Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бат-Орших: Арван жил ардын урлагтаа үнэнч явлаа


Ж.ЖАМУХА

Төрийн өндөр дээд айлчлалын хүрээнд Герман, Швейцарь, АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Польш, Саудын Араб, Бразиль, Киргиз зэрэг дэлхийн олон оронд Хартай сарлаг, Түмэн агтны төвөргөөн тэргүүтэй монгол ая аялгуугаа үндэсний хөгжмөөрөө тоглож, эх орноо сурталчилж байдаг үндэсний цөөхүүл хөгжмийн төлөөллийн нэг “Домог” хамтлагийн арван жилийн ой тохиож байна. “Корпорэйт” зочид буудлын концертын их танхимд ганхан удаа тохиох хүндэтгэлийн тоглолтоо гэсээр зав муутай явсан хамтлагийн ахлагч Б.Бат-Оршихыг “Үгийн солио” буландаа урьж, цөөн асуултад хариу авлаа.

-Юуны өмнө арван жилийн ойн баярын мэнд хүргэе. Сүүлийн үед үндэсний урлагийн хамтлагууд олширч байгаа ч танайх шиг дөрвөл хөгжмөөр тоглодог нь ховор байх?
-Баярлалаа. Дөрвөл хөгжмийн тухайд тийм шүү. Үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлагууд өөр өөрийн онцлогтой ч дөрвөл хөгжмөөр дагнан тоглодог нь ховор. Сүүлийн арван жил дөрвөл хөгжмөөр, үндсэн хэв шинжийг нь алдагдуулахгүйгээр тоглосон нь манай хамтлагийн онцлог. Товчхондоо, бид өнгөрсөн хугацаанд өвөг дээдсийнхээ өв соёлыг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх зорилгоор уран бүтээл туурвижээ. Тиймдээ ч 2013 онд “Домог” чуулга маань үүсгэн байгуулагдсан. Чуулга маань “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдээс гадна уран нугараач, уртын дуучин зэрэг арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй.

-Арван жилийн ойгоо угтаж чамгүй ажил амжуулсан байна лээ?
-Тэгш ой гэдэг утгаар нь багагүй ажлын ард гарлаа. Одоо тайлан тоглолтоо хийх л үлдээд байна. Энд онд хийгдсэн ажлуудаас онцолбол Идэр морин хуурчдын улсын анхдугаар уралдаан зохион байгуулж, Завхан аймгаас авьяаслаг морин хуурч тодруулсан. Түүнчлэн, манай хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш найман жил аялал жуулчлалын салбарынхантай хамтарч ажилласны хувьд өнгөрөгч зун аялал жуулчлалын өдөрлөг зохион байгуулж, гадаад болон дотоодын жуулчдад уран бүтээлээ хүргэсэн. Энэ мэт олон зүйлийг дурдаж болно. Ямартай ч, эргээд харахад ардын урлаг, тэр дундаа үндэсний хөгмийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, эх орон, элгэн саднаа гадаад, дотоодод сурталчлах зорилгоор арван жил ардын урлагтаа үнэнч явлаа.

-Танай хамтлагийнхан маш олон хүнд морин хуур хөгжмөө зааж сургасан байдаг. Одоо хэчнээн шавьтай болсон бэ?
-Олоон. Манай морин хуурч Шинэцог бид хоёр морин хуурын шавь сургалт зохион явуулдаг. Миний хувьд Чингэлтэй дүүргийн V сургуулийн дунд ангийнханд сургалт явуулахаас гадна төрсөн нутаг Дундговь аймгаасаа жил бүр таван хүүхэд шалган авч, үнэ төлбөргүй морин хуур заадаг. Шавь нар маань эхнээсээ Соёл урлагийн их сургууль төгсөөд эхэлчихэж. Ер нь, гадаад, дотоод гээд шавь нарын тоо цөөнгүй.

-Ойн тоглолтыг тань Төрийн соёрхолт, гавьяат Сосорбарам найруулж байгаа юм билээ. Тоглолтод оролцох хамтлаг, дуучдыг сонирхвол?
-Тийм ээ, тоглолтын найруулагчаар Со ах маань ажиллаж байна. Хамтлаг, дуучдын тухайд Улсын филармонийн симфони оркестр, “Улаанбаатар” чуулгын бүжигчид, “Хурд”, “Увертура” хамтлаг болон уртын дууч Энхбаатар, Боломаа, Солонго, уран нугараач Нямгэрэл нар оролцоно. Ийм чадалтай уран бүтээлчдийг урьж оролцуулж буйн хувьд чуулгын хэмжээний тайлан тоглолт хийхээр төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан