Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аквариумдаа крантны усыг хэрхэн зөв хэрэглэж сурах вэ?


Усанд байгаа амьтны гаралтай органик бодис, нян, вирүсыг халдваргүйжүүлэх бодисоор болон физикийн бусад аргуудаар устгахыг усыг халдваргүйжүүлэх арга гэдэг байна. Хүн амын төвлөрсөн усан хангамжийн сүлжээний усыг хлоржуулах, озонжуулах, ионжуулах, туяагаар шарах зэрэг тусгай төхөөрөмж ашиглан халдваргүйжүүлдэг.

Усыг халдваргүйжүүлэхэд хлор агуулсан бодисуудыг ашигладаг бөгөөд хлор нь усан дахь нян, вирүс, органик бодисыг задалж устгах үйлчилгээтэй байдаг. Усны бохирдолтын зэргээс шалтгаалан түүнд шаардагдах хлорын хэмжээ эх үүсвэр тус бүрт харилцан адилгүй байна.

Хлор нь усанд урвалд орж задрал явагдсанаар гипохлоридын ион, хүчилтөрөгчийн ионд шилжин бичил биетний эсийн хальсыг нэвчин орж нянг устгаснаар халдваргүйжүүлэлт явагдана. Мэдээж хлорын хэмжээ стандартад заагдсан хэмжээнээс их байвал хортой. Бидний өдөр тутмын хэрэглэдэг крантны усыг буцалгаад уухад ямар ч хортой нөлөөгүй. Яагаад сүүлийн үед шүүлтүүрийг хэрэглэж байна вэ гэхээр хлоржуулалтаас илүү зэвний асуудал юм.

1.      Хлор арилгагч гэж юу вэ?

Орон сууцанд амьдарч буй бидний хэрэглэж байгаа крантны ус хлороор ариутгагдсан, хлорын уусмалтай гардаг ба энэхүү крантны уснаас хлорыг арилгадаг бэлдмэлийг хлор арилгагч гэж нэрлэнэ. Энэхүү хлор болон хлорамин нь аквариумын загасанд болон биологийн орчин үүссэн усны шүүлтүүрэнд тань хортой бодис юм.  Хлор арилгагч нь хамгийн энгийн ус ариутгагч бодис юм. Хлор арилгагч нь ус ариутгагч боловч, бүгд ус ариутгагч нь хлор арилгагч биш гэдгийг санаж байх хэрэгтэй.




2.      Яагаад хлор арилгагч хэрэгтэй вэ?

Бүгдээрээ биш юм гэхэд ихэнхи нийтийн хэрэгцээний крантны ус нь хлор болон хлораминаар ариутгагдсан байдаг. Мөн худгийн усны ёнксыг ч хлороор ариутгадаг. Энэхүү химийн бодис нь усанд орсон аюултай нян, өвчин тээгч бичилт биет, бактер болон өвчин халдаагчыг алж, устгаж байдаг. Хлор болон хлораминаар усыг ариутгахдаа тунгийн хэмжээг хүн, мал (нохой, муур, морь гэх мэт...), болон тасалгааны ургамалд хоргүйгээр хэмжээг тааруулж хэрэглэдэг. Гэвч энэхүү тунгийн хэмжээ нь аквариумын биологийн орчинг устгахуйц өндөр хэмжээгээр агуулагдсан байдаг. Аквариумын биологийн орчинд өөрчлөлт орж, ашигтай бактерийн тоо багассанаас болж хортой аммони бодис маш түргэн нэмэгдэж, улмаар загасыг үхэлд хүргэх шалтгаан нь болдог. Ийм шалтгаантай учраас аквариумдаа крантнаас ус нэмэхээс өмнө хлорыг нь арилгаж байх шаардлагатай.

3.      Хлор арилгагч нь ямар үнэтэй вэ?

Хлор арилгагч нь маш хямдхан зарагддаг. Хамгийн хямд хлор арилгагч 500 төгрөгний үнэтэй. 500 төгрөгөөр 200л усыг хлоргүй болгож болно.

4.      Хлор арилгагч хаанаас авах вэ?

Загасны дэлгүүрүүдээс хлор арилгагч худалдан авч болно. Зарим дэлгүүрт хэд хэдэн янзаараа байгаа, жишээ нь: стресс арилгагчтай, хайрсны гадаргууны хамгаалалттай, зуун настын шүүстэй, витамин Е -тэй, гэх мэт. Миний туршлагаар бол хамгийн энгийн хлор арилгагч л байхад болно. Бусад нь бол хэрэггүй зардал үүсгэнэ.

5.      Хлор арилгагчаа яаж хэрэглэх вэ?

Хлор арилгагч бүр заавартайгаа байгаа. Миний санал болгож буй энэ хлор арилгагч нь дотроо 20 ширхэгтэй, 1 ширхэг нь 10л усыг хлоргүй болгоно. Өөр чанартай хлор арилгагч нь 8л усанд 1 дуслаар хийх, зарим нь ойролцоогоор 38л усанд цайны халбагаар 1 эсвэл хагасаар хийх гэх мэт заавартайгаа байдаг. Анхааруулахад, шинэ аквариумыг усаар дүүргэж байгаагаас бусад нөхцөлд зөвхөн аквариумдаа нэмэх гэж байгаа шинэ усандаа энэ хлор арилгагч хэрэглэнэ.

Хлор арилгагч нь маш түргэн үйлчилдэг. Ихэнхи хлор арилгагч крантнаас тосч авсан хувинтай хлорын уусмалтай усыг 1-2 минутын дотор хлоргүй болгоно. Хэрэв хуурай бэлдмэл хэрэглэж байгаа бол уусч дуусахыг нь хүлүүгээд, ууссаны дараа хутгаарай, тэгээд хлоргүй болсон усаа хэрэглэж болно. Хлораминыг 5 минутын дотор ариутгана. Тиймээс танай крантны усанд хлорамин байдаг бол хлор арилгагчаа усандаа хийгээд 5-10 минут хүлээх хэрэгтэй.

Хлор арилгагчаа хэрэглэхээсээ өмнө зааврыг нь заавал уншаарай. Худалдан авсан газраасаа яаж хэрэглэх тухай сайтар асууж лавлаарай. Заавар дээр хлор арилгагч нь хэр хурдан үйлчлэх тухай бичсэн заавар байх ёстой.

Жич: Улаабаатар хотын нөхцөлд крантны халуун ус маш их зэвтэй гардаг. Зэвтэй усыг аквариумдаа хийхгүй байх үүднээс хүйтэн ус тосч аваад буцалсан халуун ус нэмж бүлээсгээд хлор арилгагчаа усандаа хийж байвал зүгээр.

6.      Хлор арилгагч хэрэглэсэнээр ямар асуудал үүсч болох вэ?

Энэ бэлдмэлийн гол үүрэг бол хлорыг эсвэл хлораминыг, эсвэл хлор болон хлораминыг хамтад нь уснаас алга болгох зориулалттай. Угтаа бол хлор арилгагч нь усны химийн найрлагад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Таны хэрэглэж буй хлор арилгагч хлор арилгахаас гадна өөр янз бүрийн үйлчилгээтэй, нэмэлт зориулалтай байх тусмаа янз бүрийн мэдэхгүй асуудал гаргах магадлал өндөр байна. Өндөр үнэтэй олон төрлийн зориулалттай хлор арилгагчаас үүдэн гардаг асуудлуудын нэг бол удаан хугацаагаар хэрэглэсний эцэст тэдгээр нэмэлт бодисууд нэмэгдэн, хуралдсаар аюултай түвшинд хүрэх тохиолдол байдаг. Ялангуяа бага хэмжээтэй жижиг аквариумуудад эсвэл хүчин чадал муутай, хангалтгүй филтерийн системтэй аквариумд ийм асуудал үүсэх тохиолдол элбэг байдаг (бусад загасны эм, давс, гэх мэт бүх зүйлд хамааралтай). Үүнээс сэргийлэх гол арга бол том аквариумтай болох, усны филтерээ сайжруулах, эсвэл ердөө л хамгийн энгийн хлор арилгагч хэрэглэх нь зүйтэй.

Жич: Аль болох томхон аквариум сонгох хэрэгтэй. Банктай филтер, өндөр хүчин чадалтай филтерийг сонгох хэрэгтэй. Филтер хэзээ ч томдоно гэж байдаггүй.
 

7.      Хлор арилгагч хэрэглэхдээ юуг анхаарах ёстой вэ?

Бүгд хлор арилгагч нь хлорыг арилгана, зарим нь хлораминыг арилгадаггүй. Хэрвээ танай крантны ус хлораминаар ариутгагддаг, хлорамины уусмалтай бол хлораминыг давхар арилгадаг хлор арилгагчыг олж авах нь зүйтэй. Худалдан авахаасаа өмнө тайлбарыг нь сайн уншиж аваарай.
 

8.      Зүгээр л усаа хонуулаад хэрэглэж болохгүй юм уу?

Хлор нь маш ууршимтхай бодис юм, тиймээс тосч тависан уснаас маш түргэн ууршаад алга болно. Хэрвээ танай крантны ус зөвхөн хлорын уусмалаар ариутгагддаг бол усаа тосч аваад хонуулаад хэрэглэх нь аюулгүй гэсэн үг. Мөн хлорын ууршилтыг түргэсгэхийн тулд чулуун хошуутай агааржуулагчаар агааржуулж болдог байна. Усны гадаргын хөдөлгөөнийг нэмэгдүүлсэнээр хлорын ууршилтыг түргэсгэж байгаа нь энэ юм.

Гэвч хлорамин нь ууршимтхай бодис биш учраас ууршилт нь маш удаан явагддаг. Зарим газар крантны усыг хлораминаар ариутгадаг, тийм учраас хлор болон хлорамин арилгагчыг хэрэглэж байх нь зүйтэй юм. Мөн хлор арилгагч хэрэглэсэнээр усаа хонохыг хүлээлгүйгээр хэрэглэж болох давуу талтай юм.


9.      Нэмэлт Мэдээлэл

Нийтийн хэрэглээний усыг яагаад хлораминаар ариутгадаг вэ гэхээр хлор нь маш түргэн ууршдаг учраас тогтворгүй байдаг ба хлорамин нь ууршимтхай бодис биш учраас тогтвортой байдаг ба хлороос маш удаан үйлчилгээтэй учраас одоогоор хөгжилтэй орнуудын ихэнхи нь хлораминаар усыг ариутгадаг болжээ. Тиймээс ундныхаа усыг цэвэршүүлсэн ус худалдан авч хэрэглэдэг. Гэхдээ хэрэглэж байгаа тунгийн хэмжээ нь хүний эрүүл ахуйд хоргүй хэмжээнд байлгадаг байна.

Хлорамины тухай бичсэн мэдээлэлүүд дээр усыг буцалгах болон 24 цагаас дээш таггүй саванд байлгахад хлор арилна, харин хлорамин нь арилдаггүй гэж бичсэн байна. Зарим мэдээлэлүүдэд бичсэнээр хэд хэдэн долоо хоног болж байж хлорамин нь бүрэн ууршдаг юм гэнэ. Хлораминыг бүрэн арилгах нэг арга бол дунд зэргийн гал дээр хамгийн багадаа 20 минут усаа буцалгахад хлор болон хлорамин бүрэн арилах юм байна. Дөнгөж буцалгаад авахад хлорамины 30% нь арилсан байх болно гэнэ.

Хлор болон хлораминыг бүрэн арилгах дараагийн арга бол "activated carbon" филтерийг ашиглаж болох юм байна. Хамгийн найдвартай нь "Catalytic Activated Carbon" филтер гэдэг нь юм байна. Гэхдээ ус энэ нүүрстэй филтер дундуур хэр удаан урсана, төдий чинээ хлор болон хлораминыг өндөр хувиар шүүж чадах юм байна.

Мөн хлораминыг арилгаж болох өөр аргуудын нэг бол Витамин С -г хлорамин арилгагч болгон хэрэглэх юм. Мэргэжилтэнгүүдийн хэлснээр жирийн угаалтуурын өрөөний банн дотор дүүргэж тависан усанд 1000 миллиграмм (1гр) нунтаг аскорбины хүчил буюу Витамин С -г уусгаж хлор болон хлораминыг арилгаж болно гэжээ. Хэрэв нунтаглаагүй бол үйлчилгээ нь муу явагдана гэжээ. Дараагийн арга бол өмнөх аскорбины хүчилээр хлор, хлорамин арилгах арга дээр үндэслэн хальснаас гаргасан нэг зүсэм оранж жимсийг 4л усанд хийгээд 30 минут болоход хлор болон хлорамин арилах юм байна. Тэгэхээр хамгийн найдвартай хлор, хлораминыг зэрэг арилгах арга бол аскорбины хүчил буюу Витамин С -г 4л усанд 0.1гр -аар урьдчилан сэргийлэх үүднээс хэрэглэж заншвал зүгээр юм байна.

Усны физикийн үзүүлэлт:
- Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартаар (MNS 900:2005) ундны усны pH 6.5-8.5 байх ёстой хэмээн заасан байдаг.

Усны химийн үзүүлэлт: - Аймаг нийслэлийн төвүүдийн төвлөрсөн ус хангамжийн усны дундаж хатуулгын түвшингээр маш зөөлөн устай аймаг 1, /Булган/ зөөлөн устай аймаг 9, /Баянөлгий, Баянхонгор, Дорнот, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Архангай, Улаанбаатар/ хатуувтар устай аймаг 9, /Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Увс, Төв, Сэлэнгэ/ хатуу устай ангилалд /Өмнөговь, Сүхбаатар/ тус тус хамаарч байна. (2012 оны байдлаар)

Хлор:
Хлорын ионууд ахуйн стандартад зааснаар 350.0 мг/л-с ихгүй байх ёстой. Эрүүл ахуйн талаас хлорын агуулгын зөвхөн дээд хязгаарыг эрүүл мэндэд нөлөөтэй гэж үздэг.

Улаанбаатарт байгаа ус дамжуулах шугам хоолой 500 км үргэлжилдэг ч үүний 200 гаруй км нь 40-50 жил ашиглагджээ. Тиймээс дотроосоо ихээхэн зэвэрч идэгдсэн байдаг нь ус тасарчихаад эргээд ирэх үед илт мэдрэгддэг. Ийм л зэвтэй хоолойгоор дамжсан ус хэрэглэж байгаа учраас цоргоноос авсан усаа шууд ууж хэрэглэхийг хориглодог. Нөгөөтэйгүүр, зарим үед хоолойн бохирдлыг цэвэрлэх, чанарыг сайжруулах үүднээс хлор хийдэг гэнэ. Гэхдээ энэ нь ердөө 0.3 мг байдаг учраас цоргоор авсан хлортой усаа хэсэг хугацаанд таглаагүй саванд хийж байлгахад хлор нь ууршаад, амт нь гарчихдаг аж.

Гадаадад химийн бодис, техникийн зориулалттай шингэн хадгалж байсан савыг нийслэлчүүд ундны ус зөөх, хадгалахад ашиглах нь элбэг. Гэтэл үнэн хэрэгтээ өөрөөсөө химийн бодис ялгаруулж байдаг эдгээр сав таны ундны усны чанарыг муутгах анхдагч зүйл болж буй. Үүний оронд ган төмөр, хөнгөн цагаан, цайраар хийсэн бидон ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөсөн.  Мөн “P5” тэмдэглэгээтэй буюу хүнсний зориулалттай хуванцар сав авч усаа зөөх, хадгалахыг зөвлөж байна.

Крантны усаа тосч аваад, агааржуулаад 48 цаг болоход тосч авсан усны pH хамгийн тогтмол болсон байдаг юм байна. Тэгээд аквариумдаа нэмж байвал pH -ын огцом өөрчлөлт гарахгүй, хамгийн найдвартай байдаг байна.

Эцэст нь нэмж хэлэхэд хлор арилгагч хэрэглэх нь амархан, хямд, хурдан, тэгээд ч загаснуудын чинь амийг аварна гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй!

Д.Эрхэмчухал © Зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглов.

2013-12-14 Aqua-Plant Group Mongolia
Эх сурвалж: https://www.facebook.com/notes/%D0%B0%D0%BA%D0%B2%D0%B0%D1%80%D0%B8%D1%83%D0%BC%D1%8B%D0%BD-%D0%B7%D0%B0%D0%B3%D0%B0%D1%81/%D0%B0%D0%BA%D0%B2%D0%B0%D1%80%D0%B8%D1%83%D0%BC%D0%B4%D0%B0%D0%B0-%D0%BA%D1%80%D0%B0%D0%BD%D1%82%D0%BD%D1%8B-%D1%83%D1%81%D1%8B%D0%B3-%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD-%D0%B7%D3%A9%D0%B2-%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D0%BB%D1%8D%D0%B6-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D1%85-%D0%B2%D1%8D/281327118700072

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан