Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мод тарьж ургуулах ажилтай холбоотой асуулт, хариулт


Асуулт-1: Мод тарьж байгаль орчиндоо иргэн хүний хувьд өөрийн зүгээс хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байна. Хаана хандах вэ?

Хариулт: Мод тарих, ойжуулах ажлын саналаа юуны түрүүнд тухайн орон нутгийн Засаг дарга, байгаль орчны газар, Ойн ангид хандах нь зүйтэй. БОНХЯ-ны зүгээс таны гаргасан саналыг бодлогын хувьд ямагт дэмжинэ.

Асуулт-2: Мод тарих ажилд зориулж санхүүгийн дэмжлэг авах боломж бий юу?

Хариулт: Иргэн бүр үүргийнхээ дагуу жилд нэг мод тарьж, арчлан хамгаалж ургуулах ёстой учраас санхүүжилтийг иргэн өөрөө хариуцана.

Харин орон нутгийн Байгаль орчны газраас зарлаж буй улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын сонгон шалгаруулалтанд оролцож тодорхой шаардлага хангасан бол гэрээ байгуулан ажиллаж санхүүжилтийн дэмжлэг авах боломжтой.

Асуулт-3: Мод тарих мэргэжлийн зөвөлгөөг хаанаас, хэнээс авч болох вэ?

Хариулт: Тухайн аймаг, нийслэл орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага болон ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудаас авч болно. Мөн манай яамны www.mne.mn интернет цахим хуудаснаас авч болно.

Асуулт-4: Үр тарьц, суулгац хаанаас авч болох вэ?

Хариулт: Мод, бут сөөгний тарьц, суулгац үржүүлдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдээс худалдан авна. Улаанбаатар болон хөдөө аймгуудад тарьц, суулгацны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах үеэр мод үржүүлдэг мэргэжлийн байгууллагуудаас худалдан авч болно. Модны үр худалдан авахдаа орон нутгийн холбогдох байгаль орчны газар болон ойн ангид үр авах тухай хүсэлт гарган БОНХЯ-нд ирүүлэн Ойн судалгаа хөгжлийн төв (УТҮГ)-ийн үрийн нөөцийн сангаас тодорхой үнээр нарс, шинэс модны үр худалдан авч болно.

Асуулт-5: Өөрийн ургуулсан тарьц, суулгацаа борлуулахад яам, түүний харьяа газар туслах уу?

Хариулт: Хавар намрын улиралд V, X дугаар сард 2 удаа тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг орон нутагт БОНХЯ болон харьяа байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг энэ үеэр борлуулах боломжтой юм. Мөн манай яамны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст худалдан борлуулах тарьц, суулгацны мэдээллийг ирүүлсэн тохиолдолд үнэгүй интернэтэд тавих болон сонирхож буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчилан холбон өгч болно.

Асуулт-6: Ойжуулалт хийх газрыг хаанаас авч болох вэ? Газрын төлбөр төлөх үү?

Хариулт: Тухайн жилд улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалт хийх шаардлагатай талбайн хэмжээг орон нутгаас санал аван БОНХЯам хуваарилан холбогдох орон нутагт хүргүүлдэг.

Харин өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх тохиолдолд тухайн сумын Засаг дарга болон Ойн анги, байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтанд хандан ойжуулах талбайг заалган гэрээ байгуулан ажиллаж болно. Ойжуулалт, хийсэн мод тарьсан, талбайд газрын төлбөр төлөхгүй.

Асуулт-7: Тарьсан ойгоо улсад худалдаж болох уу? Ямар үнээр улс худалдаж авдаг вэ?

Хариулт: Өөрийн хөрөнгийн тарьц,суулгацаар ургуулсан мод сөөгийг 3 жил, үрээр тарьж ургуулсан бол 5 жилийн дараа цаашид урган амьдрах чадвар бүхий таримал ой болгоод улсын ойн санд хүлээлгэн өгч болно. Таримал ойн талбайн хэмжээ 0.5 га-гаас дээш байх шаардлагтай. Таримал ойг 1 га-гийн ойжуулалтын нормативт зардал, арчилгаа, тордолт, хамгаалалтын зардлыг оруулан тооцсон жишиг үнээр улс худалдан авна.

Асуулт-8: Бүх нийтээр мод тарих өдрөөр мод тарих газрыг хэрхэн сонгох вэ?

Хариулт: “Ойн тухай” хууль-ийн 31.2 дахь хэсэгт зааснаар сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга мод суулгах талбайг сонгох, хөрс боловсруулах, тарьц суулгацаар хангах тэдгээрийг услах, арчлах ажлыг ойн мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж уг ажилд иргэдийг татан оролцуулна гэсэн байна.

Асуулт-9: Улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн зурвас байгуулах ажил гүйцэтгүүлэх талаар тендер зарлагддаг байгаа түүнд хэрхэн оролцож болох вэ?

Хариулт: Холбогдох хууль, журмын дагуу улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газрууд орон нутагтаа тендер зарладаг. Тухайн тендерийн бичиг баримтанд тусгагдсан, шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулж гэрээ байгуулдаг. Иргэн уг тендерт оролцох хууль эрхзүйн үндэслэл байхгүй учир нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох бүрэн боломжтой юм.

Асуулт-10: Ойжуулалт болон ойн зурвас байгуулахад 1 га талбайд хэдэн мод тарих, ямар хугацаанд тарих ёстой вэ?

Хариулт: Одоо мөрдөгдөж байгаа технологийн дагуу ойт хээрийн бүсд шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийхэд 1 га талбайд 2-3 настай тарьцаар 2500-3000 ширхэг, говь, тал хээрийн бүсэд ойн зурвас байгуулахад навчит модны 2-4 настай суулгацаар 1 га талбайд 600 ширхэгээс дээш байхаар анх тарилтыг хийнэ. Модыг хавар 4- сарын 25-аас 5 сарын 25 хүртэл, намар 10 сарын 1-ээс хойш мод шилмүүс, навчаа бүрэн гээж тайван байдалд орсон үеэс эхлэн газар хөлдөх үе хүртэл хугацаанд тарина.

Асуулт-11: Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэхэд мод, сөөг тарих ажлыг хэн хариуцах вэ?

Хариулт: Орон нутгийн төсвийн хөрөнгөөр дээрх ажлыг зохион байгуулах ёстой. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны газар, сум, дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрийн эрх, мэдлийн хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэж, мод тарих, ногоон байгууламжийг бий болгох, тэдгээрийг услан, арчилж хамгаалан ургуулах ажлыг хариуцах ёстой.

Асуулт-12: Газар тариалангийн талбай, авто болон төмөр зам, төв суурин газарт хамгаалалтын ойн зурвас байгуулах хүсэлтэй байна хаанаас санхүүжилт авах вэ?

Хариулт: Тухайн газар тариалан эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр ойн зурвас байгуулж ургацын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.

Мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг орон нутгийн төсвийн хөрөнгөөр тариалангийн талбай, авто болон төмөр зам, төв суурин газрыг хамгаалах ойн зурвасыг төсөл хэрэгжүүлэх замаар гүйцэтгүүлнэ.

Монгол улсын “Төсвийн тухай” хууль шинэчлэсэн найруулгаар батлагдаж 2013 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа бөгөөд уг хуулийн 58 дугаар зүйлд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх /ойжуулалт, ойн зурвас байгуулах, мод үржүүлэх, хот суурингийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих гэх мэт/ үйл ажиллагааг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон.

Иймд иргэн Та мод тарих ажилд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг орон нутгийн засаг захиргаандаа хандаж шийдвэрлүүлж байхыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан