Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

16 жилийн дараа

Т.ЦЭЛМЭГ

2000 оны арванхоёрдугаар сарын 6. Ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдсан өдөр.
2016 оны арванхоёрдугаар сарын 6. Ардчилсан намын Их хурлаар намын даргаа сонгох өдөр.
Үндсэндээ Ардчилсан нам болоод эрийн цээнд хүрч байгаа өдөр нь. Зарим нь энэ өдрийг шинэчлэл хийх, өөрчлөлт гарах ч гэж тодорхойлж, таамаглаж байгаа. Мэдээж, АН шинэчлэгдэх нь гарцаагүй. Хүлээлт үүсгэсэн АН-ын шинэчлэлийг харин өөр сэдэв рүү халтируулах сонирхол нэг хэсэгт нь байгаа. Байгаагаа ч нуудаггүй. Гэхдээ гаднаас гэхээсээ дотроосоо байгаад нь л учир байна.

Зөвхөн АН гэлтгүй бүх намд шинэчлэл хэрэгтэй байгаа нь үнэн. Гэвч хүсч байгаа нь хэд вэ. Барууны намуудын жишгийг дагаж байгуулагдлаа гэсэн ч ганц жил болоод дотроо хэд хэдэн фракц болж талцаад, сүүлдээ хоёр хуваагдан нялхасын өвчинд нэрвэгдсэн нам бий. Бизнес эрхэлдэг шударга хүмүүсийн нам гэж байсан ч хөндлөнгийн хатгаасаар тарж бутарсан. Улс төрийн намууд нь жинхэнэ утгаараа шударга өрсөлддөг улс орнуудын зиндаанд хүрэх болоо ч үгүйг ХҮН намын задрал, хуваагдал харуулсан. Одоо тэгвэл шинэчлэл хийхээр ярьж, хөндөж байгааг нь яг л ХҮН намынханд нөлөөлсөн шиг жишгээр мушгин гуйвуулах кампани өрнөж эхлээд байна уу.  

Арай илүү нээлттэй байдаг боло­хоор АН-ынхны шинэчлэл гэж ярихад нь хөндлөнгөөс хөөрөгдөж, сэвж суух ашигтай хэрэг. Ингэж зоригтой дуугарах нь битгий хэл хуруугаа ч хөдөлгөж чадахааргүй өрсөлдөгчөөс нь хамгийн идэвхтэйгээр хатгаас хийж байгаа. Унасан дээр нь өшиглөнө гэдэг шиг ялагдсан намын доторхи үл ойлголцлыг дэврээх сонирхол хэнд байна вэ. 2012 оны сонгуулиар Монгол ардын нам ялагдсан байхад одоо намын даргаа соль, дараа нь тэгж зохион байгуулалт хийгээч гэж байл уу. Магадгүй тойроод суувал АН-ынхан одоо л илүү сайн ойлголцох гээд байгаа болохоор зарим нэгэн, хэсэг бүлэгт ардчиллынхан эвлэрэх нь айдас төрүүлсэн ч байж болох.  

Монголд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам байгаагийн хатуухан хэлэхэд хоёр нь л нам шиг ажиллаж байна. Гэхдээ нам шиг нам бол үгүй. Чухам улс төрийн намын жишгийг тогтоож, төлөвшүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Харамсалтай нь, ирэх дөрвөн жилд энэ тухай дурсах ч шаардлагагүй. Уг нь, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөхөөр зоригтой барьж авсан ч сүүлдээ санаачлан боловсруулах субъект нь солигдсон. Хуулийн төслийн зөвшилцөл дээрээсээ л маргаан дагуулсан нь энэ хуулийн ирээдүйг бүрхэгдүүлсэн. Хэтэрхий хааж, боох, татан буулгах, хариуцлага тооцох дээр төвлөрүүлж хуулийн төсөл боловсруулсан гэдэг шүүмжлэл улс төрийн намуудын удирдлагууд хэлж байсан билээ. Гадаадын улс орнуудын жишгийг дагаж, хуулбарласан хувилбараар намуудыг хүмүүжүүлэх гэж оролдсон учир хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг ч давж чадаагүй. Шинэчлэгдэх тухай яригдаж байгаа л юм бол бүх намыг тэгш гараанаас эхлүүлж, улс орныхоо онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулах шаардлага байгаа гэдгийг судлаачид хэлж байна.  1990 онд анх боловсруулан батлаад 2005 онд шинэчлэн найруулж, түүнээс хойш гар хүрээгүй хуультай байхад ямар намд өөрчлөлт, шинэчлэлт гарах вэ. Нэг их хүлээлт үүсгээд ч хэрэггүй. Нэг нь явж, нөгөө нь ирдэг. Ардчилсан тогтолцоотой бол нэг улс төрийн хүчний даргаар нэг хүн хэдэнтээ болж, мөнхөд суудалдаа залрах боломжгүй. Хэн удирдан чиглүүлж байгаагаас тухайн нам ямар байх нь хамаардаг. АН-ыг шинэчлэгдэх тухай идэвхтэй ярьж байхад л хажууд нь дарга хэн болох вэ гэж нааж эхэлсэн. Зүй нь хэн дарга байх нь хамаагүй шинэчлэл хийх нь гол баймаар. Шинэчлэгдэх цаг болсон гэдгээ хүлээн зөвшөөрч шинэчлэлийн хорооныхныг гар бие оролцуулан орон нутагт ажиллуулж эхэлж. Анхан шатнаасаа эхлүүлэхийн тулд үүрүүдэд ажиллаад саналыг нь тусгаад багцлан нэгтгээд Үндэсний зөвлөлдөх хороонд хэлэлцүүлж, түүнийгээ Их хурлаар оруулах гээд арга замыг нь заагаад өгсөн. Гэтэл дараагийн дарга хэн бэ, тэр бол шинэчлэл хийнэ, энэ нь бол чадахгүй гэх нь жинхэнэ зорилгоосоо хазайсан үйлдэл биш үү.

Орон нутгийн сонгуулийн үеэр үүрүүдээс саналыг нь сонсч, шинэчлэлийн бодлогодоо тусгаад авахаар төлөвлөж, ажиллаж байгаа аж. Тэгтэл заавал ҮЗХ-гоо хуралдуулж, даргаа ч сонгож чадахгүй байна гэж буруу тийш хөтлөх нь өрсөлдөгчөөс илүү хэнд ашигтай вэ. Дундаас нь гэмгүй царайлж гарч ирэх “шинэчлэгчид” л хамгийн их ашигтай. Орон нутгийн сонгууль дөхсөн үед одоогоор өрсөл­­дөгч намуудад ашигтай. Хоёр гуравхан сарын хугацаанд зэсээ цухуйлгаж нэр нүүрээ барсан намын­ханд ашигтай. Харин түүнийг нь дагаж хөөрцөглөн хурлаа хий гэж дотроосоо буланд шахах нь үнэхээр шинэч­лэл хүсэгчид гэж харагдахгүй байна. Цоо шинэ хүн гарч ирээд 26 жилийн түүхтэй АН-ыг шинэчилнэ гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Тэгэхээр богино зайн уралдаанд орохын тулд дэндүү ойроос өөд өөдөөсөө чулуу шидэлцэлгүй арван­хоёрдугаар сарын 6-ны Их хуралдаа бүхнийг даатгах нь хамгийн зөв гарц.     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан