Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Долгормаа: Үзлэг, оношилгоо сайжирсан учир зүрх судасны өвчлөлийн тоо өссөн мэт ойлгогдож байж магадгүй


Монголчууд бидний өвчнөөс шалтгаалсан нас баралтын 45 хувийг зүрх судасны өвчин эзэлдэг гэх судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байдаг. Түүнчлэн, нас биед хүрсэн дөрвөн хүн тутмын гурав нь артерийн судасны даралт ихсэх өвчтэй гэгддэг. Нийт хүн амын дунд зонхилох өвчний тоонд дээгүүр ордог зүрх судасны өвчин нас баралтын тоогоор ч тэр хавдрын дараа орж байгаа нь аюулын харанга дэлдсэнээс өөрцгүй. Хүйтний улирал ойртсонтой холбогдуулж зүрх судасны өвчлөлийн шалтгаан хийгээд урьдчилан сэргийлэх тухай Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн Зүрх судасны тасгийн эмч П.Долгормаатай ярилцлаа.

-Өвчлөлийн тохиолдол болоод нас баралтын тооны хувьд зүрх судасны өвчлөл манайд зонхилдог ч хүмүүс энэ тухай ойлголт муутай байдаг. Тиймээс зүрх судасны өвчин гэж юу болох тухай товч тайлбарлавал?
-Зонхилон тохиолдох халдварт бус өвчний өвчлөлөөр зүрх судасны өвчин хоёрдугаарт ордог. Зүрх судасны эмгэгээс хамгийн их тохиолддог нь артерийн судасны хатуурал бөгөөд энэ эмгэгийн суурин дээр артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг нас баралтаар тэргүүлдэг эмгэгүүд хүндрэл хэлбэрээр илэрдэг. Манай улсад артерийн даралт ихсэх өвчин насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гуравт тохиолдож байгаа нь эрсдэл дагуулсан асуудал болоод удаж. Мөн зүрхний титэм судасны өөрчлөлтөөс болж зүрхний булчинд цусан хангамж дутагдаж зүрхний бах, шигдээс өвчнөөр өвчлөх, нас барах тохиолдол их байна. Зүрх судасны эмгэг үүсэхэд нас, хүйс, удамшил нөлөөлөхөөс гадна архи, тамхи, хоол хүнсний буруу хэрэглээ ялангуяа өөх тос, нүүрс ус, давс ихтэй хоол хэтрүүлэн хэрэглэх нь амьдралын буруу хэв маягаас үүддэг. Мөн хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс бухимдал, чихрийн шижин ч мөн эмгэг үүсэх хүчин зүйл болдог. Товчхондоо, зүрхний өвчин гэдэг нь зүрхний хэвийн үйл ажиллагаанд аливаа эмгэг үүсэхийг хэлэх бөгөөд олон талт хэлбэрээр илэрдэг. Согтууруулах ундааны хордлого, артерийн даралт ихсэх, төрөлхийн болон удамшлын шинжтэй зүрхний эмгэг, зүрхний шок, шигдээс, дутагдал, хавдар, архаг ангина гэхчлэн өөр өөр. Шалтгааны хувьд зүрхний булчинд цус дамжуулагч артерийн судас нарийсах, бөглөрөх зонхилж байна. Зарим тохиолдолд зүрх судасны эмгэг нь төрөлхийн байдаг.

-Сүүлийн үед зүрхний цооролтой гэж оношлогдох нь их болж. Энэ нь төрөлхийн байдаг юм уу эсвэл хоол хүнсний хэрэглээ, хүрээлэн буй орчны нөлөөллөөс болдог уу. Эсвэл бүр удамшлын шинжтэй байдаг уу?
-Янз янз л даа. Бие даасан удамшлын зүрхний гажиг гэж нэрлэгддэг зүрх судасны өвчлөлийн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, хүн эхийн хэвлийд бүрэлдэх явцад хоёр эс нэгдэж цааш хөгжиж бүрэлдэнэ шүү дээ. Энэ үед буюу эхний дөрвөн долоо хоногт зүрх үүсч бий болох процесс явагдаж улмаар бүрэн гүйцэт бий болоогүй үед зүрхний цоорол үүсдэг. Ховдол эсвэл тосгуур хоорондын цоорхой гэж байдаг. Мөн үүнтэй адил судасны гажигууд ч үүсч болдог. Тосгуур хоорондын цоорхой элбэг тохиолддог. Өвчтөн ч ховдол, тосгуур хоорондын цоорхойтойгоо мэдэхгүй он удаан жил явсан нь ч байдаг. Мэдээж жижиг цоорхой мэдэгдэхгүй байх нь их. Том цоорхойг бага дээр нь арга хэмжээ авахгүй бол аюултай. Шастины нэрэмжит III эмнэлэгт АНУ-ын эмч нар зүрхний цоорхой нөхөх эмчилгээ, мэс ажилбар хийж байна. Эх нялхаст ч энэ төрлийн эмчилгээ хийдэг болсон. Ер нь, зүрхний төрөлхийн цоорол харьцангуй элбэг тохиолддог. Сүүлийн үед ихэсчихээд байгаа ч юм биш. Магадгүй үзлэг оношилгоо сайжирхаар тохиолдол нь их болсон мэт санагдаж байгаа байх. Түүнээс 20, 30 жилийн өмнө ч ийм тохиолдол гардаг л байсан. Тухайн үед манайд зүрхний нээлттэй хагалгаа хийдэг байлаа. 1980 оны дунд үед нэлээн их хийгддэг байсан. Харин одоо бол шүхэр шиг хэлбэртэй тусгай биет оруулж цоорлыг нь бөглөдөг болсон байна.

-Илүү хялбаршуулсан, эрсдэл багатай хагалгаа хийдэг болсон гэж ойлгож болох уу?
-Тийм тийм. III эмнэлэгт энэ төрлийн хагалгаа хийж байгаа.

-Манайд үзлэг оношилгоо хэр нарийн хийгдэж байгаа вэ. Цоорол болон бусад зүрх судасны өвчний мэс ажилбарыг манай эмч нар бие даан хийх боломж, чадамж хэр байгаа бол?
-Улсын хэмжээндэх Зүрхний нэгдсэн төв III эмнэлэгт байрладаг. Тэндээс аймгууд руу мэдээллээ дамжуулж, хөдөө орон нутагт ч оношилгоо эмчилгээ хийгдэж байгаа. Одоо бол жил бүр чуулга уулзалт хийж энэ чиглэлийн эмчилгээ, мэс ажилбарын мэргэшсэн эмч бэлтгэх, туршлага солилцох, судалж шинжлэх ажил хийгдэж байна. Манайд анх Люксенбургийн тусламжаар хэрэгжүүлж байсан зүрхний төсөл өдий хүртэл өргөжсөөр байна. Одоо манайд зүрхний цочмог шигдээсийг оношилдог болж. Зүрхний ихэнх эмгэг, өвчлөлийг зүрхний бичлэгээр нь л оношилно. Америк эмч нарын тухайд мөн л нэг төсөл хэрэгжиж байгаа нь тэр. Магадгүй тэдний ашиглаж буй багаж, тоног төхөөрөмжүүд манайд байвал бид өөрсдөө ч хийх боломжтой.

-Манайд өвчлөл, нас баралтын тоогоор хавдар тэргүүлдэг, элэг тэргүүлдэг гэхчлэн өөр өөр тоо дүн хэлдэг. Зүрх судасны өвчлөл ямар байдаг вэ?
-Ер нь зүрх судасны өвчлөл харьцангуй өндөр гардаг шүү. Өвчлөлийн массаараа зүрх судасны өвчин тэргүүлдэг ч гэж болно. Хөгжиж буй орон гэдэг утгаараа жингийн илүүдэлтэй, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс олширч байна. Мөн архи тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, зохисгүй хооллолт, агаарын бохирдол, нийгмийн стресс бухимдлаас шалтгаалж зүрх судасны өвчин ихэсч байна. Ерөнхийдөө шалтгааны хувьд амьдралын буруу дадал хэвшлээс л үүдэлтэй шүү дээ. Идэж ууж байгаагаас ч их шалтгаалж байна. Элдэв шарсан хуурсан түргэн хоол, транс өөх агуулсан хүнсний бүтэгдэхүүн гээд таргалалт үүсгэдэг хоолны нэр төрөл олширч. Монгол хүний цусан дахь өөх тосны хэмжээ 20, 30 жилийн өмнө харьцангуй бага байсан бол одоо маш их байна. Чихрийн шижинтэй хүмүүс ч их болж. Эдгээр нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлийн хүчин зүйлд ордог. Ер нь тэгээд хөгжиж буй оронд ажиглагддаг үзэгдэл. Энэ үед хамгийн энгийн урьдчилан сэргийлэх арга бол хөдөлгөөн. Тогтмол дасгал сургуулилт хийдэггүй юм гэхэд өдөрт 3-5 км алхаж хэвших хэрэгтэй. Хөдөлгөөн гэдэг зүйл маань өөрөө эм шүү дээ.

-Биед муу гээд идэж уухаа бүгдийг нь цагдаад байх хэцүү болсон үе шүү дээ. Гэвч тодорхой хэмжээнд босго шалгуур тогтоодог баймаар санагддаг. Харамсалтай нь таны дээр хэлсэн түргэн хоолнууд холбогдох хяналт шалтгалтдаа тэнцээд байдаг. Сөрөг нөлөөлөл нь удаан хугацаанд илэрдэг учир хааж хорьж болдоггүй талтай?
-Энэ талын мэдлэг мэдээллийг бага балчир наснаас нь л олгох хэрэгтэй байгаа юм. Хоол хүнсний аюулгүй байдал гэж юу юм, ямар хүнсийг хэдий хэмжээгээр хэрхэн хэрэглэх юм, хүний биед эерэг ба сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн гээд л яг шүд, гараа хэрхэн угаахыг зааж өгдөг шиг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй. Хоолны зөв сонголт, хэрэглээг дадал болговол тэр хүн маань насан туршдаа эрүүл зөв хооллох боломжтой. Бага ангид нь эрүүл мэндийн боловсрол олгохдоо зөв хооллолтын тухай мэдлэг ч өгч байх хэрэгтэй. Манайд энэ талын зүйл дутагдалтай байгаа нь үнэн. Харин ч эсрэгээрээ онц дүн авсных нь төлөө түргэн хоол, элдэв эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, химийн будагтай чихэр печень авч өгдөг болсон байна. Үр хүүхдүүд нь ч түүнд нь амташчихсан байна. Бид л мартчихснаас биш арван хэдэн жилийн өмнө хийжүүлсэн ундаа гэх ойлголтгүй, тэр хэрээрээ хэрэглээ нь ч бага л байсан шүү дээ. Гэтэл одоо цай шиг ууж хэрэглэдэг болж. Энэ бол буруу хооллолтын дадал. Одоо онц авсныхаа төлөө түргэн хоол, пицца нэхэж байгаа хүүхэд дахиад тав, арван жилийн дараа ам нь цангахаар ус уудаг шиг нэхэж хэрэглэдэг болно. Ер нь тэгээд түргэн хоол, хийжүүлсэн ундаа зэрэгт донтуулагч төрлийн бодис агуулагддаг тухай бишгүй л бичиж нийтэлцгээдэг шүү дээ. Яахав, хуучин цагийг бодоход олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслүүдийн хүртээмж сайжраад эрүүл зөв хооллолт гэдэг ойлголт хувь хүнээс их хамааралтай болж. Өөрөө л хэрэгтэй зүйлээ хэвшүүлж чадвал эрүүл мэндийн холбогдолтой бүхий л зөвлөмж зөвлөгөөг олж авч байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан