Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засаг сайжрахаар Эрдэнэбат сайд ”ажилдаа орно”



Б.БИЛГҮҮН


Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өчигдөр Хэнтий аймагт очжээ. Өнөөдөр Дорнод аймагт ажиллачихаад, нийслэлд ирэх юм байна. Энэ сарын дундуур мөн Сэлэнгэ, Дарханд очиж, нутгийн иргэдтэй уулзсан. Ингэснээр тэрээр Ерөнхий сайд болсноосоо хойш дөрвөн аймагт ажиллалаа. Энэ үеэрээ тэрээр Засгийн газрын зарим нэг шийдвэрийг иргэдэд танилцуулж, эдийн засгийн хүндрэлийг 12-18 сарын дотор тогтворжуулахаа амлаж явна. Өчигдөр ч гэсэн Хэнтийн аймгийн иргэдэд энэ тухайгаа хэлжээ. Харин эдийн засаг сэргэх хүртэл өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан зарим нэг хөтөлбөрийг зогсоож, нийгмийн халамжаа таллаж, хагаслаад ч болов өгөхөөр болсон гэх түүний үгийг Хэнтийчүүд талархан хүлээж авсан тухай хэвлэлийн албанаас нь мэдээлж байна.
 
Жишээ нь, эдийн засаг сэргэхээр

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө. Тэр хүртэл сар бүрийн 20 мянган төгрөгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд нь энэ сараас эхлэн олгохоор болсон. 60 хувь гэдэг нь 660 гаруй мянган хүүхдэд олгогдох 79.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эцэслэн шийдсэн гэсэн үг. Уг нь, бүх хүүхдэд ялгаваргүй олговол 144 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө байхгүйн улмаас л нийт хүүхдийн 60 хувьд гээд босго тогтоочихоод байгаа.

Гэтэл Ерөнхий сайд “Засгийн газраас үлдсэн 40 хувьд багтах хүүхдийн мөнгийг хүүгүйгээр дансанд нь байлгаж байгаа, эдийн засаг сайжираад ирэхээр бөөнд нь өгнө” гэсэн хачин тайлбар хэлж байгаа юм. Мөнгө байхгүй учраас өгөхгүй гэдгээ “дансанд чинь хадгалж байгаа гэхдээ хүүгүй шүү” гэх зэргээр тайлбарлах нь Засгийн газрын хувьд үнэндээ оновчгүй тайлбар. Адаглаад хүүгүй хадгалж мөнгөний үнэ цэнийг нь унагаж байхаар хүүхдүүдэд тараагаад өгчихсөн нь дээр. Гэхдээ Засгийн газар “өгөхгүй, байхгүй” гэж хэлэхээс айж, эдийн засаг сэргэхээр гэсэн үгийг амны уншлага болгожээ.  Бас хэзээ өгөх вэ, гэдгээ ч иргэдэд бүрэн дүүрэн, зоригтойгоор хэлж чадахгүй байгаа билээ. Хэрвээ, үнэхээр эдийн засгийг 12-18 сарын дараа босгоод ирэх юм бол хүүхдийн мөнгө хүртээгүйд нь тэр үедээ өгнө гээд хэлчихэж болох ч тэгсэнгүй. Учир нь, хүүхдийн мөнгөний үлдэгдлийг 2019 оноос өгөх боломжтой эдийн засгийн дүр зураг харагдаж байгааг УИХ-ын чуулганы үеэр хэлснээ Ж.Эрдэнэбатын кабинет нууцалсан бололтой.

Бас эдийн засаг сэргэхээр

70-аас дээш настай ахма­дуудыг төрийн халамжид “ум­буулна”. Ийм төсөл боловс­руулсан нь “Насны хи­­шиг” хөтөлбөр. Уржигдар Зас­гийн газрын хуралдаанаар баталсан, удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх энэ хөтөлбөрөөр бол  “Насны хишиг”-ийг зургаан сардаа эсвэл гурван сардаа нэг удаа 70-аас дээш насалсан бууралд 100-300 мянган төгрөг өгөх байдлаар хэрэгжүүлэх юм.
 
Энэ нь, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг буцаан татсанаас үүдэлтэйгээр хэрэгжиж байгаа төсөл гэхэд болно. Учир нь, Ерөнхий сайд Хамтын тэтгэврийн тухай хуулийг эргүүлэн татахдаа “Насны хишиг” хөтөлбөрийг эхлүүлнэ гэдгээ хэлж байсан юм. Харамсалтай нь, энэ хөтөлбөр нь цэвэр халамжийн төрөлд багтана. Өмнөх Хамтын тэтгэврийн тухай хуулиар иргэн насаараа хөдөлмөрлөж төлсөн ч татвараа бүрэн дүүрэн авч чадаагүй бур­хан болоочийнхоо хөлс хөдөлмөрөөс хүртэх зохицуулалттай байсан бол энэ удаад ахмадууд Засгийн газрын “хишиг”-ийг голж, шилэх эрхгүй өгснийг нь авахаар болж байна. Гэхдээ эдийн засаг сайжрахаар гэсэн Засгийн газрын амны уншлагаар бол 70-аас дээш настай ахмадууд эдийн засаг сайжрахаар л улирал тутам насныхаа хишгийг хүртэх нь.
Мөн эдийн засаг сайжирвал

Ипотекийн зээл ямар ч саадгүй үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар  зээлд хамрагдаж, урьдчилгаа төлбөрөө төлсөн ч байрных нь гэрчилгээ гараагүй иргэд асуудал хаана гацчихсан бэ, гэдгийг Засгийн газраас асууж байна. Гэвч, Засгийн газар хэзээ санхүүжилт олгож, иргэд зээлээ хэзээ авахыг хэлж чадахгүй байна. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ипотекийн асуудлаар энэ сарын 21-ний өдөр банк, санхүүгийн төлөөлөлттэй уулзах үеэрээ ч санхүүжилтийн талаар ямар нэг зүйл хэлээгүй.

Харин банк санхүүгийн байгууллагын өгч байгаа мэдээллээр, тэд таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох асуудлыг дэмжихгүй байгаа бөгөөд төв банк ч гэсэн санхүүжүүлэх боломжгүй гэсэн байр суурьтай хэвээр байгаа. Тэгэхээр эдийн засаг супер сайжирсан ч энэ Засгийн газар ипотекийн зээлийн таван хувь гэсэн ойлголтыг таягдан хаялаа гэдгийг эргэлт буцалтгүйгээр ойлгож болно. Тэгвэл ядаж найман хувийн зээл хэзээ үргэлжлэх вэ, гэхээр Засгийн газар хариулж чадахгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан