Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пак Гын Хе огцрохоор болж, Солонгосын бизнесмэнүүд байцаалт өглөө


Б.СУВД


БНСУ-д Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр холбогдсон улс төрийн дуулиантай холбоотой үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр байна. Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр холбогдсон улс төрийн дуулиантай холбоотой асуудлаар тус улсын хамгийн том компаниудын удирдлагууд өчигдөр Үндэсний Ассамблейн байранд нээлттэй байцаалт өглөө. Тус байцаалтад Солонгосын эрх баригч “Сэйнүри” намын есөн хуульч, сөрөг хүчний мөн есөн төлөөлөгч оролцон долоон компанийн эздээс асуулт асууж, байцаасан бөгөөд үүнийг орон нутгийн телевизүүдээр шууд дамжуулан үзүүлсэн юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сун Сил нь “Мир”, “К-Спорт” гэх сан байгуулж түүндээ хандив өгөхийг томоохон компаниудаас шаардаж, 77 тэрбум вон босгосон гэх баримт илрээд буй. Хэргийг Прокурорын газраас шалгаж байгаа ч мөрдөн байцаалтыг түргэтгэх зорилгоор ийнхүү долоон компанийн эздийг байцаажээ.

Нээлттэй сонсголын явц бүхэлдээ “Samsung” компанид төвлөрсөн байна. Өмнө нь Солонгосын прокурорынхон тус компанийн төв оффисыг шалгаж, тус группийн дэд захирал И Жэ Ён, захирал И Гон Хи нарыг байцаагаад байгаа билээ.
Прокурорын байгууллагын тогтоосноор “Samsung” компани БНСУ-ын Ерөн­хийлөгч Пак Гын Хегийн найз гэгдэх Чой Сун Силийн хоёр санд 20.4 тэрбум воныг хандивласан байна. Сонсголын үеэр Чой Сун Силийн охинд нэг тэрбум воны үнэ бүхий морь бэлэглэснээ “Samsung” компанийн дэд захирал И Жэ Ён хүлээжээ. Харин мөнгө хандивласныхаа төлөө ямар нэг давуу эрх болон хариу тусламж аваагүй гэж мэдэгдсэн байна. Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хетэй ганцаарчилсан уулзалт хийснээ И Жэ Ён хүлээн зөвшөөрсөн ч соёл, спортын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүссэнээс биш мөнгө өгөхийг хүсээгүй гэж онцолсон байна. Үүнээс гадна И Жэ Ён “Үүссэн хэрэгтэй холбоотой хуулийн болон ёс зүйн бүх хариуцлагыг хүлээнэ” гэж мэдэгджээ.

“Samsung Electronics”-ийн ТУЗ-ийн дэд дарга И Жэ Ён “Хамгийн түрүүнд энэ дуулиант хэрэгт холбогдсондоо хүлцэл өчиж байна. Надад хэлэх шалтаг байхгүй ээ. Бид ийм үйл явдал давтагдахаас сэргийлж боломжтой бүх зүйлийг хийх болно” хэмээн онцолсон байна. Үүнээс гадна “Hyundai Motor”, “Lotte” болон “SK” группийн удирдлагууд гаалийн татвараас чөлөөлөгдөх лицензийн төлөө хандив өргөсөн эсэхийг Парламентын гишүүд асууж тодруулсан байна. Гэхдээ үүнийг удирдлагуудын хэн нь ч хүлээн зөвшөөрсөнгүй.

Өмнөд Солонгосын ДНБ-ий талаас илүү хувийг бүрдүүлдэг “Samsung”, “Hyundai Motor”, “LG”, “SK”, “CJ”, “Hanhwa” зэрэг долоон том компани Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сун Силд нийт 77 тэрбум вон шил­жүүлсэн гэгдэж байгаа юм.
Компанийн эздээс бай­цаалт авч байх зуур Хан мөр­ний эрэг дагуу Чой Сун Силд мөнгө өгсөн компаниудыг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн байна. Олон нийтийн зүгээс гэр бүлийн эзэмшлийн компаниуд шинэчлэгдэх ёстой хэмээн шаардаж байгаа ч үүнд ямар нэг өөрчлөлт гарахгүй хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Учир нь, БНСУ-ын Засгийн газар өөрөө эдгээр корпорацын шууд бус хувь эзэмшигч юм. Тухайлбал, тус улсын Тэтгэврийн сан “Samsung Electronics”-ийн 9.3 хувийг, харин “Lotte” группийн охин компани болох “Lotte Chemical”-ийн 8.4 хувийг тус тус эзэмшдэг байна. Түүнчлэн “Samsung” групп л гэхэд БНСУ-ын нийт эдийн засгийн 15 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн онд 527 тэрбум ам.долларын экспорт хийж, тус улсын экспортын 20 хувийг бүрдүүлжээ.

БНСУ-ын компаниуд, тэдгээрийн харилцан нэг нэгэндээ хувь эзэмшдэг ээдрээтэй бүтцийг 1970-аад оноос авлигын хэрэгт буруутгах болсон юм. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эцэг Пак Чун Хигийн бодлого үйл ажиллагаа гэр бүлийн эзэмш­лийн компаниуд хөгжихөд түлхэц болсон аж. Улмаар тус улсын эдийн засаг үйлдвэрлэл, экспортод тулгуурлан хурдацтай өссөн түүхтэй юм.
Ийнхүү Солонгосын биз­­­нес­­мэнүүд Үндэсний Ассамблейд байцаалт өгч байх зуур Ерөнхийлөгч Пак Гын Хе “Ханнара” намын шаард­­­­лагыг хүлээн авч, бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө огцрохоо мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Пак Гын Хе “Ханнара” намын дэвшүүлсэн ирэх оны дөрөвдүгээр сард огцорч, зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин зохион байгуулах саналыг хүлээн авч, намынхаа шаардлагыг дагана хэмээн хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан