Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчдын амралтын хуваарийг эцэг, эхчүүд эсэргүүцэж байна


-Сурагчид ирэх сарын 3-наас амарна-


Энэ сарын эхээр зарим цахим хуудаст “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамнаас 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ” гэх мэдээлэл түгээсэн нь асуудал дагуулах болов. Учир нь, энэ сарын 27-ноос эхэлж бага ангийн сурагчид амарна гэсэн ойлголт авсан ерөнхий боловсролын сургуулиуд эцэг, эхийн хурлаа хийж амрах болсноо зарласан. Тухайн үед тус мэдээллийг холбогдох яам нь үгүйсгэж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэж мэдээлж байсан ч хүмүүст төдийлэн хүрээгүй.

Тэгвэл хүлээлт үүсгээд байсан амралтын хуваарь өнгөрсөн баасан гарагт батлагдсан. Ингэхдээ өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргажээ. Тухайлбал, аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байх зохицуулалт хийсэн байна. Ийм зохицуулалт хийснээр Монголын уламжлалт Цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон хэмээн ажлын хэсгийнхэн үзсэн аж. Мөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төллөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулах шаардлагатай тохиолдолд сурагчдын гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг  холбогдох аймгийн Засаг даргад олгож буй аж.

Түүнчлэн сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх ёстой гэж үзэж бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан байна. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс тус тус эхэлнэ.

Ямартай ч энэ удаагийн зохицуулалтаар бүхий л улирлын амралтын хугацааг багасгасан байна. Ийнхүү багасгах болсон шалтгаанаа  сурагчид олон хоног амарснаас үүдэн үзэж судалсан зүйлээ мартдаг, амралтын горимоос хичээл сургалтын горимд дасан зохицоход цаг хугацаа их шаардлагатай болдог хэмээн тайлбарласан.  Ингэснээр Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс  нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрахаар болсон.  Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрахаар болж буй юм.

Гэвч энэ амралтын хуваарь олон хүний эсэргүүцэлтэй нүүр тулж байна. Зарим нь ямар ч судалгаагүй байна гэж үзэж буйгаа цахим хуудсаар мэдээлж, холбогдох хүмүүст нь албан бичгээр хүргүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Харин эцэг, эхчүүд энэ сарын 27-ноос амарна гэж тооцоолж ажлаа зохицуулсан хэмээн ихэд бухимдацгааж байна. Ямартай ч БСШУС-ын сайдын тушаал гарчихсан болохоор өөрчлөх боломжгүй аж.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа
 
Нийслэлийн сурагчид

o   1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
o   2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
o   3 дугаар улирлын амралт
 Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;
o   Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

Аймаг, сум, тосгон, багийн сурагчид

o   1 дүгээр улирлын амралт
 Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
o   2 дугаар улирлын амралт
 I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
 VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
o   3 дугаар улирлын дундуур
Цагаан сарын амралт 1 долоо хоног;
o   3 дугаар улирлын амралт
 Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
o   Зуны амралт
 I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
 III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
 VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан