Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Золбоо: Сонгинохайрхан дүүрэгт жинхэнэ утгаараа хямрал нүүрлээд байна


Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж, иргэд өөрсдийн төлөөллөө сонгоод удаагүй байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй бөгөөд шинээр сонгогдсон хурлын тэргүүлэгч Б.Золбоотой уулзаж дүүрэг, орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.

-Сонгинохайрхан бол Улаанбаатар хотын  хамгийн том дүүргийн нэг. Бидний хамгийн их мэддэг юм шиг хэрнээ бас мэддэггүй газар шиг санагддаг. Дүүргийнхээ газар нутаг, хүн ам гэхчлэн онцлог зүйлүүдээс товч дурдахгүй юу?
-Том гэдэг нь яах аргагүй үнэн. Дүүргийн 307 мянга гаруй хүн ам гэдэг бол Монгол Улсын нийт иргэдийн 10 хувь, нийслэлийн хүн амын 30 хувь болж байгаа юм.  Нийслэлийн 3 хүн тутмын 1 нь, улсын хэмжээнд 10 хүн тутмын 1 нь СХД-т амьдарч байна гэсэн үг.  Газар нутгийн хувьд 1,200  мкв талбайтай, хэмжээгээрээ жишээ нь, манайхны сайн мэдэх Хонгконгийн газар нутагтай ойролцоо гэж болно. Ер нь, Сонгинохайрхан дүүрэг гэхээр хүмүүст гэр хороолол, хашаа байшин л бодогдоод байдаг шиг байгаа юм. Тийм л дээ.  Дүүрэг, хороонд маань гэр хороолол, хашаатай айл олон байдаг нь үнэн. Хотын төвийнх шиг өндөр гоёмсог барилгууд цөөхөн нь ч үнэн. Өнөөдөр манай дүүргийн хүн амын 73 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэнд бусадтай л адил өдөр бүр эгэл жирийн амьдрал буцалж байгаа. Товчхон хэлэхэд жинхэнэ “ардын” амьдрал тэнд өрнөж байна.

-Хүн ам ихтэй, үйлдвэрийн газрууд олон байдаг дүүрэг нэг л хөгжил муутай, дэд бүтэц, зохион байгуулалт тааруу, нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад  өнгө зүс гундуу байдаг шиг санагддаг. Шалтгаан нь юу байдаг юм бол?
-Энэ асуултыг, энэ байдлыг хамгийн түрүүнд олж мэдэрч, хардаг хүмүүс бол ИТХ-ын төлөөлөгч бид шүү дээ. Хэдийгээр хүн ам олон ч гэлээ яг эдийн засгийн талаасаа, төсөв санхүүгийн хувьд байдал үнэхээр хүнд л дээ. Хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд буюу хүн амын механик өсөлт дүүрэгт маань хамгийн өндөр.

Сүүлийн 20 гаруй жил дуртай газраа хашаа хатгаж, нүүж суудаг шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй дүүргийн газар төлөвлөлт, цахилгаан хангамж, худаг усны асуудал, цэцэрлэг сургуулийн хүртээмж, эмнэлэг, эрүүл мэндийн гэхчлэн хуримтлагдсан олон бэрхшээл бий болсон байна.

СХД 2009 онд 240 гаруй мянган хүн амтай байсан бол энэ тоо 7 жилийн дотор 70 мянгаар нэмэгдсэн байгаа юм. Жил бүр хөдөө, орон нутгаас нэг сумын айл өрхтэй дүйцэх иргэд шинээр нүүж ирдэг гэсэн үг. Гэтэл нөгөө талдаа дүүргийн төсөв, орлого, хөрөнгө санхүү нэмэгдэж байдаг уу гэвэл үгүй.

Хүн ам нэмэгдэхийн хэрээр дэд бүтэц, газар талбайгаас эхлээд хүний амьдралын наад захын хэрэгцээ ус, цахилгаан, зам, харгуй, нийтийн тээвэр, сургууль, эмнэлэг зэргийг эн тэргүүнд хангах шаардлага тулгарна. 21-р зуун гараад хүн төрөлхтөн дэлхийгээс хальж, өөр гариг ертөнцийн амьдрал, хөгжлийн тухай ярьж байхад манай дүүрэгт огт эрчим хүч, цахилгаанд холбогдоогүй өрхийн тоо 6,000 гаруй байна.

Худаг, усны хүрэлцээ муугаас 10 гаруй мянган хүн 2-3 км хол зайнаас ундны усаа зөөж байна.  2-6 насны хүүхэд 25 мянга гаруй байгаагаас дөнгөж 14 мянга нь цэцэрлэгт хамрагддаг. Ингэхдээ орны багтаамж хүрэлцээгүйгээс 120 хүүхдийн цэцэрлэгт 240 хүүхэд хүмүүжиж байх жишээний. Сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна.

Гудамжны гэрэлтүүлгийн асуудал бол нэн хүнд. Гудамж, замууд үндсэндээ харанхуй, нар жаргаснаас хойш хүмүүс сарны гэрэлд бүдчиж, сургуулийн хүүхдүүд унаа тээвэр хүрэлцээгүйгээс хамгийн багадаа л гэхэд км гаран алхаж гэртээ очдог. Зорилтот бүлгийн буюу амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 80 гаруй мянган өрх бий. Бодит нөхцөл байдал ийм байхад ажилгүйдэл, амьжиргааны асуудал ярихад бас хүнд байгаа юм л даа.

    Сонгинохайрхан бол нийслэлээс жил бүр татаас авдаг цорын ганц дүүрэг.

Асуудлаа шийдье, амьдрах орчин нөхцлөө огцом өөрчилж “гял цал” болгодоггүй юмаа гэхэд ядаж хүний наад захын хэрэглээг хангачихдаг болъё гэтэл  харамсалтай нь бүгд төсөв, хөрөнгөний асуудалтай холбоотой.  Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг Боловсролын яам шийддэг, цахилгаан хангамжийн асуудлыг Эрчим хүчний яам мэддэг гэхчлэн дүүрэг дангаар өөрийн эрх мэдлийн хүрээнд аливаа чухал зүйлийг шийдэх боломж хомс. Улс орон хямралтай, мөнгөгүй, төсөв санхүү тааруухан гэсээр байдал тартагтаа тулаад байна л даа. Үйлдвэр, аж ахуйн газруудын талаар та асуулаа.  Уг нь Сонгинохайрхан бол үйлдвэржилтийн бүс. Хүнсний бараг бүх үйлдвэр манай дүүрэгт байдаг.  Мах, сүү, гурил, сүлжмэл, ноолуурын гээд томоохон аж ахуйн нэгжүүд энд бий.

Гэтэл татвар хураамжийг дүүргийн биш улсын төсөвт авдаг. ААН-үүдийн татварыг улсад, ХАОАТ-ыг нийслэлд төлдөг. Өөрөөр хэлбэл, дүүргийн газар нутагт оршин байршдаг боловч, дүүрэгт төсвийн хувьд дэмжлэг болдоггүй л гэсэн үг.  Үндсэндээ миний дээр дурдсан бүх хүндрэл бэрхшээл нэг талаас дүүргийн төсөвтэй, нөгөө талаасаа хүн амын шилжилт, суурьшилтай  холбоотой.

Сонгинохайрхан дүүргийн жилийн орлого нь 6.8 тэрбум орчим гэвэл, тэр мөнгө хүрэлцдэггүй учраас жил бүр нийслэлийн төсвөөс татаас авч үлдсэн хэрэгцээгээ хангадаг.  Нэг ёсондоо айлаар бол цалин нь амьжиргаанд нь хүрдэггүй. Мах, сүүнийхээ мөнгийг эцэг эхээсээ сар болгон гуйж авдаг ийм л дүүрэг. Гэтэл бусад дүүргийн жилийн орлого нь 18-37 орчим тэрбум төгрөг байх жишээтэй.  Хүн амынх нь тоонд хуваагаад, нэг хүнд нэг жилд ногдох орлогын хэмжээг аваад үзвэл: Сонгинохайрханд 500 төгрөг, бусад дүүрэгт 3,500-5,000 төгрөг байгаа юм. Бусад дүүргээс 10 дахин, багадаа 7 дахин бага орлоготой дүүрэг гундуухан  харагдахгүй ч гээд яах билээ дээ…

-Та сая дүүргийн орлогын тухай, төсөв хөрөнгөний тухай дурдлаа. Яагаад бусад дүүрэгтэй харьцуулахад СХД-ийн орлого нь ийм тааруухан байгаа юм бол?
-Жишээ нь, Сүхбаатар дүүргийн орлогын дийлэнхийг хүн амын орлогын албан татвар нь, Чингэлтэй дүүргийн орлогын дийлэнхийг шүүхийн байгууллагын тэмдэгтийн хураамж, Баянзүрх дүүргийн орлогын ихэнхийг томоохон зах, худалдааны төвүүдийн лангуу эзэмшигчдийн хураамж, патентийн төлбөр, Хан-Уул дүүргийн орлогын дийлэнхийг гадаадын иргэн харъяатын хүү, торгууль, тэмдэгтийн хураамжийн орлого бүрдүүлдэг. Тэгээд эдгээр дүүргийн төсвийн орлого нь 18-37 тэрбум төгрөг байгаа юм л даа.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн төсвийн орлого дөнгөж 6-7 тэрбум төгрөг байгаа гэдгийг хэлсэн. Сонгинохайрхан бол нийслэлээс жил бүр татаас авдаг цорын ганц дүүрэг.  Дээр нь 2014 оноос хойш дүүргийн төсвийн орлого тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна.  Төсвийн орлого гүйцэтгэлээр 2014 онд 7.6 тэрбум,  2015 онд 6.9 тэрбум,  2016 онд 6.5 тэрбум төгрөг байгаа юм.  Ер нь бол, Сонгинохайрхан дүүрэгт жинхэнэ утгаараа хямрал нүүрлээд байна шүү дээ.  ААН-үүд хаалга, үүдээ барьж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид цөөрч байна.  Орлого буурч байна.  Ядаж томоохон үйлдвэр, ААН-үүдийнхээ татварыг дүүргийн төсөвт хуваарилдаг болмоор байгаа юм.

Дүүргийн зарлагын бүтцийг аваад үзэхэд: 11.6 тэрбум төгрөгийн нийт төсвийн зардлын 40 гаруй хувь буюу 4.7 тэрбум төгрөг зөвхөн хот тохижуулах зардал буюу хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, шатсан гэрэлтүүлэг солиход зарцуулагдаж байна. Энэ зардлын 3.1 тэрбум төгрөгийг л гэхэд зөвхөн хог тээврийн зардалд дүүрэг хуваарилж байна. Нийт орлогынхоо талыг нь хог тээврийн зардалд өгч байгаа дүүрэгт юун шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гэрэл, цахилгаан ярих болж байна вэ.  Ер нь энэ мэт зарим ойлгомжтой юм шиг мөртлөө ойлгомжгүй, улсаасаа эхлээд дүүрэг, хороо хүртлээ үргэлжилсэн төсвийн буруу хуваарилалтыг цэгцлэх, өөрчлөх асуудлыг хөндөх цаг нь болсон.

-Одоо албаны ажлаас бага зэрэг хазайвал ямар вэ? Фэйсбүүк, твиттер гэхчлэн нийгмийн сүлжээнд чамгүй олон дагагчтай хүний нэг нь та.  Өөрийг тань дагадаг  жаран мянга гаруй хүн гэдэг бол манай нөхцөлд өдөр тутмын томоохон нэг сонины уншигчдын тооноос ч их.  Таны үе тэнгийн залуустаа урам зориг өгдөг нийтлэл, постуудыг  олон удаа  уншиж байсан. Нийслэлийн иргэний хувиар шүүмж ч өрнүүлж байгаа харагддаг. Мөн байгаль, экологийн чиглэлээр ажилладаг байх. Ер нь хэзээнэээс улс төрд орчихов?
-Юуны түрүүн, миний фэйсбүүк хуудсаар дамжуулан өөрийгөө нээлттэй илэрхийлдэг мянга мянган  залуусын нэгэнтэй ярилцаж байгаадаа баяртай байна. Бид өнөөдөр технологийн маш хурдацтай хөгжлийн үед амьдарч байна.  Сошиал сүлжээ бол үүнтэй салшгүй холбоотой.  Хүн бүр шахам фэйсбүүктэй болчихсон энэ үед хэлэх гэсэн үг, бодол санаагаа гар утас, компьютер зэргээсээ шууд л биччихэж байна. Заавал ширээ сандал, индэр ашиглах хэрэггүй болсон цаг. Хүнтэй ярилцахдаа утсаар болон биечлэн уулзахаас илүүтэй фэйсбүүк ашиглах нь хялбар болсон гэдгийг бүгд мэднэ.

Фэйсбүүкт нийслэлийн иргэнийхээ хувьд тодорхой саналуудыг дэвшүүлж, хэлэлцүүлж ирсэн.  Хүмүүсийн  зүгээс ч маш олон санал ирдэг. Бид нэг сая хол давсан хүн амын төвлөрөл бүхий хамгийн орчин үеийн боловч басхүү нэлээд “эртний” гэмээр сонирхолтой нэгдмэл суурин газар оронг бүтээн байгуулах гэж хэрэндээ л  хичээн зүтгэж, оролдож байна.  Алдаа оноог нь өдөр бүр шахам л мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа.  Хэн нэгнийг шүүж буруутгахаас илүүтэй алдаа, дутагдлаа засаад хурдхан цаашаа явах л чухал юм.  Хийвэл зохих, хийж амжуулах хамгийн чухал ажлуудаа зогсолтгүй явуулж, хөдөлгөж байх нь нэн сайн гэдгийг хөгжсөн орнуудын жишгээр бид сайн мэддэг.

    СХД-ийн 24-р хороо бол 13 мянга гаруй хүн амтай.

Улаанбаатар хотод наад захын шийдвэрлэх хамгийн эхний асуудлуудаас бол утаа, орчны бохирдол. Амьдрах таатай орчны тухай яриа юм л даа. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь ердөө л олон нийтийн “жирийн нэг жижүүрийн“  ярианы сэдэв  болсоор нэлээд удчихлаа.  Энэ бол тодорхой түвшиндээ бидний үзэл санаа, ёс зүйтэй яалт ч үгүй холбоотой. Туул гол, ундны усны эх үүсвэрийн бохирдол, арьс ширний үйлдвэрүүд, цэвэрлэх байгууламжийн үнэр танар, бохирдсон орчин зэргийн талаар Фэйсбүүкээрээ дамжуулан асуудал их хөндсөн дөө.  Иргэд ч саналаа  дамжуулж илэрхийлэх, шийдвэр гаргагчдад хүргэх дуу хоолой болж өгөөч гэсэн хүсэлт надад ихээр ирүүлдэг.

Ер нь залуу хүнийхээ хувьд өөртөө зорилго тавиад, түүндээ хүрэх гээд зүтгэж яваа мянга мянган монгол залуусын л нэг гэж өөрийгөө хэлэх байна.  Олон нийтийн байгууллага, залуучуудын холбоо, байгаль экологийн төрийн бус байгууллагуудын хувьд хамтран ажилладаг, удирдах зөвлөлд нь багтдаг. Тэргүүлдэг ийм байгууллагууд ч байгаа. Тэдгээрийнхээ шугамаар залууст хандсан арга хэмжээнүүдээс эхлээд мод суулгац, ногоон байгууламжийн чиглэлээр хийсэн ажлуудаа дурдвал цаг нэлээд орно байх.

Хувь хүн бүрт нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж байх ёстой.  Өнөөдөр улс орны хөгжил дэвшил,  нийгмийг авч явах бүхэл бүтэн нэг шинэ үе урагш түрээд гараад ирчихлээ. Үүнийг зүгээр хараад суух юм уу эсвэл компьютерийн араас хэдэн үг биччихээд зүгээр байгаад байж болохгүй.  Тиймээс өөрийн хувьд улс төрийн сонголтоо хийж, өнгөрсөн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдсөн юм.  Хамгийн хэцүү, хамгийн олон асуудал бэрхшээлтэй, хамгийн хоцрогдсон хороонд зорьж очиж нэр дэвшсэн.  Хамгийн анхан шатны улс төрийн сонгуульд оролцож,  нэг талаас туршлага хуримтлуулъя, нөгөө талаас өөрийгөө сорьж,  миний хийх ажил мөн үү, үгүй юу гэдгээ мэдье гэж сонгуульд өрсөлдсөн. Гол нь иргэдийн, олон нийтийн санаа бодол, уур амьсгал шүү дээ.

Миний сонгогдсон СХД-ийн 24-р хороо бол 13 мянга гаруй хүн амтай. Бараг нэг аймгийн дайтай хүн ам гэсэн үг. Говьсүмбэр аймаг гэхэд л 13 мянган хүнтэй байна. Хорооны маань сонгогчид намайг маш сайн дэмжсэн. Их ч ажил даалгасан, урам зориг өгсөн. Одоо Сонгинохайрхан гэдэг томоохон дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийн  сонгуульт ажилтай. Ирэх 4 жилд хорооныхоо иргэд сонгогч, дүүргийнхээ хөгжлийн төлөө хийх ажлууд маш их байна.

-Ингэхэд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч гэж хэн юм бэ, та товчхон тодорхойлж хэлж өгөөч?
-Иргэн таны хамгийн ойрын төлөөний хүн, харин дарга бол биш. Таны төлөө ажиллах, таны төлөө үгээ хэлдэг, таныг төлөөлдөг үйлчилгээний л ажилтан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  бол иргэдийн амьдралд ихээхэн нөлөөтэй асуудлуудаар хамтын шийдвэр гаргах, иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргүүдийг хуулиар хүлээсэн бие даасан байгууллага юм.

Харин хурлын тэргүүлэгчдийн хувьд ИТХ-ын чөлөө цагт хурлын бүрэн эрхийг түр хэрэгжүүлдэг төлөөлөгчид байдаг. Энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлээд 20 гаруй жил өнгөрсөн байна.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан