Д.Оюунхорол: Бодит амьдралд тулгуурлаж асуудлыг шийдэхийг эрмэлзэж байна
2016 оны 12 сарын 7

Н.БАТ


Хэдийгээр агаарын бохирдлыг бууруулах талаар үе үеийн Засгийн газарт хэлэлцэж, тодорхой үйл ажиллагаа явуулсаар байгаа ч өнөөдөр Улаанбаатар хотын агаар гамшгийн харанга дэлдээд буй гэдгийг хаа хаанаа мэдэж байна. Сайжруулсан зуух, сайжруулсан түлш айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр олгож, утааг бууруулж байна гэх боловч өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 40 хувь нь уушигны хатгаа гэсэн оноштой байна. Ялангуяа уушигны хорт хавдрын 39 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэдгийг судлаачид батлаад байгаа.  Хаалга тогшоод байгаа аюулын талаар “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлыг үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдвээр өнөөдөр энэ сэдэвт хамаарал бүхий салбарынхан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол салбарын яамны зүгээс хийж буй болоод хийх ажлынхаа талаар ийн ярьсан юм.

-Ирэх жил БОАЖ-ын сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулж 5 тэрбум төгрөг суулгасан. Мэдээж бага мөнгө гэдэг нь тодорхой. Энэ мөнгөөр юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Ойролцоогоор 4 тэрбумыг шөнийн цахилгааны үнийг 50 хувиар бууруулах хөнгөлөлтөд зарцуулна. Үлдсэн мөнгийг нь сайжруулсан зуух түлшийг орлого багатай, ядуу өрх зорилтот бүлэгт хүргэхэд зарцуулахаар төлөвлөсөн.

-Сайжруулсан зуух, түлш гээд багагүй мөнгө зарцуулсан ажил хийгээд байгаа ч дорвитой үр дүн гарахгүй байгаа гэсэн шүүмжлэл бий. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Агаарын бохирдол бол Улаанбаатар хотын хувьд өнөөдөр хамгийн их харанга дэгдсэн асуудал. Агаарын бохирдлын хэмжээ дорвитой буурахгүй байгаа нь үнэн. Үе үеийн Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсээр байгаа ч бодит үр дүн гарч чадахгүй л байна. Тэр тусмаа өвөлдөө хүрэн нүүрсний хэрэглээ маш өндөр байна. Гэр хороололд Улаанбаатар хотын нийт иргэдийн 57 хувь нь амьдарч, хүрэн нүүрсээ түлсээр байгаа. Энэ нь хотын нийт агаарын бохирдлын 80 хувийг эзэлдэг. Гэтэл дөрвөн том цахилгаан станцаас гарч байгаа утаа нь бохирдлын 10 хувийг эзэлж байна. Үүнээс харвал хүрэн нүүрсний хэрэглээгээ аль болох танах, эрчим хүчний хэрэглээний өөр эх үүсвэрийг бий болгох нар салхиар эрчим хүч үйлдвэрлэх, гэр хорооллын иргэддээ боловсруулсан нүүрс, сайжруулсан түлш хэрэглэж занших, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Нөгөө талаас шөнийн эрчим хүчний тарифыг Засгийн газраас 50 хувь хөнгөлөх шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр иргэд маань  шөнө гэрийн халаалтаа цахилгаанаар шийддэг болоосой.

-Салбарын яамнаас ахиад л сайжруулсан зуух, түлш иргэдэд олгох тухай яригдаж байна. Үүнээс өөр арга үнэхээр алга уу?
-Мэдээж эдийн засаг хүнд байгаа учраас агаарын бохирдлыг бууруулах асуудал хаа хаанаа хүндээр тусч байна. Өнөөдөр зарим иргэн маань энэ өвөл хэрхэн дулаахан өвөлжих вэ гэдгээ бодож байгаа болохоос агаарын бохирдлын хэмжээ яаж нэмэгдэж байгаа бол гэж эргэцүүлэх хүн цөөн байна. Тэгэхээр бид бодит амьдралыг харж асуудлыг шийдэхийг эрмэлзэж байна. Сайжруулсан зуух, шахмал түлшний хэрэглээг юун түрүүнд хангахад тодорхой бодлого барьж, шийдвэр гаргахаар нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байна. Энэ жил Улаанбаатар хотын шөнийн эрчим хүчний тарифыг хөнгөлсөн нь гэр хорооллын иргэдийнхээ хөрөнгө мөнгийг хэмнээд зогсохгүй үлдсэн тодорхой хэсэг буюу зорилтот бүлэгтээ нүүрсний хэрэглээнээс бага ч атугай татгалзах боломжийг олгохыг зорьж байна. Зарим иргэн маань үнэндээ нүүрс хэрэглэхээс гарна дугуй шатааж дулаацаж байна. Хэдийгээр амьдралын хүрэлцээ муу байгаа ч иргэд маань  өөрсдийнхөө үр хүүхдийнхээ төлөө зөв хэрэглээтэй болох хэрэгтэй.

-Та түрүүн хэллээ. Эдийн засаг хүнд байгаа учраасбодит амьдралдаа тулгуурлаж асуудлыг шийдэхийг эрмэлзэж байна гэж. Гэхдээ сайжруулсан түлш, угаасан нүүрс гээд өртөг шингэх тусам үнэ нь нэмэгдэнэ. Иргэд маань аль хямдыг нь харж сонгох нь тодорхой?
-Агаарын бохирдлыг бууруулна гэдэг тодорхой өртөг зардал шаардах нь дамжиггүй. Жишээ нь, угаасан нүүрс, шахмал түлш хэрэглэнэ гэхээр арай  илүү өртөг шингэсэн учраас мөнгө шаардана. Гэвч өөрийнхөө эрүүл мэндийг бодож л байгаа бол энэ хэрэглээ рүү шилжихээс өөр аргагүй. Хэрвээ  Монгол Улс санхүүгийн хувьд боломжтой байсан бол Улаанбаатар хотоо бүрэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж асуудлыг шийдэх гарц бий. Гэвч өнөөдөр тийм боломж нэгэнт алга. Хувиа бодож, довоо шарлуулах үзлээсээ салаад л хүн бүрт өөрт байгаа боломжоо ашиглаж, зөв хэрэглээг бий болгох хэрэгтэй. Төрийн зүгээс гэр хороололд дугуй шатааж дулаацахаас өөр аргагүй байдалд байгаа иргэддээ чиглэсэн бодлого баримталж, сайжруулсан зуух түлшний асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Утааг хэрхэн бууруулах вэ гэдэг зөвхөн төрийн байгууллага хооронд яригдаад шийдэгдэх асуудал биш. Хувийн хэвшлийнхэн санаа тавих ёстой. Мөн иргэд маань өөрсдөө хариуцлагатай ханддаг болох ёстой.

-Агаарын бохирдлыг багасгах нь зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болчихлоо. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээ конвенцид ч нэгдэж үүрэг хүлээж байгаа ?
-Уур амьсгалын өөрчлөлт гэдэг хил хязгааргүй сэдэв. Монгол Улс агаар дахь нүүрсхүчлийн хийгээ 14 хувиар бууруулах амлалт өгсөн. Тиймээс амлалтандаа хүрэх хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хот дахь машины тоо жил бүр 17000-аар нэмэгддэг. Харамсалтай нь, энэ машиных нь дийлэнх нь хуучин. Улаанбаатар хот гэдэг хуучин машин цуглуулдаг л газар болоод байна. Тийм учраас замын түгжрэлээс үүдэлтэйгээр агаарын бохирдлын хэмжээ байнга нэмэгдэж байдаг. Тэр тусмаа хорт хавдар үүсгэгч элемэнтүүд нь илүү ихээр ялгардаг. РМ2,5, РМ 10 гэсэн бодис Улаанбаатарт хуучин машинаас үүдэж маш ихээр ялгарч байгааг судлаачид  гаргасан. Тиймээс хамгийн түрүүнд нийтийн тээврийн асуудлыг шийдэх мөн насжилт өндөртэй машины гаалийн татварыг нэмэгдүүлэх асуудал байна. Энэ бол үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа зүйл гэж асуудал хандах хэрэгтэй. Үнэндээ хуучин машины татварыг нэмэх асуудал УИХ-д орж ирдэг ч улстөрийн нөхцөл байдлаас үүдээд буцдаг байсан. Өнөөдөр харин ийм аргацаасан байдлаар асуудалд бүү хандаасай.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.