Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Шарав: Хөгжмийн зохиолчид мундаг дуучдаар бүтээлээ дуулуулахыг боддог


Б.СОНОР


Уралдаанд сойхоор бэлэн болсон морьд шиг өөрийгөө бэлтгэсэн дуучид, хөгжимчид танхимаар дүүрэн суужээ. Дунд нь сонгодог урлагийн төлөөлөл болсон уран бүтээлчид ч харагдана. Энэ бол Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын хоёрдугаар уралдааны нээлтийн ажиллагааны үеийн дүр зураг. Хөгжим бүжгийн коллежийн байранд өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Хөгжим бүжгийн коллежийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын удирдаач, уран сайхны удирдаач, СУИС, хөгжим бүжгийн коллежийн багш нар, гадаадаас ирсэн уран бүтээлчид болон уралдаанд оролцогчид хүрэлцэн ирсэн байв. Уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулж байна. 2012 онд ССАЖЯ-наас анх удаа тус уралдааныг зохион байгуулсан ч санхүүжилтийн асуудлаас үүдэн дөрвөн жилийн дараа ийн зохион байгуулагдахад бэлэн болжээ.

Тус уралдаанд Орос, Хятад, Казахстан болон манай улсын мэргэжлийн уран бүтээлчид ирж оролцож байгаа аж. Өнөөдрөөс эхлэн найман өдөр үргэжлэх уралдаанд 60 орчим үндэсний хөгжимчин морин хуур, хуучир, ёочин, шударга, ятга, лимбэ гэсэн зургаан хөгжмийн төрөлд өрсөлдөнө. Харин мэргэжлийн 40 гаруй дуучид сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар оролцох юм байна. Тэмцээний шагналын сан нь Монголдоо л хамгийн их буюу төрөл тус бүрийн гранпри шагналтанд 10 мянган ам.доллар өгөхөөр болжээ.
Нээлтийн ажиллагааг нээж уралдааныг зохион байгуулах комиссын дарга Г.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрээр “Уламжлал болж буй энэ уралдааныг 2012 онд анх зохион байгуулсан. Эдийн засаг хямралтай байгаа ч урлаг, соёлын олон байгууллага биднийг дэмжиж, санхүүжүүлсэн байгаа. Уг уралдааны нийт шагналын сан 30 гаруй мянган ам.доллар. БСШУСЯ-наас 10 мянган ам.долларыг нь л шийдэж өгсөн. Олон улсын уралдаан тэмцээн гэдэг нь маш өндөр түвшинд чанартай болдог болохоор дуулдаг, хөгжимддөг бүхэн орох боломжгүй байдаг. Гэхдээ оролцогчдын тоо хангалттай байна. Энэ удаагийн тэмцээнийг шүүлгэхээр ОХУ болон БНХАУ-аас шүүгч урьж авчирсан. Тиймээс манай танай дуучин гэхгүй маш хариуцлагатай, анхааралтай хандан ажиллах хэрэгтэй” хэмээн уран бүтээлчдэд хандаж хэлсэн.

Түүний дараа хөгжмийн зохиолч Б.Шарав үг хэлсэн бөгөөд тэрээр “Монголын ард түмэн том, гайхамшигтай амжилт үзүүлж чадах ард түмэн. Дэлхийг байлдан дагуулж явсан Чингисийн цус та бүгдийн цусанд бий гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Тийм учраас олон улсаас оролцож байгаа шүүгчид болон оролцогчд нартаа онцгойлон амжилт хүсч байна. Бид заавал гадаад улсад амжилт үзүүлэх бус өөрийн орны тайзнаа олон улсын хэмжээнд хэр түвшинд байгаагаа мэдэх ёстой.  Нөгөө талаас олон улсын жишигт нийцсэн шагналын санг ойртуулахыг хичээж, илүү хариуцлагатай байхыг шаардаж байгаа. Яг олон улсын хэмжээнд тоглож байж 10 мянган ам.долларыг хүртэнэ. Анхны уралдааны оролцогчид одоо Монголын сонгодог урлагийн нүүр царай болж байна. Сонгодог урлагийг төлөөлж Ариунбаатар маань их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Чингис хааны одон хүртлээ. Ерөнхийлөгч одонг гардуулаад хэлсэн үгэндээ “Энэ одонгоор дамжуулан Монголын ард түмэндээ сонгодог урлагийг дэмжихийг уриалж байна” гэж хэлсэн. Үнэхээр ч уриалж чадсан шагнал боллоо гэж бодож байгаа. Тиймээс бид өөрсдөө хөгжих, дэлхийн түвшинд хүрсэн амжилтаа бататгах шаардлагатай болж байна. Мэдээж хөгжмийн зохиолч хүн бүр л мундаг уран бүтээлчдээр бүтээлээ тоглуулж, дуулуулахыг хүсдэг. Үүнээс гадна уран бүтээлээ олон улсын давцанд гаргахад энэ наадам тус нэмэр болж байна” хэмээн хэлээд оролцогчдод амжилт хүссэн юм.
Нээлтийн үеэр уралдааны шүүгчдийг зарлаж “цоожтой авдараа” задаллаа. Дуулаачдын төрлийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Хөгжим бүжгийн коллежийн захирал Г.Эрдэнэбат, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, урилгаар ОХУ-ын Красноярскийн Дуурь, бүжгийн академик театрын ерөнхий удирдаач Анатоли чепурной болон Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Үнэнхүү, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар шүүх гэнэ. Харин хөгжмийн төрлийг Монголын үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, хөгжмийн зохиолч Ч.Чинбат болон БНХАУ-аас ирсэн профессор нар шүүн явуулахаар болсон байна.

Дуучид, хөгжимчид гуравдугаар шатны шалгаруулалтад хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлээс тоглох гэнэ. Дуучдын хувьд “Чингис хаан” дуурийн аринуудаас дуулах бол хөгжимчид “Үндэсний хөгжимд зориулсан концерт”-оос тоглож уралдах нь. Энэхүү олон улсын хоёрдугаар уралдааны хаалтын тоглолт энэ сарын 23-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан