Ц.Бямбажав: Ноорхой дээлтэй монгол хүүгээ бусдаас илүү байсан ч манайхан тоодоггүй
2017 оны 1 сарын 11

Т.ЖАНЦАН

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ц.Бямбажавтай мал эмнэлгийн үйлчилгээ, тогтолцооны өнөөгийн байдал, УИХ-д өргөн бариад байгаа Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.  

-Монгол Улс мах экспортлоно гэж олон жил ярьсан. Малын халдварт өвчин гарсан бүс нутгаас мах авах сонирхол худалдан авагч орнуудад байхгүй. Баруун бүс нутгийг эрүүл гэж зарлаж байсан ч тэнд малын халдварт өвчин гарлаа. Одоо аль нутгаас мах экспортлох боломжтой вэ?
-Манайхан мах экспортлоно төдөн төгрөг, өдөн ам.доллар үүнээс олно гээд л яриад байгаа. Гэвч ингэхийн тулд яах ёстой вэ гэдгийг тэр бүр ярьдаггүй. Мах экспортлох гол нөхцлийг мал эмнэлэг л бүрдүүлж өгнө. Гэтэл мал эмнэлгийн тогтолцоо нь өнөөдөр үнэхээр хүнд байна. Нөгөө талаар мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлаа сайжруулах ёстой. Ингээд малаа тэдгээр үйлдвэрүүдэд нядлаад тодорхой хувийг нь боловсруулж экспортлох учиртай юм. Тэгэхгүйгээр монгол мал үнэд орохгүй. Дотоодын зах зээлд бог малын мах гулуузаар нь зардаг арга нь хоцрогдсон. Өөрийн идшээ ингэж гар аргаар хийж болно л доо. Тэгэхээр эхлээд экспортлоно гэхээс илүү дотоодын зах зээлд үйлдвэрийн аргаар боловсруулж ангилж савласан мах нийлүүлдэг болох хэрэгтэй. Манай орон баруун бүс нутгаа шүлхийгээс ангид эрүүл гэж олон улсад зарласан. Гэтэл өвчин гарчихлаа.
Монголд мал нь эрүүл гэж бүсчилж авч үзэх аргагүй боллоо. Иймд мал нь эрүүл бүс гэдгийг тухайн аймаг, сумын хэмжээнд авч үзэх шаардлага гарч байна. Монгол орон уудам. Мал нь эрүүл сум орон нутаг олон бий.

-Тэгвэл манай улсын мал эмнэлгийн үйлчилгээ, тогтолцоо ямар төвшинд байна вэ?
-Мал амьтаны эрүүл мэндийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Үүний гол зорилго, үзэл санаа нь Монголын мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх, дэлхийн болон олон улсын мал эмнэлгийн байгууллаагтай хамтарч ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх юм. Мал эмнэлгийн үйл ажиллагаа сүүлийн 20 гаруй жил нэлээд суларсан. Энэ нь хувьчлал, мал эмнэлгийн бүтцийн тогтолцоог өөрчилсөнтэй  холбоотой. Аль ч улсын мал эмнэлгийн бүтэц нь шууд удирдлагатай босоо тогтолцоотой байдаг. Өөрөөр хэлбэл, малын ерөнхий эмч нь сум, багийн малын эмчтэй шууд харилцдаг. Малын ямар нэг халдварт өвчин гарвал шуурхай ажиллах тогтолцоотой байх ёстой. Энэ хууль батлагдсанаар мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох асуудал шийдэгдэж эхэлнэ. Манай улс Хятад, Орос, Арабын орнуудад мах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоно гэдэг. Гэтэл ганцхан мал эмнэлгийн буруу тогтолцоо гацаачихаад байдаг юм. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага гэж бий. Энэ байгууллагаас манай улсад хоёр, гурван удаа төр засгийн хэмжээнд зөвлөмж өгсөн. Үүнд, танай улсын мал эмнэлгийн тогтолцоо буруу, мал эмнэлгийн үндсэн эрх үүргүүд нь олон улсын жишгээс зөрүүтэй байна. Мал эмнэлгийн хяналт нь өөр байгууллагад харьяалагдсан, удирдлагын тогтолцоо алдагдсан гэсэн юм. Тэгвэл манай мал эмнэлгийн тогтолцоо аймгийн хэмжээнд Хөдөө аж ахуйн газарт харьяалагдаж, Засаг даргын удирдлагад хамаардаг. Суманд мөн л Засаг даргын удирдлагад байгаа. Тэгэхээр мэргэжлийн бус хүмүүс мал эмнэлгийг удирдаад байгаа нь буруу юм.

-Малчид мал эмнэлэгт хандахдаа хойрго гэдэг. Энэ нь үнэ тариф өндөр эсвэл таны яриад буй  удирдлагын  буруу тогтолцоонд байна уу?
-Аль аль талдаа учир бий. Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасан. Тэгэхээр малчдад төрөөс мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх бүх үйлчилгээг үнэ төлбөргүй хийгээд өгөх ёстой гэсэн ташаа ойлголт төрүүлдэг. Гэтэл малаа эрүүл өсгөх нь малчдын өөрсдийнх нь үүрэг, хариуцлага. Мал бол хувийн өмч. Гоц халдварт өвчин дэлгэрсэн үед төрөөс дэмжлэг үзүүлж вакцин, эм тариагаар хангаж өгөх нь зүйн хэрэг.
Ер нь, малчдын өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж, малын өвчин дэлгэрдэг. Иймд Мал амьтаны эрүүл мэндийн тухай хуульд малчдын хариуцлагыг дээшлүүлэх, мал эмнэлэг үйлчилгээ үзүүлэх эрхийг нь хангаж өгөх талаар тодорхой тусгасан. Нөгөө талаар малчидын дунд мал эмнэлгийн талаар буруу ташаа ойлголт их бий. Тухайлбал, мал эмнэлэг гэхээр л малд вакцин тарьдаг, угаалга туулга хийж эмчилдэг гэж зөвхөн энэ үйлчилгээгээр л ойлгодог. Дээр хэлсэн малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоход гол үүрэг гүйцэтгэх газар бол мал эмнэлэг. Малын түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлыг тодорхой болгосон байх ёстой. Тэгэхээр мал эмнэлэг гэдэг нь мал эмчилдэг гэдэг ойлголт биш.  Хүний эрүүл мэнд, хүнс, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн урт хугацааны бодлого хэрэгжүүлдэг байгууллага юм. 

-Малчид өөрсдөө малдаа тарилга, туулга хийх, эмчлэх явдал их байдаг. Үүний сөрөг үр дагавар ямар байх вэ?
-Харин тийм. Сүүлийн үед малчид өөрсдөө малдаа вакцин тарьдаг, угааж, туулга хийх хандлагатай болсон. Энэ бол маш буруу Бид  мах, арьс шир экспортолно гэхэд малын өвчинтэй яах аргагүй холбогдоно. Тухайлбал, сайн чанартай арьс шир экспортолно гэвэл парзит өвчингүй байх ёстой. Мах экспортлоход халдварт өвчнөөр өвчлөөгүй байх учиртай. Мөн дэлхийн жишигт ямар нэг эм, химийн бодисын үлдэгдлийг шинжилж тодорхойлдог. Хэрэв үлдэгдэлтэй, хориглосон эм, бодис илэрвэл экспортлохыг хориглодог юм.  Малчид өөрсдөө эмчилгээ хийснээр эдгээр гол шаардлагыг алдагдагдуулж байна гэсэн үг. Иймд мах, сүү, арьс шир нь үнэгүйдэж байгаа сөрөг тал бий. Үүнээс гадна эмийн зохистой хэрэглээ гэж бий. Гэтэл хаяган дээрх хэрэглэх зааврыг хардаггүй. Өөрсдийн дадлаар тарьчихдаг. Тэр тариаг хийсэн малын сүү, махыг хэзээ хэрэглэж болохыг заавар дээр нь тодорхой бичсэн байдаг. Үүнийг баримтлалгүй тухайн малын мах, сүүг хэрэглэх нь аюултай. Бусад улс орнуудад эмийн үлдэгдэлтэй малын мах, сүүг хэрэглэхийг хорьдог. Буруутай этгээдэд хариуцлага ногдуулдаг. Энэ тогтолцоо манай улсад одоохондоо хөгжөөгүй байна. Одоо малын гаралтай бүтээгдэхүүний эмийн үлдэгдлийг илрүүлэх, шинжлэх тогтолцоог бүрдүүлэх үзэл баримтлалаа боловсруулж байна.

-Тэгэхээр хүнсний захуудад худалдаалж буй мах, сүүнд эмийн үлдэгдэл байгаа эсэх, хүнсний аюулгүй байдлыг хангаж буйг нь бүрэн шинжилж чаддаггүй гэсэн үг үү. Хүнсний захуудад эрүүл ахуйн байцаагчид бий. Тэд ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ?
-Энд нэг том асуудал бий. Малын эмч байцаагчийн эрхтэй байх ёстой. Гэтэл хяналт тавих тогтолцоог нь өөр байгууллага хэрэгжүүлдэг. Тэр хяналт тавих байцаагч нь заавал нэг шалтгаан, дуудлага, гомдол гарсан тохиолдолд очиж шалгадаг. Өөрсдөө шууд шалгаад хянах эрхгүй. Иймээс хяналтын тогтолцоог тарамдуулж байна. Тухайн хүнсний захад дээж авч шинжлэх лаборатори бий. Тэд өөрсдөө шинжилгээ хийж худалдаанд гаргадаг тогтолцоо өнөөдөр мөрдөж байгаа юм. Ямар нэг ноцтой асуудал гарвал Мэргэжлийн хяналтын байцаагч, Мал эмнэлгийн байгууллагад хандаж арга хэмжээ авдаг л даа.

-Та дээр малчид малынхаа эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй гэж хэлсэн. Яг ямар хариуцлага хүлээлгэх талаар одоо хэлэлцэх хуульд хэрхэн тусгаад байна вэ?
-Хариуцлага гэхээр манайхан хүнд тусгаж авдаг. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд малчдыг тэгнэ, ингэнэ гэсэн заалт байхгүй. Хамгийн гол нь, малчид нийгмийн ухамсраа сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл, цэцэг өвчин гарсан газраас морь, үхэр, хонь, ямаа худалдаад аваад ирнэ. Эсвэл тэр газраас нүүгээд өөр газарт очиж нутаглана. Энэ үйлдлүүд нь өвчин тараах гол эх үүсвэр болдог. Ингэсэн тохиолдолд яах вэ гэдэг асуудал гарч ирэх нь зүй. Халдварт өвчин тараана гэдэг нь гэмт хэрэг. Үүнээс гадна малын эмч малд нь тарилга, туулга хийхээр очиход дуртай бол өөрөө тууж ирээд хийчих гэх хандлага элбэг. Уг нь, мал тухайн хүний өмч. Өмчийг нь эмч хамгаалах, өвчнөөс сэргийлэх л гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр малчид өөрийн өмчөө хамгаалах, нийгмийн ухамсраа сайжруулах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа юм.  Гэтэл манай УИХ-ын гишүүд сонгууль болохоор малчдад хайр зарлаад л явдаг. Тэгээд Мал амьтны Эрүүл мэндийн хуульд малчдыг хариуцлагатай болгох заалтуудад УИХ-ын гишүүд их эмзэг хандаж байгаа. Уг нь, мал аж ахуйн салбараа хөгжүүлэх, эдийн засгийн гол тулгуурын нэг гэж үзэж байгаа бол малчдынхаа хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Иймээс  манай мал аж ахуйн салбар гажуудаж хөгжиж чадахгүй байгаа юм.

-Шинэ хууль батлагдаж, мал эмнэлгийн байгууллага олон улсын жишигт нийцсэн тогтолцоотой боллоо гэхэд боловсон хүчин хэр хүрэлцээтэй байна вэ?
-Нэг эмчид ногдох малын тоогоор манай улс олон улсын жишгээс өндөр. Боловсон хүчний хэрэгцээ маш их. Мал эмнэлгийн анхан шатны нэгжүүд бүгд хувьчлагдсан. Малын эмч нарын дундаж нас 40-өөс дээш болсон. Нэг суманд л гэхэд малын эмч нар баг багаар нь хувьчлаад авчихсан. Тэнд үйлчилгээ үзүүлж байна. Сургууль төгсч очсон хүүхэд тухайн суманд очоод хувийн мал эмнэлэг байгуулаад ажиллах боломж гардаггүй. Ингээд шинээр төгссөн боловсон хүчин шахагдаж өөр төрлийн ажил хийх байдал нэлээд гарч байна. Энэ нь малын эмчийн залгамж чанар алдагдахад хүргэсэн. Сүүлийн үед хөдөө ажиллах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн. Даанч ажлын байр гаргаж өгөх асуудал хаягдсан юм. Тэгэхээр нөгөө л яриад байгаа тогтолцооны гажуудал л бас ингэж гарч ирээд байна гэсэн үг.

-Тэгвэл нэг малын эмчид хэдэн толгой мал ногдож байна. Олон улсын жишигт ямар байдаг юм бэ?
-Дэлхийд ганц үлдсэн бэлчээрийн сонгомол мал аж ахуй  Монголд л байна. Ийм учраас өвчин эмгэг тусах нь бага. Өдөр бүр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлээд байдаггүй. Монгол мал өдөр бүр дусал залгуулж, өеөдөж унаад байхгүй. Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг цаг үе нь хавар, өвлийн улирал. Ногоо ургасны дараа мал өөрөө эрүүлждэг. Тэгэхээр малын эмч нарыг малын тоо толгойгоор хязгаарлах нь өрөөсгөл. Бодоод үз. 120 мянган толгой малтай сум байна. Ийм суманд дунджаар гурван мал эмнэлэг ажиллаж байгаа. Тэгэхээр нэг малын эмчид 40 мянган толгой мал ногдоно. Энэ нь дэлхийн жишгээс гурав, дөрөв дахин их тоо.

-Манай улсад хэрэглэж байгаа малын вакцины үйлдвэрлэл, хангамж, чанар ямар төвшинд байна вэ?
-Био комбинат малын вакцины ихэнхийг хангадаг. Шүлхий, мялзан төст өвчний вакциныг дотооддоо хийдэггүй. Манай хүрээлэн шүлхийн вакцин үйлдвэрлэх судалгаа хийж байна. Био комбинатад тоног төхөөрөмжийг нь суурилуулж туршилт хийж байгаа. Энэ оны сүүлч гэхэд үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөө бий. Иймд шүлхийн вакцин гадаадаас худалдаж авах шаардлагагүй болно. Манай дотооддоо үйлдвэрлэсэн вакцин хүртээмжийн хувьд муу. Энэ нь нөгөө л тогтолцоотой холбоотой. Ямар нэг биологийн үйлдвэрлэл онцлогтой, жил дамжиж үйлдвэрлэлд бэлтгэдэг технологитой. Ирэх онд үйлдвэрлэх вакцины түүхий эдийг энэ онд бэлтгэх шаардлага гарна. Гэтэл манай улсын эдийн засаг, улсын төсөв тогтолцоо үйлдвэрлэлийн нөхцөлийг нь тэр бүр хангаж өгч чадахгүй байгаа.
Санхүүжилтээ хүлээж түүхий эдээ бэлтгэх, нөөцөлж авч чадахгүй тохиолдол гарна. Жишээ нь, хурганы төмсөгний эсийг үйлдвэрлэлд ашиглах ёстой байтал тэр хугацаа нь өнгөрчихөөр дараа жил хүртэл хүлээхээс өөр аргагүй болно. Энэ циклийг л алдуулахгүй байхыг манай төр засаг сайн ойлгох учиртай юм. Халдваргүй өвчний эм тариа хангалттай. Импортоор ч их авдаг. Арьс хөрсийг бүрэн бүтэн авахын тулд парзитын эсрэг тариа чухал нөлөө үзүүлдэг. Манай улсын бэлтгэж байгаа арьс, шир, нэхий бүгд үйлдвэрийн шаардлага хангаж байна уу гэвэл эргэлзээтэй. Нийт бэлтгэж буй арьс шир, нэхийг зуун хувь гэж авч үзвэл 20-30 хувь нь хаягдал болдог. Наад зах нь тухайн мал хамуураагүй, гуургүй байх ёстой. Малын хорогдлын 90-92 хувийг халдваргүй өвчин эзэлдэг. Гэтэл малчид малдаа ийм эмчилгээ тэр бүр хийлгэдэггүй. Эм тариа нь ч бага байдаг. Тэр өвчнийг нь оношлоод эмчлэх малын эмч ч цөөн. Манай малчид хавар мал турж эцдэг, гуйвдаг ч онд орчихдог гэсэн ойлголттой байдаг юм. Малын ихэнх хорогдол өвөл, хаврын улиралд гардаг. Ялангуяа хавар эцэж доройтсон малаас гарсан төл амьдрах чадвар муу. Энгийн үгээр хэлбэл амьсгалын замын, үржлийн эрхтэний өвчин, төрөлтийн дараах хүндрэл, шарх мал хорогдоход хүргэж байгаа юм. Гэтэл энэ төрлийн эмийн асуудлыг манай төр засаг бүр хаясан. Манай хүрээлэн Монгол орны бэлчээрийн мал маллагааны технологид суурилсан, цаг улиралд нь тохирсон эмийн судалгааг хийсэн. Ингээд инноваци нэвтэрч, гарааны дөрвөн компани үүсгэн байгууллаа. Нэг нь парзитын эм, хоёр нь халдваргүй өвчний эм бэлдмэл үйлдвэрлэх, нэг нь хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөгөөний чиглэлээр ажиллаж байна.

-Эдгээр гарааны компаниуд өөрсдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны чиглэлээр дотоодын зах зээлийнхээ хэдэн хувийг хангаж чадах вэ?
-Манай хүрээлэнгээс хийсэн судалгааны ажлууд ихэнхдээ эм бэлдмэл, вакцин болж гардаг. Үйлдвэрлэлд ганц саад болж буй зүйл орон байр. Нэг өрөө тасалгаа гаргаж өгдөг. Гэвч эмийн үйлдвэр зориулалтын байр савтай байх ёстой. Үүнд гаргах хөрөнгө мөнгө манай улсад алга. Тэгэхээр үйлдвэрлэлд нэвтрүүлж хэрэглээнд гаргах асуудал хүнд байгаа юм. Үйлдвэрлээд эхлэвэл дотоодын хэрэгцээгээ хангана л даа.

-Хувийн компаниуд та бүхний судалгааны ажил, шинээр гарч буй технологиудыг хэр сонирхож байна вэ?
-Монголчуудын сэтгэлгээний нэг онцлог байдаг. Бид импортын ижил төрлийн эм бэлдмэлээс илүү үйлчилгээтэй, хямд өртөгтэй бүтээгдэхүүн гаргаж ирдэг. Сав баглаа боодлын өнгө үзэмж л тааруу. Дээр нь бүх заавар тайлбар нь монголоор бичдэг юм.  Гэтэл хэрэглэгчид гадаад хэлээр бичсэн, гоё сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг хэчнээн өндөр үнэтэй байсан ч авдаг. Хамгийн гол нь, ноорхой дээлтэй монгол хүү нь бусдаас илүү чанартай байсан ч манайхан тоодоггүй.  Манай гарааны нэг компани саяхан хувийн хэвшилтэй хамтарч ажиллах гэрээ хийсэн.
Шинжлэх ухааны мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг хувийн хэвшлийнхэн одоо л ойлгож эхлэж байна. Гэвч хууль эрх зүйн тал дээр бас өөрчлөлт хийх асуудал олон гарч ирдэг. Наад зах нь гарааны компанийн бүтээгдэхүүнийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж гурав, таван жилийн хугацаанд бойжуулна. Энэ хугацаанд нь татвараас чөлөөлөх, төрөөс дэмжих уян хатан тогтолцоо баймаар санагддаг. Гарааны компани бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нийлүүлээд эхлэнгүүт татвар авч байгаа. Тэгэхээр нөгөө компани сэргэлгүй унадаг зарчим үйлчлээд байна.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.