Хаан банк: “Оюутны хөгжлийн зээл”-д барьцаа шаардахгүй
2017 оны 1 сарын 5
А.ЦАГААН

Өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхэлж олгогдох ёстой байсан Оюутны хөгжлийн зээл удтал хүлээлгэсний эцэст саяхнаас л нэг биеллээ олж эхлэв. Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь их, дээд сургуульд суралцагч оюутны сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэж буй.

Энэхүү зээлийг Төрийн банк, ХААН банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, ХАС банк, Капитрон банкаар дамжуулан олгох ёстой ч оны өмнөхөн Голомт, Капитрон хоёр л оюутнуудад шалгуураа танилцуулсан. Харамсалтай нь, Капитрон банк Богино хугацаатай зээл авах хүсэлт гаргасан оюутанд хамтран зээлдэгчтэй байхаас гадна авто машин болон үл хөдлөх хөрөнгийн барьцаатай байх шалгуур тавьсан. Мөн урт хугацаагаар зээл авахыг хүсэгчдэд зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлага тавьсан байсан юм. Харин Голомт банк  хамтран зээлдэгч нь эцэг, эх, төрсөн ах, эгч нь байх ёстойгоос гадна нийгмийн даатгалын хуулбар, цалингийн картын нэг жилийн хуулга шаардаж буй. Мөн тухайн зээл авах оюутан өөрөө орлоготой байгаад авах зээлээ төлөх чадвартай бол хамтран зээлдэгч шаардахгүй. Түүнчлэн хамтран зээлдэгч нь зээлтэй байж болох бөгөөд орлого нь хүрч байгаа эсэхийг судална гэж байв.

Гэвч дээрх шаардлагууд нь оюутнуудыг төдийгүй эцэг, эхчүүдийг багагүй бухимдуулсан. Учир нь, “Урт хугацаатай зээлэнд үл хөдлөх хөрөнгө, богино хугацаатай зээлд автомашин барьцаа болгох хэрэгтэй гэх юм. Гэрт амьдардаг, гэр бүл нь машингүй оюутнууд авах боломжгүй гэсэн үг үү”, “Голомт банк орон нутгаасаа ав гэсэн. Орон нутагт Голомт банк байхгүй” гэх зэргээр Боловсролын зээлийн сангийн ажилтнуудыг асуултаар булж өгч байна. Мөн зээлтэй холбоотой мэдээ, мэдээлэл хангалттай хүргэж чадахгүй байна гэх шүүмжлэлийг ч цөөнгүй хүн хэллээ.
Өнөөдрийн байдлаар дээрх хоёр банк дээр нэмэгдээд Хаан банк шалгуураа танилцуулаад байна. Тус банкны шалгуурыг тоймлон хүргэе.

Богино хугацаатай

Зээлийн хэмжээ нь тухайн сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй бөгөөд зээлийн хугацаа нь 12 сар хүртэл байна. Тавигдах шаардлага нь ХААН банктай “Оюутны хөгжлийн зээл”-ээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан их, дээд сургуулийн оюутан байх, үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалин, тэтгэвэр эсвэл бизнесийн орлоготой гэр бүлийн гишүүн байх. Мөн үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрч буй, эсвэл чанаргүй ангилалтай зээлийн өрийн үлдэгдэлгүй байх, шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөргүй байх ёстой.

Урт хугацааны зээл

Зээлийн хэмжээ нь тухайн сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй буюу нийт зээл нь бакалаврын зэргийн үндсэн ангийн 4-6 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй байх ёстой. Суралцах хугацаанд болон сургууль төгссөнөөс хойш нэг жилийн хугацаанд сар бүр хүү төлнө. Үндсэн зээлдэгч нь Эрх зүйн бүрэн чадамжтай буюу 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх ёстой бөгөөд шинээр элссэн оюутны хувьд ерөнхий шалгалтын оноо нь 650 болон түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутны хувьд голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх шалгууртай.

Хүү бууруулах

Сургалтын төлбөр төлөх зориулалтаар авсан цалин, тэтгэвэр, малчны зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл болон сургалтын төлбөрийн дүнгийн аль бага дүнгээр нэг удаа дахин санхүүжүүлэх аж. Гэхдээ Хаан банкнаас авсан цалингийн, тэтгэврийн, эсвэл малчны зээлтэй байх ёстой бөгөөд зээл олгогдсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор сургалтын төлбөрөө сургуульд төлсөн байх шалгуур тавих нь. Бүрдүүлэх материал нь Хүү бууруулах зээл хүссэн өргөдөл, иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран үүрэг гүйцэтгэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сургалтын төлбөр төлсөн санхүүгийн баримт, сургалтын төлбөр төлөгдсөнийг нотлох сургуулийн тодорхойлолт, эсвэл дансны хуулга шаардах аж. Дээрх зээлүүдийг банкны  бүх салбар нэгжээр дамжуулан олгох юм байна.

Ямартай ч, дээрх гурван банк зээл хүссэн оюутнуудын материалыг хүлээж авч эхэлсэн бөгөөд судалж буй гэнэ. Тэгэхээр шаардлагыг нь хангасан оюутнууд удахгүй зээлээ авч эхлэх нь.

Энэхүү зээлд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд 67 сургуулийн оюутнууд хамрагдах эрхтэй.  2016-2017 оны хичээлийн жилд 70 гаруй мянган  оюутан хамрагдах боломжтой. Зээлийн эх үүсвэрт зориулж 2016 оны төсвийн тодотгол 90 тэрбум төгрөг, 2017 оны улсын төсөвт 110 тэрбум төгрөг тусгасан билээ. Эцэст нь хэлэхэд энэхүү зээлд хугацаа гэж байхгүй бөгөөд хэзээ ч авч болохоороо давуу талтай юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.