Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэнд, санхүүгээ бодож аяллаа төлөвлөөрэй

Урин дулаан цаг болж та амралтаа аван гэр бүл найз нөхөдтэйгөө аялалд гарах гэж байна уу.

Хүмүүсийн амьдралын хэв маяг, сонирхлын хүрээ өөрчлөгдсөн, зам, харилцаа холбоо сайжрахыг дагаад дотоодын аялал жуулчлалын цар хүрээ, хамрагдсан хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар ес хоног амрахаар болсон, аймаг дүүрэг, сумдын баяр наадам, бүс аймгийн хэмжээний томоохон уралдааныг ирэх сарын  15-25-нд зохион байгуулахаар болсон зэрэг нь дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлөх нь гарцаагүй. Энэ жил  Хөвсгөлд өнгөрсөн жил болсонтой адилаар жуулчдын тоо өсөхэд бэлдээгүйн улмаас ШТГ-ын бензин, АТМ-ийн мөнгө дууссантай адил үйл явдал гарахгүй гэдэгт найдаж байна.

Монголчууд дотоодын аялалд явахдаа жуулчлалын агентлагт нэг их хандаад байдаггүй, өөрсдийн унаа хөсгийг хөлөглөж, явах зам маршруутаа өөрсдөө гаргаж бие дааж явдаг онцлогтой. Бие даасан аялал жулчлал давамгайлах үед хүн аялалын аюулгүй байдалтай холбоотой бүх л асуудлыг хар толгойгоороо хариуцахаас өөр аргагүй байдаг. Иймд найз нөхөд, гэр бүлийн хамт машинаар аймаг сумдын баяр наадам үзэх, нутаг орноороо зочлохын өмнө аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндтэй холбоотой таагүй нөхцөл байдал үүсэхэд бэлдсэн байхад огт илүүдэхгүй. Харамсалтай нь бид ийм ийм бэлтгэл хийхэд зохих ёсны анхаарал тавихгүй байгаа нь ажиглагддаг.

Найз нөхөдтэйгээ ярьж суугаад л гэв гэнэт нэг нь “Хэдүүлээ салхинд гарах уу ?“ гээд л майхан сав олж, хиам талх, мах, архи, дарс цуглуулж аваад гараад давхих нь тун олон. Ийм үед бүгд л хэдэн шил архи, пиво авах вэ гэдэг дээр голлон анхаарна уу гэхээс ядаж л очиход цаг агаар ямар байх, үе усны аюул бий юу, ходоодны эсвэл халууны эм авах талаар бодох нь цөөн.
Иймд бие даасан аялалд гарахын өмнө зарим бэлтгэл ажлыг базаахад илүүдэхгүй.

Газар орон, зам, цаг агаарын лавлагаа, нутаг орны онцлог

Юуны өмнө таны дайрч гарах зам ба очих газрын цаг агаар аялал, амралтын өдрүүдэд ямар байх талаар урьдчилаад лавлаад багцаатай болсон байхад ер илүүдэхгүй. Энэ зун бороо хур ихтэй, үе усны аюул их байгаа тул ийм лавлагаа зайлшгүй хийх шаардлагатай байх. Интернэт орж цаг агаарын ойрын өдрүүдийн байдлыг харж болно. Бүр найдвартай болгоё гэвэл тухайн замын шавар шавхай, эвдрэл ямар байгаа тухай явсан хүмүүсээс лавлаж болно. “Фэйсбүүк” гэж сайхан юмыг гар утастай хүн болгон л хэрэглэж байгаа тул тухайн аймаг, сумдын янз бүрийн бүлгэмүүдэд хандаад нутаг орны цаг агаар, зам ямар байгааг лавлах нь явж явж хамгийн зөв болж таарах биз. Сайтар лавлаад гарвал машинаа шаварт суулгачихаад “Өнгөрсөн жил зүгээр л байсандаа” гээд толгойгоо маажиж суух хэрэггүй болно.

Цаашилбал, бороо ихтэй байгаа сургаар цув, усны гутал зэхээд гарах боломжтой болно гэдгийг туршлагатай хүмүүс хэлж байна.
Баяр, уралдаанд очих гэж байгаа бол хэр том, далайцтай болох, хэдэн хүн очих багцаа байгааг мөн л “Фэйсбүүк”, тухайн арга хэмжээг зохиогчидтой шууд холбогдон тодруулбал ядаж л АТМ-ийн мөнгө дуусах, ШТГ-ийн шатахуунгүй болох гэсэн таагүй зүйлээс урьдчилан сэргийлж чадах биз. Гэхдээ АТМ байхгүй эсвэл мөнгө нь дуусч магадгүй гээд их хэмжээний мөнгө биедээ авч явах нь эрсдэл их гэдгийг мартаж болохгүй.

Очиж байгаагүй газар бол онцлог, хүмүүсийн зан авир, уур амьсгалыг лавлаад үзэхэд илүүдэхгүй. Гэрээс хол, ялангуяа эхнэр хүүхдийн хамт яваа хүмүүс очсон газартаа ямар нэг маргаан өрнүүлэхээс зайлсхийх нь эрүүл мэнд болон хэтэвчний зузаанд нь тун тустай гэдгийг санах хэрэгтэй. Ялангуяа халамцуу үедээ, халамцуу хүмүүстэй улс төр, үндэс угсаа, эд баялагтай холбоотой маргаан, мэтгэлцээн явуулахаас зайлсхийх нь дээр. Мөн интернэт гэж сайхан зүйл байгааг ашиглан очсон газрынхаа сонин содныг,  “Твиттер”, “Фэйсбүүк” дээрээ байршуулан ар гэр, ойр дотны хүмүүстээ хаана яваа, хаашаа явах гэж байгаа тухайд болон хамгийн гол нь эсэн мэнд байгаа гэдгээ мэдэгдэж байхаа мартуузай.

Даатгал

Замд гарахын өмнө машины, эрүүл мэндийн гээд бүх л төрлийн даатгалаа сайтар шалгаж бүх бичиг баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Найз нөхдийнхөө машинаар замд гарах гэж байгаа бол ялангуяа энэ талаар асууж лавлахад илүүдэхгүй байх. Дээр нь даатгалын ихэнх компаниуд жуулчлалын гэнэтийн осол гэх  мэт даатгалтай тул энэ талаар хандаж лавлахад илүүдэхгүй.

Зарим хүн иймэрхүү зүйл сонсоод “муу ёрлолоо” гэж ундууцаж байгаа харагддаг. Осол, гамшиг хэлж ирдэггүй тул болзошгүй зүйлд урьдчилаад бэлтгэсэн байх “муу ёр” бус харин ч алсын хараатай алхам болох биз. Цаашилбал, эрүүл мэндийн даатгалаа бөглүүлж гарахад илүүдэхгүй. Ханиад томуу тусаад орон нутгийн эмнэлэгт хоёр гурав хоног хэвтэх хэрэг гарвал харьяа дүүргэдээ төлөөгүй байна гээд наад зах нь төлбөртэй өрөөнд хэвтэхээс өөр аргагүй болох гэх мэт таагүй байдал үүсэхгүй байх.

Эрүүл мэнд

Анхаарах ёстой дараагийн зүйл нь замын цайны газрууд, дэлгүүр мухлаг. Тэнд бэлдсэн гэх элдэв салаат, дарсан ногоо идэхийн өмнө ядаж л хэд хоногийн өмнө хийснийг лавлаж шалгах хэрэгтэй. Дэлгүүрээс нөөшилсөн хүнсний зүйл, даршилсан ногоо авахдаа хамгийн эхлээд хадгалах хугацааг нь харах хэрэгтэй. Оросоос эсвэл Хятадаас оруулж ирсэн гэх үйлдвэрлэсэн огноо, найрлага, хадгалах хугацаа, Монголд оруулж ирж байгаа компанийн хаяг гэх мэтийг заагаагүй элдэв төрлийн савтай ногоо, консерв энэ тэрийг авахгүй байх нь аялагчдын эрүүл мэндэд өлзийтэй. Замын дагуу зардаг гар аргаар бэлдсэн янз бүрийн утсан, хатаасан загас, даршилсан загас авахын өмнө сайтар бодоорой.

Эмийн сан


Онцгой анхаарах ёстой дараагийн чухал зүйл нь аялалд авч явах эмийн сан. Эмийн сан хийх сав нь хагарч эвдрэхгүй тухайн бүлэг эм бүрт зориулсан тасалгаатай байх ёстой. Эм, эмийн бэлдмэлд үйлчлэгч үндсэн бодис, эмийн олон улсын нэршил, эмийг үйлдвэрлэсэн компаниас өгсөн арилжааны гэсэн онцлогтой. Жишээлбэл, манайхан но-шпа гэдэг эмийг андахгүй. Энэ эмийн жишээн дээр тайлбарлахад  үйлчлэгч бодис нь дротаверины гидрохлорид, олон улсын нэршил нь дротаверин, үйлдвэрлэгч компаниас өгсөн нэр нь но-шпа. Адил үйлчлэгч бодистой эмийг олон компани үйлдвэрлэн зах зээл дээр өрсөлддөг тул өрсөлдөгчдөөсөө ялгарах, тогтооход хялбар нэр өгөх замаар борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд арилжааны нэр өгдөг. Иймд эмийн санд ороод но-шпа авъя гэхээр эмийн санч нь мэргэжлийн хүний хувьд мэдэж байгаа тул вера-дротаверин гэдэг ч юм уу арилжааны өөр нэртэй эм өгөх нь элбэг. Үүнтэй холбоотойгоор аялалын эмийн санд эм бэлдмэлүүдээ бүгдийг задгай хийж холивол арилжааны олон нэр дунд төөрч будилаад ямар эмийг нь юунд уухаа мэдэхгүй толгой эргэх явдал цөөнгүй. Иймд эм, бэлдмэлүүдээ “Толгой өвдөхөд уух”, “Гүйлгэлт зогсоох”, “Бөөлжилт дарах” гэх мэтээр үйлчилгээг нь заасан тусгай тасалгаа эсвэл уутанд хийж савлах нь замд ихээхэн хэрэг болно. Ядаж л гүйлгээд сандарч байгаа хүн толгойн өвчин намдаах эм уухгүй л гэсэн үг.

Аялагчдын эмийн санд дараах төрлийн эм, бэлдмэл заавал байх ёстой гэж үздэг.

•    Гүйлгэлт зогсоох, хоол шингэлтийг сайжруулах эм бэлдмэл. Ус, хоол солигдсонтой холбоотой хамгийн элбэг тохиолддог зүйл нь гүйлгэх. Тэгээд ч зам дагуух жижиг цайны газруудын усны чанар тун тааруу байдаг уламжлалтай тул ийм төрлийн асуудалд заавал бэлэн байх хэрэгтэй. Цаашилбал, зуны амралтыг айраг, тарган мах, хорхог, боодог, тарваганы махгүйгээр төсөөлөх аргагүй. Хот суурин газрын зөөлөн хоолонд дассан ходоод гэдэс энэ бүхнийг бүхнийг боловсруулах гэж “хий эргэх” нь цөөнгүй. Иймд хоолны шингэцийг сайжруулдаг эм заавал авч явах хэрэгтэй. Бас нэг анхаарууштай зүйл нь манайханд элбэг тохиолддог “цээж хорсох” гээч таагүй үзэгдэл. Аарц, тараг, айраг гэх мэт исэглэн ундаа ууж идэсний дараа энэ шинж тэмдэг хамгийн ихээр илэрдэг гэдгийг зовлонг нь мэдэх хүмүүс нотлоод өгөх байх. Иймд “цээж хорсох” гээч шинж тэмдэг тогтмол илэрдэг хүмүүс замд гарахдаа энэхүү хорсолтыг зогсоодог, саармагжуулдаг эм, бэлдмэлийг замд авч гарахаа мартуузай. Хүүхдүүдийн хамт замд гарсан хүн энэ талаар онцгой анхаарах хэрэгтэй.

•    Заавал байх ёстой дараагийн эм бэлдмэл нь өвчин намдаагчид. Наранд халаад эсвэл даарч хөрөөд толгой өвдөх, эсвэл бүр гэнэт шүд өвдөөд эхэлвэл өвчин намдаагч эм “авралын бурхан” болох нь гарцаагүй. Өвчин намдаагчид шахмал эм, капсул, лаа хэлбэртэй гээд ямар ч байж болно. Хамгийн гол нь үнэтэй, зурагтаар рекламдаад байгааг нь бус өөрт хамгийн сайн тохирдогийг авах хэрэгтэй.

•    Халуун буруулагч эм бэлдмэл. Халуун бууруулна гэдэг нь өвчнийг эмчилж байгаа хэрэг бус харин ханиад хүрэх, муудсан хоол унд идэсний дараа гэдэсний халдвар авах гэх мэт ямар нэг эмгэгийн үед илэрдэг халуурах гэсэн шинж тэмдэгийг дарж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Замд яваа хүн, тэр тусам хээр яваа хүн олон цагаар халуурах нь тамирдуулж ядраадаг тул халуун бууруулах гарцаагүй шаардлага гардаг. Иймд бэлтгэлтэй байх шаардлагатай. Ханиадын шинж тэмдэгийг буруулдаг эм бэлдмэлүүд авч явахад илүүдэхгүй байх. Усанд хийн найруулж уудаг эдгээр бэлдмэл найрлагадаа дийлэнхдээ халуун буруулагч, өвчин намдаагч, тайвшруулагчийг агуулсан байдаг. Ханиадны шинж тэмдэгийг намдаагч сонгохдоо юуны өмнө үнэ, гялгар цаасыг бус доторхи найрлагыг нь харах хэрэгтэй.

•    Антиобиотикууд байхад илүүдэхгүй. Жаахан даарахад ханиад хүрдэг, хөргөгчний хүйтэн ус уухаар хоолой нь өвддөг хүмүүс эмчийн заалтаар хэрэглэдэг бодит үйлчилгээтэй эмээ урьдчилан зэхэх хэрэгтэй. Замд хүнсний бүтээгдэхүүний хадгалалт гэдэг сайн байж чаддаггүй тул муудсан зүйл идсэнээс бол гүйлгэх нь түгээмэл. Иймд замд гарахын өмнө өрхийн эмч, эмийн сангийн эм зүйчтэй зөвлөлдөн үүсгэгч нь тодорхойгүй халдварт өвчин авсан байж болзошгүй үед өөртөө хор бололгүйгээр хэрэглэж болох өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик сонгон авч бэлдэх нь зөв. Зарим хүн антибиотикийн харшилтай байх нь бий. Ийм бол мөн л эмч, эм зүйчтэй зөвлөлдөн харшил өгдөггүй эм бэлдмэл сонгож авах хэрэгтэй. Хүүхдүүд антибиотикийн гашуун амтыг ер таалдаггүй тул ядаж л өөр амт оруулсан антибиотикийн уусмалыг урьдчилан бэлдэх хэрэгтэй.

•    Харшлын эсрэг эм. Хүн амын төвлөрөл нэмэгдсэнтэй холбоотойгоро монголчуудын дунд хамгийн хурдацтай тархсан эмгэг нь харшил. Янз бүрийн цэцэг, ногоо, ургамал, тоосонцрын харшилгүй хүн гэж бараг байна уу гэмээр болох шахсан. Иймд цэцэг, навчис, өвс ногоо ургасан хөдөө явж байгаа хүмүүс харшлын эсрэг эмээ зэхэх хэрэгтэй. Байгалийн сайханыг үзэх гээд очтол харшил хөдөлж нулимсаа арчиж, нусаа нийсээр байгаад ирвэл ямар олиг байх билээ. Замын цайны газруудад салат, даршилсан ногоо, жимс идэхийн өмнө харшилтай ногоо байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй байх. Тэгээд ч харшлын эсрэг бэлдмэлүүд нь янз бүрийн ялаа шумууланд хазуулсан үед ч хэрэгтэй. Харшлын эсрэг тос гэж байдгийг бас мартаж болохгүй. Харшил өгөхөд арьсаар тууралт гарах нь олон тул иймэрхүү таагүй зүйлд мөн л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Харшлын шинж тэмдэгийг дарах нүдний дусал, хамрын дусал гэж бас байна.

•    Гэмтэл бэртлийн үед хэрэглэх зүйлс. Жижиг шархыг угааж ариутгах шингэн, наах ёстой бактерийн эсрэг үйлчилгээтэй наалт, йод, ариутгасан бинт, спирттэй хөвөн, жижиг шархны эдгэрэлт хурдасгадаг тос заавал авч явах ёстой.

•    Бөөлжилт зогсоох эм бэлдмэл. Машинд суугаад олон цаг давхихаар бөөлжүүлдэг хүн цөөнгүй. Олон цагаар байнга савласан хөдөлгөөнтэй явахад хүний тэнцвэрийн төв тухай бүрт тэнцвэр олж чадахгүй бол хямарсны улмаас толгой эргэх, дотор муухайрах, бөөлжүүлэх гэсэн шинж тэмдэг илэрдэг. Иймд эмч, эмийн сангийн эм зүйчээс асуун өөрт харшилгүй бөгөөд савлалтын улмаас үүссэн бөөлжилтийг зогсоох эм авахад илүүдэхгүй. Мөн хордлого авах, шартах гэх мэт үед уудаг өөр төрлийн бөөлжилт зогсоох эмийг ч авсан байхад илүүдэхгүй байх.

•    Ариутгалын шингэн. Салфетка. Ариун цэврийн цаас. Замд яваа хүмүүсийн ариун цэвэр сахихтай холбоотой асуудалтай байнга тулгардаг. Замын дагуух цайны газруудын бие засах газрын ариун цэвэр гэдэг нэлээд асуудалтай байдгийг бүгд мэднэ. Ийм газраар ороод гарсны дараа хээрийн хүн хээгүй нь дээр гээд гараа угаалгүй явж болох. Гэхдээ ядаж л гар ариутгадаг шингэнээр гараа арчаад дараа нь хоол идэж байвал гүйлгэхээс эхлээд олон таагүй зүйлээс сэргийлэх боломжтой.

•    Хордлого тайлах, шингэн нөхөх бэлдмэл. Энэ хоёр аяллын эмийн санд заавал байх ёстой гэж үздэг. Идэвхжүүлсэн нүүрс нь хүний биед байгаа хортой бодисыг өөртөө шингээж гардаг тул хордлого тайлах үйлчилгээтэй. Замд олон цаг гүйлгэх, толгой эргэсний улмаас бөөлжихөд шингэн их алддаг тул түүнийг нөхөхийн тулд “Хоросол” авч явах хэрэгтэй. Ялангуяа жаахан хүүхдүүдтэй яваа хүмүүс энд онцгой анхаарах хэрэгтэй. Замд архи дарс уусны дараа энэ хоёр бэлдмэл нь хордлого тайлахад мөн л тустай.

•    Наранд түлэгдэхээс сэргийлэх тос, шумуулын эсрэг шүршлэг. Хот суурин газрын утаа тортог дунд оффисын өрөөнд нар салхи үзэлгүй олон цагаар суудаг хүмүүсийн арьс нарны хэт ягаан туяанд их эмзэг болдог. Ийм арьс  нар, салхинд гарахаараа амархан түлэгддэг. Арьсыг цэврүү үсэртэл олон удаа наранд түлэх нь яваандаа ихээхэн таагүй үр дагаварт хүргэх эрсдэлтэй тул эмзэг арьстай хүмүүс тусгай зориулалтын тос, шүршлэг авч явахад илүүдэхгүй. Ялаа шумуул ихтэй газар, ялангуяа гол мөрний хөвөөнд амарч байгаа хүмүүст шумуулын эсрэг тос, шүршлэг хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг болж хувирдаг. Шумуул хазсан газрыг хаван, загатналтыг багасгадаг зүйлс ч бий. Ийм зүйл байхгүй бол жирийн хүнсний сод нэг жижижиг халбагыг аяга усанд сайтар уусган хөвөнд шингээгээд хазуулсан газраа шавшихад загатналт нь багасдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байх. Зөгий, хэдгэнэ гэх мэт шавьжны хатгалтад харшилтай хүмүүс байдаг. Ийм хүмүүс урьдчилаад харшлын эсрэг эм, шаардлагатай үед түрхэх түрхлэг зэргийг бэлдэж, харшлын эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.

•    Архаг хуучтай, эм бэлдмэл уух шаардлагатай хүмүүс эмчийн заалтаар хэрэглэдэг эмээ нөөцлөж авах хэрэгтэй. Даралт ихддэг хүн даралтынхаа эмийг, бөөр нь өвддөг хүн бөөрнийхөө эмийг, зүрх нь өвддөг хүн зүрхнийхээ мартаад гарвал ямар олиг байх билээ. Тогтмол хэрэглэдэг эмийнхээ олон улсын болон арилжааны зарим нэр зэргийг тогтоож авахад илүүдэхгүй.

•    Чихрийн шижин. Манайхан хар яриандаа “сахарын өвчин” гэж нэрлэдэг чихрийн шижин сүүлийн үед олон тохиолдох болсон. Эмнэлэгт үзүүлж, “сахартай” гэж оношлогдсон хүмүүс хөдөө гадаа олон хоногоор аялахдаа онцгой болгоомжтой байх хэрэгтэй. Инсулин, глюкометр болон хэрэглэж буй эмүүдийг биедээ авч явах хэрэгтэй. Хэрэглэдэг эмийн жагсаалтыг авч явах ёстой. Инсулинийг сэрүүн газар хадгална, хөлдөөхөөс сэргийлэх ёстой. Цусан дахь сахарын хэмжээ огцом буурах эсвэл огцом өссөн үед авах арга хэмжээний талаар хамт яваа хүмүүстээ энгийн заавар, тайлбар өгсөн байхадиилүүдэхгүй. Инсулин болон сахар бууруулах эмийг байнга өөртөө авч яв. Мөн түргэн үйлчилдэг сахарын бэлдмэл, зууш авч явна. Архи, өөх тостой хоолны хэрэглээг багасган энэ талаар эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хөдөө орон нутагт хонуутаар аялж яваа хүмүүсийн хамгийн их мартдаг зүйл нь хоол идэж цай уух аяага, таваг, халбага сэрээ байдаг гэдгийг анхаараарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан