Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын олон “шүд өвчилжээ”


Б.ШИРНЭН


Эдийн засгийн хүндрэлээс болж, зовлогоо даахгүй байгаа Засгийн газарт урагшгүй албатууд нь нэрмээс болж, тооцоо судалгаа дутуу гэгдэх хуулийн төслүүд нь парламентын дотроос ч, гаднаас дэмжлэг авахгүй байгаа нь үнэмлэхүй ялсан МАН-ынхныг жигүүр, фракцад хуваах болжээ. Улмаар бүдүүн бүлэг, Засгийн газар хоорондоо “овон шовон” хийх болж, Ж.Эрдэнэбатын кабинетаас “шүд сугалах” ажиллагаа эхэлсэн талаар Төрийн ордонд чих дэлсэх болов. Хамгийн их улс төрийн нөлөөтэй 65-ын бүлэг, Гүйцэтгэх засаглалын хооронд зөрчилдөөн үүссэн нь зүгээр ч нэг бор шувуу биш гэдгийг сүүлийн үед өрнөсөн үйл явдлууд ч бататгах боллоо.

Үүний зэрэгцээ хотын удирдлагууд Төрийн ордонд “дуудагдаж”, Засгийн газар цас мөсний асуудалд хутгалдах болсон нь хотын даргын чансааг бууруулж, МАН дээд түвшиндээ толхилцож эхэлснийг гэрчлэв. Мөн өнгөрсөн долоо хоногт Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэж эхэлсэн нь сайдын суудалтай “тулах” хэмжээний асуудал болж дэврэх шинжтэй болсон гээд эрх баригч намынхан дотооддоо зөрчилдөж эхэлсэн нь ил цагаандаа гарав.

1. Засагтай “тулах” Хилийн тухай хууль

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “автор”-тай орж ирсэн Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байнгын хороогоор хэлэлцүүлэгдэж эхэлсэн даруйдаа олны анхаарлыг татлаа. Учир нь, хуулийн төсөл боловсруулагч “...хилийн бүсийн өргөнийг 100 хүртэлх километрээр тогтоож, хил хамгаалах байгууллагаас аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байгаа нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар  байгууллага, иргэдэд хүндрэл учруулж, хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолтой биш байна” гэж үзжээ.

Тиймээс хилийн бүс гэсэн ойлголтыг хүчингүй болгож, хилийн зурвасын өргөнийг 15 километрээс илүүгүй байхаар тогтоож, төрийн мэдлийн тусгай хэрэгцээний газрыг эзэмшүүлэх (өмчлүүлэх)-ийг хуулиар хязгаарлаж, зөвхөн хил хамгаалалтын зориулалтаар ашиглах асуудлыг баталгаажуулахаар дээрх хуулийн төслийг боловсруулсан байна.

Гэвч, хамгаалалтын бүсийг багасгаж, хилийн цэрэг гэсэн статус байхгүй болох нь улс орны аюулгүй байдалтай холбоотой гэдгийг парламентын дотроос ч, гаднаас эсэргүүцэх эрхмүүд байна. Жишээ нь, өмнөх УИХ-ын даргаар ажиллаж байсан сөрөг хүчний лидер З.Энхболд “...хилийн цэргээ хилийн цагдаа болгож, хамгаалалтын бүсээ 100 км-ээс багасгаж, 15 км болгох гэж байгаа бодлогоо эргэн хараач гэж МАН-ын 65 гишүүнээс гуйж байна” гэжээ. Тэрээр энэ тухай асуудлыг улсын аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа юм. Тиймээс цаашдаа УИХ дахь сөрөг хүчний бүлэг Засгийн газраас орж ирсэн Хилийн тухай хуулийг дэмжихгүй гэдэг нь ойлгомжтой болж байна.

МАН-ын гишүүн Ж.Энхбаяр тэдэн дээр “нэмэгдэж”, энэ сэдвийг халуун сэргэг хэвээр байлгах нь тодорхой боллоо. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай тэрээр хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа нь мөн л Үндэсний аюулгүй байдалтай холбоотой талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн юм. Мөн хуулийн төсөл энэ хэвээр явах бол Засгийн газартай хариуцлага тооцох механизмыг хөдөлгөх талаар ам нээсэн нь бүдүүн бүлгийн хамгаалалт хэзээ мөдгүй нурах аюултайг Засгийн газарт сануулав. Мэдээж, түүнтэй адил энэ хуулийг төслийг дэмжихгүй УИХ-ын гишүүд байгаа нь Засгийн газрынхаа эсрэг зогсоход бэлэн гэдгийг сануулж буй.

2. А.Цогцэцэг, Б.Чойжилсүрэн нар нэрмээс болж байна уу

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон дараагийн “задгай цагаан” гэгдээд байгаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах асуудал яригдсан гэх мэдээлэл гарав.

Сангийн сайдын хувьд улсын “сан хөмрөг”-тэй холбоотой хариуцлагагүй мэдэгдэл хийж намын нэр хүндийг унагаснаас гадна татвар нэмэх асуудлыг сөхөж МАН-ын бүлгийг улс төрийн ухралт хийхэд хүргэсэн “ял”-тай. Харин А.Цогцэцэг сайдыг хэт сул гэх шүүмжлэл гардаг байсан. Гэтэл Улсын онцгой комиссын хуралдааны үеэр бяргүйгээрээ дуудагдсан бичлэг олонд хүрч, А.Цогцэцэг сайдыг 29 сая төгрөг шийдэх чансаагүй гэцгээх боллоо. Учир нь, улс даяар цас орсны улмаас отрын бүс нутагт өвөлжилт хүндэрч, тусламжийн автомашин шаардлагатай болсныг нь А.Цогцэцэг сайдаар шийдүүлэхээр даалгасан юм байна.

Гэвч, Эрүүл мэндийн сайдад автомашин шийдэх 29 сая төгрөг байхгүй, Азийн хөгжлийн банкны зээлийг хүлээж байгаа гэсэн нь Шадар сайдын цөхрөнг барж, А.Цогцэцэг сайдад даалгасан ажлаа “Төрийн сайдын бяр нь хүрэхгүй байх шиг байна...” гээд Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Бадралд шилжүүлэв.
Батлан хамгаалахын сайд ч аргаа барж “Ганцхан сумын асуудал биш. 20 гаруй отрын бүс нутгийн асуудал ярьж байхад хаа байсан Азийн хөгжлийн банкны зээл ярьж байдаг...” гээд “шогширч гарсан” бичлэг үнэхээр А.Цогцэцэг сайдыг “сулавтар” гэдгийг харууллаа гэцгээх болов.

Хэдийгээр МАН-ын бүлэг сайд нарыг огцруулах асуудлыг нэр цохин ярилцаагүй гэж байгаа ч тэдний оронд хэн ажиллаж болох вэ, гэдгийг МАН-ын гишүүд зөвшилцөж эхэлсэн гэх мэдээлэл бий.

3. Цасан доороос цухуйгаагүй С.Батболд

МАН-ын хийсэн ажлыг хэд, хэдэн удаагийн цас ор мөргүй баллах шахсан нь Засгийн газрыг цас мөсөнд анхаарал хандуулахад хүргэв. Хэдийгээр Улаанбаатар хотын асуудлыг Хотын дарга С.Батболд хариуцах ёстой ч хотын гулгаа, түгжрэл хэрээс хэтэрч, иргэд эрх баригч намыг буруутгах болсон нь Хотын дарга Төрийн ордонд дуудагдах шалтгаан болсон юм. Өвөл цас орох нь ойлгомжтой тул С.Батболд дарга давс, бодисоо нөөцөлж, техник хэрэгслээ базаах ёстой байтал өөрөө хүрз бариад ТҮК-ийн ажилчидтай зэрэгцэн алга дарам газар нүдсэн нь Хотын дарга хүний гаргах зангараг биш байлаа. Ингэж нүдсэн гээд байдал сайжирсангүй хотын зам толь мэт гялгар хэвээр байгаа нь Хотын даргын үйлдэл нүдээ олоогүй гэдгийг илтгэх биз.

Харин тэрээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өрөөнд дуудагдахдаа бас л зовлон тоочиж “Цасны зузаан 3 см-ээс нимгэн үед давс, бодис цацвал үр дүнгээ өгдөг учир зам, талбайн үйлчлэгч нар шөнө орсон цасыг 3 см-ээс нимгэн болтол эхлээд гараар цэвэрлэж байгаа” тухай дуулгалаа.

Мөн “Техник хэрэгслийн цас түрдэг хэсэг резинэн байдаг, хэрвээ төмөр байвал зам, талбайгаа эвддэг. Стандартын ийм техник хэрэгсэл дутагдаж байгаа ч хотынхон болон Тохижилт, үйлчилгээний компанийнхан бүх хүчээ дайчлан ажиллаж, зарим асуудлаа ч шийдэж эхэлж байна” гэлээ. Түүний бүх хүч нь “гар ажиллагаатай” бөгөөд оюутан, сурагчдыг хүртэл цас цэвэрлэгээнд дайчилна гэх мэдээлэл байсан юм.

Харин Засгийн газрын тэргүүн сурагчдыг цас мөсөнд дайчлах ажлыг даруй зогсоохыг үүрэгдэж,  харин оюутнуудад хөлсийг нь өгч цагийн ажил эрхлэх зарчмаар цас цэвэрлэгээний ажилд оролцуулж болно гэсэн юм. Мөн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат Хотын дарга С.Батболдод “Өвөл дөнгөж эхэлж” байна гэдгийг сануулахаа мартсангүй.

0 Сэтгэгдэл
100 км доторх ашигт малтмал, ус л гандныханд хэрэгтэй биз дээ.... Нямдорж гэж лай батлан, хилийнхнийг зодолдуулах гэх юм даа..тэр цагдааг нь нохой долоо
Дампу засаг
монгол залуугийн бүтээсэн цас цэвэрлэгчийг аваад л цэвэрлүүлээч Ядаад байх юу бнаа
Хамгийн их уншсан