирнэ.

Газрын наймаа, газрын хууль бус олголт гэх мэдээллийг өнгөрсөн жилүүдэд бид хангалттай сонсч байсан ч яг үнэндээ хэнд ямар арга хэмжээ үүнээс үүдэж авсан бэ гэдэг тухай мэдээлэл авч байсангүй.  Хотын газар олголт хэтэрхий замбараагүй байсныг горыг хамгийн сүүлд нь иргэн л амсдаг. Хэрвээ хотын төвд, тэр тусмаа явган хүний зам дээр, нийтийн эзэмшлийн талбайд газар олгоогүй бол...

Толгой дээр нь төмөр унаснаас, автобусны буудал руу явж байсан оюутан хүү өнгөрөхгүй байсан биз. Хүний амь нас сүйдсэн жишээ зөвхөн үүгээр дуусахгүй.  Үргэлжлүүлэн бичихээс зүрх сэртхийнэ. Тэгэхээр хэрвээ дээрх баримт худлаа бол МАН-ын дарга нар өөрсдөө гарч ирээд  өөрсдийн амаар худлаа гэж хэлээд баримтыг дэлгэх хэрэгтэй.
Гэвч...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан