Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Зочдын гэрийн цонх...” гэдэг чинь юусан билээ дээ

Их зохиолч Боржигон Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд

Зуу насалж зургаадай таяг тулах гэж үгийг монголчууд хэлцэх нь бий. Урт насалж удаан жаргаарай гэсэн ерөөл бэлгийн үгтэй санаа утга нь агаар нэг юм уу даа. Гэвч алаг цоогтой хорвоод тийм буяныг эдэлдэг нь тун чиг цөөхөн. Ганц биеийн жаргал эдэлж зуун жил амьдраагүй ч зуун зуунаар дамнан нэр алдраараа мөнх амьдардаг агуу хүмүүс  бол олон бий шүү. Тэдгээрийн нэг бол Их зохиолч, Боржигон Дашдоржийн Нацагдорж мөн гэж би боддог. Ямартай ч Монгол орон, монгол үндэстэн, монгол уран зохиол оршин байх хэзээ  ахуйд яагаад ч мартагдахгүй, арилж үгүй болохооргүй мөнх алдрыг тэр өөртөө сийлж үлдээжээ.
Молхи бичээч миний бие уран зохиолын амтанд шимтэн судалгааны ажлын гараагаа эхэлж байсан тэртээ хорин жилийн өмнө анхны бүтээлүүдээ эмхэтгэн яруу найрагч, судлаач  Ядамбатын Баатарын эрхшээн соёрхсоноор “Өчүүхэн дэвтэр” нэртэй ном хэвлүүлж байсан сан. Тэрхүү номд “Гагцхүү наран хэвээр мандмуй” өгүүлэл орсон нь тэр цаг үеэс хавьгүй урагш (1985 онд) оюутан ахуйдаа Дашлхүмбийн Галбаатар багшийн “Монголын  уран зохиолын түүх” хичээлийн семинарт бэлтгэж байхдаа олж ажигласнаа чадан ядан эвлүүлсэн нь тэр  болой. Их зохиолчийн олонд алдаршсан “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн эерэг болон  эсрэг дүрүүдийн холбоо хамаарлыг жүжгийн нэрлэлттэй холбон үзэж өөрийн олж харсан өнцгөөс тайлбарлахыг хичээсэн “Учиртай гурван толгой учиртай” гэсэн өгүүлэл ч бас тэр номонд буй.

Хорин жилийн дараа тэрхүү агуу зохиолчийн уран бүтээлийн урын санд дөрөвхөн бадаг, энгүүн атлаа чамгүй уран санаа, ур чадвар шингээж бичсэн нэгэн бүтээл байдгийг уншигч олонд сануулан дуртгахын учир болбоос миний бие гэргий Цэнгэлийн хамтаар Санктпетербургт сурч буй хүүтэйгээ уулзахаар Орос орныг зорьж одоогоос яг 90 жилийн өмнө Их зохиолч Нацагдорж маань эрдэм сурахаар одсон тэр замаар аялахад хүрч тэр цаг дор санаа сэтгэлд гүн сэтгэл үлдээсэн дурсамжаас эхлэлтэй билээ. Үүнийг бичигч нь урьд нь Орос оронд очсон нь олонгүй боловч тухай бүрт үргэлж нисэх онгоцоор зорчиж явсан учир ган замаар-газраар хөлөглөж явсан нь үгүй.

Долдугаар сарын шувтаргын налгар өдөр бид Улаанбаатараас хөдөлж үдэш нь Орос Монголын хилийн дээсэн дээрх Наушки боомтыг дамжин харийн нутагт нэвтрэн орвой. Маргааш нь Байгаль далайг хөвөөлөн давхихуйд эрэг орчмын төгс гоод нүд унаган байсан бол төдөлгүй зам гудас тааралдах хот тосгод, гацаа суурингуудын аж төрлийг сониуч харцаар шимтэн харж байсныг минь энэ замаар эл дол болтол өөд уруугүй давхисан (юм үзэж нүд тайлсан) хүмүүс үзсэн бол магад шоолон жуумалзах биз.
Харин энэ үед надад, их зохиолчийн:
...Зуун уул мянган голыг нөхөрлөхөд     
Үдэн өнгөрөх гацаа хот цугаар хүний
Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшин
Дэмий л үүнийг гайхан түүнийг сонирхоно... гэсэн мөрүүд өөрийн эрхгүй аманд орж ирээд байв. Галт тэрэгний зам байрнаасаа хөдлөх биш. Яг л миний харж байгаа энэ бүхнийг ирээдүйн Их зохиолч маань тэртээ 1926 онд нүд бэлчээн харж явсан байхдаа. Тэгээд л найрагчийн онгод хөглөгдөж энэ шүлэг төрсөн нь илэрхий. Урьд нь эл шүлгийг уншиж явахдаа “зочдын гэрийн цонх” гэхийг найргийн баатар харийн нутагт айлын цонхоор хавийн юмсыг нүд хужирлан харж байгаагаар дүрсэлж гэж ухаарч байсан нь эндүү байжээ гэж бодогдоод явчихлаа. “Зочдын гэр” гэдэг нь галт тэргийгээ л хэлсэн хэрэг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл оросоор поезд гэдэг үгийг мань эр тэгж л буулгаж.      
   
Нээрээ л галт тэрэг гэдэг чинь зочлоор яваа нэгнийг зорьсон газарт нь хүргэж өгдөг “явдаг гэр юм уу даа.  Унтаж хэвтээд, идэж уугаад л гэртээ байгаа юм шиг тухтай сайхан тэр унаанд зохиолч ийм л нэр оноож дээ. Зочдын гэр гэж... Шүлгийн мөрийг дахиад анхааралтай уншъя:
Зуун уул мянган голыг нөхөрлөхөд
Үдэн өнгөрөх гацаа хот цугаар хүний
Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшин
Дэмий л үүнийг гайхан түүнийг сонирхоно
Гарцаа алга даа. Өөрийнх нь гайхалтай мэдэрч бичсэн, хөмөрсөн тогооны доторхтой адил харанхуй мунхгийн  далайд живж дэлхийн боловсролоос гээгдсэн Монголчуудад шинэ зууны эхээр олон юм цоо шинэ байсан гэдэг. Ямартаа л С.Буяннэмэх зохиолчийн бүтээлд дүрслэгдсэн хөдөөгийн бүдүүлэг ардууд ерийн талхыг их тэнгэрийн дүлий гэгч шидэт зүйл хэмээн итгэж биширсэн нь элэг хөшөөм инээдэмт байдалд оруулсан тухай өгүүлэмж үнэн бодит амьдралаас эхтэй гэдэг нь маргаангүй. Талх үзээгүй, ард түмэн ямар байсан нь ойлгомжтой. Тийм бүдүүлэг гэнэн хүмүүс өөрөө явдаг машин, агаараар нисдэг (аэрофлан) онгоц  мэтийг (Д.Н. Соёлыг гайхав) харахад гайхамшиг гэгч чухам л тэр байсан буй за.

Үүнээс үүдэн шүлгийн мөрүүдийг эхнээс нь нэхэн санахыг хичээв. Аз болоход миний бие сурагч оюутнуудаар цөөнгүй шүлэг чээжлүүлэн нэгд нэгэнгүй шалгаж шүүдэг байсны учир “Алс газар сурахаар явагч” гэдэг энэхүү шүлгийг сайн санаж байлаа.
Алс газар сурахаар одох замд
Намрын салхи өмнөөс сэрчигнэнэ
Өвсний толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
гэж эхэлдэг шүлгийн тун энгүүн атлаа гүнзгий утга учиртай, ур дүрслэлийн уран нарийн хийц донж буйг урьд төдий л анзаардаггүй байснаа гайхан шагширч өөрийгөө голж орхив байна.   Сайтар эргэцүүлэн тунгаая.
Монгол сонгодог бичгийн хэлээр:
А-лус ун га-жар /5 үе/  
На-мур ун сал-хи  /5 үе/ гэж үе хэмжээ тэгшитгэн бас дээр нь далд холбоцын сонгодог жишээ болж байна гэж нэгэн судлаачийн бичсэнийг уншсан санагдана. Харамсалтай нь хожмын их мэдэгчид найрагчийн олон бүтээлийг дур мэдэн зассаныхаа нэгэн адил “Алсын газар” гэхийг “Алс газар” болгон засамжилсан бололтой.   Үүнээс үүдэж эх хэлний үг хэллэгийн өнгө аясад гоц мэдрэмтгий яруу найрагчийн шүлэг бүдүүлэг халдлагад өртөж орчин цагийн монгол хэлээр дээрх хоёр холбоо үгийн эхнийх нь гурван үе, удаах нь таван үе болж үе тэгшитгэн хайрцагладаг монгол шүлгийн сонгодог хийцээс зөрчихөж байгаа юм.

Оюутан ахуй цаг дор бидний багш Д.Бадамдорж сонгодог монгол бичгийн хичээл дээр оюутнууд дурдсан шүлгийг монгол бичгийн дуудлагаар:
Алус гажар сурху-бар одху жам-дур
Намур-ун салки эмүнэ-эчэ сэрчигинэнэ
Эбэсүн-ү толугай намилзан халигурху-йин думдагур
Тэгүн-ү гэр-үн утага цэнгкэрлэн холадуна  хэмээн дуу нийлүүлэн аялгуулан уншихуйд эгээ л Гандангийн лам нар хоолой нийлүүлэн ном айлдаж буй лугаа нэн төстэй, тэгээд ч түүнийг даган омогшиж дотоод сэтгэлийн гүн таашаал аван баясдаг байснаа нэхэн санахуйд таатай байна аа.  
Яруу найрагч Хойд газар, Орос газар, Хол газар... гээд л өчнөөн холбоо үгсийн алийг нь ч сонгоод бичиж болох атал заавал “Алс”-ыг сонгосон нь уг үгийн мөн чанар, үгийн сангийн утга нь хязгаар хярхаггүй, эцэс төгсгөлгүй гэсэн агууламжтайд байна. Үүгээрээ “Эрдэмд оройгүй” гэх мэргэн үгийн гүн утгыг сурахаар одох замын төгсгөлгүйн хэмжүүрээр илэрхийлсэн гэхэд алдсан болохгүй биз. 

Цаашилбал, шүлэг зо­хиогд­­сон түүхэн нөхцөл, бодит явдлын талаар төсөөлөлгүй нэг нь уг шүлгийг уншваас салхи өмнөөс салхилж буйг өмнө зүгээс гэж гэнэхнээр төсөөлж болох мэт.  Монгол орны цаг уурын олон жилийн ажиглалтаар салхи баруун хойноос зүүн өмнөдийг чиглэх нь түгээмэл гэнэ. Тэгэхээр шүлэгт дүрслэгдсэнээр салхинаас хурдан довтлох илчит тэрэгний өөдөөс буюу хойд зүгээс салхи сэрчигнэх нь зүйн хэрэг билээ.
Харин өвсний толгой халиурахдаа “намилзан” халиураад байгаа нь нүднээ тусах байгалийн дүр байдлыг ихэд амьдлаг, хөдлөнг болгож харагдах байдлаасаа илүүтэй дотоод эрчмийг нь нээсэн хосгүй гэмээр шигтгээ болжээ.  
“Түүний гэрийн утаа” гэхэд алсыг зоригчийг үдэж үлдсэн бүсгүйгээс алсран холдож буй зураглал гэж олон жилийн турш төсөөлж байсан бол одоо харж байгаа өнцгөөс өөр дүр зураг харагдаад байна.  Энэ чинь мөнөөх “явдаг гэр” (галт тэрэг)-ийн утааг л хэлсэн болов уу гэж тааварлана. Зогсолтгүй уухичин  урагшлах галт тэрэгнээс утаа нь алсран сарниж цэнхэрлэн холдохоос яах билээ.
Шүлгийн гуравдугаар бадгийн:
“...Дэмий л үүнийг гайхан түүнийг сонирхоно” гэсэн хэсэгт анхаарлаа хандуулъя. Мөхөслөгч минийхээр бол:           
“Дэмий л” гэдэг нь алмай хайнга гэсэн үг огт биш харин ч яагаад ч тайлбарлаж ойлгох эцэсгүй хачин сонин үзэгдэл явдалд толгой эргэсэн “зочдын гэрийн цонхоор” ширтэгч хөвгүүн  нүд эрээлжлүүлэн урсан өнгөрөх өдий төдий цоо шинэ зүйлсэд балмагдаж гайхширсан дүр байдал тодорно. Ийнхүү уран гоё үгийг шүтдэг яруу найргийн мөрүүдэд илүүц байж болох “дэмий” гэдэг үг нь “л” гэсэн сул үгээр чимэг тодотгол авч чухам л байх ёстой газраа олсноо гайхуулж байгаа нь энэ ээ. Үгийн нүдийг олно гэдэг энэ байх даа.  

Энэ бадагт зуун уул мянган голыг “нөхөрлүүлж” байгаа нь бас л уран сэтгэлгээний гаргалгаа гэлтэй. Угтаа найзлах, андлах, үерхэхүйн утгат үгстэй нэгэн бүлэгт багтах “нөхөрлөх”  хэмээх үг нь ойртон дотносох, түшиж тулах гэсэн санааг давхар агуулах бөгөөд найрсаг харилцаа, итгэл сэтгэлийн нандин сэжмийг шингээсэн  шидийн үг билээ. Ихэнхдээ хүн төрөлхтөнд хамааралтай харилцаанд хэрэглэдэг энэ үгийг амьд байгалийн юмсын харилцан бие биетэйгээ шүтэлцэн оршихуйн зүй тогтлыг уран үгийн инжаан, тэр тусмаа Нацагдорж л ийн соргог мэдэрч  бичиж чадах билээ.  Их зохиолчийн “Дөрвөн цаг” шүлэгт:
Өвөл хавар, зун намар дөрвөн улирал ээлжлэн
Уул ус, нар сартай НӨХӨРЛӨНӨ... гэж бичсэн байдгийг санахад илүүдэх юун.
Тэгээд цааш нь:
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтсаар
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй  
гэж төгсгөсөн байдгийг дурдалгүй өнгөрвөл алдас болохын дээр утгыг нь тайлбарлах гэвэл илүүднэ. Дэндүү тасархай, хэтэрхий хол,  сонгомол зүйлд хүрч болохгүй халгаад байдгийн нууц нь уг зүйлийнх нь эрхэмсэг мөн чанарт оршдог бололтой.     
Бидний жишээлэн мөшгөж буй шүлгийн төгсгөлийн бадагт:
Өнгөрсөн одоог шүүмжлэх зуур
Олон одон жирэв жарав
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина гэж буй.  Нацагдорж шиг яруу сэтгэмжтэй, үгийн шид эзэмшсэн хүн нэг юмыг нөгөөтэй зүйрлэн бичих гэвэл ядах юмгүй. “Цагаан сар ба хар нулимс” гэх юм уу, нөгөө л бүхний мэдэх “Дагдангийн эхнэрийн...” гэх харшуулал  онцгой. Дурдсан бадагт “эрдэнэ” буюу “эрдэм”-тэй болоод гэрээдээ буцах учиртай тэр газарт нь галуу нисээд хүрдэггүй юм байна гэж шууд утгаараа ойлгогдоно. За тэгэхээр нүүдлийн шувуу юм болохоороо галуу нь ямартай ч нүүдэггүй шувуудаас хол нисдэг байж таарна.   Галуу хол нислээ нислээ гэхэд далай гатлахгүй нь лавтай.

Товчхондоо, “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж сэнхрүүлж, “Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөж байсан Нацагдорж найрагч, Монгол залуус далай гатлан тив хэсэж,  дэлхийгээсээ тасарч сансарт зорчин чухам л “юм үзэж, нүд тайлна” гэдгийг зөн билгээрээ мэдэрч бичсэн нь энэ болой.  
Нэгэн мэргэн эрхмийн айлдсанаас эшлэн тэмдэглэвээс Уран үгийн инжаан Боржигон  Дашдоржийн Нацагдорж бол Монголчуудын түмэн оны мунхгийн харанхуйг гийгүүлсэн соён гийгүүлэгчдийн нэг мөнөөс мөн билээ л. Таалал орших болтугай.

УТГА ЗОХИОЛ СУДЛААЧ ДОКТОР (Ph.D) Б.МӨНГӨНХӨЛӨГ  

Улаанбаатар-Москва-Санктпетербург
2016.07.15-08.10

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан