Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Прокурорын газар С.Зоригийн аллагын захиалагчийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

-Давж заалдах шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулахыг
хүлээж байна-


Хоёрдугаар  зэрэглэлийн нууц буюу маш нууц (нууцын гурван зэрэглэл байдаг) зэрэгт хамаарах баримт материал хавтаст хэрэгт багтсан гэдэг үндэслэлээр С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн яллагдагч нарт холбогдох шүүх хурал хаалттай болж, (2016.12.27) гурван этгээдийг С.Зоригийн ам насыг бүрэлгэсэн, түүнийгээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүнийг галдан шатаасан хэргээр буруутгаад байна.

Энэ хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилсэн ч зөвхөн шийтгэх тогтоол уншиж танилцуулах хэсгийг л олон нийтэд хүргэх боломжтой байсан юм. Шийтгэх тогтоолын нээлттэй хэсгээс бид Б.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатарт хорих ялын дээд хэмжээ болох 25 жилийн ял, Т.Чимгээд эмэгтэйчүүдэд оноодог хорих ялын дээд хэмжээ болох 24 жилийн ял тус, тус оноосон гэдгийг мэдэж буй. Ялын дээд хэмжээ оноох болсон нь бүлэглэн, давтан, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар зэрэг олон зүйл анги зүйлчилсэнтэй холбоотой байсан ч хамгийн их анхаарал татаж буй нь “91.2.4 буюу захиалгаар” гэсэн зүйл анги байсан юм.

Тэгвэл өчигдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас “...Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр...” С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулсан гэж албан ёсоор мэдээллээ.

Хэргийг тусгаарласан гэх таамаг үнэнд ойр болсон ч, захиалагч нь “байхгүй” байна
Прокурорын байгууллагаас Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ зөвхөн гүйцэтгэгчдийг яллах байдлаар оруулсан байв. Нэгэнт захиалгаар гэж байгаа бол гүйцэтгэгчээс гадна захиалагч байх ёстой. Хавтаст хэрэгт багтах нууцын зэрэгт хамаарах баримт, материалаас шалтгаалан хохирсон, хохироосон, шалгаж байгаа, өмгөөлж байгаа гээд хэн ч мэдээлэл өгөхгүй байгаасаас үүдэн “захиалагчийн” эрэлд гарсан нь дараах таамгуудыг дэвшүүлэхэд хүргэж байсан билээ.

Нэгдүгээрт, захиалагч оргон зайлсан байх магадлалтай, хоёрдугаарт, захиалагч нас барсан, гуравдугаарт, одоо ч захиалагчтай холбоотой хэргийг шалгаж байгаа гэх таамгууд одоог хүртэл хамгийн бодитой байх үндэслэлтэй байна. Мөн үүнийг дагаад ганц, нэг хүнийг захиалагчаар, зохион байгуулагчаар хэрэгт татаж, мөрдөн, мөшгиж байгаа юу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Тухайлбал, “...гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүнийг шатаасан...” тухай  сэртхийлгэм мэдээллийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн. Нуун далдлах зорилгоор гэж үзсэн тул нас барсан дөрвөн хүний ядаж нэг нь С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шууд хамаарлаар мэддэг байсан байж таарах нь. Тэр нь гэрч, захиалагч ч байж болохыг үгүйсгэх боломжгүй.

Харин баттай бус мэдээллээр нас барсан дөрвөн хүний нэг нь захиалагчийн бие хамгаалагч (гурав нь бие хамгаалагчийн гэр бүлийнх нь гишүүд гэх) буюу хүн амины хэргийг дам захиалсан нэгэн гэгдэж байна. Энэ талаас нь харвал энэ хэргийг захиалсан, зохион байгуулсан гэх үндэслэлээр нэгээс олон хүн буруутгагдах боломжтой.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өмнөх Засгийн газрын үед Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад одоогийн яллагдагч Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа гомдол хүргүүлж байсан байна.

Гомдолдоо, “...2007 оны нэгдүгээр 12-ны өдрийн 0302 дугаар бүхий гал түймэр гарсан тухай нотломжийг дахин шинжээч томилж, манай хүүхдэд ял үүрүүлэх гээд байна...” гэж бичсэн байдаг аж. Тэгэхээр “...гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүнийг шатаасан...” гэдэг нь 2007 онд Орхон аймагт гарсан гал түймэр гэдэг нь логик утгаараа холбогдож байгаа юм.

Д.Булганы “статус” юу вэ?


Цорын ганц амьд гэрч гэгддэг С.Зоригийг амьд ахуйд хамтран амьдарч байсан Д.Булган шүүх хуралд оролцоогүй. Тэр уг нь хамгийн гол гэрч байх ёстой байв.

Учир нь, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг 21.40 минутын үед гэртээ харьсан гэдэг. Гэвч, тухайн мөчөөс хагас цагийн өмнө гэмт этгээдүүд гэрт нь орж, С.Зоригийн хамтран амьдрагч Д.Булганы ам, гарыг бөхөлж ариун цэврийн өрөөнд нь оруулсан гэдэг юм. Энэ үеэр гэртээ орж ирсэн С.Зоригийг гэмт этгээдүүд 18 удаа хутгалан хөнөөсөн хэрэг гарсан. Харин Д.Булган тэдний дуу хоолойг сонсч, царай зүсийг нь харсан тул хэргийн амьд гэрч гэгддэг юм.

Хэргийг мөрдөж эхэлсээр 18 жил өнгөрч, 20 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан байдаг. Тэдний дунд С.Зоригийн хамтран амьдрагч Д.Булган 1999 оноос хойш хоёр ч удаа цагдан хоригдож байсан удаатай. Мөн талийгаачтай мөр зэрэгцэн ажиллаж байсан улстөрчид энэ хэргийн сэжигтэн байх үндэслэлтэй хэмээн шалгагдаж байсан ч үр дүнд нууцын байдлаас шалтгаалан ил болохгүй байна.
 
Ямартай ч, одоогийн гүйцэтгэгчдийг харсан гэх Д.Булганыг

1.    1999 оны гуравдугаар сарын 9-нд хэрэгт хамааралтай байж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорьж, сулласан.
2.    2015 оны арваннэгдүгээр сарын 14-15-ны үед 72 цаг саатуулж, 14 хоногоор сунгасан тул хуулийн дагуу сэжигтнээр татагдсан.  
Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард суллагдсан гэх мэдээлэл байдаг ч 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр эрүүл мэндийн байдлыг нь харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн, шүүхээр шийдвэрлэсэн байна. Ямартай ч, түүнийг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татсан гэхээс өөр мэдээлэл байхгүй, Төв аймаг дахь Цагдан хорих байранд хүнд нөхцөлд хорьсон гэдэг юм.

Харин шүүх хуралд оролцоогүй тул түүнийг буруугүй гэж үзээд яллах дүгнэлт үйлдээгүй юу гэх, асуулт үлдээж байгаа. Хэрэв тийм бол олон удаа хорьж, цагдаж байсны үр дүнд юу вэ, буруугүй эмэгтэйг олон сараар хорьж байсан хариуцлагийг хэн хүлээх вэ, гээд олон асуулт гарах нь зүй.

Төрийн нууц шүүхийн тогтолцоонд хүртэл сөргөөр нөлөөлж эхлэв

С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн юм. Тэрээр шүүх хурал хаалттай явах болсон тул шүүх хуралд оролцоогүй. Тодруулбал, хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй тул хаалттай шүүх хуралд оролцохоос татгалцсан юм.

Энэ талаар тэрээр “Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй гэсэн тул би эсэргүүцээд оролцоогүй. Би нэгэнт хаалттай юман дотор ороод, тэр дотор өөрийн байр сууриа илэрхийлж чадахгүй гарч ирнэ. Эргэлзээтэй эсвэл итгэлтэй гэдэг дээр өөрийн байр сууриа илэрхийлж чадахгүй. Тиймээс тэр процессын нэг хэсэг болохыг хүссэнгүй” гэж хэлжээ.

Үнэхээр шүүх хурал хаалттай болох тул шийдвэрийг үндэслэлтэй шүүмжлэх, итгэл үнэмшил төрүүлэхгүй байх шалтгаанаа хэлэх боломжгүй, нөгөө талаас нь прокурор ялласан баримтаа дэлгэхгүй тул С.Оюуны хэлдгээр “утгагүй” байдал үүсэх юм. Иргэдэд ч энэ нь мэдрэгдэж байгаа бөгөөд ялласан баримт нь нууц байгаагаас үүдэн тэднийг гэм буруутай эсэхэд иргэд эргэлзэх болсон.

Уг нь, шүүх хурлын тодорхой хэсгийг нээлттэй, хаалттай явуулж болох хуулийн зохицуулалт байдаг ч тагнуул, цагдаагийн нүсэр хамгаалалт гарч, шүүхийн танхим байтугай шүүх хуралдаан болох газрын ойр орчим руу автомашин нэвтрүүлэхгүй байсан нь хэт сүржин гэх шүүмжлэл дагуулж байна. Харин хүний эрх талаасаа шударга шүүхээр шүүлгэх эрхтэй иргэд Цагдан хорих байран дахь шүүх танхимд хаалттай шүүхээр орж байгаа маш том ухралт болсон нь үнэн юм. Энэ нь олон жилийн турш яригдаж байсан шүүхийн шинэчлэл, нээлттэй, ил тод байдалд асар том гарз учруулж байгааг ч хуульчид шүүмжилж эхэлжээ.

Уг нь, Цагдан хорих байранд шүүх хурал явуулахгүй байх, 461-р хорих ангид байрлах шүүхийг татан буулгах шийдвэр гарсан байдаг юм байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргасан ийм шийдвэрийг нь Цагдан хорих 461-р ангид шүүх хуралдаан явуулахаар болсон шүүгчдийн бүрэлдэхүүн ч мэддэг байна. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 461-р ангийн хорих ангид шүүх хуралдааныг хийлгэхгүй байх албан бичиг явуулсан ч улсын нууцтай холбоотой тул цагдаа, тагнуулынхан шүүх хурлыг 461-р ангид явуулах шаардлагатай гэж зөвлөсөн гэх. Ямартай ч, хүнийг шоронд шүүхгүй гэх хамгийн том шинэчлэлээс ухарсан бодит жишээ нь, С.Зоригийн амь, насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хуралдаан болж тэмдэглэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан