Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нууцын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай засвар хийж эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Мөн хууль хоорондын уялдаа холбоог хангах үүднээс Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн таван хуулийн төслийг шинээр санаачлан боловсруулсныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр эдгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Ингээд хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд, холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар боллоо.

Тагнуулын ерөнхий газраас 2011-2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон тэдгээрийн харьяаны нийт 362 төрийн байгууллагыг хамруулсан хяналт, шалгалтыг явуулсан байна.
Тус хяналт, шалгалтаар 1837 зөрчил илэрснээс 40 хувь нь мэдээллийн технологи, сүлжээний орчинд төрийн нууцыг хадгалах, хамгаалахтай холбоотой, 34 хувь нь төрийн нууцын албан хэрэг хөтлөлт, бүртгэлтэй холбоотой, 21 хувь нь төрийн нууцтай харьцах албан тушаалтантай холбоотой, таван хувь нь биет хамгаалалттай холбоотой зөрчил тус тус эзэлж, хамрагдсан байгууллага бүр тодорхой хэмжээний зөрчилтэй байжээ. Энэ нь улсын хэмжээнд төрийн нууцыг хадгалах, хамгаалах ажил хангалтгүй байгааг харуулж байгаа аж.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан