Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ЭЛБЭГДОРЖ: Намайг хамгийн санаачилгатай Ерөнхийлөгч гэж НҮБ-аас шагнасан


-Утааны асуудал үргэлж миний сэтгэл
зүрхэнд байсан-



Б.ШИРНЭН


Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 10-ны өдөр Төрийн ордонд болж, “Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Ингэснээр Засгийн газар, УИХ “онцгой” нөхцөлд ажиллах шаардлагатай болдог бөгөөд гамшгийн бүс тогтоож нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх эрхзүйн орчинг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцүүлэх шаардлагатай болж байгаа юм. Засгийн газар мөн адил агаарын бохирдлыг бууруулах ямар ажил хийх вэ, гэдгээ нарийн төлөвлөн заалт бүрийг хариуцах эзэнтэй байхаар боловсруулж, УИХ-д өргөн барих ёстой болж байна. Хуулийн төсөл холбогдох хөтөлбөрийг ирэх сарын 20-ны өдрийн дотор хийж дуусгасан байх ёстой гэх зөвлөмж гаргаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гарын үсэг зурсан юм.

Харин ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, утааны асуудлаар ярилцлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав нар оролцсон юм.

-ҮАБЗ хуралдаж, зөвлөмж гаргасан. Зөвлөмж гаргаснаар агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээнд ямар өөрчлөлт орох вэ?
-ҮАБЗ-ийн шийдвэр нь зөвлөмж байдлаар гардаг. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд тамгаа дарж, гарын үсгээ зурсан. Тиймээс зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй болж байгаа юм.
Үндсэн хуульд байдаг хамгийн гол эрх бол Монгол Улсын иргэн амьд явах эрх. Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн байдаг. Харин Улаанбаатар хот орчимд амьдарна гэдэг аюултай орчин болчихож байгаа юм. Тиймээс хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ байдлыг гамшиг, аюул гэхгүй юм бол өөр юуг аюул гэх юм бэ. Тэгээд үүнд төрийн бүх байгууллага үйл ажиллагаагаа нийцүүлэхгүй юм бол өөр юунд нийцүүлэх ёстой гэж. Утааны гэдэг бүхэл бүтэн үе бий болж байна.

-Яагаад утааны асууд­лыг ийм хожуу ярьж байгаа вэ?
-2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод Улаанбаатарт хүн амьдрахад аюултай боллоо гэдгийг Ерөнхийлөгчийн хувьд анх удаа хэлж байсан. Энэ асуудлыг хүмүүсийн анхаарлын төвд оруулна гэдэг ийм л урт хугацаа байна.

Бид агаар жаахан сийрэгжээд, салхилаад эхлэхээр утааг шууд мартдаг. Цагаан сар тэмдэглээд дулаараад эхлэхээр л мартдаг. Гэтэл УИХ, Засгийн газрыг шахаж байж 2010 онд Агаарын бохирдлын төлбөрийн хууль гаргаж байсан. Энэ асуудлыг НҮБ-ын Байгаль орчны асуудлаарх зөвлөгөөн дээр очиж, Монголын энэ асуудлыг ярьж байсан. Давосын жил бүрийн чуулган дээр ярьж байсан. 2011 онд НҮБ-ын Байгаль орчны шагналаар шагнаж байсан. Дэлхийн агаарын бохирдлын асуудлаар хамгийн их санаачилга гаргасан Ерөнхийлөгч гэж. Ингэж явж байж бүс нутгийн, үндэсний хэмжээнд агаарын бохирдлыг хүмүүсийн анхааралд оруулах гэж зүтгэсэн.Бүр болохоо байгаад 2011 онд ҮАБЗ-ийг анх удаа зөвхөн нийлэлийн агаарын бохирдлын асуудлаар хуралдуулсан. Тэгэхэд агаарын бохирдол гээд сүржигнээд байх зүйл байгаа юм уу, Дэнжийн-100, Зурагт, Баянхошуу гэсэн хэсэг газар л утаа байна. Бусад газар гайгүй л байна гэсэн хандлагатай байна. Хэвлэл мэдээллийнхэн хүртэл тоож бичдэггүй байсан. Утааны тухай асуудал тухайн үед байгаагүй.
2010, 2011 онд та нар дотроос нь утаагаа харж чадахгүй бол дээрээс нь хар гээд нисдэг тэрэг гаргаад хэвлэл мэдээллийнхэнд харуулж байсан. Тэгээд Цэвэр агаар гэдэг сан байгуулъя гээд л ажилласан. Ер нь, одоо бид сэрж байгаа юм биш утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж хэлж байсан.

-Таны шагнал авсныг мартсан байж болно. Гэхдээ Цэвэр агаар сан нэрээр халаасаа зузаатгасан хэргийг хэвлэлийнхэн мартаагүй байгаа. Та бол бүх шатны удирдах байгууллагад ажиллаж байсан хүн. 2009 оноос агаарын бохирдлыг бууруулах талаар ярьж эхэлсэн гэж байгаа. Тухайн үедээ ч Улаанбаатарт амьдрах боломжгүй гэж хэлсэн гэж байна. Гэтэл яагаад ийм олон жилийн дараа ҮАБЗ-өөр ярилцаж байгаа юм. Зөвлөмжийг харахад өмнө нь хийчихэж болохоор л зүйлс харагдаж байна.
-Нэг шийдвэр гаргаад шийдчихдэг байсан бол утааны асуудал өмнө нь шийдэгдэх л байсан. Хүндрэл гэдэг ийм л байдаг. Утааны асуудлаа шийдэхэд дахиад шийдэх хэрэгтэй асуудал гарч ирнэ. “Ийм зүйл хийсэн...” гээд өөрийгөө магтсан зүйл ярьсан бол уучлаарай. Хэдүүлээ утаан дээр улстөржилгүй, үндэсний эвлэрэл бий болгоод ажиллая.
ҮАБЗ агаарын бохирдлоор таван удаа хуралдсан байдаг. 2010 оноос хойш 13 удаа зөвлөмж, шийдвэр, тэмдэглэл гаргасан. Хэрэгжилт нь хаана байна гэж хэлнэ л дээ. Гэхдээ ҮАБЗ ингэж ажиллаж, бүх байгууллага санаа тавиад байх юм бол үр дүн гарна. Түүнээс ингээд яриад эхлэнгүүт өргөс авах мэт асуудал арилахгүй. Цаашдаа утааны асуудлаар гурван сар тутамд нэг удаа ҮАБЗ-өөр ярьдаг болъё гэж байгаа. Энэ жишгийг би эхлүүлье гэж байгаа. Мөн хавар, намрын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар утааны асуудлыг заавал ярьдаг болж болно. Ээлжит бус чуулган хийж, зөвхөн утааны асуудлаар ярина гээд тогтчихсон байгаа. Засгийн газар мөн зөвхөн утааны асуудлаар тусгайлж, хуралдана.
Би УИХ-д ард түмний төлөө сэтгэл зүтгэлтэй олон хүн сонгогдсон гэж бодож байна. Би энэ УИХ-ын бүрэлдэхүүнд маш их итгэж байгаа. Тэдэнд сэтгэл байгаа. Зориг байгаа. Шийдвэр гаргахгүй бол эрх мэдэл байгаад яах юм. Шийдвэр гаргахгүй бол албан тушаал байгаад яах юм, гэж бодож ажиллах ёстой.

-Энэ олон зөвлөмж, хуу­лийн хэрэгжилтийн ха­риуц­лагын асуудлыг яах вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөл оруулж байхад хариуцлагын хэсгийг нь бууруулаад, хасчихсан. Агаарын бохирдлын асуудал дээр ахиц дэвшил гаргаж чадаагүй бол Засгийн газар, Улаанбаатар хотын дарга, Дүүргийн Засаг дарга нар огцордог байсан бол байдал өөр байх байсан. Хэрвээ, хариуцлага тооцдог байсан бол ахиц гарах байсан. Манай хэвлэлийнхэн УИХ, орон нутгийн сонгуулийн XI сард хийдэг байсан бол утааны асуудал буурах байсан гэж байна. Би үүнийг үнэн гэж бодож байгаа.
Тэгвэл одоо авах гэж байгаа арга хэмжээ, хуульд хариуцлагын заалт байхгүй байх юм бол үүнийг ухралт гэж үзээрэй. Зарим намын мөрийн хөтөлбөрт албан тушаалын гэмт хэрэгт орооцолдвол, төрийн алба хаах хугацааг нь хасна гэсэн хэрнээ түүнээс бултдаг хандалага ажиглагдаж байсан. Ийм маягаар хариуцлагаас зугтдаг юм шүү.
Надад ерөөсөө ганцхан л онцлог байгаа. Би улстөрчийн хувьд өөрийгөө улстөрч хүний хийх дургүй зүйлийг хийх гэж зүтгэдэг гэж боддог. Хариуцлага, ёс зүй шаардах гэж зүтгэдэг, хууль шаардах гэж зүтгэдэг. Тэгэхээр хийх дургүй зүйлээ энэ хуульд оруулах шаардлагатай. Хэрвээ, хариуцлагын заалт оруулахгүй юм бол ямар ч онц байдал тогтоосон, гамшгийн бүс зарласан нэмэргүй. Тэгэхээр хариуцлагын асуудлыг албан тушаалтнуудын урд тавих ёстой шүү. Алдарт хариуцлагын хуулийг УИХ-д оруулах шаардлагатай. Монголын нийтлэг гамшиг хариуцлагын тогтолцоогүйгээс л болж байгаа. Тиймээс Засгийн газрын хөтөлбөрт хариуцлага маш тодорхой орж ирэх ёстой. 
   
-Улаанбаатарыг гамш­гийн бүс гээд зарлачихлаа?
-Улаанбаатар утааны тахлын голомт болсон. Хөрс нь бохирдсон, түүгээр дамжаад ус бохирдсон. Цаашид бүтээн байгуулалт хийх боломж байхгүй гэдгийг ойлгомоор байна. Эрүүл амьдрах аргагүй газар болсон. Нэг үгээр хэлбэл, үр ашиггүй хот. Хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй, ирээдүйгүй хот болчихсон. Үр дүн гарахгүй. Энэ агаарын исэл их, бага тэнгэрийн аманд очиж байгаа. Бүгд л хордож байгаа. Нарийн харагдахгүй агаарын исэл зун ч хадгалагдаж байна. Улаанбаатарын уушиг буюу байгаль нь өөрөө энэ утааг дийлэхээ больсон. Үүгээр дамжуулж төрийн байгууллагуудыг цочроох ёстой.
Ер нь, утааны гамшгаас том зүйл бол сэтгэлгээний бохирдол болчихсон. Бид бүтээдэг талыг урамшуулахаа больчихсон. Тэр дархлааны эсээ бид устгаад дуусчихсан. Бүх талаа мохоодог үндэстэн биш, бие биеэ дэмждэг үндэс­тэн болох хэрэгтэй байна.

-Дахин сан байгуулах асуудал ярьж байна. Энэ нь цахилгаан халаагуур, шөнийн тоолуур зэргийг хөнгөлөх боломжтой гэх мэт. Сан байгуулах асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Цэвэр агаар сан гэж өмнө нь байсан. Цэвэр төсвийн хөрөнгөөр явах хэцүү байдаг тул сангууд байдаг. Тиймээс жишээ нь, Улаанбаатар руу орж ирж байгаа түүхий нүүрснээс татвар авдаг болно гэвэл татварын мөнгийг нь сан руу оруулах боломжтой. Мөн агаар бохирдуулагч утаа гаргадаг зүйлсийн татвар, гадаад дотоодын хандив мөнгөө бүгдийг “сан”-д нэгтгэх нь зөв.
Үүний хажуугаар хяналт бий болгох нь зөв. Хамгийн муухай хэрүүл мөнгө л тойрч явдаг. Тэгэхээр нэг “сан”-д хяналт тавиад, зарцуулалтыг нь ил болговол, ийм хэрүүл гарахгүй.

-Хэдийгээр маш олон санал, санаачилга байгаа ч яг хэзээ үр дүнгээ өгч эхлэх бол гэсэн хүлээлт бий. Танд ямар төсөөлөл байгаа вэ?
-Манай хойд хөрш хийн нөөцтэй, урд хөрш дэлхийн хамгийн том хэрэглэгч. Энэ байдлаас үүдэн Монголоор дамжуулаад хийн хоолойн шугам тавья гэдэг ч юм уу, асуудлуудаа бид байнга ярьж явдаг. Ийм зүйл хэлэхнгүүт, хий орж ирэх гэж байгаа юм байна, гээд яриад эхэлдэг.
Тэгээд л нөгөө Улаанбаатар руугаа шавсан хэвээрээ байна. Утаа харахад ийш, тийш яваад байх шаардлагагүй, нүдээ нээхэд л харагдана. Тиймээс нэг том шийдэл гарах гэж байна, шийдэх гэж байна гээд байлгүй, бүгд хамтдаа л зүтгэх хэрэгтэй. Тэгвэл үр дүн гарна гэж бодож байна. Ер нь, утааны асуудал шийдэгдсэн ч хөрс, усны бохирдол бий. Энэ нь дахиад 30-60 жилийн нөхөн сэргээлтийн ажил болно. Тиймээс битгий тайвшир.

0 Сэтгэгдэл
NUB-iin shagnal yamar uchirtaig medehgui yum ooroo l NUB-d suuh geed l zamaa zasaad ard tumnee zolioslood yavsan yum bish uu
ЧАЛЧИГДОРЖ ОО ЗАЙЛ АА
Shal hudlaa shouchin gar.Mongolchuudiig hudlaa hoshgiruulj turd sandailaad, huviin ush honzobgoo hangalttai avch,dur zorgooroo l shoudlaa.Mongol ulsad heregrei yum unendee hiisengui.
НҮБ-ээр биш ард түмнээрээ үнэлүүлэх ёстой шүү
Ерөнхийлөгч угийн ухаан муу дээр мэдрэлийн өвчтэй болчихсон байна ш дээ. Ийм хүнээр улс орноо удирдуулахаар уруудахаас өөр яахав дээ үтэр түргэн огцруулвал монголд улсад ашигтай эрүүл хүн ингэж юм болгон дээр бусдыг буруутгаж өөрийгөө магтхуу.
Торгоны зам тойроод явчихлаа.. АСЕМ-ын дурсамж "харь гаригийн амьтан" шиг нэг хөшөө болон үлдлээ.. Хоёр хөршийн дунд тэнгисийн дундах өнчин арал шиг л байна Яах вэ..Ерөнхийлөгчөө..
ёстой ичих булчирхайгүй болчихсо гар шүү, одооноос хэдүүлээ хариуцлагатай байя гээд байсан, энэ болтол тэгвэл хариуцлагагүй явж ирсэн болж таарах нь ээ, дааганаас болдоггүй дарвагараас болдог гэдэг байх аа
En xynii ygend itgedeg sonsdog mongol xyn baixgyi bilson met. Yag l yaridag mori met xyleej avdag bolj. Ovoo bosgoogyi bol...
Магадгүй, гэхдээ л Та Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаггүй, зөвхөн хувиа л боддог хүн. Та хичээл чармайлтын оролцоотойгоор Монголын эдийн засаг "сэргэн мандаж. монголчууд сайхан амьдарч байна".
maniigaa hoshgoruulaad baidgiim gej bodson chini delhiig hoshgoruulaal yavjiidiin bna odoo bolnoo tani ygend bygd itgehee bolison
Хамгийн их уншсан