Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН цэцэрлэггүй хүүхэд, ажилгүй аав, ээжийн тоог нэмэх нь

-    “Хүүхэд харах үйлчилгээ”-г ирэх оноос зогсоох уу -

Хүүхдээ хараад гэртээ суудаг ээж, цоожтой хаалганы цаана үлддэг энхрий бяцхан үрс, мөн гэртээ цоожлогдоод үлдсэн хүүхдэдээ сэтгэл зовнин өдөржин өндөлзөж байдаг эцэг, эхчүүддээ зориулж тайван ажиллах боломж, нөхцөл бий болгосон хууль бол яах аргагүй  “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хууль. 2012-2016 онд ажилласан УИХ-ын  эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачилсан энэ хууль батлагдахад  олон ч хүн баярлаж, талархан хүлээж авсан. Бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чаддаггүй байсан эцэг эх, асран хамгаалагчдад ажиллах боломж бүрдүүлж, өрх гэр бүлийн орлогыг нэмэгдүүлж, өрхийн хөгжил, гэр бүлийн сайн сайхныг дэмжсэн хууль болсон учраас талархан хүлээж авахаас өөр яалтай билээ.

Хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэгт 300 орчим хүн ажиллаж, өөртөө ажлын байр бий болгосон юм. Ер аль ч талаас нь бодсон энэ бол хэн хүнд хэрэгтэй хууль, ажил үйлчилгээ болсон. 

Харамсалтай нь, хэрэгжиж эхлээд жил болоогүй ч хүрэхгүй хугацаанд элдвийн асуудалтай нүүр тулж, арайхийн хөлөө олж байсан  дээрх үйлчилгээг шинэ, Мэргэжлийн гэж өөрсдийгөө тодотгоод буй Засгийн газар зогсоохоор шийдсэн бололтой.  Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн группт тавьсан  мэдээлэл ийн дүгнэхэд  хүргэв. Энэхүү группт нийслэлд “Хүүхэд харах үйлчилгээ” үзүүлдэг төвийнхөн нэгдэж, мэдээ мэдээллээ солилцдог юм байна. Тэднийг бухимдуулсан мэдээ бол “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас 10 дугаар сарын 01-нээр тасалбар болгон Хүүхэд харах үйлчилгээг зогсоох тухай шийдвэр дөнгөж сая ирлээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2021 оноос хэрэгжүүлнэ гээд хойшлуулсантай холбоотойгоор гарсан шийдвэр юм байна.

Баянзүрхэд үйлчилгээ эрхэлдэг иргэд материалаа яаралтай бүрдүүлж есөн сарын санхүүжилтээ гүйцээж авах хэрэгтэй байна шүү” гэх анхааруулга тавьж. Энэ мэдээллийг Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд “Хүүхэд харах үйлчилгээ”-г хариуцаж ажилладаг мэргэжилтэн А.Соёлоо тавьсан байв. Түүний энэ мэдээлэл олон хүний бухимдлыг төрүүлсэн болохоор дор бүрнээ санаа бодлоо хуваалцаж, эсэргүүцлээ хэрхэн илэрхийлэх  тухайгаа хүртэл ярилцсан байлаа.

Түүнчлэн өчигдөр энэ мэдээлэлтэй холбоотойгоор зарим төв хүүхдээ авах боломжгүй хэмээн буцаасан талаар эцэг, эхчүүд фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тухайлбал, “Хүүхдээ өглөө цэцэрлэгт нь хүргэж өгтөл өөдөөс “Хүүхэд харах үйлчилгээ”-г зогсоох шийдвэр гарган санхүүжилт огт өгөхгүй болсон тухай багш нь мэдэгдлээ. Улсын цэцэрлэг нь хүртэхгүй байхад улс төрийн зорилгоор энэ ажлыг зогсоож байгаа хотын дарга болон МАН-ынхныг харахаас дургүй хүрч байна. Олон зуун ээж, аав хүүхдээ энэ үйлчилгээнд хамруулчихаад ажилдаа явах боломжийг нь боймлочихоод "Аз жаргалтай хот" гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй” зэргээр сэтгэгдлээ бичсэн байсан.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлээс тодуулахад “Засгийн газрын төвшинд ийм зүйл яригдаагүй. Бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй” гэв.

Уг нь бол, МАН-ынхан “Хүүхэд бүрт цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэн хэмээн сонгуулийн  мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд бичиж, сонгуульд ялбал хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох зорилтыг нэг номерт тусгана гэж байсан. Түүгээр ч барахгүй “Сая хүн амтай, метрополис хотын иргэд орчин үеийн шаардлага хангасан таатай тухтай орчинд нялх балчир үрсээ  байлгахыг хүсч байхад АН-ынхан улам л ухарч, тэртээ хүй нэгдлийн үеийнх шиг гал түлдэг  зуух тойруулаад хүүхдүүдээ суулгаж байхаар тооцоолсон нь эмгэнэлтэй” гэж ирээд намынхаа сайтад бичиж байсныг ч санаж байна.

Харамсалтай нь, МАН-ынхан эрх барихаараа өөрсдөө амлалтаасаа ухарч зуух тойруулах битгий хэл бүр очих газаргүй болгох нь. Дахиад л хүүхдүүд гэр гэртээ цоожлогдож, ээж аав өндөлзсөөр өдөр, хоног өнгөрүүлдэг цаг ирэх нь. Мэдээж хүүхэд харах үйлчилгээг үгүй хийвэл шүү.

Уг нь, 2015-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлд энэ үйлчилгээг эрхэлж болно хэмээн 5913 төвд квот олгосон байдаг. Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өгсөн мэдээллээр өнгөрсөн сарын 1-ний байдлаар  2596 хүүхэд дээрх үйлчилгээнд хамрагдаж, долоон дүүргийн Хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд    246,6 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

 Мөн нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй  26 109 хүүхэд байгаагийн 5913-ыг нь 2016-2017 оны хичээлийн жилд нэмж хүүхэд  харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гаргаснаа мэдээлж байсан юм. Ямартай ч Орон нутгийн сонгууль хаяанд тулсан  энэ үед тэд ямар нэгэн шуугиан тарихыг хүсээгүй бололтой. Дээрх шийдвэрээ эргэн харж, БСШУСЯ-ны удирдлагуудтай зөвшилцсөний эцэст энэ оныг дуустал дээрх үйлчилгээг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ шинээр зөвшөөрөл олгохгүйгээр хуучин хүмүүст нь санхүүжилтийг нь есдүгээр сарын квотоор нь он дуустал олгох болжээ.

Үнэндээ олон хүн энэ үйлчилгээг эрхлэх гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэж, урд хормойгоо хойдохоороо нөхөн чадах ядахаараа зээл авч, тавьсан шаардлагад нь нийцүүлэн байраа бэлдсэн. Бас ч гэж багагүй хөрөнгө зарж байж цэцэрлэгийн тоглоом, наадгай авч тохижуулсан.

Тэгвэл “Хүүхэд харах үйлчилгээ”-г зогсоовол ямар үр дагаварт хүрэх вэ.

Юуны түрүүнд энэ үйлчилгээнд хамрагдаж байгаа 2600 хүүхэд хаачих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үе үеийн төр засгийн эрх баригчдын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэдэг уриа замхарч, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн тоо шууд л 2600-гаар нэмэгдэнэ. 

Энэ олон хүүхдийн ард байгаа аав ээжүүд “ашгүй нэг юм хүүхдээ цэцэрлэгт өглөө” гээд ажил хөдөлмөрт орж, наймаа арилжаагаа сэтгэл амар хийдэг байснаа больж дахиад л хүүхдээ хараад гэртээ сууна.

Ийн олон асуулт хариулт нэхэх нь мэдээж. Тухайлбал, хүүхдээ дээрх үйлчилгээнд хамруулаад ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс гэртээ суувал хэчнээн айлын өрхийн орлого багасч, тарчигхан амьдрал руу хөл дүрэх бол.

Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл эрх аван, хөрөнгө мөнгөө заран байж “бичил цэцэрлэг” байгуулсан тэр хүмүүсийн гаргасан зардал,  хохирлыг хэн яаж барагдуулах вэ гээд л.

Олны уур амьсгалыг мэдэрсэн эрх баригчид юутай ч нэг удаадаа энэ үйлчилгээг түр үлдээж санхүүжилтийг нь он дуустал олгохоор болж.

Харин ирэх 2017 онд хэрхэхийг хэн мэдлээ. Эрх баригч МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох зорилтоо биелүүлдэггүй юм гэхэд АН-ын хийсэн бүхэн муухай, нураа, сөнөө гэдэг үзэл баримтлалаа зарим нэг асуудал дээр татчихаасай билээ. Өнөөдөртөө гэртээ цоожлогдохгүй “цэцэрлэгт” явдаг гэх хэдэн хүүхдүүдээс “цэцэрлэг”-ийг нь булаачихалгүй байгаасай гэж залбиръя даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан