Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа орон нутагт үргэлжилсээр



Хэнтий аймагт нээлтээ хийж, хэлэлцүүлгээ эхлүүлсэн Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Он солигдохын өмнөхөн хэд хэдэн аймагт очиж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа таван нэр дэвшигч хамтдаа сурталчилгаагаа хийж байгаа билээ. Энэ сарын 29-ний өдөр болох сонгуулийн санал хураалтаас өмнө нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүдтэйгээ уулзана. Сурталчилгааг хамтдаа хийж байгаа нэр дэвшигч Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар шинэ оны анхны уулзалтаа Өмнөговь аймагт хийхээр болжээ.   Харин оны өмнө аль аймагт ажилласныг товч мэдээлье.

Сүхбаатар

Сүхбаатар аймгийн Буруун-Уртын Жаахан шар­га театрт ээлжит уулзалт болов. Тус аймгийн АН-ын дарга Ж.Батсуурь уулзалт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “2016 оны улс төрийн сонгуульд АН ялсан хоёр аймгийн нэг нь Сүхбаатар. Ардчилсан үзэлтэй хүмүүс учраас намын даргад нэр дэвшиж буй таван лидерийнхээ илтгэл, санаа бодлыг нягтлан үзэж, мэргэн сонголтоо хийнэ” гэлээ.
Намын даргын сонгуулийн хорооны дэг ёсоор хэлэлцүүлгийн салхийг нэр дэвшигч Д.Эрдэнэбат илтгэл мөрийн хөтөлбөрөө танилцуулан хагалсан юм.  Дараа нь Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нарын нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулан тайлагналаа.

Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд дэмжигчдээс гарсан санал хүсэлт, асуултыг тоймлон хүргэе. “Монгол Улсыг газар нутаг зээлийн хүүнд явчих гээд байгаад онцгой анхаарч улс эх орны ирээдүйд санаа сэтгэлээ чилээгээрэй”, “Та бүхний хэн нь ч намын дарга боллоо ч гэсэн удирдаж чадах улстөрчид байна. Нам доторхи бүлэглэлийг тараана гэсэн санал оруулж байгаа нь сайн хэрэг. Гэвч ялагдчихаад бүлгээ тарааж, ялахаараа фракцаа байгуулдаг байдлаа болих хэрэгтэй”, “Юуны өмнө манай нам орох оронтой, оочих аягатай болох хэрэгтэй байна. Намын байр барих тал дээр анхаарал хандуулаач ээ”, “Намын даргаа нийт гишүүдийн сонголтоор батална гэдэг бол үнэхээр сонгодог санаа болжээ. Хөдөө орон нутгийн гишүүд дэмжигчид бидэнд итгэл өгч, гал бадрааж өгсөнд баярлалаа. Гэвч Сүхбаатар аймгийн АН орон нутгийн сонгуульд ялчихаад байхад засаглах эрх нь алга. Үүнийг одоо яаж шийдэх вэ” гэх зэргээр санал бодлоо хэлж, асуулт тавьж байсан юм. Гишүүд дэмжигчдээс ирсэн 20 орчим асуултад нэр дэвшигч тус бүр хариулт өгөв.

Дорнод

Дорнод аймагт болсон уулзалт хэлэлцүүлгийг тус аймгийн АН-ын дарга П.Батчимэг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс төрийн намуудаас анх удаа АН нийт гишүүд дундаасаа намын даргаа сонгох түүхэн цаг үеийн өмнө тулж ирээд байна. Энэ бол Монгол төрийн ирээдүйд ч, намын ирээдүйд ч туйлын чухал” хэмээн онцлоод аймгийн гишүүд дэмжигчдэдээ шинэчилсэн бүртгэлд идэвхтэй оролцохыг уриалж, сонголт мэргэн байхыг ерөөлөө.

Чойбалсан хотод өрнөсөн уулзалт хэлэлцүүлгийн салхийг хагалж С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Түүний дараа нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр гэсэн дарааллаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. Ж.Оюунбаатар даргатай АН-ын даргын сонгуулийн хорооноос дэг гарган уулзалтад илтгэл тавих дарааллыг сугалаагаар шийдвэрлэж байгаа билээ.

Уулзалт, хэлэлцүүлэг Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрт болж, 700 гаруй гишүүн дэмжигч оролцсон байна. Ардчиллыг дэмжигч гишүүд намын бодлого, шинэчлэлд эерэг хандлагатай байв. Намаа шинэ шатанд гарган хөгжүүлэх, намын даргаа сонгох гэж буйд гишүүд дэмжигчид баяртай буйгаа илэрхийлж, санал бодлоо солилцсон юм.  
     
Дорноговь, Говьсүмбэр

АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй таван нэр дэвшигч Дор­ноговь аймгийн Сайншандад намынхаа гишүүд дэмжиг­чидтэй уулзсан. Саранхөхөө театрын танхимд дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалт, хэлэлцүүлгийг сугалааны дагуу АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батзандан эхэлж илтгэлээ танилцуулав. Дараа нь нэр дэвшигч Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар тус бүр 20 минутад багтаан АН-ыг шинэчлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Нэр дэвшигч Ж.Батзандан намынхаа толгойг нь жи­жигсгэж, хөлийг нь томруулах бодлого барим­тална гэлээ. Энэ нь, хөдөө орон нутаг дахь намын үүрүүдэд анхаарлаа хандуулж, дэмжих бодлого аж. Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх хугацаандаа хийсэн ажлуудаа тайлагнасан. Бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлснээ үргэлжлүүлэхээ илэрхийлж, намын гишүүдээсээ дэмжлэг хүсч байлаа. Нэр дэвшигч Л.Гантөмөр ХХI зуун бол техник технологи, шинжлэх ухааны зуун гэж тодотгоод хамгийн сайн бодлого боловсруулдаг Бодлогын нам болох шаардлагатайг хэлэв. Дарга нарын бус гишүүдийн нам болгож хамтдаа бодлогоо тодорхойлох ёстой гэсэн юм. Нэр дэвшигч С.Эрдэнэд намаа шинэчилж, хөгжүүлэх 11 шийдэл байгааг дурдсан. Ахмад, эмэгтэйчүүд, залуусыг дэмжин улс төрд бэлтгэх бодлого баримтална гэж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч Д.Эрдэнэбат бусад нэр дэвшиг­чийн адил АН-ыг шинэчлэх шаардлагатай гэсэн байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлсэн. Тэрээр намын анхан шатны нэгжүүдийг хүчтэй болгохын тулд үүрийн дарга нарыг ч гэсэн нийт гишүүнээсээ сонгож, тэднийг төв намаас цалинжуулах нь эргээд хариуцлага нэхэх гол зарчим болно гэж мөрийн хөтөлбөртөө багтаасан байна.

Уулзалтын төгсгөлд Дорноговь аймгийн АН-ын дарга П.Ганхуяг нэр дэвшигчдэд амжилт хүссэн юм.
Дараагийн уулзалтаа нэр дэвшигчид Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгад хийв. Говьсүмбэрийн АН-ын дарга Л.Одсэр гишүүдийн хамт угтан авч, уулзалт хэлэлцүүлгээ явууллаа. АН-ын даргын сонгуулын хорооны дэгийг даргалагч С.Эрдэнэболд уулзалт хэлэлцүүлгийн дэгийг танилцуулж, уламжлал ёсоор нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулан үзэл бодлоо уралдаалсан.

Багануур

АН-ын шинэчлэлийг намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг,  Ж.Батзандан, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ нар Багануур дүүргийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Дүүргийн “Өргөө” соёлын ордонд уулзалт хэлэлцүүлэг болж, нийт 300 гаруй гишүүн дэмжигч оролцсон. Тус уулзалтыг нээж дүүргийн АН-ын дарга О.Мөнхтулга үг хэлэв.

Тэрээр “Намын шинэчлэлийн эхлэл болж байгаа намын даргын сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдэд баяр хүргэн, Улаанбаатар хотын гал голомт болсон энэ дүүргийнхэн манлайлан оролцож сонгуульд идэвхтэй оролцох ёстой. АН-ын шинэчлэл бол зөвхөн дотоод асуудал биш Монгол Улсын хөгжлийн асуудал” хэмээн онцолсон юм. Нэр дэвшигч тус бүр 20 минутад багтаан АН-ыг шинэчлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсон санаа бодлоо хуваалцлаа. Гишүүд дэмжигчдийн хувьд эвээ эрхэмлэн, намаа, Монголоо шинэчлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж, гишүүдээ сонсдог, дэмждэг байхыг хүссэн юм.


Багануур дүүргийн АН-ын дарга О.Мөнхтулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл улс орны хэмжээнд өрнөж байна. Багануур дүүрэгт явц хэр байна вэ?
-АН-ын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6, 7-нд болсон. Энэ хурлаас гарсан шинэчлэлийн томоохон шийдвэрүүд өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж эхэлж байгаад би төдийгүй намын олон мянган гишүүн баяртай байна. Шинэчилсэн бүртгэл эхлээд тодорхой хугацаа өнгөрч, үүр бүр бүртгэлээ хийгээд жигдэрсэн. Хуучин гишүүд маань бүртгэлдээ хамрагдаж, шинээр гишүүд элсч байна. Ялагдсан ч гэсэн манай намын үзэл бодол, үйл хэргийг дэмжиж байгаа иргэддээ баярлаж байгаагаа илэрхийлье. Бүртгэл нэгдүгээр сарын 4-нд дуусна. Намын шинэчилсэн дүрмээр намын шинэчилсэн бүртгэлдээ хамрагдан 2016 оныхоо татварыг төлсөн гишүүн саналын эрхтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ын даргын сонгуульд саналаа өгөх боломжтой болох юм. Улс орны өнцөг булан бүрт байгаа гишүүдээ шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаарай гэж уриалъя.

-АН-ын даргад нэр дэвшигчид гишүүдтэйгээ уулзалт хийсээр байна. Багануурчууд хэр хүлээн авав?
-Мэдээж намын гишүүд маань сэтгэгдэл маш өндөртэй байна. Намын даргын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танил­цуулж, намын шинэчлэлд гишүүдтэйгээ хамтран зүтгэхээ илэрхийлсээр байна. Нэр дэвшигч бүрт өөр өөрийн гэсэн намын ажлын туршлага, хийж бүтээсэн ажил, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн давуу тал бий. Энэ хүмүүсээс хэн нь ч ялалт байгуулж намын дарга болсойн намынхаа эв нэгдлийг ханган Монгол Улсын бодлогыг тодорхойлох хүчирхэг АН-ыг авч явж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа эв нэгдлийг намын даргын сонгуулийн сунгаа бүрдүүлж байна. Нэр дэвшигчид бие даасан сурталчилгаа хийхгүй, хэн нэгнийг лоббидохгүй, хүмүүс итгэл үнэмшлээрээ сонгууль өгөх боломжийг бүрдүүллээ. Мөн санал хураалт, тоолох процесс ч ил тод нээлттэй болно.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан