Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эх газрын арал ба их далайн арал хоорондын адил төстэй зүйлс


Б.БАДРАЛ


Монголын төрийн тэргүүн “Эрх чөлөөний арал” гэж нэрлэгддэг Куба улсад айлчилсан тухай мэдээг та зурагтаар харж, сонин хэвлэлээс уншсан байх. Энэ мэдээг уншсан зарим нь хийх юмаа олж ядсан юм бэ, очиж очиж хэнд ч хэрэггүй газрын мухрын, ядуу, коммунист улсад айлчлах юм гэж бухимдсан. Уг нь үнэн хэрэг дээрээ Куба, Монгол хоёр бэрхшээлтэй эдийн засгаас эхлээд газар зүйн байрлал, орчин үед туулж өнгөрүүлсэн түүх гээд олон зүйлээр төстэй. Нэгнээсээ суралцах зүйл ч ихтэй.

Төстэй зүйлс

Хамгийн наад зах нь гэхэд Монгол Улс урд талаасаа БНХАУ, хойд талаасаа ОХУ гэсэн хоёр гүрний дунд хавчигдсан эх газрын арал шиг. Куба тал талаасаа усаар хүрээлэгдсэн Карибын тэнгис дэх жижигхэн арал. Цаашилбал, хоёул хувьсгал хийж тусгаар тогтнолоо олсон, хоёул социалист лагерь гээчийн гишүүн байсан. Зөвлөлт задран унасны дараагаар эдийн засаг ба улс төрийн амаргүй хямралыг даван гарч ирсэн. Одоо хоёул Орос, Хятад, Америктай дотно харилцаатай, олон зүйлээр хамааралтай. Орос, АНУ, Хятад гээд их гүрнүүдийн нөлөө манай хоёр улсын ард иргэдийн амьдралын түвшнийг шийдвэрлэж байдаг гэж болно.

Танилцсан түүх

Элбэгдорж Ерөнхийлөгчөөс өмнө Цэдэнбал дарга Кубад айлчилж Фидель Кастротой уулзаж байсан түүхтэй. Цэдэнбал даргын айлчлах үеийн Куба улсын талаарх монголчуудын төсөөлөл ба Монголын талаар кубачуудын төсөөлөл тун ядмаг байв. Хоёр орны хүмүүс нэгнээ яаж төсөөлдөг байсны жишээ нь 1990-ээд онд нэгэн сонинд гарсан дурсамж юм. Тэрхүү дурсамжийг бичсэн хүн 1970-аад оны эхээр Москва дахь Патрис Лумумбын нэрэмжит Улс үндэстний эв найрамдлын сургуульд сурч байж. Энэ сургууль нь дэлхийн хөгжиж буй гэсэн тодотголтой 140 гаруй орны 450 гаруй үндэстний 20 мянга гаруй оюутанд тухайн улсад нэн шаардлагатай мэргэжлээр сургадаг байсан, одоо ч сургаж байгаа. Тэр үед монгол оюутныг куба оюутан хэрэг болгон сурагласаар очоод уулзжээ. Танилцан түүхээр ярилцтал тэр оюутан нь Кубын хувьсгалын удирдагч нарын нэг Эрнесто Че Геварагийн партизаны отрядад байлдаж байсан нэгэн болж таарчээ. Тэгээд түүний яриагаар Че Гевара нь партизануудаа жижиг бүлэг болгон хуваахдаа тус бүрт аль нэг орны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний төлөөх тэмцэгч, баатрын нэрийг өгсөн байна. Ингэхэд  тэр залуугийн бүлэг нь Монголын Сүхбаатар гэдэг хүний нэрэмжит болж. Че Гевара нь Сүхбаатарыг Төв Азид байдаг Монгол нэртэй улсыг харийн дарангуйллаас чөлөөлсөн мундаг баатар гэдгийг тайлбарлаж өгөөд хоёр даалгавар өгсөн гэнэ. Нэг нь партизаны бүлэгтээ зэвсэг сум олох, нөгөөх нь Сүхбаатарын зургийг олох. Партизанууд зэвсэг олж чадсан ч Сүхбаатарын зургийг олж чадаагүй тул өөрсдийн төсөөлж байснаар манай жанжны хөргийг зурж залсан гэнэ. Энэ явдлаас хойш төд удалгүй Че Гевара алагдаж, партизаны отряд бут цохигдсон ч тэр залуу суралцахаар Москвад ирэхдээ юун түрүүнд Монголын Элчин сайдын яамаар очиж Сүхбаатар гэдэг хүний зургийг харуулахыг хүссэн байна. Тэгээд Сүх жанжны зургийг хараад “Ийм царайтай хүн байсан юм уу? Бид огт өөрөөр төсөөлж зурсан” гэж дотроо ичсэн тухайгаа монгол оюутанд дуулгасан гэх. Тэд жанжныг өөрсдийн төсөөллөөрөө латин америк царайтай үс сахал болсон мундаг эр болгон зурсан байтал “ориг” Сүхбаатар тэс өөр болж таарсан хэрэг
.
Өнгөрсөн түүх

Тэгэхээр тусгаар тогтносон БНМАУ нь Куба гэлтгүй Латин Америкийн орнуудын харийн дарангуйлалыг эсэргүүцсэн тэмцэлд бага ч гэлээ хувь нэмэр оруулж байсан хэрэг юм. Ерөнхийлөгч Элбэгдоржийг Кубад үг хэлэхдээ хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж хэлсэн тухай шүүмжлээд л байна. Гэтэл Сүх жанжны нэрэмжит отряд болон хувьсгалын дараахь Кубын удирдагчийн авч хэрэгжүүлсэн бодлого нь түүний хэлсэн үг  ямар ортой болохыг харуулсан үйл явдал гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз.

Куба нь АНУ-аас бүх талаар хамааралтай улс болж хувираад байхад ах дүү Кастро, Че Гевара нарын тэргүүлсэн хүмүүс хувьсгал хийж ялсан. Одоо зарим хүн Америк жил болгон тэрбум гаруй ам.доллларын хөрөнгө оруулалт хийдэг байсан, иймд Кубын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 4000 гаруй ам.долларт хүрдэг баян цатгалан улсад хувьсгал хийх шаардлагагүй байсан гэх мэтээр бичих болсон. Гэтэл ард иргэд нь жаргалтай, баян хангалуун амьдарч байгаа оронд хувьсгал гарах тохироо яагаад ч бүрдэх боломжгүй гэдгийг түүх нэгэнт харуулсан.
 
Ганц улсаас хамааралтай байдал

Хувьсгал гарахын өмнөх Кубын дарангуйлагч Батистын дэглэмийн авлигад идэгдсэн байдал хэрээс хэтэрсэн хүн амынх асар бага хувь нь л энэ их хөрөнгө оруулалтаас хувь хүртдэг, дийлэнх олонх нь туйлын ядуу зүдүү амьдардаг байсныг олон тооны судалгаа харуулдаг. Кубын уул уурхайн 90 хувь, цахилгаан ба харилцаа холбооны 90 хувь, нийтийн аж ахуйн салбарын 80 хувь, шатахууны салбарын 80 хувь, сахарын үйлдвэрлэлийн 40 хувь, чихрийн нишингийн тариалангийн 50 хувийг АНУ-ын компаниуд бүрэн хянадаг, хүн амынх нь 25 хувь бичиг үсэг тайлагдаагүй, цахилгаан гэж мэддэггүй  байсан аж. Гадас хатгахад л өөрөө ургах хэмжээний шим тэжээлтэй хөрстэй.

Куба нь үр тарианыхаа 60 хувийг, үхрийн махныхаа 72 хувийг АНУ-аас импортлон оруулж ирдэг байсан төдийгүй ажилгүйдлийн хэжээ хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 40 хувь хүрч байсан байдаг.

Ийм нөхцөлд Америкийн тал жилдээ тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ ч гэсэн Кубад тогтож үлддэг нь ховор байж. Статистик судалгаанаас үзвэл америкчуудын хийсэн хөрөнгө оруулалтын 1 доллар болгон 20-40 центийн орлого авчирч 3-5 жилийн дараа бүрэн нөхөгдөж дуусдаг байсан. Гэхдээ гутлын үдээснээс эхлээд цаасны хавчаар хүртэл бүгдийг Америкаас импортлон авдаг байсан, авлигад автагдсан албан тушаалтнууд бүгд Америкийн банкуудад данс нээн луйвардсан мөнгөө тийш нь гуйвуулдаг байсан тул хөрөнгө оруулалтын 2/3 нь эргээд гараад явдаг байж.

Америкийн мафийнхан, том компаниуд Кубад мөнгө угаах гэрээ байгуулах гэж байгааг харуулсан хэсэг “Загалмайлсан эцэг” кинон дээр гардгийг та үзэж байсан байх. Үүнтэй зэрэгцээд Америкийн бизнесмэнүүд Кубаг дан ганц чихрийн нишинг тариалдаг, түүгээрээ сахар бэлдэж экспортлох дээр тулгуурласан улс болгох гэж олон арга хэмжээ авсан гэж үздэг. Тухайлбал, Кубын ром дарс, алдарт Гавана янжуур зэргийн үнийг буулгаж Ямайк, Никарагуа гэх мэт улсаас хямд авдаг болох зэрэг удаа дараалан арга хэмжээ авсны хүчинд 1959 оны хувьсгалын өмнө Куба нь сахараа АНУ руу экспорт хийх гэсэн ганц аргаар л эдийн засгаа хөдөлгөдөг улс болсон байна. Хүний эрхээр жаргаж байсан байдал нь энэ.

Иймэрхүү амаргүй нөхцөлд хувьсгал хийн тусгаар улс болсон Куба социалист чиг баримжаатай болсон нь ойлгомжтой. Хариуд нь  Америк эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Ингэснээр Куба нь стратегийн ач холбогдолтой гол түүхий эд сахараа экспортлох газаргүй болж хүнд байдалд орсон. Америк эдийн засгийн хориг авна гэдэг данц ганц өөрсдөө авдаг юм биш өөртэй нь экспорт, импортын харилцаатай бүх улсаас Кубатай ямар нэг байдлаар арилжаа наймаа хийхгүй байхыг шаардана. Иймд Америкийн хориг арга хэмжээнээс болж Куба 50 гаруй жилийн дотор 124 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж тооцсон байдаг. Тун ээдрээтэй үед Куба бууж өгөлгүй зүтгэсээр Карибын хямралын үеэр америкчуудыг өөрсдийнх нь эсрэг зэвсэг, арми хэрэглэхгүй гэсэн баталгаа гаргуулж байж жинхэнэ утгаар тусгаар улс болсон. Харин энэ бол өөрийн эр­хээр зовох нь дээр гэдгийг сонгосон үе. Зөвлөлтийн нөлөөнд байхдаа ч Куба социалист лагерийн бусад улсыг бодвол илүү бие даасан бодлого явуулдаг байсан. Че Гевара гэхэд л Зөвлөлтийг ядуу, буурай орнуудад капиталист орнуудаас дутахааргүй өрөөсгөл гэрээ тулган батлуулан шулж, шовинист бодлого явуулж байна гэж шүүмжилж зүрхэлж байсан билээ. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үнэн гэдгийг кубачууд яс махаараа мэдэрсэн болохоор ингэж зүрхэлсэн байх.

Орчин үе

Зөвлөлт задран унаж, хүйтэн дайн дууссаны дараагаар Кубад хэзээ мөдгүй хувьсгал гарна гэж хүлээж байсан хүн цөөнгүй. Кубыг эдийн засгийн хямралаас гаргасны хариуд ардчилсан тогтолцоог нэвтрүүлэх гэх мэт яриа их гарсан. Мэдээж голлох үүргийг Америк эзэлж байв. Гэхдээ Америкийн тал нь хувьсгалаас өмнө Кубад америкчуудын эзэмшиж байсан өмч хөрөнгийг реституци хийхийг шаардсан гэх. Өөрөөр хэлбэл Кубад санхүү, эдийн засгийн тусламж үзүүлсний хариуд 1959 оноос өмнө америкчуудын тус улсад эзэмшиж байсан бүх л байшин байгууламж, компани, газар гээд бүх өмчийн эрхийг эргүүлэн сэргээх, эсвэл нөхөн олговор төлөхийг шаарджээ. Ингэвэл Кубын эсрэг авсан бүх хориг арга хэмжээг цуцалж, хөрөнгө оруулалтыг тэрбумаар нь хийгээд улсыг нь цэнгэ­лийн манлайд хүргэнэ гэсэн үг л дээ.

Ийм нөхцөлд Кубын эдийн засаг нь бүхэлдээ америкчуудынх болох байсан тул Фидель Кастро зөвшөөрөх боломжгүй байсан нь ойлгомжтой. Ахиад л хүний эрхээр жаргахын оронд өөрийн эрхээр зовохыг сонгосон хэрэг. Ингээд Америкаас бусад улс орныг эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрөх, аялал жуучлалын салбараа хөгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарч эхэлснээр 1990-ээд оны хүндрэлээс гарсан гэж болно. Одоо кубачууд ядуу гэгддэг ч бүх шатандаа үнэ төлбөргүй сурч боловсрох, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэвээр байна. Ялангуяа, Кубын эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл ба боловсролын салбар дэлхийд дээгүүрт орсон хэвээр, зэвсэгт хүчин, аж үйлдвэрлэл, шатахууны салбар нь ямар ч байсан дампууралгүй яваад байна. Үүгээрээ зах зээлд орох нэрийдлээр нийгмийнхээ бүх л салбарыг дампууруулж байгаад шинээр эхэлдэг зарим улсаас давуутай гэж болно. Гэсэн хэдий ч Кубын эдийн засаг хүнд байдалд байна, цаашид баяжихын тулд зах зээлийн эдийн засагт нэн даруй шилжиж, улс төрийн олон намын тогтолцоог нэвтрүүлэн өмнөх жилүүдэд болсон гэх улс төр ба шашин шүтлэгийн улмаас болсон хэмэгдүүлэлтийг шүүмжлэх, оролцогчдыг нь шийтгэх уриа олон дуулддаг.

Хэтийн төлөв

Гэтэл Өрнөдийн орнуудын зүгээс тавьдаг энэ бүх шаардлагыг алсын хараатай, сайтар бодож боловсруулсан бодлогогүйгээр, сэтгэлийн хөдөлгөөнд автан нэн даруй хэрэгжүүлэх гэвэл юу болж хувирдгийг Куба бусад социалист орнуудын жишээн дээр сайн харсан. Дэлхийн хэмжээний их гүрэн байсан Зөвлөлт 15 улс болж задарсан. Үүний дараа тусгаар улсуудад маш олон дайн тулаан гарсан. Орос гэхэд  арав гаруй жил хямрал, дайн тулаан, дампуурлыг даваад одоо л нэг хөл дээрээ тогтох гэж байна. Гүрж Абхазын дайн, Армян Азербайжаны дайн, Тажикистаны иргэний дайн гээд тоочвол их. Украйн одоо ч дайтаж байна. Югослав улс оршин тогтнохоо больж өвөр зуураа олон жил дайтаж, НАТО-д бөмбөгдүүлээд Серби, Черногор, Македони гэсэн олон улс болж задарсан. Румын, Болгар гэсэн улсууд 1990-ээд оны хүнд байдлаас өдий хүртэл бүрэн хэмжээгээр гарч чадаагүй, Европын холбооны тэтгэлэг тусламжаар явж байна гээд жишээ мундахгүй. Америк нь Иракт ардчилал, хүний эрхийг авчирч байна гээд зад бөмбөгдөөд юу ч үгүй болгосон. Ливи, Сири гээд жишээ мундахгүй. Энэ бүх өөрчлөлтийн үр дүнд нийгмийн өчүүхэн бага хэсэг нь саятан, тэрбумтан болж баяжаад үлэмж олонх нь социализмын үеийнхээс  дор амьдардаг болсон. Тэгэхээр Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын шахалтад орж өнгөрсөн бүгдийг үгүйсгээд яах ийхийн зуургүй бүх өөрчлөлтийг хийх гэдэг нь яав ч сайн үр дүнд хүргэхгүй нь ил болсон гэсэн үг.

Энэ бүхнээс үүдээд Кубын эрх баригчдын хувьд БНХАУ-ын жишээ хамгийн боломжтой санагдаж бай­гаад гайхах зүйлгүй. Нэг намын удирдлагатай, зах зээлийн харилцаатай улс яваад байж болдог, явах явахдаа тун ч муугүй амжилтад хүрч болдог гэдгийг тэд харж байна. Өрнөдийн улс төрчид, зөвлөхүүдийн хэлсэн болгоныг за гэж алга хавсран хүлээж аваад түймэрт хөөгдсөн юм шиг хэрэгжүүлэх гэх хэрэггүй. Өөрийн улс орны бололцоо, түүхэн уламжлал, боломж, ирээдүйг бодолцон байж хэрэгжүүлэх нь зөв гэдгийг Куба харсан. Иймдээ ч Куба ба Хятадын харилцаа ойрын жилүүдэд маш сайн яваа.

Куба нь Хятадын жишээгээр нэг намын тогтолцоогоо халалгүйгээр эдийн засгийн зарим салбартаа зах зээлийн харилцааг маш болгоомжтойгоор нэвтрүүлж эхэлсэн. Одоогоор эдийн засгийн 181 салбарт хувийн компаниуд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхэд маш их анхаарал тавьж байгаа. Обамагийн үед Америктай харилцаа буцан сайжирч дипломат харилцаагаа эргэн сэргээж, хоёр улсын хооронд онгоц нислэг хийдэг болсон явдал аялал жуучлалын салбарын хөгжилд нь маш ихээр дэмжлэг болно гэж тооцоолж байгаа. Никель ба кобальтын олборлолтоор дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд энэ чиглэлд Хятадтай хамтарсан хэд хэдэн үйлдвэр байгуулсан. Гэвч дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан, ойрын ирээдүйд өсөх магадлал тун бага байгаатай холбоотойгоор аялал жуучлалын салбар л голлох үүрэг гүйцэтгэнэ гэж тооцоолсон бололтой. 2015 оны байдлаар Кубад 3,5 сая жуулчин айлчилжээ.

Энэ мэтээр өөрийн дураар зовно гэдэг хүний эрхээр жаргаснаас хавьгүй их зүйл сургадаг болохыг эрх чөлөөний арал Куба улсын түүх харуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан