Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Жинжмаа: Тэр агуу тамирчин хүний дотоод ертөнцөд уусч орж, жүжиглэх хэцүү байлаа

Н.БАТСУУРЬ

“Цагаан хадаг” уран сайхны кинонд Д.Сумъяагийн дүрийг бүтээсэн Т.Жинжмаа одоо СУИС-ийн жүжигчний гуравдугаар курст суралцдаг. Түүнийг сонгож кинондоо тоглуулсан найруулагч Сэнгэдорж сонголтдоо бат итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан.
Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа учраас энэ удаагийн уран бүтээл чиний хувьд том боломж байсан болов уу гэж бодож байна. “Цагаан хадаг” кинонд тоглох саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?
-“Цагаан хадаг” киноны гол дүрийн проб явагдаж байгаа талаар өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж сургууль дээр яригдаж эхэлсэн. Манай киноны хоёрдугаар найруулагч пробод орж буй хүмүүсийн зургийг авахаар ирсэн байсан. Анх орж ирээд л надад “Ийм киноны проб явагдаж байгаа юм. Чи  зургаа авахуулаатахаач” гэсэн санал тавьсан. Пробод орсноос долоо хоногийн дараа “Хүлэгү” пикчерс дээр дуудсаны дагуу очиж ярилцлагад орсон. Яг кинонд тоглохоор болсон тухайгаа нэг сарын дараа мэдсэн.

-Гавьяат тамирчин Д.Сумъяатай адилхан төрх чинь энэ кинонд сонгогдсон нэг том шалгуур гэсэн. Та хоёрт гадаад төрхнөөс өөр адил төстэй зүйл байв уу?
-Миний хувьд киноны гол дүр болох Даваагаас тэс өөр хүн. Энэ кино маань Сумъяа эгчийн амьдралаас сэдэвлэсэн. Тэр их даруухан дотогшоо байрын хүн. Би бол шал эсрэгээрээ чавганц аятай л яриа. Тамирчин хүн өөрийн гэсэн маш том сэтгэл зүй, маш том дотоод ертөнцтэй байдаг юм билээ. Тэр агуу хүний дотоод ертөнцөд уусч орж, жүжиглэнэ гэдэг их хэцүү байсан. Энэ дүрд тоглосноороо тамирчдаар маш их бахархсан. Бөхийн спорт, тэр тусмаа эмэгтэй тамирчны сэтгэл зүйд нэвтрэхээс гадна бэлтгэл хийх, барилдана гэдэг тийм ч амар байгаагүй ээ. Би чинь ямар мэргэжлийн тамирчин биш. Тэр бөхийн мэх, техникийг сурах гээд л бэрхшээл их гарч байсан.

-Барилдааны хэсгүүдийг орлон тоглогч гүйцэтгэсэн гэж сонссон...
-Орлон тоглогч маань маш хүнд мэх, техник шаардсан хэсгүүд дээр оролцсон. Зургаан жил жүдогоор хичээллэсэн их мундаг охин санагдсан.

-Гавьяат тамирчин Д.Сумъяа зураг авалтын үеэр чамд өөрийн мэх, гаргадаг үйл хөдлөл зэргээ зааж байсан гэсэн. Түүний өгсөн зөвлөгөөг хэрхэн хүлээж авч, кинондоо тусгасан бэ?
-Киноны зураг тавдугаар сарын 26-наас эхэлж, анхны мотор дуугарч байлаа. Би түүнээс өмнө хоёр долоо хоногийн турш бэлтгэл хийсэн. Яг намайг бэлтгэл хийж эхэлж байхад Сумъяа эгч Парис руу “Их дуулга”-т оролцохоор явсан байсан. Би чинь уулзаж ч үзээгүй хүн, хэзээ нэг орж ирж намайг барилдахыг хараад “Энэ чинь ямар эвсэлгүй охин бэ” гэж хэлэх бол доо гэж айж байсан. Удалгүй уулзаж ярилцаад үзэхэд бид хоёр их адилхан юм шиг санагдсан. Хүмүүс ч тэр “Хүүе ээ, та хоёр чинь ямар адилхан юм бэ” гээд л. Бид хамтдаа бэлтгэл их хийсэн, өөрийн үндсэн мэхүүдээ зааж өгөөд “Чи энэ барилдаан дээрээ ийм мэх хийвэл гоё харагдана” гэж зөвлөж байсан.

-“Цагаан хадаг” нэрийг их амжилтыг бэлгэдэж өгсөн юм билээ. Олимпын наадмаас Д.Сумъяаг медаль хүртэхэд ямар санагдсан бэ?
-Кинонд Сумъяа эгчийн “Астана”-д болсон дэлхийн аваргаас медаль авсан тухай хэсэг гардаг. Энэ зураг авалтын үед би медалийг нь зүүчихсэн, бууж ирэхэд хүмүүс орилолдоод л байдаг яг тэр хэсэг дээр өөрөө дэлхийн аваргаас медаль авсан юм шиг л санагдаж баярлаж, хөөрч байсан. Сүүлийн РИО-гийн олимпын медалийн төлөөх барилдаануудыг манай кино группийнхэн үүр цайтал бүгд хамтдаа сууж үзсэн. Сумъяа эгчийн медалиа хүртэх тэр мөчид үгээр хэлж чадахааргүй гоё байсан, үнэхээр үнэтэй мэдрэмж гэдгийг тэр үед л мэдэрсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан