Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэвтрийн өвчтөний тээврийн зардлыг 98 хувиар хөнгөллөө

Б.МЯГМАРЖАВ

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-д яаралтай түргэн тусламжийн машинд нэгэн танхай залуу зам тавьж өгөөгүйгээс нэг хүний амь эрсэдсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл манай улсад яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаа вэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа осол гэмтэлд өртсөн тохиолдолд “Алтан цаг” буюу эхний нэг цагт анхны тусламжийг шуурхай үзүүлж чадвал нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг хоёр дахин бууруулж чадна гэж үздэг байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ тухай “Нийслэлд нисдэг тэргээр түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг болохоор бэлтгэл ажлаа хангаад бараг дуусч байна. ГССҮТ, Сэлбэ гол дагуу болон Улсын төв гуравдугаар эмнэлэг гэсэн гурван цэгт нисдэг тэрэг буулгахаар болсон. Одоо засвар шинэчлэлийн ажил явагдаж байна. Мөн Яаралтай тусламжийн чиглэлээр  хийсэн томоохон ажил бол Зам тээврийн сайдын тушаал гарсан. Хэвтрийн өвчтэй хүнийг тээвэрлэх зардлын 98 хувийг хөнгөлөхөөр болсон. Ингэснээр Баян-Өлгий аймгаас 350 мянган төгрөгөөр зорчдог байсан бол түүний хоёр хувь буюу тухайн иргэн 7000 төгрөгийг онгоцны зардалд өгнө гэсэн үг. Өмнө нь нэг хэвтрийн өвчтөнөөс гурван хүний зардлын мөнгө авдаг байсан юм билээ. Дээр нь ар гэрийнх нь хүн явдаг. Ер нь, гэр бүлийн нэг гишүүн хүндээр өвчлөхөд тухайн гэр бүл эм тарианаас эхлүүлээд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг.  Тиймээс Засгийн газраас эрүүл мэндээсээ болоод санхүүгийн хямралд өртөөд байгаа айл өрхийн төсөвт бага ч гэсэн нэмэр болохоор кабинетын зарчмаар ажиллаж байгааг харуулж буй хэрэг” хэмээн ярьсан юм.

Мөн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг болсон. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн эмнэлгийн тусламж үзүүлжээ. Түүнчлэн зөвлөлгөөний үеэр  иргэдэд яаралтай тусламж үзүүлэхэд нийслэлийн хувьд хүн ам нэмэгдсэн, шинээр хороод байгуулагдаж байгаа, хаягжилт, гэрэлтүүлэг муу болон  замын түгжрэл, жолооч нарын замын хөдөлгөөний соёл хангалтгүй байгаа нь сөргөөр нөлөөлж буйг хэлсэн. Мөн иргэдийн хувьд хугацаа алдаж дуудлага өгдөг, эрүүл мэндийн боловсрол дутмаг зэрэг хүндрэл бэрхшээлүүд гардаг байна.

Энэ тухай хэлэлцэхээр Эрүүл мэндийн яамнаас “Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн шинэчлэл, манлайлал ба хариуцлага” үндэсний IV зөвлөлгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөлгөөнд 21 аймаг, нийслэлийн яаралтай түргэн тусламжийнхан оролцлоо. Тус уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм.


С.Батцэцэг: Бүх суманд түргэн тусламж машинаар хүрдэг болсон

/Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга/

-Танай аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ хэрхэн хүрч байна вэ. Түргэн тусламж  цагтаа хүрч чадаж байна уу?
-Манай аймгийн нутаг дэвсгэрээр Евро Азийг холбосон төмөр зам мөн Мянганы босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдгөөрөө онцлог. Уул уурхайн олон компани үйл ажиллагаа явуулдаг. Иймээс эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ чухал байдаг. Аймгийн хэмжээнд хоёр нэгдсэн эмнэлэг, таван өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг 12, сум дундын нэг эмнэлэг 66 мянга гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байдаг. Үүнээс гадна явуулын хүмүүс олонтой. Зөвхөн Замын-Үүдэд 5-8 мянган иргэн бий. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 375 дугаар тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллага дээр яаралтай тусламжийг стандартын дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулсан. Ингэснээр 2013 оныг 2016 онтой харьцуулахад эмнэлгэгт ирээд нас барах нь 13-19.3 хувиар буурсан.  Эмнэлгийн нас баралт эрүүл мэндийн салбарын яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангадаг гол үзүүлэлт. Ингэж яаралтай тусламжийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн нь үр дүнгээ өгсөн гэж харж байгаа.

-Иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийг хүргэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Олныг хамарсан гэнэтийн осол гэмтлийн үед ашиглах тоноглогдсон машин болон тоног төхөөрөмж хүрэлцээгүй. Мөн гамшиг ослын чиглэлээр бэлтгэгдсэн эмнэлгийн боловсон хүчин ховордсон. Яамны зүгээс улсын хэмжээнд яаралтай тусламжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж сургасан. Тус сургалтад  Замын-Үүдээс нэг хүн хамруулан бэлтгэж, өнөөдөр орон нутагтаа ажиллаж байна. Тоноглогдсон авто машин нь хөрөнгө санхүү их шаарддаг. Нийт эрүүл мэндийн байгууллагад дийлэнх нь зориулалтын бус фургон, УАЗ-469 маркийн машин байдаг. Туулах чадварын хувьд шаардлага хангадаг ч өвчтөн тээвэрлэхэд тэнцдэггүй.

-Алслагдсан сум, багт мотоциклиор түргэн тусламж хүргэдэг нь бий. Танай аймгийн хувьд байдал ямар байгаа вэ?
-Манай аймагт авто зам сайн хөгжсөн. Бүх сумандаа алсын дуудлагаа машинаар хүрдэг болсон. Хатанбулаг сум хамгийн хол буюу аймгийн төвөөс 250 километр. Зам нь жаахан бартаатай. Гэхдээ баруун аймгуудтай харьцангуй бартаа саад бага. Түргэн тусламжийнханд давхацсан дуудлага болон авто машины эвдрэл гэмтэл гардаг. Энэ үед орон нутгийн Засаг даргын машиныг дайчлах, иргэд сайн дураараа оролцох зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг нийт иргэддээ хүртээмжтэй, яаралтай цаг алдалгүй хүргэж байна.

-Томуу, төст өвчний гаралт хэр байна вэ. Аймгийн удирдлагуудын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Аймгийн хэмжээнд  амбула­торийн  нийт үзлэгийн 13 хувийг томуу томуу, төст өвчнийх эзлэх болсон. Иймээс өрхийн эмнэлгүүдийг ажлын зургаан өдрөөр ажиллуулж анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг гэрийн үзлэгт шилжүүлсэн. Энэ нь, эрүүл мэндийн байгууллагад өвчтөнийг олноор нь цуглуулж халдвар тараах эрсдэлээс сэргийлэх бодлого юм. Аймгийн Засаг даргын санаачилгаар амьдралын баталгаажих түвшнөөс доогуур орлоготой 400 гаруй өрхийн хүүхдэд томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийсэн. Хоёрдугаар сараас эхлэн витаминжуулалтыг хийхээр төлөвлөгөө гаргасан. Ингэснээр сүүлийн долоо хоногт амбулаторийн үзлэг 11 хувь болж буурсан.

-Хил орчмын аймгуудын хувьд халдварт өвчин тэр дундаа БЗХӨ их байдаг. Энэ тухайд?
-Хил залгаа аймгийн хувьд давуу болон сул тал бий. Бид Монгол Улсын урд үүд хаалга болж байгаагийн хувьд ямар ч халдвар хэзээ ч  орж ирэх эсрдэлтэй. Тиймээс ч эрүүл мэндийн байгууллага гамшиг ослын үед яаралтай тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд бэлэн байх учиртай. Аймгийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-тай гэрээ хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн онд хил залгаа Эрээн хотод манай иргэд очоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй хүндрэх тохиолдол байсан. Иймээс Эрээн хотод зорчихдоо эрүүл мэндийн хувьд яаралтай тусламж авах шаардлагатай бол яаралтай тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх гэрээ хийсэн. Мөн Ханги-Мандалын боомтын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахаар гэрээ хэлцэл хийж байна. Ингэснээр хил залгаа орны эрүүл мэндийн салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, тоног төхөөрөмж болон бусад төрлийн дэмжлэг тусламж авах боломж бүрдэх юм. Боомтоос цааш олон хүн гарч ажиллаж байна. Тиймээс БЗХӨ-өөс эхлээд эрүүл мэндийн хувьд шийдэх олон асуудал тулгардаг.

 
М.Мөнхбаатар: Тоноглогдсон машин хүрэлцдэггүй  

/Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга/

-Дархан-Уул аймагт яаралтай тусламж үйлчилгээг  цаг тухайд нь хүргэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Өнгөрсөн онд яаралтай дуудлага нийт дуудлагын 30 хувьд  хүрч байсан. Тиймээс осол гэмтэл болон ханиад томууны гаралт  нэмэгдэж байгаа үед яаралтай тусламжийнхаа машин тэрэг болон эмчийн орон тоог нэмэгдүүлж ажилладаг. Энэ жил аймгийн хэмжээнд есөн газар хурд сааруулагч тавьж, осол гэмтлээс урьдчилан сэргийлсэн. Гэвч яаралтай тусламж 20 минутаас хэтэрч  очих шалтгаан нь зарим иргэн амбулаториор үзүүлж болохуйц даралт ихсэх, тариа хийлгэх гэх мэт шаардлагагүй дуудлага өгдөг. Ингэснээр яаралтай түргэн тусламжийн ачааллыг нэмэгдүүлдэг. Үүний цаана яг яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа амаржих болон осол гэмтлийн дуудлага хойшилж байна.

-10 мянган хүнд түргэн тус­ламжийн нэг машин шаард­лагатай гэсэн стандарт байдаг юм билээ. Танай аймгийн хувьд энэ стандарт мөрдөгдөж байгаа юу?
-Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн  15 машинтай гэсэн данстай боловч найман машин дуудлагад явдаг. 2015 онд яаралтай тусламжийн дуудлагад явах машин хүрэлцээгүй байсан.  Өнгөрсөн онд харьцангуй гайгүй болсон. Манай аймаг ойролцоогоор 120 мянган хүн амтай. Өвлийн улиралд нийслэл, болон Сэлэнгэ аймгаас иргэд ирж суурьшдаг. Ингээд 10-20 мянган хөдөлгөөнт хүн амтай гэж үздэг. Хэдийгээр түргэн тусламжийн авто машины хүртээмж нэмэгдэж байгаа ч тоноглогдсон машин хүрэлцдэггүй.

-Томуу, томуу төст өвчний тархалт их байгаа энэ үед хүүхдийн түргэн тусламжийг хэрхэн хүргэж байна вэ?
-Яаралтай түргэн тусламжийг хүүхдийн болон том хүний гэж ялгадаггүй. Нийт амбулаторийн  үзлэгийн 5.8 хувийг хүүхдийг үзлэг эзэлж байна. Засгийн газрын тогтоол болон Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан. Ингээд өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж амбулатори дээр эмч нэмж ажиллуулж байгаа. Өдөрт амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн тоо 130 гарч байсан. Иймээс түргэн тусламжийн дуудлагын машинуудыг 00-12 цаг хүртэл нэмэлтээр үйлчилгээнд гаргаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан