Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг: Үндсэн хуулийн бус аргаар сонгогдсон бол эргүүлэн татна


Нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдан авах үйлдэл хийсэн тухай маргаан зарим тойрогт үүссэн. Гэвч өнөөг хүртэл асуудал нэг тийш болоогүй л байна. Тэдний бүрэн эрх хэрэгжээд эхэлчихвэл маргаан шийдэгдсэн ч нэмэргүй гэсэн яриа гарах болж. Шинэ парламент бүрдэх болон дээрх асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-АН парламент дахь олонхи болох нь тодорхой болчихлоо. Үүнтэй холбоотойгоор МАХН-МҮАН-ын зүгээс хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хүлээн авах эсэх талаар?
-Тийм. Өнөөдөр сонгуулийн үр дүнгээр хамгийн олон суудал авч чадсан нам болсон. Иймд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Засгийн газраа бүрдүүлэх ажил дүрэм журмынхаа хүрээнд явагдана. Одоогоор тэр нам, эвсэлтэй хамтарна гэж ярих нь цаг хугацааны хувьд арай эрт байна. Эхний ээлжинд маргаангүй байгаа тойрог, жагсаалтаар орж ирэх хүмүүсийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Үүний дараа бусад асуудлыг шийдээд явна. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх маш их ажил биднийг хүлээж байгаа учир цаг алдалгүй парламентыг бүрдүүлэх шаарлагатай.

-Тангараг өргөх чуулган наадмын өмнө болох уу. СЕХ тойргуудаас ирэх мэдээллийг хүлээж байна. Нэгтгэсний дараа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэсэн хариу өгсөн?
-Төрийн залгамж чанар, УИХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангах чиглэлээр идэвхтэй ажиллах талаар бид хуралдаанаараа ярьсан. Ард түмэн сонголтоо нэгэнт хийчихээд байна. Тиймээс хууль заасан хугацаанд багтан шинэ парламент яаралтай бүрдэх ёстой. Ингэхийн тулд хуучин парламент хаалтаа хийх хэрэгтэй юм. Цаг хугацааны хувьд наадмын өмнө энэ бүхнийг хийж хэрэгжүүлж амжуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Уг нь, хуулийн дагуу гуравны хоёр нь бүрдсэн тохиолдолд шинэ парламент бүрддэг?
-СЕХ-ноос урьдчилсан дүнг нь зарласан хүрээнд Ерөнхийлөгчид өргөн баривал УИХ бүрдэх хэмжээний төлөөлөл байгаа. Тиймээс энэхүү үйл ажиллагааг явуулж, хурдан хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгээр манай бүлэг байр сууриа илэрхийлсэн.

-Үндсэн хуулийн бус аргаар иргэдийн саналыг худалдан авах, нөлөөлөх нь хориотой. Гэтэл хэд хэдэн тойрогт ийм зүйл хийж сонгогдлоо гэх мэдээлэл гарч байна. Тодруулбал, Өвөрхангай болон Увс аймаг, Баянзүрх дүүрэгт үүсчихлээ. Уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн тухай шинэ хуульд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах, хууль бус зүйл хийж сонгогдсон нь тогтоогдвол эргүүлэн татах хуулийн зохицуулалтыг хийж өгсөн. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах цаашдын сонгуульд ямар нэгэн будлиан гаргахгүйн үүднээс баримт нотолгоотойг нь шалгаж, тогтоох шаардлагатай. Ерөнхийдөө хариуцлагын санкцуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

-Бүрэн эрх нь хэрэгжээд эхэлчихвэл асуудал шийдэгдэхгүй байх боломжтой юу?
-Ямар нэгэн асуудал байгаа бол бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн ч эргүүлэн татаж болно. Маргаан эцэслэн шийдэгчихлээ гэж ойлгож болохгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан