Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Жаргалсайхан: Дэлхийн аль ч оронд самарч тоглож болдоггүй салбарын нэг бол боловсрол

Б.Цэдэвсүрэн

Орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр хамгийн сүүлд Мүраками Харүкигийн “Өнгөгүй Тазаки Цүкүрүгийн эргэлийн он жилүүд” номыг орчуулж уншигчдад хүргэсэн билээ. Мөн Мүраками Харүкигийн “1Q84”гурамсан роман, дэлхийн анхны роман болох “Гэнжийн туульс” болон хувь хүний төлөвшлийн чиглэлийн алдартай бүтээлүүдийг орчуулан монголчуудын гар дээр тавьсанаар нь түүнийг уншигчид андахгүй. Гэхдээ энэ удаа боловсролын асуудлаар түүнтэй түлхүү ярилцсан юм.

-Таны хувьд сүүлийн үед өөрийн фэйсбүүк хуудсандаа боловсролын асуудлаар нийтлэл бичих болсон. Анх таны орчуулж байсан бүтээлүүд тань ч гэсэн соён гэгээрүүлэхэд чиглэсэн бүтээлүүд байдаг юм билээ...
-Би боловсролын хүн л дээ. МУИС-ийг Япон хэлний орчуулагч, хэл утга зохиолын багш гэсэн мэргэжлээр төгссөн. Унаган мэргэжил маань багш. Сурган хүмүүжүүлэх мэргэжлийн чиг хандлага маань миний орчуулж буй бүтээлүүдэд ч туссан байдаг. Миний эхэн үеийн орчуулгууд дандаа гэгээрэл, соён гэгээрүүлэх чиглэлийн шилдэг бүтээлүүдийг монголчуудад хүргэх гэсэн чиглэлээр хийгдсэн. Тухайлбал, Самуэл Смайлсийн “Өөртөө туслах ухаан” гэж ном байна. 2000 онд орчуулж гаргасан юм. Тэр ном маань залуучуудад их хүрсэн. Ардчилсан хувьсгалаар эрх чөлөөгөө олж авсан “би” гэдэг ухагдахуун тэр эрх чөлөөн дунд хэрхэн орших ёстой юм гэдэг цэгцтэй номлол, үзэл суртал байхгүй байлаа. Ардчилсан хувьсгал ялснаар эдийн засаг, улс төр, оюун санааны эрх чөлөөтэй болсон.Тэр эрх чөлөө бидэнд хэтэрхий их зүйл өгсөн. Ерөөс тариачны амьдралын хэв маяг, соёл дунд нүүдэлчний ертөнц өөрөө нэн өвөрмөц. Нүүдлийн сонгодог иргэншилтэй, түүндээ зохицсон феоадалын нийгэм гэв гэнэт улаан тугаа мандуулж социализмыг байгуулж иргэншиж, өөр соёл, амьдралын хэв маягт суралцаж 70 жилийг үдэж ирсэн. Ингэж феодализмаас капитализмыг алгасаад социализм, түүнээсээ чөлөөт зах зээл, ардчилсан нийгэм рүү пал хийтэл орж байгаа юм. Үнэхээр нэгдлийн төлөө хэдэн малын төлөө хүн  амьдрах бус хүн өөрөө өөрийнхөө төлөө амьдрах ёстойг малчин хүнд ухааруулсан номлол хэрэгтэй байсан юм шүү. Либерал үзлийн суурь болсон дэлхийн шилдэг бүтээлүүд орчуулагдах болсон. “Өөртөө туслах ухаан” ном тэдний л нэг. Энэ номын дарааМэйжийн үеийн эрс шинэчлэлийн үүрийн туяа болж гялалзсан соён гэгээрүүлэгч Юкичи Фүкүзавагийн “Эрдмийг эрхэмлэх ухаан” гэж хувь хүний хөгжил, соёл, боловсролд чиглэсэн бүтээлийг бас орчуулж байлаа. Энэ хоёр номыг орчуулж гаргахад тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Багабанди гуай хөхүүлэн дэмжиж өмнөх үг бичиж өгч байв.

-Та орчуулагчаас гадна багшийн мэргэжлээр суралцаж төгсчээ. Энэ мэргэжлээрээ ажиллаж байсан уу?
-Их сургуулиа төгсөөд таван жил хөдөөгийн сургуульд багшилсан. Хөдөөгийн сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн амьдралаас эхлээд хөдөөгийн сургуулийн багш, эрхлэгч, захирал, хөдөөгийн хүмүүсийн боловсролын талаарх үзэл энэ бүхнийг биеэрээ туулж мэдэрсэн хүн л дээ. 1986 онд япон хэлний мэргэжлээр төгссөн хүнд ажил олддоггүй байсан учраас төрсөн нутаг болох Хөвсгөлдөө очиж багшилж байсан нь тэр юм. Булцгар гараа ээлжилж үлээж байгаад дэвтэртээ хичээлээ бичдэг, дотуур байрны гэдэс нь хонхолзсон шавь цас бороог тоохгүй оргоход  араас нь олж ирэхээр явдаг байлаа. Үдэш сумын цахилгаан дизель мотор 11 цаг гээд унтрахад лааны гэрэлд япон хэл, ханз үсгээ нухаад суудаг байсан. / инээмсэглэв/ Дараа нь Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болж судалгааны ажил хийж байлаа. Япон улсад Японы Засгийн газрын тэтгэлэгээр боловсролын удирдлага, менежментийн чиглэлээр таван жил суралцаж мастер хамгаалж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц. Элбэгдорж нарын багт боловсрол, соёл, шинжлэх ухаан хариуцсан ажилтнаар 13 жил ажилласан. Ингээд бодохоор боловсролын салбар, төрийн албанд багагүй  жил ажиллажээ.  

-Боловсролын салбарт ажиллаж байсан. Энэ талаар сонирхож судалдаг хүн учраас таниас ерөнхий боловсролын талаар асуумаар байна л даа. Сайд нь солигдохоор л боловсролын чиглэл, стандарт нь дагаад солигддог гаж гэмээр тогтолцоо бий болчихлоо. Кембриж, цөм хөтөлбөр гээд л. Бусад орон үнэхээр ингээд туршилт хийгээд байдаг юм уу?
-Ер нь бол хүн төрөлхтөн тэр дундаа дэлхийн аль ч оронд тоглож самарч болдоггүй салбар гэж бий. Нэгдүгээрт тусгаар улс, үндэсний аюулгүй байдлын ойлголтуудаар тоглож самарч болохгүй. Хоёрт, тэр улсын эд эс болж буй иргэн бүрийн оюун ухаан, боловсрол, эрүүл мэндээр тоглож болохгүй.Хүнээр туршилт хийж болохгүй. Дээр өгүүлсэнчлэн ардчилал бидэнд хэмжээлшгүй эрх чөлөө өгсөн. Тэр эрх чөлөө хэмжээлшгүй, хэмжээ хязгааргүй байх ёстой зүйл уг нь биш юм. Энэ хэмжээлшгүйн горыг бид зах зухаас нь амсаж эдлэх боллоо. Үнэхээр манай улсад чиний хэлдэгээр засаг солигдох бүрт ганц боловсрол ч биш салбар бүрийн яамны аппарат донсолдог болсон. Жишээ нь өмнөх засгийн үед энэ доргилт нь доргилт биш бүр нүргээн байсан гэхэд хэлсдэхгүй. Одоо үүнийг “байранд нь тавихаар” салбар бүр бужигнаж байна. Хэрэгцээгүй орон тоо гаргаж, ах дүү, амраг садан намынхаа шахааны хүмүүсээр төрийн албыг дүүргэж, төсвийн байгууллагуудыг “ зохиомол хээлтүүлэгт” оруулсан бурууг засах хэрэгтэй энэ бол зөв. Харин шалтгаангүйгээр төрийн албан хаагчдыг хомроголон халвал мэдээж хууль зөрчсөн асуудал. Сүүлийн нэлээд олон жил аль ч салбарт тэс хөндлөнгийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар тавигдах болсон. Гэхдээ сайд хүн улс төрийн намынхаа өмнө ч бас тухайн салбарын бодлогыг хариуцаг учраас улс төрч хүн сайд байж болохгүй гэсэн үг биш л дээ. Харин түүний доор ажиллах эрхтэн дархтнууд мэргэжлийн хүн байх ёстой юм.Япон улсад л гэхэд засаг солигдоход зөвхөн сайд л солигддог. Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар, мэргэжилтнүүд хөндөгддөггүй. Тухайн ажилд томилогдсон хүн 10 мянган цаг ажиллаж байж тухайн салбарынхаа ажлыг мэддэг, мэргэшдэг. Харин япончууд 10 мянган цаг байтугай салбартаа насаараа ажилладаг. Энэ нь төрийн бодлогын залгамж чанарын баталгаа юм. Тухайн салбарын хөгжлийн төлөө л юм шүү дээ.  Энэ байдал манайд үнэхээр учир дутагдалтай санагддаг. Жишээ нь Гантөмөр сайдын үед хийсэн ажлуудаас шүүмжлэл дагуулсан ажил ч их байлаа.Магтаал сонссон ажлууд ч бас байна. Ялангуяа мэргэжлийн боловсролын салбарт хийсэн ажлуудаас инженер бэлтгэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн сайн ажлууд бий. Энэ нь цаашаа уламжлагдаад явах л учиртай.Зөвийг нь уламжлаад, бурууг нь хаяад явах  хэрэгтэй л дээ. Тийм болохоор дээрх асуултын хувьд энэ самрах тогтолцоогоо л өөрчлөхгүй бол чиглэл, стандарт нь тэр байтугай хэрэгжүүлэх боловсон хүчинтэйгээ өөрчлөгдсөөр байх болно. Алдагдсан боловсон хүчний бодлого салбараа самардаг байдлаас гарч байж цэгцрэх болов уу. 

-Энэтхэгийн боловсролын тухай бичсэн нийтлэлд тань сургалтын төвөө өргөжүүлээд их дээд сургууль болгох нь буруу хэмээн шүүмжилсэн байсан. Дээд боловсролын тогтолцоонд бид юун дээр алдаж байна гэж хардаг вэ?
-Манайд 1990 оноос эхлэн хувийн их дээд сургууль олноороо байгуулагдсан. Гэтэл хувийн их дээд сургуулиудын үүссэн түүхийг судлаад үзэхээр ерөөсөө л жижигхэн, боловсролын ТҮЦ-үүд байгуулаад түүнийгээ их дээд сургууль гэж нэрлээд гараагаа хийсэн. Одоо хөлөө олох гээд янз бүр л явцгааж буй. Гэхдээ л  боловсролын хэрэг лангуун дээр нь өрөөстэй, зарах маяг, арга хэлбэр, байшин барилга сайжирсан ч тогтолцоо, чиг хандлага нь тэгтлээ өөрчлөгдөөгүй явж ирлээ.Уг нь хувийн бага дунд,их сургуулийн үйл ажиллагааг зохицуулсан хууль гэж зайлшгүй байх ёстой. Тэр хуулийг бий болгож байж асуудлыг цэгцлэнэ. Одоо манайд зөвхөн Боловсролын тухай хуулин дотроо ерөнхий заалтууд байдаг. Тэнгэрт тулсан үнэ ханш наймаа өнөөдөр боловсролын салбарт л байна. Ард нь дандаа улс төрчид байдаг. Боловсролын чиглэлээр асар том хөрөнгө оруулалт хийгээд, үйл хэргээ маш сайн аваад явж байгаа хувийн бага дунд, их сургуулиуд ч бий тэднийгээ төр бас бодлогоор дэмжих л хэрэгтэй.
Дээд боловсролын тогтолцоонд өөрчлөн байгуулалт хэрэгтэй байна. Сүүл рүүгээ төрийн хэдэн их сургуулиуд бас л улс төрийн талхлалтад өртөх болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийг нь гартаа авбал аяндаа болно гэдэг байдлаар улс төрчид эрээ цээргүй оролцох болсон. Юуны өмнө үүнийг болиулах хэрэгтэй юм. Гуравхан сая хүнтэй улсад дэлхийн хэмжээнд үнэлэгдэх ганц л их сургууль байхад хангалттай. Тэр нь хатуу стандарт, хөрөнгө оруулалтын нарийн тооцоотой, бусад төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэхийг бодлогоор хөхүүлэн дэмжсэн байх хэрэгтэй. Дэлхийн өндөр чанартай их сургуулиудтай хөтөлбөрийн болон агуулга арга зүй, практик дадлын тусламжийг авдаг оюутан хөрвөдөг байвал бид цаг хожно. Дээд боловсролд гадаад харилцаа маш чухал үүрэгтэй юм даа. Харин оюутан суралцагсад дээд сургуульд сурахын төлөө л сургуульд элсдэг биш, олон талт хэрэгцээг нь төр өөрөө үүрэх биш харин нүд эрээлжлэм хурдан өөрчлөлт дунд дасан зохицоод явах тэр чадвар боломжийг дан ганц дээд боловсролоор бус маш сайн мэргэшсэн мэргэжлийн боловсролын системээр хангаж байх ёстой юм. 

-Өөр өөр улс орны боловсролын тогтолцоо чиг хандлагыг судалж байхад монголд аваад ирчихмээр зүйлүүд их л таардаг байх...
Жишээлэхэд, Энэтхэгийн боловсрол тодорхой зорилготой. Инженер, анагаах ухааны чиглэлээр дэлхийд гаръя л гэж байгаа юм. Үүнтэйгээ уялдуулаад бага, дунд боловсролынхоо байгалийн шинжлэлийн хичээлүүдийн чанарыг сайжруулсан. Өөрөөр хэлбэл нийгэм даяараа инженерийн боловсролын нэр хүнд, үнэ цэнийг мэдээд ирэхээр хүн бүр тийшээ хошуурдаг. Тэр ньбага дунд боловсролдоо ч нөлөө үзүүлдэг. Байгалийн шинжлэлээр хичээллэсэн хүүхэд мундаг. Инженер болсон залуутай л гэрлэх юмсан гэдэг ч юм уу. Ийм зүйл яагаад манайд байж болохгүй гэж. Стратегийн тодорхой бодлоготойгоор энэ бүхнийг зангидах ёстой л доо. Гэтэл манайд социализмын үеийн “өв тэгш хөгжил, хүмүүжил” философийн суурин дээр бурханд ч илүүдмээр олон төрлийн хэрэгтэй хэрэггүй мэдлэгээр бөмбөгдөөд дээр нь бас авьяаслаг хүүхэд хөтөлбөр гэхчлэн гоё нэр том мөнгөний хөтөлбөрүүдээр нэг сайд гарч ирээд дардаг. Тэр рүү нь гадны шашинаас эхлээд бодлогоор өөрийн холбоо сүлбээгээрээ дамжуулж байгаад толгой дээр нь суугаад авдаг. Гэтэл яг үнэндээ хүүхдэд хичээлээ сайн хийх, яг өөрт хэрэгтэй мэдлэг олж авахад улам л хүндрэлтэй болж байгаа юм. Жишээ нь байгалийн шинжлэлийн хичээлээр OECD-ийн орнуудын PISA гэдэг 15 настнуудын дунд явагддаг олон улсын сурлагын төвшин тогтоох шалгалтанд манай 15 настнуудыг оруулаад үзвэл ер ямар үр дүн гарах бол?
Швецарийн мэргэшсэн боловсролын бодлого байна. Манайх шиг хүн бүр дээд боловсролтой мөртлөө худалдагч хийгээд байгаа системийг огт болохгүй гэж үздэг. Хүүхдийг тавдугаар ангиас нь эхлээд савных нь хэр хэмжээгээр ялгадаг гэсэн үг. Энэ хүүхэд сэргэлэн цовоо мундаг учраас дээд боловсролоор явах хэрэгтэй гээд гимназид авдаг. Энэ хүүхэд хөдөлгөөнтэй учраас авьяасаа хөгжүүлээд яваг гээд ялгачихдаг. Багш, эцэг эхчүүд нь тэр хүүхдэд хаашаа явахаа шийдэхэд нь тусладаг. Гимназид орсон хүүхэд их дээд сургуульд сурна. Мэргэжлийн сургуульд орсон хүүхдүүд тэр мэргэжлээрээ ахиулаад дээд боловсрол эзэмшиж болно. Эсвэл хуучны ТМС шиг “ганган” цахилгаанчин, гагнуурчин, мужаан болдог. Ийм болохын тулд дээр ярьсан цэгцтэй төрийн бодлого л хэрэгтэй. Боловсролын салбарын бужигнаан их доройтлын суурь болж байна уу гэсэн бодол төрдөг. Боловсрол бол тасралтгүй явж байх ёстой. Хүн төлөвшлийн суурь нь цэцэрлэгээс, сургуулийн өмнөх боловсролоос тавигддаг гэж боддог учраас цаашид өөр улс орны цэцэрлэгийн тогтолцоог судалж үзэх бодол байна.

-Боловсролын асуудлаа орхиод таны талаар ярилцъя. Та яагаад япон хэлийг сонгох болсон юм бэ?
-Их сургуулийн хоёрдугаар курст байхад япон, хятад хэлийг сонгож судлах болсон юм. Гэхдээ хятад хэлний ангид нэг л хүүхэд авна гэсэн. Би ч тэр ангид орох сонирхолтой байсан ч эрэгтэй хүүхэд авна гээд одоогийн сайн хятад судлаач, орчуулагч “Хуан Жу Гэг”-ийн Болдбаатар маань орсон. Ингэж япон хэлний ангид орж байсан ч япон хэл сурсандаа баярлаж талархаж явдаг. Тухайн үед бодлогоор орчуулагч бэлтгэж байж. Эх хэлний боловсролоо их сургуулийн түвшинд авсан хүнийг орчуулагчаар бэлтгэдэг.Тиймээс надад орчуулагчийн мэргэжлийг эх хэлтэй нь хамт өгсөн тухайн үеийн төрийн бодлого, их сургуульдаа баярладаг.

-Та хэзээнээс утга зохиолын чиглэлээр орчуулга хийж эхэлсэн бэ. Мүракамиг л гэхэд их зоригтой хүн л сонгож орчуулах юм шиг санагддаг. Уншиж эхлэхэд л хамаг оюун бодол сорчихдог. Мөн “Гэнжийн туульс” байна...
-Миний мэргэжил хэл утга зохиолын багш гэдгийг хэлсэн. Багшаараа ажиллаж байгаад Японд боловсролын чиглэлээрээ сурсан. Төрийн албанд ч олон жил ажилласан. Энэ хугацаанд утга зохиолын орчуулгаа хаяагүй. Анхны орчуулга маань хүний хөгжлийн чиглэлээр байсан ч дэлхийн анхны роман “Гэнжийн туульс” миний орчуулга. Дараа нь Мүраками. Орчуулга бол миний хобби. Олон жил нухаад ирэхээр япон хүний сэтгэлгээ оюуны соёл, бичлэгийн хэв маяг гарт ордог. Цаашид ч олон бүтээлорчуулах сонирхолтой байна. Мүракамигийн бүтээл хүнийг их татдаг ховс,хүний толгой дотор ороод суучихдаг. Өөр зүйл хийж байсан ч байнга бодно.
“Гэнжийн туульс”-ийг би орчин цагийн япон хэлнээс орчуулсан. Манай “Монголын нууц товчоо”-ноос 200 жилийн өмнө бичигдсэн. Нууц товчоог л гэхэд Дамдинсүрэн гуай орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлсэн байдаг. Үүнтэй адилхан XIX, XX зуунд алдартай бичгийн хүмүүс эртний япон хэлнээс орчин цагийн япон хэлэнд буулгасан эхээс орчуулсан. Утга зохиолын орчуулгаас гадна монголын түүхтэй холбоотой Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” гэж бүтээл байна. Бас мэр сэр хүүхдийн зохиолууд бий. Хорь шахам бүтээл бий.

-“Эсрэг дурлал” жүжиг тэгвэл таны орчуулгаар тавигдсан гэсэн үг байх нь. Жүжгийг үзэхэд их орчин цагруу ойртуулсан юм шиг л санагдсан...
Жүжгийн тухайд миний орчуулгаас Б.Галаарид сэдэвлэн зохиол бичиж Найдандорж найруулж үзэгчдэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл “Эсрэг дурлал” жүжгийн зохиол Б.Галаарид бид хоёрын хамтын бүтээл гэж болох болов уу.

-Хамгийн сүүлд орчуулан гаргасан Муракамигийн “Өнгөгүй Тазаки Цүкүрүгийн эргэлийн он жилүүд” номыг тань уншиж амжаагүй л явна. Энэ номд юуны тухай өгүүлдэг юм бэ?
-Энэ номд залуу хүний орчин цаг хугацаа, улс орон, нийгэмдээ хандсан сэтгэлийн эмзэглэл эцэстээ юу болдог тухай л гардаг. Залуучуудын дуу хоолойг өвөрмөгц байдлаар гаргасан бүтээл. Мүраками өөрөө хэзээд залуу хүний талд зогсч байдаг. Тэд нарын сэтгэл дээр өөрийгөө тавиад зохиолоо бичдэг. Энэ нь ч миний орчуулгын бүтээлээрээ дамжуулан хүний боловсрол хөгжилд нэмэр оруулах гэсэн унаган мэргэжилтэй минь тун сайн зохицдог юм.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Японы сонгодог өгүүллэгийн дээжис” гэдэг бүтээл дээрээ ажиллаж байна даа.
 
-Япон зохиолчдын бүтээлээс харж байхад сэтгэлгээ нь их сонин, тасарчихсан санагддаг.
Япончууд маханбодийн хүч чадлаас илүү оюун санааны хүч чадалдаа их найддаг. Маханбодь буюу биеийн хүчээ сүмогоор төлөөлүүлээд нүдээ харж баясгаж байдаг болов уу. Бас махан бодь сэтгэлийн чадал хоёрын нийлэмж урлаг гэдэг талаас нь сүмо бөхийг бас хэлж болно байх. Харин оюунсанааны хүч чадлаа шүтэж амьдардаг тийм л улс. Биеийн болон оюуны гоо сайхныг шүтдэг эрчимтэй ард түмэн. Тэр бүхэн нь урлаг утга зохиолд нь гүнзгий тусдаг болов уу.
Боловсорч гүйцсэн үндэстэн, боловсорч яваа үндэстний ялгааг бид зөвхөн сүмогоос харж болно. Сүмогийн ертөнцөд монгол залуус очоод завсаргүй түрүүлж, үе залгамжилж амжилттай барилдаж байхад япончууд ямар уудам холын хараагаар харж байна вэ. Энэ чинь бидэнд сайндаа биш л дээ. Үндэсний спортынхоо хөгжлийн төлөө гэсэн байдлаар хандаж байна. Гэтэл манай үндэсний бөхөөр элэг нэгтэй Тува бөх орж ирээд барилдахад бидний хандлага тэс өөр байсан. Бидэнд ийм л том ялгаа  байна. Энийг л ойртуулахын төлөө л японы утга зохиолыг орчуулж байна гэж бодож байна даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан