Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хатуурхан халамжлагчид

Т.ЖАНЦАН

Эдийн засгийн хямрал дор хаяж хоёр жил үргэлжлэх тухай эдийн засагчид хэлж байгаа. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийнхээс 10 хувиар буурсан судалгааг зарим эдийн засагч өгсөн. Энэ хэрээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалт багасав. Үүнийг аль ч захын лангуу, дэлгүүрийн худалдагч хэлж нотолно. Өнөөдөр томоохон худалдааны төвүүд эл хуль хэдэн худалдагч нь утсаа оролдон суух болсон. Сонгуулийн өмнө эрх баригч нам хямралыг өргөс авсан юм шиг арилгана хэмээн ярьж амласан. Тэдний үгэнд иргэд итгэж сонгосон гэхэд хилсдэхгүй. Гэтэл өнөөдөр бодлого төлөвлөгөө хараахан гараагүй байна.  Харин ч эрх баригчдын үг,  үйлдэл  нь зөрсөөр байгааг хүн бүр харж буй. Засгийн газраас  улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа  Монголд үйлдвэрлэснийг сонгохыг  уриалжээ. Гэтэл тэдний явуулж буй бодлого нь дотоодын аж ахуйн нэгжүүдээ нэг гараараа багалзуурдаад нөгөө гараараа хөөе сэрээрэй гээд сэвж байгаатай адил юм. Тухайлбал, Монголбанк төгрөгийн ханшийн уналтыг зогсоох  зорилогтой гэсэн тайлбар хийж бодлогын хүүгээ чангалж 15 хувьд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь төгрөгийг өөртөө төвлөрүүлж ам.долларын ханшийг хүчээр барих оролдлого юм. Мөн арилжааны банкуудыг эрсдэлээс хамгаалсан бодлого гэж хэлж болно.

Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өдрөөс өдөр, сараас сард нэмэгдэж ашиг орлого нь буурч байсан билээ. Харин бодлогын хүү чангарснаар арилжааны банкууд төв банкны өндөр хүүтэй бондыг худалдан авч ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн. Нөгөө талд нь олон аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид хаалгаа барьж ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр. Бас зээлийн хүүг 30 хувьд хүргэж орхив. Иймд дөнгөж амьтай голтой байсан аж ахуйн нэгжүүд санхүүжилтгүй хоцорч дуу дуугаа авалцан дампуурлаа зарлахад хүрсэн. Ингээд ирэх он гарахад хувийн хэвшлийн 30 гаруй мянган хүн ажилгүй болох тооцоо гараад байгаа билээ. Уг нь эдийн засаг, төсвийг хувийн хэвшил, иргэд татвар төлж бүрдүүлдэг. Гэтэл тэдэнд хатуу ширүүн хандах тусам татвар төлөгч, орлого нь буурна. Иймээс  бусад улс оронд хямралыг мөнгөний зөөлөн бодлого барьж дотоодын үйлдвэрлэл, худалдан авалтаа дэмжиж аядуухан гэтлэж байгаа юм. Харин манай эрх баригчид үүний эсрэг бодлогын жор боловсруулж эхэлжээ.
     Монголын банкуудын холбооны мэдээллээс үзвэл арилжааны банкуудын нийт актив 24.2 их наяд төгрөг байна. Үүнээс өөрийн хөрөнгө нь 2.6 их наяд төгрөг. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 40 хувьтай гарчээ. Арилжааны банкуудын олгосон нийт зээл 12.3 их наяд төгрөг юм. Үүний есөн хувь нь чанаргүй гэсэн ангилалд ороод буй. Энэ нь өнгөрсөн оныхоос таван хувиар  өссөн үзүүлэлт. Зарим эдийн засагчийн хэлж буйгаар банкуудын зээлүүлсэн 1000 төгрөг тутмын 100 нь чанаргүй болж эхлэв. Уг үзүүлэлт  өсөх тусам ард нь аж ахуйн нэгжүүд дампуурч буй гэж ойлгож болно.  Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр, эрх баригчид мөнгөөр туйлж байх үед 66.8 мянган аж ахуй нэгж жилд 17.4 их наяд төгрөгийн борлуулалт хийж байв. Харин улс даяараа сульдаж ганхсан өнөө үед дээрх борлуулалт хоёр дахин буурсан аж.  Тэгэхээр иргэд ажилгүй болж орлого нь буурсан, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт багассан тул дефляц хаалгаар  цухалзаад эхэлсэн билээ. Үүнийг наймдугаар сарын инфляцын төвшин -2 хувьтай гарсан явдал нотолно. Ийм үед хэн үйлдвэрлэж, хэн худалдаж авах вэ гэдэг нь эргэлзээтэй.
Засгийн газар төсвийн илүү зардлаа хасч чадвал Монголбанк мөнгөний бодлогоо суллах боломж бий. Гэхдээ бодлогын хүү нь хоёр хувиар л буух бололцоотой гэдэг. Энэ нь нэмснээ бодоход бага ч гэсэн эдийн засагт эерэг дохио болох учиртай. Гэтэл эрх баригчид бүх нийтээрээ бүсээ чангалж зардлаа таная гэж иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалсан ч өөрсдөө утас, унаа, өрөөний тохижилт гээд тэвчиж болох зүйлсээс татгалзаж чадахгүй тансагласаар. Ерөнхий сайд  Олон улсын валютын сангийн удирдлагуудтай удаа дараа уулзлаа. Учир нь, тус сангаас тусламж хүсч тусгай хөтөлбөрт хамрагдах тухай ярьж буй. Энэ нь Монгол Улсад гаднаас орж ирэх валют багассан өнөө үед зөв шийдэл. Гэвч нөгөө талдаа ард түмэн, хувийн хэвшилд хатуу ширүүн бодлого үргэлжилнэ гэдэг нь тодорхой. Олон улсын валютын сан бүсээ бас дахин чангалах шаардлага тавьж байж ивээлдээ авна. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүд хэвийн болтол эрх баригчдын үг, үйлдлийн зөрүүг тэвчиж  бүсээ чангалж  суух юм бол доо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан