Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аллагад өртсөн сөрөг хүчний лидерүүд

Манай гариг дэлхий дээр улс төр бужигнаж,  хоёр, гурван тал болон эрх мэдлийн төлөө улайрч байгаа энэ үед тэмцэлдэгч талуудын удирдагч, зүтгэлтнүүд гэнэтийн ослоор, элдэв халдлагаар, учир битүүлгээр амиа алдах явдал гарсаар байдаг. Магадгүй сүүлийн үед энэ нь улам өргөжсөөр байгаа. Харин эрх баригчид, тэдний гар хөл болсон хууль сахиулагчид болохоор энэ бүхнийг осол, хэт даврагчдын халдлага, ерийн нэг ахуйн сэдэлтэй гэмт хэрэг, хүүхнээс эмэгтэй хүнээс болсон, бизнесийн маргаанаас болж  гэх мэтээр тайлбарласаар эцэст хэн нэгнийг хэлмэгдүүлэн хэрэг тохох юм уу, эсвэл огт илрэхгүй байна гэсээр мартагнуулдаг.
Ийм аймшгийг Монголчууд, монголын сөрөг хүчин ч туулсан. Нэг удаа ч биш........
Сөрөг хүчний зүтгэлтнүүд хэрхэн амь алддаг вэ.

Оросын орон нутгийн сөрөг хүчин

2013 оны арваннэгдүгээр сарын 20.
ОХУ-ын Доод Новгород хотноо сөрөг хүчний идэвхтэн Николай Савиновыг хөнөөсөн хэрэг гарчээ. Хотдоо Халк нэрээр алдаршсан тэрээр 2006 оноос олон нийтийн цуглаанууд дээр эрх браигичд,т хууль сахиулагчдыг хурцаар шүүмжилж үг хэлдэг байж. 2006 онд түүнийг эсэргүүцлимйн цуглаан дээр үг хэлсний нь дараа эрх баригчид баривчилж байжээ.
Дотор эрхтнүүд нь их хэмжээгээр бэртсэн байснаас үзэхэд түүнийг хэрцгийгээр зодож алсан нь бололтой байсан. Тухайн үеийн ОХУ-ын Холбооны мөрдөх албаны бүсийн даргын орлогч энэ талаар  ямар ч мэдээлэл алга, районы алба нь мэдэж байгаа байх хэмээн хэнэггүй царайлж байсан гэдэг.

Венесуэлийн сөрөгч хүчний удирдагчийг үг хэлж байхад нь буудав

2015 оны арваннэгдүгээр сар. Венесуэльд парламентын сонгууль болохын өмнөхөн сөрөг хүчний “Ардчилсан үйл ажиллагаа” намын удирдагч Луис Мануэль Диасыг Гуарико мужид сонгогчдын өмнө үг хэлж байхад нь буудан хөнөөсөн хэрэг гарсан.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Энри Рамлос энэ аллагад Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн тэргүүлдэг, эрх баригч Социалист намыг буруутгасан.

Сүүлийн хэдэн жилийн тэмцлийнхээ дүнд Венесуэлийн сөрөг хүчин энэ сонгуульд ялах найдлагатай болоод байсныг шинжээчид тэмдэглэдэг. Ер нь энэ улсад “өнгөт хувьсгал” өрнөх магадлалтай  гэсэн яриа ч байдаг.

Ингушийн сөрөг хүчний удирдагчийг 60 удаа буудан хөнөөжээ

2009 оны аравдугаар сарын 26.

Дахиад л Орос. Кабардин Балкарт ингушийн сөрөг хүчний гол төлөөлөгч, мэдээллийн "Ингушетия.Org" сайтын эзэн Макшарип Аушевын амийг хөнөөсөн байна. Түүнийг хөнөөсөн  хэргийн газар дээрээс Калашников автоматын 60 хонгио олдсон гэдэг.
Орон нутгийн хууль сахиулагчид энэ хэргийн төлөө “Аллага”, “Хууль бусаар зэвсэг, галт хэрэгсэл хадгалсан” гэсэн хэрэг нээгээд мөрдсөн гэх боловч үр дүнд хүрээгүй. Хэргийн газарт эмэгтэй хүн байсан гэсэн таамаг гаргасан.

Макшарип Аушев эрх баригчдыг шүүмжилсэн материалуудыг сайтдаа олноор нь бичиж байсан нь ийм үр дүнд хүрсэн байж болох.

Борис Немцовыг буудан хөнөөсөн хэрэг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг гол шүүмжлэгч, нэг үгээр түүний дайсан “РПР-Парнас” намын зүтгэлтэн Борис Немцовын амийг 2015 оны хоёрдугаар сарын 27-нд хөнөөсөн. Түүний яг Кремлиэс 200 метрийн зайд  Большой Москворецкийн гүүрэн дээр алхаж явахад нь цагаан өнгийн машинтай хүмүүс дэргэдүүр нь өнгөрөхдөө 6-7 удаа буудсаны дөрвөн сум нь түүний биед туссан байсан.  
Немцов нэг эмэгтэйтэй явсаныг хожим нь украины нэг загвар өмсөгч байсан гэж тогтоосон.

Хууль сахиулагчид гурван таамаг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, улс төрийн сэдэлтэй захиалгат аллага байж болно, хоёрдугаарт, хэт даврагч бүлэглэлүүдийн үйлдэл байх, гуравдугаарт ерийн л нэг ахуйн сэдэлтэй, арилжааны маргаанаас болсон байх гэсэн. Хожим нь Владимир Путин гэмт хэрэгтнийг олсон гэж бахдалтайгаар зарласан.

Борис Немцов гуравдугаар сарын 1-нд “Хавар” нэртэй эсэргүүцлийн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байжээ. 55 настай түүний эхнэр, дөрвөн хүүхэд нь үлдсэн.

Тажикийн сөрөг хүчний удирдагчийг Стамбульд буудан хөнөөлөө

2015 оны гуравдугаар сарын 6.
  Тажикийн ерөнхийлөгч Эмомали Рахмоныг гол шүүмжлэгч, сөрөгч хүчний нэг удирдагч Умарали Кувватовыг Туркийн Стамбул хотод хүмүүстэй хооллоод зоогийн газраас гарч явахад нь буудан хөнөөсөн юм. Кувватов нь улс орондоо ардчилал тогтоохын төлөө сэтгэлтэй олон нийтийн зүтгэлтэн, эдийн засагичд, улс төрч, бизнесмэнүүдийг нэгтгэсэн “Групп-24” гэдэг нэгдлийг үндэслэн удирдаж ерөнхийлөгчийн дэглэмийг хурцаар шүүмжилдэг байж.
Тэрээр 2012 онд эрх баригчдын мөрдөн хавчилтаас болж эх орноо орхиод Москва, Дубайд амьдарч байсан юм байна. 2013 онд  Тажикийн засгийн газар түүнийг баривчлах мэдүүлэг өгсөн ч түүнийг шилжүүлж өгөөгүй. Сүүлд нь Туркт ирж амьдарсан байна.

2014 оны есдүгээр сард тэрээр Душанбед парламентын дэргэд эсэргүүцлийн том жагсаал хийхээр уриалсан ч энэ нь болоогүй.

Гүржийн сөрөгч хүчний удирдагчийн машин дэлбэрэв

2016 оны аравдугаар сарын 04.
Гүржийн мөрөг хүчний төлөөлөгч, парламентын гишүүн Гиви Таргамазегийн машин энэ сарын 4-ний өөр Тбилис хотноо дэлбэрч тэрээр жолоочтойгоо хоёул амь алдсан хэрэг гарлаа.
Түүнийг “саятнуудын марш” санхүүгийн байгууллагын ажиллагаанд шууд бишээр оролцсон гэж Москва 2012 оны сүүлчээр эрэн сурвалжилж 2013 оны хоёрдугаар сард Басманы шүүхээс баривчлах ордер гаргаж байжээ. Улмаар түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсан байна. Эндээ шүүх Гиви Таргамазе нь янз бүрийн улс орнуудад сөрөг хүчний хөдөлгөөнүүдэд зөвлөгөө өгдөг”, хэрэв сул чөлөөтэй явбал “гэмт үйлдлээ үргэлжлүүлэн” Орост өргөн хэмжээний эмх замбараагүй байдал үүсгэнэ” гэж үзэж байлаа.
Гүржийн ерөнхийлөгч Георгий Маргвелашвили энэ хэргийг халдлага гээд “Энэ бол эрүүгийн элементээс нийгэм, улстөрчдийн эсрэг хийж байгаа тэмцэл. Энэ бол улс төрийн хэвийн ардчилсан үйл явцын эсрэг эрүүгийнхний зүгээс хийж байгаа дайралт” гэж хэлсэн байна.

Януковичийг дэмжигч Олег Калашниковыг хөнөөв

2015 оны дөрөвдүгээр сарын 15. Украины хуучин ерөнхийлөгч байгаад эх орноо орхин Орос руу зугтааж Путины өмгөөлөлд орсон Виктор Януковичийг дэмжигч, оросын талыг баримтлагч  Бүс нутгийн намаас парламентад сонгогдож байсан Олег Калашниковыг нийслэл Киев дэх гэрийн нь гадаа хөнөөсөн хэрэг гарсан. Амь үрэгдэхээс нь өмнө түүнийг удаа дараа заналхийлж байсан гэдэг.

Тэрээр үүний өмнөхөн сэтгүүлч Юрий Котод “Баярын мэнд хүргээд Украинд өнөөдөр юу болоод байгааг хуваалцах гэсэн юм. Хэлмэгдүүлэлт жинхнээрээ эхэлж, хүнийг биеийнх нь хувьд хөнөөж эхэллээ. Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэе гэсний төлөө дарамталж заналхийж байна шүү дээ” гэж бичиж байжээ.

Ардчиллын эцэг С.Зоригийг хөнөөсөн хэрэг

1998 оны аравдугаар сарын 02.

Монгол улсыг нэг намын дарангуйлал, тоталитар дэглэмээс ангижруулах Ардчилсан хувьсгалыг санааичлж удирдан зохион байгуулсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэрт нь зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан.
ЗХУ тэргүүтэй коммунист дэглэмд идэгдсэн, МАН дангаараа ноёрхож байсан дарангуйлал, МАХН-ын удирдагчдын эрх мэдлээ санагалзсан, түүнээсээ салж ядсан санаашрал замхраагүй байсан тэр үед ардчилал шиг, С.Зориг шиг аюултай дайсан хуучцуулд байсангүй. Яг түүний амийг хөнөөхийн өмнө Ц.Элбэгдоржийн засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр бараг хагас жил ажиллачихсан, дараагийн Ерөнхий сайдад Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн нэр хүчтэй яригдаж байсан үе.

Түүний амийг гэрт нь олон арван удаа хутгалж хөнөөх үед гэргий Булган нь амьд гэрч байсан. Алуурчид нэгнээ Батаа Оюунаа гэж дуудаж байсан гэдэг ч энэ хэргийг эрх баригчид 26 жил илрүүлэхгүй өнөө хүрч байна.

С.Наранцацралтын амь үрэгдсэн явдал

2007 оны арваннэгдүгээр сарын 12. Монгол Улсын ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд, Ардчилсан хүчний гол төлөөлөгчийн нэг   Ж.Наранцацралт өөрийн нутаг Дундговь аймагт зохион байгуулсан Залуучуудын чуулга уулзалтад оролцоод нийслэлд ирэх замдаа Тав аймгийн нутаг Айдасын давааны орчим машин нь онхолдож амь насаа алдсан.
Хэргийн газар үзлэг хийсэн хуулийнхан хурд хэтрүүлснээс болсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан.

Дундговьд болсон энэ уулзалтад Ж.Наранцацралт сайдтай хамт оролцсон  Түлш, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цэрэнпүрэв Өмнөговь аймаг руу ажлаар явах замдаа энэ шөнө  бас осолд орсон байдаг. Үндсэндээ хоёр тэрэг ижил зам туулаад бараг зэрэг осолд орсон байдаг. Энэ  ослоор “Өнөөдрийн Монгол” сонины эрхлэгч С.Цэмпэлдорж нас барсан юм.

0 Сэтгэгдэл
Бас АТГын дарга Дангаасүрэн
Хамгийн их уншсан