Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Батсуурь: Монгол Улсын эдийн засаг 4-5 жилд дампуурдаг тогтолцоотой боллоо


Т.ЖАНЦАН


Эдийн засагч Х.Батсуурьтай Монгол Улсын эдийн засгийн тогтолцоо, хямралын уг үндэс, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хямрал эдийн засгийн бодлогын алдаа, оноог ялгаж салгаж өгдөг гэдэг. Тэгвэл энэ удаагийн хямралаар Монголын эдийн засагт болж бүтэхгүй байгаа ямар ямар зүйл ажиглагдаж байна вэ?
-Тийм. Эдийн засгийн хямралын илэрцийн талаар маш их ярьж байгаа. Харин агуулга, учир шалтгааны тухай яриа ховорхон байна. Хямрал юунаас үүсэв гэхээр “Чингис”, “Самуурай” бонд, улсын өрийн дарамт, төсвийн замбараагүй зарцуулалтаас боллоо гэдэг. Тэгэхээр ёстой нөгөө илээд өнгөрнө гэдэг шиг гүнд нь оролгүй зөвхөн өнгөн хэсгийг нь ярьж байна. Үндэс суурийг нь олж харж ярьж алдаагаа засах ёстой. Миний бодлоор  манай улсын сүүлийн 26 жилд бий болгосон эдийн засгийн бүтэц тогтолцоо нь буруу юм. Байшин гэж бодвол түүний суурь, карказ нь гажсан, хэврэг болсныг илтгэж байна гэсэн үг. Ийм учраас төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгийн  бодлого, авч байгаа арга хэмжээ буруу байна. Монгол Улс өнөөдөр дампуурлын ирмэгт хүрлээ. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Монгол Улс дампууралд хүрснийг тодорхой илтгэх зүйл нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах  явдал юм. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч АНУ-ын Вашингтон хотод очиж ОУВС-гийнхантай уулзлаа. Энэ сангийн судалгааны баг өнөө маргаашгүй Монголд ирж  ямар нөхцөл, болзол тавьж хэдий хэмжээний зээл өгөхөө шийдэх гэж байх шиг байна. ОУВС-гаас  “Стэнд бай” хөтөлбөрөө  санхүүгийн хүндрэлд орсон, дампуурлын ирмэгт тулсан эсвэл дампуурсан улс орнуудад өгдөг. Нэг ёсондоо авралын “элч” гэж хэлж болно. Монгол Улс 1991 оноос хойш нийт таван удаа энэ хөтөлбөрт хамрагдсан. Одоо зургаа дахь удаа нь болох гэж байна. Тэгэхээр Монгол Улс 4-5 жил тутамд дампууралд ордог эдийн засгийн бүтэц, тогтолцоонд орсон нь тодорхой юм.  Иймээс эдийн засгийн тогтолцоогоо эрс өөрчлөх ёстой. Хямрал, дампуурлын ирмэгт хүрсэн өнөөгийн энэ орчин 26 жилийн турш манай улсад бугшсан эдийн засгийн бүтэц, тогтолцооны гажуудлаас үүдсэн идээ бээрийн хуримтлал гэж хэлж болно.

-Тэгвэл эдийн засгийн бүтэц, тогтолцооны өөрчлөлтийг ямар байдлаар, хэрхэн хийх ёстой юм бол. Үүнийг хийхэд нэлээд цаг хугацаа, чамгүй ажил бодлого, төлөвлөгөө шаардах байх даа?
-Хямрал бол хүсээд байх зүйл биш. Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд ихээхэн халгаатай зүйл. Гэвч эерэг талаас нь харвал бидэнд асар их боломж олгож байна. Учир нь, эдийн засгийн гажсан суурь тогтолцоогоо өөрчлөх, бодлогын томоохон эрс шинэчлэл зоригтой хийх боломж олгосон. Гэвч энэ боломжийг ашиглаж чадах эсэх нь өнөөгийн эрх баригчдын асуудал болж хувирсан. Өнөөдөр МАН-ын Мэргэжлийн Засгийн газрын авч буй арга хэмжээ, бодлого төлөвлөгөөнөөс эдийн засгийн гажуудалтай сууриа шинэчлэх ажил харагдахгүй байгаа юм. Богино хугацааны эрх ашиг, тулга тойрсон бодлого явуулж байгаа нь тодорхой боллоо. Тухайлбал, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, Хятадаас зээл авна л гэнэ. Тэгэхээр хямралаас гарах шийдэл нь нэгдүгээрт зээл, хоёрдугаарт зээл, гуравдугаарт зээл гэж харагдаж байна. Эцсийн дүндээ эдгээр зээлийг манай улс төлж л таарна. Иймд бүх зүйлийг өрөөр шийдэх шийдвэр гаргалаа. Энэхүү хямралыг ашиглаад эдийн засагч, бодлого боловсруулагчийн үүднээс харж болохгүй байгаа эдийн засгийн суурь тогтолцоогоо засах эрмэлзэл алга. Манай улс чөлөөт зах зээл гэж явж ирлээ. Гэтэл үүнийг өнөөдөр ойлгож ирсэн хүн огт байсангүй гэж хэлж болохоор харагдаж байна. Чөлөөт зах зээлийг ойлгож Монголд тохирсон хэлбэр, бодлогоор хөгжүүлье гэсэн хэдхэн хүнээ замаасаа зайлуулж шаварт хутгаад хаясан. Өнөөдөр чөлөөт зах зээл гээд яриад байгаа хүмүүс  түүнийгээ ойлгосон нь эргэлзээтэй. Монголын онцлогт тохирсон эдийн засгийн бодлого алга. Харин өнөөдөр үндэстэн дамнасан корпорацууд болоод өндөр хөгжилтэй улс орнуудын эрхшээлд оруулсан бодлого манай улсад хэрэгжиж байна.  Үндсэндээ бид аж үйлдвэржиж байсан орноос ухарч уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтай, түүхий эд бэлтгэгч улс болж хувирлаа. 

-Манай улсын эдийн засгийн онцлог гэвэл яах аргагүй мал аж ахуй. Тэгвэл эдийн засгийн бүтэц тог­толцооны өөрчлөлт хийлээ гэ­хэд мал аж ахуй гол тулгуур нь болох уу. Та юу гэж харж байна вэ?
-Монгол Улс уул уурхайн зөвхөн олборлох салбарт түшиглэсэн эдийн засагтай. Хөдөө аж ахуй хоёрдугаарт орж байна.  Уг нь хөдөө аж ахуй чухал. Энэ салбар манай улсын эдийн засагт гол байр суурь эзэлсэн хэвээр байх болно. Гэхдээ эдийн засгийн суурь тогтолцоогоо өөрчилж өндөр хөгжилд хүрэхийн тулд хөнгөн, хүнд аж үйлдвэрлэл л хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа, өөрийн түүхий эдийн нөөц бололцоонд тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Тэгэхээр хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлийг түлхүү дэмжиж уул уурхайн хараат байдлаас гарах учиртай.

-Гол сэдэв бол хямрал. Та эдийн засагч хүний хувьд үүнээс гарах гарцыг юу гэх вэ?
-Дахин хэлэхэд Монголын эдийн засагт тохирсон бодлого л хэрэгтэй. Дан ганц чөлөөт зах зээлийн бодлого тохирохгүй байгааг бид мэддэг болсон.

-УИХ ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэлсэн. Гэтэл мөнгөний бодлого чангарч улсын төсөв тэлээд байдаг. Энэ хэрээр улсын төсвийн алдагдал жил бүр бараг хоёр дахин нэмэгдэх боллоо. Үүнийг та эдийн засагчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-ОУВС-гаас тавьсан урьдчилсан шаардлагаар мөнгөний бодлогоо чангаллаа гэж харж байна. Энэ сангийнхантай эрх баригчид хэд хэдэн удаа уулзсан. Миний ойлгосноор мөнгөний хатуу бодлогоор зах зээл дээрх мөнгийг төв банкинд хураан авч эдийн засгаа хумиж ОУВС-гийн болзолыг хангаж эхэлсэн.  Нөгөө талаас улсын төсвийг алдагдалтай батлахаас өөр аргагүй гэж эрх баригчид хэлж байгаа. Төсвийн алдагдалыг их өндөр  2.6 их наяд төгрөгөөр батлах нь буруу. Төсвийн алдагдалыг  зээлээр л нөхдөг. Тэгэхээр алдагдал ямар байна тэр хэмжээгээр өр  нэмэгдэнэ  гэсэн үг.

-Сүүлийн үед маргаан дагуулсан нэг сэдэв нь  гадаадын банк орж ирэх нь зөв, буруу гэсэн үзэл бодол боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь, гадаадын банк оруулж ирж болохгүй гээд байгаа. Үнэндээ бодит байдалд манай банк санхүүгийн зах зээлийг эзэлсэн  дөрвөн том банкны гурвынх нь хяналтын багцыг гадаадынхан атгадаг. Тэгэхээр нийт зах зээл нь гадаадынхны мэдэлд байна гэж хэлж болно. Ийм учраас гадаадын банк Монголын банк санхүүгийн зах зээлийг аль хэдийнэ эзэгнэсэн. Гэтэл гадаадын банк, Хятадын банк оруулж ирэхгүй гэж ярих нь утаггүй асуудал болсон. Би дээр хэлсэн эдийн засгийн бодлогын гажуудалтай гэж. Үүнийг банкны системээс монголчууд бид харж, мэдэрч байна. Монголын банкууд өнөөдөр мөлжлөгийн систем болж хувирсан.  Энэ мөлжлөгийн системийг өөрчлөх цаг үе одоо ирсэн. Уг мөлжлөгийн системийг Монголбанк, Монголын зах зээлийг эзэгнэж байгаа гадаадын эзэмшилтэй дөрвөн том арилжааны банк л хамтарч бий болгосон. Тэд л Монголын эдийн засгийг удирдаж байна. Түүнээс биш ямар ч Засгийн газар, УИХ удирдаагүй. Мөн Монголбанк мөнгөний бодлогоороо дамжуулж арилжааны банкуудтай хамтарч удирдаж байгаа гэдгийг хэлэх ёстой. Яагаад гэвэл манайхаас өөр ямар ч оронд байдаггүй өндөр хүүтэй зээл олгож байна. Бизнесийн зээлийн жилийн дундаж хүү 22-30 хувьтай. Ийм хүүтэй мөлжлөгийн зээл авч байгаа улс орон, аж ахуйн нэгж хөгжихгүй. Бүх нөөц бололцоо бидний ярьдгаар өрмийг нь аваад зээлийн төлбөрт өгч байна. Нэн даруй эхний ээлжинд өөрчлөх ёстой зүйлийн нэг бол энэ. Гэтэл монопольдож эсэргүүцэж байгаа юм. Гадаадын банк орж ирж болохгүй гэдэг шалтгаан нь Монголын банк санхүүгийн зах зээлийг эзэгнэсэн хэвээр байх хүсэл. Шалтаг нь  гадаадын  банк оруулж ирвэл эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг. Монголд зөвхөн өөрсдийн банк ажиллаж байх үед гадаадаас банк орж зах зээлийг эзэгнэх гэж байгаа бол  эдийн засгийн аюулгүй байдлын тухай ярих ёстой. Хятадын Ардын ардын банк орж ирлээ гэхэд дураар нь тавихгүй тодорхой хугацаа зааж хатуу нөхцөл тавих ёстой. Бас л ашиг олох гэсэн байгууллага учраас өнөөгийн банкуудын мөрдөж байгаа хүүгээр л зээл олгож таарах байх. Тэгэхээр өнөөдөр “Стэнд бай” хөтөлбөр авахад ямар хатуу нөхцөл тавьдаг билээ. Яг түүн шиг л байх хэрэгтэй гэж бодож байна.

-Хамгийн гол нь Хятадын төрийн мэдлийн банк орж ирэх нь эдийн засаг, тусгаар тогтнолд аюултай гээд байгаа шүү дээ?
-Аль нэг улс төр засгийн бодлогоо хэрэгжүүлнэ гэвэл төрийн ч бай хувийнх бай ялгаагүй түүгээр дамжуулах л болно. Ялангуяа, Хятадын хувьд боломжтой. Эдийн засгийн гол тулгуур салбаруудад их хэмжээний зээл олгож улс нийтээрээ эрхшээлд нь орж эдийн засгийн хараат болно гэж би урьд нь хэлж байсан. Энэ бол зөв. Гэхдээ бид мөлжлөгийн системээр 26 жил явлаа. Цаашид энэ янзаар явбал хэзээ ч өөдлөхгүй. Бүр дордоно.
Эдийн засагт олон жил хуримтлагдсан тэр буруу тогтолцоо өнөөдөр зад үсэрч хорт үр дагаврыг бид амсч байна. Энэ удаагийн эдийн засгийн хямрал бол маш ноцтой. Нэмж өр тавиад нэг хоёр жил л торгооно. Бид өрөөс өрний хооронд “Стэнд бай”-гаас “Стэнд бай”-д амьдардаг чөтгөрийн тойрогт орчихсон. Гэтэл өнөөгийн эрх баригч УИХ, Засгийн газраас явуулж байгаа бодлого нь тэр чөтгөрийн тойргоос нүх эсвэл шат тавиад гарах гарц гаргасангүй. Харин ч тойргоо улам томсгоод тойроод байх бодлого хэрэгжүүлж байна. Тэгэхээр эдийн засгийн суурь тогтолцооны гол гажуудал нь гадаадынхан манайхыг аль хэдийнэ эзэгнэсэн, банк санхүүг атгасан мөлжлөгийн системд байгаа юм. Үүнийг задлах олон арга бий. Гадаадын банк оруулж ирнэ гэдэг бас хамгийн сайн арга биш. Үүнээс өөр арга ч бий.

-Тэгвэл ямар сайн арга байна гэж. Хөрөнгийн биржээ хөгжүүлэх үү?
-Хөрөнгийн бирж болно. Төрийн банкийг хувьчлах гэж байгаа буруу. Олон нийтийн мэдлийн улсын өмчтэй банк болгоод явах учиртай. Тэгээд цөөн хэдэн хүн, улс төрийн бүлэглэлийн түрийвчний төлөө бус үндэсний эрх ашгийн төлөө ажилладаг банк болгох ёстой. Арилжааны банкууд Засгийн газарт 17-18 хувийн хүүтэй зээл өгч амьдардаг. Тэгвэл Төрийн банкийг улсынх болговол шулах бус дэм болно гэж бодож байна. Улсын банк л ингэж чадна. Хувийн банк бол ашгийн төлөө л явна.

-Хамгийн хямд хүүтэй мөнгө босгох газар нь Хөрөнгийн бирж. Манайд хөрөнгийн бирж сэргэхгүй байгаа нь юутай холбоотой гэж та эдийн засагчийн хувьд харж байна вэ?
-Хөрөнгийн бирж, даатгал бол санхүүгийн зах зээлийн нэг хэлбэр. Гэтэл манай улсын эдийн засагт дөрөв, тавхан хувийг эзэлдэг. Банктай нэг зах зээл дээр өрсөлддөг. Өнөөдөр банкны хадгаламжийн хүү 15-16 хувь байгаа. Жишээ нь 100 сая төгрөгийн хадгаламжтай хүн арилжааны банкинд 15 хувийн хүүтэй хадгалахад жилд 15 сая төгрөгийн ашиг авна. Энэ нь эрсдэлгүй. Иймд эрсдэл өндөртэй хөрөнгийн биржийг сонгох хүн гарахгүй. Ердөө л банк зах зээлээс мөнгө татах хамгийн өндөр өгөөжтэй систем болж хувирсан. Ялангуяа цөөн хэдэн олигархид үйлчилдэг хөрөнгийн бирж дээр очиж хөрөнгө оруулалт хийхгүй нь тодорхой. Монголын хөрөнгийн бирж бол өндөөр 1990 оноос хойш бий болсон эдийн засгийн гаж тогтолцооны нэг илрэл. Үүнийг бас өөрчлөх цаг нь болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан