Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хан-Уулын Сонгуулийн хорооныхон нэг талд үйлчилсэн хууль бус шийдвэр гаргаж эхлэв үү


Н.БАТ


Хан-Уул дүүргийн сонгуу­лийн хорооны энэ сарын 20-ны өдрийн тогтоолоор Ардчилсан намаас Орон нутгийн хурлын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч А.Гантулгыг нэрсийн жагсаалтаас хасах болсон гэнэ.

Тогтоолд Монгол Улсын сонгуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалт, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь заалт, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийн тус тус үндэслэн дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Аюуш овогтой Гантулгыг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн гэж үзэж уг нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассугай гэжээ. Энэ олон заалтыг нь сонгуулийн хуулиас шүүгээд харвал 6.2.4 гэхэд сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэх, 27.4 нь Сонгуулийн хорооны шийдвэрт дарга нарийн бичиг гарын үсэг зурна, 33.7-д Сонгууль зохион байгуулахтай холбогдон гарсан сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр тогтоол, зөвлөмж албан бичгийн хэлбэртэй байна, 34.1.4 нь өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, 114.1-д Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авсан зохих шатны сонгуулийн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гэжээ.

158.1.2 дахь заалтаар нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, 159.1 нь  Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн  сонгуулийн байгууллага  нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж байгааг бодоход Хан-Уулын АН-аас нэр дэвшигч А.Гантулга нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэж сонгуулийн хороо нь үзсэн бололтой.
Сонирхолтой нь тус сонгуулийн хороо нь 2016 оны есдүгээр сарын 5-нд нэр дэвшигч А.Гантулгыг шаардлага хангасан гэж үзээд бүртгэж авч, өдөр тутмын сониноор нэрийг нь зарласан.

Гэтэл 15 хоногийн дараа яагаад шийдвэрээсээ ухрах болов? Энэ сарын 16-ны өдөр Хан-уул дүүргийн сонгуулийн хороонд Хан-Уулын МАН-аас 12 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч А.Гантулгатай холбоотой гомдол иржээ. Үүнд түүний НИТХ-ын сонгуульд өрсөлдөх тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд холбогдох байгууллага хүлээн авч бүртгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа учраас энэ хүнийг нэрсийн жагсаалтаас хасах эсэх тухай асуудлыг шийдвэрлэж өгөөч гэх утгатай байж. Хариуг нь Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны дарга Ж.Ичинноров маш шуурхай илгээхдээ, Хан-Уул дүүргийн МАН-д А.Гантулгыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас удахгүй хасах тухай шийдвэрийг гаргах болно гэсэн албан бичгийг хүргүүлсэн гэнэ. Ингээд л ердөө хуулийн дагуу гурав хоногт асуудлыг шийдлээ гэж халхавчлан нэр дэвшигчийг үндэслэл нь тодорхойгүй шалтгаанаар нэрсийн жагсаалтаас хасчихаж. Сонгуулийн хорооны дарга гэх албан тушаалд суугаад удаагүй байгаа дарга эрх мэдлээ хэтрүүлсэн үү, эсвэл үнэхээр сонгуулийн тухай хуулиа мэддэггүй юу гэдэг асуулт гарч байгаа юм. Намдаа үйлчлэх “сайхан” сэтгэл ч гэж зарим хүн хардаж байна.

Өчигдөр энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхан хэвлэлд хандаж мэдээлэл хийсэн юм.

Дүүргийн АН-ын Сонгуулийн ерөнхий менежер Ж.Батбаяр “Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо энэ сарын 21-нд Хан-Уул дүүргийн АН-д 20-ны өдөр гаргасан шийдвэрээ хүргүүлсэн. Энэ нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд нэр дэвшигчээр бүртгүүлсэн А.Гантулгыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай мэдэгдэл байсан юм. Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь эргэлзээтэй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж манай намын зүгээс үзэж та бүхэнд хандаж байгаа юм.

Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд МАН-аас энэ сарын 16-нд АН-аас нэр дэвшигч А.Гантулгыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах тухай гомдол гаргасан байна. Хариуд нь тойргийн сонгуулийн хорооны дарга Ж.Ичинноров “А.Гантулга гэж хүнийг сонгогчийн нэрсийн жагсаалтаас удахгүй хасах тухай шийдвэрийг гаргах болно” гэсэн албан бичгийг Хан-Уул дүүргийн МАН-ын хороонд хүргүүлжээ. Сонгуулийн тойргийн хорооны дарга бол хамтын шийдвэрээ гаргах үүрэгтэй. Энэ үүргээ умартаад зөвхөн өөрийн  хувийн үзэмжээр А.Гантулга гэж хүнийг нэрсийн жагсаалтаас хасах болно гэсэн шийдвэр МАН-д өгч байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй, цаашдаа сонгуулийг шударга явуулах боломжгүй гэсэн дүр төрхтэй харагдаж байна. Хамгийн чухал зүйл бол тойргийн сонгуулийн хорооноос сонгуулийг шударга явуулах ёстой. Гэтэл энэ хүний толгойлж байгаа тойргийн хорооны гаргасан шийдвэрт манай нэр дэвшигчийг жагсаалтаас хасах ямар ч хууль эрхзүйн үндэслэл алга аа.  Хуульд байхгүй үндэслэлээр нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасч байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг жагсаалтаас хасах тухай үндэслэлийг маш тодорхой заачихсан. Гэтэл сонгуулийн тойргийн хорооноос гаргасан тогтоол дээр тэр хуульд заасан зүйл заалт огт алга. Ийм байдлаар сонгуулийн тойргийн хороо шийдвэр гэж тогтоол гаргаж байгаа нь хуульд огт нийцэхгүй” гэв.

А.Гантулга нь ТОСК-ийн захирлаар өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан бөгөөд хуулийн дагуу Орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр дөрөвдүгээр сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Энэ тухайгаа ч хэвлэлээр ярьж байсан юм. Гэсэн ч тэрээр НИТХ-ын сонгуульд нэр дэвшээгүй, намын болоод бие даагчдын нэрсийн жагсаалтад ороогүй, Нийслэлийн сонгуулийн хороонд хүсэлт, бичиг баримтаа өгөөгүй байна.

Харин дүүргийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр хуулийн дагуу бүх бичиг ба­рим­таа бүрдүүлээд дүүргийн сонгуулийн хороонд өгсөн. Есдүгээр сарын 5-нд тойргийн хорооноос албан ёсоор нэр дэвшигчээр бүртгэж, Хан-Уул дүүргийн 12 дугаар тойрогт Аюушийн Гантулга гэж хүн нэр дэвшинэ гэсэн тогтоол гаргачихсан байгаа юм.

Нэр дэвшигч А.Гантулга энэ тухай ярихдаа, Орон нутгийн сонгуульд буюу НИТХ-ын сонгуульд нэр дэвших гээд өргөдлөө өгөөд бичиг баримтаа бүрдүүлж байсан. Гэхдээ би нэр дэвшээгүй, нэрсийн жагсаалтад ч ороогүй. Харин дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших гээд нэрсийн жагсаалтанд албан ёсоор ороод Сонгуулийн тойргийн хороо бүртгэж авсан. Гэвч өчигдөр ийм шийдвэр хүлээж авлаа.  Монгол Улсын Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхтэй гэдгийг тодорхой заасан. Харамсалтай нь, ямар үндэслэлээр миний нэрийг хасч байгааг ойлгохгүй байна. Захиргааны хэргийн шүүхэд хандана. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө ажиллана гэсэн юм.

 Энэ нь Хан-Уул дүүргийн шинээр бүрдсэн Сонгуулийн хорооны шийдвэрийн эсрэг шүүхдэж буй хоёр дахь тохиолдол.  Бие даагчдаас тэдний нэрсийг сонин дээр зарлахдаа огноогүй гаргасан, тогтоолыг батлахдаа дотоод журмаа зөрчсөн гэх зэрэг гомдлоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж.
Тус дүүрэгт сонгуулийн хэсгийн 46 хороо ажиллаж байгаа. 2016 оны УИХ болоод НИТХ-ын сонгууль дээр ажилласан багийг үндсээр нь өөрчилсөн байна. Учир нь төрийн эрх барьж байгаа намд энэ эрх шилжсэн.  Өмнө нь ажиллаж байсан хүмүүс дадлага туршлагатай нь хамаагүй Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэн учраас ахиад хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг байгуулна хэмээн түрэмгий байдлаар ажилдаа хандаж байгааг Хан-Уул дүүргийн АН-ынхан хэллээ.
Ямартай ч, Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль эхлэх хүр­тэл сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Гэтэл Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо гэхэд Шүүхийн хаалганы өмнө хоёр ч удаа очих шийдвэр гаргачихсан байдаг. Цаашдаа сонгуулийн байгууллага намд үйлчлэхгүй гэх итгэл үнэмшил иргэдэд огт үгүй болчихлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан