Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Ганхуяг: Нөхөн сэргээгдэх баялгаа бэлэглэх нь хууль бус худалдааны хэлбэр


Ж.ЖАМУХА

Шонхор шувуутай холбоотой асуудлаар Монголын шувуу хамгаалах төвийн шувуу судлаач П.Ганхуягтай ярилцлаа.

-Жилд 7000 гаруй идлэг шонхор өндөр хүчдэлийн утсан дээр сууж тогонд цохиулж үхдэг гэх тоо байна. Энэ хэр бодитой тоо вэ. Мөн шонхор шувууны тоо толгойн хорогдолд экспортын тоо хэр нөлөө үзүүлдэг вэ?
-Тодорхой дээж талбайд судалгаа хийж үнэлсэн тоо. Үүнийг бусад ижил төстэй шугам, идэш тэжээл, амьдрах орчны хувьд төстэй талбай руу шилжүүлэх замаар нийт тоог гаргадаг. Ер нь, судалгаа бүр өөрийн шинжлэх ухааны нарийн арга зүйтэй байдаг л даа. Зөвхөн идлэг шонхор гэлтгүй өөр олон зүйлийн шувууд өндөр хүчдэлийн шонд дээр суух, үүрээ зассаны улмаас үхэж байна. Хулгайн анчид гэж хууль бусаар шонхор шувуу барьж худалдаалж байгаа хүмүүсийг нэрлэж байгаа байх. Хууль бус хулгайн нөлөө манай орны идлэг шонхорын тоо толгой, популяцид хэрхэн нөлөөлж байгаа талаар бодитой тоо баримт алга байна, энэ тоо манай БОАЖЯ-нд ч байдаггүй юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалт муу байна гэсэн үг. Тиймээс энэ үзүүлэлтийн талаар тодорхой хэлж чадахгүй нь. Мэдээж хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой сөрөг нөлөө их. Үүний тод жишээ нь өндөр хүчдэлийн шон, хууль бус хулгайн ан шүү дээ. Холбогдох яам маань хяналт шалгалтыг сайжруулж, судалгааны ажлуудыг жил бүр тогтвортой хийлгэж байх учиртай юм. Ингэж байж л бид энэ бүх асуултын хариуг мэддэг болно. Ер нь, манай улс идлэг шонхорыг олон улс руу хууль ёсоор худалдаалдаг цорын ганц орон байсныг дөрвөн жилийн өмнөөс болиулсан. Харамсалтай нь, жил бүр идлэг шонхор ямар нэг хэмжээгээр Ойрхи дорнодын орнууд руу бэлэглэл, соёлын гэх нэр дор гарсаар байна, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга л мэдээлдэг.

-2010 оны Засгийн газрын тогтоолоор нэг шонхорын эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөг гэж тогтоосон байна. Тэгэхээр жилд 7000 гаруй шонхор байгальд амиа алддаг гэвэл нийт 90 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэж болно. Энэ зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг хэрхэн хийх боломжтой вэ?
-Судлаачдын зүгээс энэ чиглэлийн судалгааны ажлыг хангалттай хийсэн. Тиймдээ ч өндөр хүчдэлийг байгальд ээлтэй буюу шувуунд сөрөг нөлөө багатай байх талаас нь хэд хэдэн хувилбар боловсруулж, яаманд хүүлээлгэн өгсөн. Яг хэдий хэмжээний өртөг шаардахыг нарийн хэлж мэдэхгүй байна. Үүнтэй холбоотой гарсан тайлан материалыг үзэж танилцах хэрэгтэй. Өндөр хүчдэлийг аюулгүй болгох асуудал гэдэг бол маш олон талын мэргэжилтэн, байгууллагын хамтын оролцоотой хийгдэх ажил л даа. Үүн дээр шувуу судлаачид, холбогдох яамд буюу БОАЖЯ, Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд хамтран ажиллах ёстой юм. Ялангуяа, Эрчим хүчний яамныхан энэ асуудалд илүү хариуцлагатай хандаж, санаачилгатай оролцох учиртай. Жишээ нь, гадаадын эрчим хүчний байгууллагууд нь өөрсдийн гэсэн шувуу судлаачидтай байдаг. Улмаар өндөр хүчдэл шонгийн шувуудад сөргөөр нөлөөлөх эрчим хүчинд үзүүлж буй нөлөөллийг судлаж, шаардлагатай зөвлөмжийг боловсруулах байдлаар арга хэмжээ авч байдаг. БОАЖЯ-ны зүгээс Эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлж түүнийх нь дагуу Эрчим хүчний яам өөрсдийн дамжуулах болон түгээх шугамуудыг байгаль орчинд ээлтэйгээр төлөвлөн ажиллах ёстой. Энэ салбар хоорондын хамтын ажиллагаа гэж алга болчихоод байх шиг байна.

-Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгон зарласан. Тиймээс экспортлох квот олгох нь зөв үү. Ер нь, экспортоос хэдий хэр төсөв бүрдүүлдэг вэ?
-Дөрвөн жилийн өмнө шонхорыг үндэсний бахархалт шувуу болгон зарласан. Гэхдээ Монгол орны Улаан номонд ороогүй. Бид зэрлэг амьтныг экспортлох квотыг тогтооно гэж ярихаасаа өмнө тухайн амьтныхаа популяцийн хөдлөлзүй, үржлийн судалгааг сайн мэдэж байх шаардлагатай. Аливаа зэрлэг амьтныг худалдаалж орлого олсон бол түүгээр нь судалгаа, хамгааллын ажлыг нь санхүүжүүлж байх ёстой. Ийм худалдаа конвенцынхоо дагуу олон улсад хийгддэг. Худалдаа хийнэ гэдэг чинь тухайн амьтныг хамгаалах зорилго, ач холбоглолтой зүйл юм. Манай улс “Ховордсон ургамал, амьтныг Олон улсад худалдаалах тухай конвенц” (CITES)-д нэгдсээр яг 20 жил болж байна. Харамсалтай нь, бид энэ хугацаанд худалдааныхаа үндсэн зарчим болох “Зэрлэг амьтныг зүй зохистой худалдаалах замаар тогтвортой хамгаалах” гэсэн заалтыг бүрэн ойлгоогүй, шинжлэх ухааны үндэслэлгүй буюу худалдаалах шонхорын тоог мөнгөн дүнгээр үндэслэн тогтоож байсан нь харамсалтай. Гэтэл тухайн конвенцоос “Хэдэн шонхороос хэчнээнийг худалдаалж хэр хэмжээний хамгааллын ажил хийв” гэж манай салбарын яамнаас асуудаг. Энэ асуултад манайхан хариулж чадахгүй. Учир нь, өдий хүртэл худалдаалсан шонхор шувуунаас нэгнийх нь ч өртөгийг судалгаа, хамгааллын ажилд зарцуулж байгаагүй хэрэг. Угтаа бидэнд идлэг шонхорын худалдааг олон улсын хэмжээнд жишиг болохуйцаар хийх боломж байна. Учир нь, энэ шувуу маань өөрийн гэсэн эдийн засгийн үнэ цэнэтэй, өөрөө өөрийгөө хамгаалахад шаардагдах санхүүжилт бий болголж чадах томоохон нөхөн сэргээгдэх байгалийн баялаг. Манайхаас шонхор худалдаж авъя гэсэн эрэлт маш их байна шүү дээ. Тиймээс олон улсын конвенцийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр квот тогтоож, худалдаалж олсон орлогоор нь эргээд шонхор шувуугаа тогтвортой хамгаалах боломж байсаар л байна. Хамгийн гол нь, худалдааг шонхорынхоо популяцид сөрөг нөлөөгүйгээр төлөвлөх нь чухал юм. Ингэж төлөвлөж болох арга олон. Түүнчлэн, худалдааны үйл явцын хамгийн чухал хэсэг нь хяналт шалгалт. Идлэг шонхорыг худалдаалах үеийн хяналт шалгалт, бүртгэл мэдээллийн ажил маш сул байна. Үүнээс үүдэж маш их сөрөг нөлөө бий болчихоод байна л даа. Хэрвээ Засгийн газар идлэг шонхорын хамгааллын асуудлыг урдаа тавихгүйгээр бэлэглэлийн шугамаар гадагш гаргаад байвал манай төвийн зүгээс Засгийн газарт шаардлага хүргүүлж, холбогдох журам, конвенцийн дагуу олон ул­сад мэдэгдэх болно. Шонхорынхоо байгаль дахь популяцийн хөдлөл зүй, тоо толгой, төлөв байдлыг мэдэх­гүйгээр жил бүр бэлэглэлийн зориулалтаар, олон тоогоор гаргана гэдэг бол байж боломгүй асуудал. Үүнд ямар ч зарчим гэж алга байна. Зээл тусламжийнх нь хариуд нөхөн сэргээгдэх баялгаа бэлэглэж байна гэдэг өөр хаана ч байхгүй зарчимгүй, хууль бус худалдааны хэлбэр юм. Товч­хондоо, Засгийн газар хууль бус ху­дал­даа хийж байгаагаас ялгаагүй хэрэг.

-Гадаадын улс орнуудад тэр дундаа Арабын орнуудад шонхор шувуу тэжээх нь тухайн хүний нийгмийн статусыг илтгэдэг. Мөн ан агнуурын сонирхол, зорилгоор манайхаас шонхор авах нь их байдаг. Үүнээс өөр учир шалтгаан байдаг уу?
-Арабуудын шонхор шувуугаар ан ав хийж ирсэн соёл 1000 гаруй жилийн түүхтэй гэдэг юм билээ. Манай казахуудын бүргэдтэй л адил ан ав, ахуй амьдралдаа ашиглаж ирсэн өв соёл нь шүү дээ, өөрөөр яаж ашигладгийг нь мэдэхгүй юм. 4-5 жилийн өмнө энэ соёлоо дэлхийн өвд бүртгүүлснийг санаж байна. Ер нь, Арабын орнууд өөрсдийн өв соёлын гол үнэт зүйл болох шонхор шувууныхаа хамгааллын асуудалд биднээс илүү санах зовох ёстой юм шүү дээ. Арабууд байгаль дахь зэрлэг шонхорын популяцийн тоо толгой цөөрөхөөс сэргийлж хамгааллын асуудлыг урьтал болгож байна. Ингэж байж өв соёлоо үргэлжлүүлнэ биз дээ. Тэгэхгүй дам наймаачид нь манайд ирж хууль бус худалдаа хийгээд байгаль дээрх шонхорын зэрлэг популяцид юу болж байгааг үл тооно гэдэг үнэхээр асуудал.

-Ер нь, шонхор шувууны тоо толгой буурах нь ямар хор уршигтай вэ. Одоо Монголд оронд хэчнээн төрөл, зүйлийн шонхор шувуу хэчнээн тоо толгойтой байгаа вэ. Үүнд хариулт өгөх боложтой юу?
-Мэдээж байгальд ямар нэг амьтны зүйл тоо толгойн хувьд буурна гэдэг экосистемдээ олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Амьтан ургамлын зүйл бүр өөр өөрийн гэсэн ашиг тустай байдаг. Идлэг шонхорын хувьд экосистемийн тэнцвэртэй байдалд гүйцэтгэх үүрэг их. Наад зах нь хээрийн экосистемийн жижиг мэрэгч, жижиг шувууд, зарим зүйл шавьжийн тоо толгойг тэнцвэртэй байлгахад чухал үүрэгтэй байдаг. Жишээ нь, хээрийн махчин шувуудын тоо толгой цөөрвөл тэдгээрийн идэш болдог жижиг мэрэгч амьтдын тоо толгой өснө гэсэн үг, ингэснээр жижиг мэргэчдийн зүгээс бэлчээрт үзүүлэх дарамт ихсэнэ гэсэн үг шүү дээ. Дэлхий дээр 58 зүйлийн шонхор байдгаас манай оронд 10 зүйл нь бүртгэгдсэн байгаа. Идлэг шонхор бол өөрийн зүйл дотроо биеэр томд тооцогддог.

-40, 50 жилийн өмнөхтэй ч юм уу харьцуулсан байдлаар шонхо­рын өсөлт, тархац, эрэлт ямар болсныг хэлэх боломжтой юу?
-Идлэг шонхорын тоо толгойг тодорхойлоход тогтвортой мониторинг хийж чадахгүй байна. Монгол орон бол энэ зүйл шонхорын дэлхийд томд тооцогдох үржлийн бүс нутаг. Сүүлийн судалгаагаар буюу 2010 онд манай оронд 6800 бодгаль байгаа гэж үнэлэгдсэн. Гэхдээ хавар, намрын нүүдлийн үеэр мэдээж тоо толгой их хэмжээгээр хэлбэлздэг. Учир нь, идлэг шонхор бол хагас нүүдлийн шувуу бөгөөд хавар умард зүг рүү, намар өмнөд бүс рүү нүүхдээ манай орноор дайрдаг юм. Дийлэнх бие гүйцсэн эм болон тухайн жилийн залуу шонхорууд намар урагшаа нүүдэг. Зарим нь өвөл үржлийн нутагтаа цасны нимгэн, идэш тэжээлийнхээ тархацыг даган үлдэж өвөлждөг юм.  Ер нь, ийм хөдөлгөөнтэй амьтны тоо толгойг гаргана гэдэг амар биш. Тиймээс тодорхой дээж талбайд жил бүр тогтсон арга зүйгээр тогтвортой судалгаа хийж, мониторинг болгож чадвал тухайн зүйл амьтныхаа хөдлөл зүй, үржлийн төлөв байдлыг тодорхойлох боломж бүрддэг. Ингэж чадвал Монгол орны идлэг шонхорын популяцийн талаар маш олон зүйлийг бидэнд мэдэх боломж бий.

0 Сэтгэгдэл
gazar tarian
Үнэхээр зөв ярьжээ, залуу судлаачид үнэхээр өөр юм ярьж байна. Замгийн газар худалдааг хориглосон нэрээр араб руу бэлэглэж байхаас хуулийнх нь дагуу зараад орлогоос нь хамгаалах ажлыг санаачлах хэрэгтэй шүү дээ. Өөх ч биш булчирхай ч биш байснаас
харин энэ бүргэдийг яаралтай хамгаал хэдэн казак хамаг хэрэгтэй махчидыг бариулж дууслаа
энэ шувууг элбэг болохоор нь нэг хамгаалсан нэр зүүж ёстой популизм гэдгээ утгаар хийх юмаа үнэхээр цаг үетэйгээ тохирохгүй цахилгаанд хичнээн их үрэгдэж байгааг мэдсээр байж хэдий наймаа гэж хийгддэг ч алж идэхгүй хороож зугаацахгүй нүдний гэм болгон хайрлаж хүндэтгэлийн тэжээвэр болгоод буцааж байгальд нь тавьдаг шувууг ховордтол хайрлаж хамгаалсан нэр зүүх гэж сүржигнэж улсаа чадаж байгаа юмуу
Хамгийн их уншсан