И.Батхүү: Багшаар ажиллах эрхийн шалгалтын дүнг ил зарлавал зарим их дээд сургуулийн хувьд ичмээр үзүүлэлт гарна
2017 оны 1 сарын 11
Б.ЦЭДЭВСҮРЭН

Өмнө нь багш мэргэжлээр их, дээд  сургууль төгссөн л бол ажлын байранд шууд гараад ажиллачихдаг боломжтой байв. Тэгвэл одоо их дээд сургуулиа төгсөөд багшаар ажиллах эрхийн шалгалтыг давах шаардлагатай болсон билээ. Энэхүү шалгалтыг хоёр жилийн өмнөөс авдаг болсон. Энэ хугацаанд найман удаагийн шалгалт явагдсан байна. Давхардсан тоогоор 23448 хүн шалгалт өгснөөс 50 гаруй хувь нь л тэнцсэн бөгөөд үлдсэн хүмүүс нь их дээд сургууль төгссөн дипломоо үнэгүйдүүлжээ гэсэн үг юм. Багшаар ажиллах эрх олгох шалгалт болоод Багшлах эрхийн шалгалтын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Цахим сургалтын албаны дарга И.Батхүүтэй ярилцлаа.

-Багшаар ажиллах эрх олгох шалгалт авсаар хоёр жил болжээ. Одоо үр дүнгийн талаар дүгнээд ярьж болох байх. Өнгөрсөн хугацаанд хэдэн хүн энэ шалгалтад хамрагдаж, хэдэн хувь нь тэнцэж багш болоод байгаа вэ?
-Одоо үед хүн бүр л хүүхдээ сайн багшийн ангид сургах, сайн багштай сургуульд оруулах хүсэлтэй болчихсон. Тиймээс сайн багш нарыг бэлтгэхийн тулд багшаар ажиллах эрхийн шалгалт авдаг болсон хэрэг. 2013 онд БШУ-ны сайдын тушаалаар батлагдсан журам гарсан. Энэ дагуу багшийн мэргэжлээр төгсөөд гурваас доторх жил ажил хийгээгүй болон энэ мэргэжлээр шинээр төгсөгчдөд ажиллах эрх олгохын тулд энэхүү шалгалтыг өнгөрсөн хугацаанд найман удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 23448 иргэн хамрагдаж, 50.2 хувь нь шалгалтад тэнцсэн байна. 2014 оны наймдугаар сараас авсан бөгөөд эхний жилдээ энэ шалгалтаа гурван удаа, дараагийн хоёр жилд хоёр, хоёр удаа зохион байгуулсан. Анх 4000 гаруй хүн шалгалтад хамрагдаж байсан ч энэ тоо багасч байгаад дахиж нэмэгдэх хандлагатай байгаа.

-Өмнө нь сургуулиа төг­сөөд аль нэг сургуульд сул орон тоон дээр багшаар ажил­лачихдаг байсан бол одоо шалгалт авдаг бол­сон нь ажиллах хүчний хан­галтыг сулруу­лаад байх шиг. Улсын хэмжээнд багш на­рын хүрэлцээ хэр байна вэ?
-Хөгжмийн багшийн хүрэлцээ муу байгаа. Энэ мэргэжлийг хичээл зүтгэлээс гадна авьяастай байж эзэмшдэг болохоор төгсөгчид цөөн. Төгсөөд гарч байгаа багш нар нь Улаан-Үдэ болон ӨМӨЗО руу ахиу цалинтай ажил хийхээр явж байна. Түүнээс бусад чиглэлийн багш нар дутагдсан зүйлгүй.

-Өнгөрсөн жил Хэнтий аймагт ажиллаж байхад сумын сургуульд мэргэжлийн шалгалтандаа өндөр үнэлгээ авсан сайн багш нар ирсэн гээд захирал нь ам сайтай байсан. Энэ шалгалт магадгүй багш нарын мэргэжлийн үнэлэмжийн нэг тодорхойлолт болж байгаа юм шиг санагдсан...
-Ямар утгаар захирал нь тэгж хэлснийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн шинэ багш мэргэжлийнхээ чиглэлийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан байж болох. Багшаар ажиллах эрх олгох шалгалтын хариу нь тэнцсэн, тэнцээгүй л гэж гардаг. Түүнээс оноог нь нээлттэй зарлаад, жагсаадаггүй.

-Алслагдсан орон нутгийн сургуульд ажиллах хүсэлтэй. Одоогоор дутагдалтай байгаа хөгж­мийн багшийн чиглэлээр шалгалт өгч буй хүмүүсийн шалгалтыг нь хөнгөлдөг журам байдаг уу?
-Байхгүй. Энэ шалгалт маань хоёр үндсэн хэсэгтэй явагддаг. Нэгдүгээр шат нь тестийн шалгалт 70 оноотой, хоёрдугаар шат болох эссэ бичлэг нь 30 оноотой. Нийлбэр дүнгээрээ 70-аас дээш оноо авсан хүнийг шалгалтад тэнцүүлдэг. Цаашдаа босго оноог нэмэхээр төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж шалгалт өгдөг. Хардаггүй, сонсдоггүй гэх мэт. Тэдгээр иргэдэд шалгалтаа өгөхөд нь тусламж болгож, материалыг нь уншиж өгөх, ойлгуулах хүнтэй хамт орохыг зөвшөөрдөг.

-Багшаар ажиллах шал­галт өгөөд тэнцсэн хүмүүс болон багш хэрэгцээтэй, сур­гууль цэцэрлэгийг хоо­ронд нь хэрхэн холбож өгдөг вэ?
-Манай Багшийн мэргэ­жил дээшлүүлэх инсти­тутын www.itpd.mn сайт ажилладаг. Энд шинээр багш шаардлагатай сургууль, цэцэрлэгийн бүртгэл байгаа. Мөн багшаар ажиллах эрх авсан хүмүүсийн нэгдсэн бүртгэл байдаг учраас тухайн ажил олгогч ажилд авах гэж байгаа хүнийхээ регистрийн дугаарыг оруулахад л эрхтэй эсэх, хугацаа нь харагддаг. Багшаар ажиллах эрх гурван жил хадгалагддаг учраас энэ хугацаанд ажилд орох шаардлагатай.

-Та дээр шалгалтад давхардсан тоогоор гээд ярьсан. Нэг удаа ороод тэнцээгүй бол дахиж хэдэн удаа орох эрхтэй байдаг юм бэ?
-Багшаар ажиллах эр­хийн шалгалтад хоёр удаа орж болно. Хэрэв хоёуланд нь тэнцээгүй бол гуравдахь удаа эрхийг нь түтгэлзүүлдэг. Ингэснээр уншаач ээ, мэдлэгээ бататгаач гэж сануулга өгч байгаа юм. Гэхдээ шалгуулагчдыг бүр харанхуй оруулахгүй гээд эссэ бичих сэдвүүдийг нь нээлттэй зарлачихсан. Тэдгээр сэдвээс л аль нэг нь сонголтоор ирнэ гэсэн үг. Тестийн шалгалтаар боловсрол судлал, сэтгэл судлал, заах аргазүйн мэдлэг, боловсролын тухай хууль эрхзүйн мэдлэгийг шалгадаг. Зургаан удаагийн шалгалт явуулсны дараа шалгалт авсан бүх тестүүдийг товхмол болгон хэвлэж тараасан. Ингэснээр иймэрхүү сэдвээр шалгалт авдаг юм шүү гэдгийг л анхааруулж, зөвлөх гээд байгаа юм. Манайд 30, 40 мянган тест боловсруулаад гарчихаад авдаг байгаач гэсэн санал ирдэг. Жолооны дүрмийн шалгалт шиг. Тэгж хийхэд хөрөнгө мөнгөнөөс эхлээд их зүйл шаардлагатай.

-Хоёр удаа шалгал­тандаа уначихсан хүн дахин шалгалт өгөөд тэнцсэн тохиолдол гарсан уу?
-Гарч байсан. Хоёр удаа шалгалт өгч унаад гуравдахь шалгалтын үеэр өнжөөд шалгалтад ороод тэнцсэн хүмүүс байгаа. Гэхдээ цөөхөн л дөө. 10 гаруй л байгаа болов уу.

-Боловсролын байгуул­лагад ажилладаг хүний хувьд багшаар ажиллах эрхийн шалгалт авдаг болсноор ямар өөрчлөлтүүд гарсныг анзаарч байгаа байх. Энэ талаар ярьж өгөөч?
-Их дээд сургуулийн сургалтын чанар сайжирч байна. Энэ шалгалтыг явуулж эхэлснээр жишээ нь математикийн багийн ангийнхан өмнө нь хаячихдаг  байсан заах арга, сэтгэл судлал, боловсрол судлалын хичээлүүдээ түлхүү оруулдаг болж. Манайхаас л нээлттэй зарлахгүй байгаа болохоос энэ шалгалтын дүнгээс их дээд сургуулиудын сургалтын чанарыг харж болохоор. Ямар сургуулийн сургалт муу байна, ямар сургуулийг төгсөгчид шалгалтандаа тэнцэхгүй байна вэ гэх мэтээр. Зарим сургуулийн хувьд ичмээр үзүүлэлт гарна.
Харин багш нарын хувьд мэдээж мэргэжлийн чадвар нь сайжирч байна. Багшаар ажиллах эрхийн шалгалтаас гадна багш нараас ажиллах хугацаанд нь нэг, гурав, тавдахь жил дээр нь багшлах эрх олгох, эрхийг нь сунгах шалгалт гэж авч байгаа.

-Багш болох гэж дөрвөн жил сурчихаад ажиллах гэж, ажиллах хугацаандаа энэ олон шалгалтыг давна гэхээр хэцүү ч юм шиг...
-Эмч, хуульч гээд бусад мэргэжлийг эзэмшсэн хүмүүс ч ажиллах эрх авдаг шүү дээ. Багш бол хариуцлагатай ажил. Тэгээд ч хүн бүхэн сайн багшийг эрэлхийлж байхад бүх багшийг сайн болгохын тулд эдгээр ажлыг хийгээд байгаа юм. Анх маш их шүүмжлэлтэй тулгарч байсан ч хоёрхон жилийн дотор хүлээн зөвшөөрөгдөөд амжилттай хэрэгжээд байна.
Хуучин багш мэргэжлээр төгсөөд ажилд орж байгаа хүмүүс эхний нэг жил ажиллаад л ажлаа хаях, өөр салбар руу орох зэрэг асуудал үүсдэг байсан л даа. Ингэх нь ч аргагүй. Нэг суруульд очоод ажилд ордог. Юу хийхээ ч мэдэхгүй, хэдэн хүүхдийнхээ ч учрыг олохгүй байхад нь нэг настай багш байнга загнаж, гоочлоод байхаар шантарчихдаг байсан хэрэг. Тэгвэл одоо багшаар ажиллах эрх аваад ажилд орсон хүнд багшлах эрх олгохын тулд сургалтанд хамруулдаг. Ажлын байран дээр нь дадлагажуулахаас гадна цахимаар болон танхимын сургалтанд хамруулдаг. Үүний дараа шалгалт авч эрхийг нь өгдөг. Энэ сургалт ажиллах хугацаанд нь тав болон аравдахь жил дээр нь дахин явагдаж, сунгагддаг. 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах эрхээ сунгуулсан багшийн эрх хязгааргүй болдог. Нийгэм маань цаг, минутаар хөгжиж, шинэчлэгдэж буй энэ үед багш нарынхаа мэдлэгийг зайлшгүй дээшлүүлэх шаардлагатай. Тиймээс эдгээр сургалтыг явуулдаг.

-Багшаар ажиллах эрхийн есдэх шалгалт одоо хэзээ явагдах вэ. Нэг удаагийн шалгалтад орох хүний лимит тогтоодог уу?
-Багшаар ажиллах эрх олгох зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлд БШУЯ, Боловсролын хүрээлэн, БҮТ, БШУ-ны ҮЭХолбоо, Монголын багш нарын холбоо, БМДИ, Улсын мэргэжлийн хяналтын газар, Төрийн өмчийн их дээд сургуулийн консорциум, Хувийн их дээд сургуулийн консорциумаас төлөөлөл ордог. Энэ зөвлөлөөс хэзээ шалгалт явуулах товыг гаргадаг. Манай байгууллага бол гүйцэтгэгч. Журмын дагуу шалгалтыг зохион байгуулдаг. Өмнөх жишгээс харахад найм болон гуравдугаар сард шалгалт явагддаг. Энэ удаа ч энэ жишгээр явах болов уу.
Нэг удаа шалгалтад орох хүний лимит гэж байдаггүй. Жилдээ 6000 гаруй багш их дээд сургууль төгсдөг. Шалгалт өгөх хүсэлтэй, бүртгүүлсэн бүх хүнээс л авахыг боддог. Сүүлийн жилүүдэд шалгалтад тэнцэгчдийн тоо нэмэгдэж байгаад бидний хувьд баяртай байна.

-Аливаа шалгалт шүүлгийн ард байнга гардаг гомдол санал шүүмж дагадаг. Тестийн шалгалтыг автоматаар дүгнэчихдэг гэсэн. Эссэ бичлэгийн шалгалтыг хэрхэн дүгнэдэг юм бэ?
-Шалгалтыг онлайнаар зохион байгуулдаг. Тестийн шалгалтын хариу шалгалт явагдаж дууссанаас 10 минутын дотор гарчихдаг. Харин эссэг дээр дурьдсан зөвлөлөөс томилогдсон хүмүүс шүүдэг. Шалгуулагчийн нэрийг нууцлаад эссэг нь хоёр хүнд уншуулдаг. Тэр хоёр хүний үнэлгээ таван онооны зөрүүтэй бол гуравдахь хүнээр уншуулаад дүн тавиулдаг. Гуравдахь хүний үнэлгээ тэр хоёр хүний аль нь ойрхон байгаатай нь оноогоор дүгнэдэг байгаа. Тиймээс шүүлтийн хувьд асуудал гарсан зүйл байхгүй.

-Багшаар ажиллах болон багшлах эрх гэдэг болсноор эцэг эхчүүд хүүхдийнх нь сургууль, цэцэрлэг дээр багахан эвгүй асуудал гаргахад л тухайн багшийн эрхтэй ярина гэдэг болж. Өнгөрсөн хугацаанд эрхээ хасуулсан багш хэр олон байгаа вэ?
-Эрхээ хасуулсан багш гараагүй. Эрхийг нь хасах журам бий. Тэр журмын дагуу шийдвэрлэгдсэн нэг ч асуудал байхгүй. Эцэг эхчүүд гомдол гаргадаг. Гэхдээ багшийн буруутайг баримтаар нотолж байж эрх хасах асуудал яригддаг. Говийн нэг аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодсон хэрэг гарсан. Баримт ч байсан. Гэвч тэр хэргийг хийсэн хүн туслах багш байсан. Туслах багшид эрх олгодоггүй л дээ.

-Багшаар ажиллах эрх олгох найман удаагийн шалгалтын үеэр хамгийн их гарч байсан санал гомдол юу байсан бэ?
-Шалгалтын төлбөр өндөр байна гэсэн санал гомдол байнга ирдэг. Гэхдээ бидний хувьд шийдвэр гаргах түвшнийх биш учраас шийдвэрлэж чадаагүй. Одоо шалгалтын хураамж маань 35 мянган төгрөг. Өнгөрсөн хугацаанд харж байхад шалгуулагчид маань мэдээлэл технологийн мэдлэгээ сайжруулах, шалгалтын хуваариа эрт харж, мэдэх, шалгалтын цагаа барихыг л сануулж байна. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.