Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хямралыг гэтлэх гарцыг “хайж” л байна


Н.БАТ

2016-2017 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг Дэлхийн эдийн засгийн форумаас 112 тулгуур үзүүлэлт, 15 дэд үзүүлэлтээр томъёолж, 138 орноос 102 байрт жагсаажээ. Швейцарь тэргүүлж, Сингапур, АНУ удаалсан энэ жагсаалтад манай улс 2014-2015 онд 98-т жагсч байсан бол  хоёр жилийн дараа таван байр ухарчээ.

Ийн буурсанд  институцын тогтворгүй байдал чухал нөлөө үзүүлсэн гэж олон улсын шинжээчид үзсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, улстөрчдөд итгэх итгэлцүүр, макро эдийн засгийн үзүүлэлт нь тун ч хангалтгүй гарч. Макро эдийн засгийн төлөв байдалд нөлөөлсөн гол зүйл нь хасах үзүүлэлттэй төсвийн алдагдал. 2017 онд Монгол Улсын төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувь байгаа бол  2016 онд 9,1 хувь байв.

Зөвхөн өр 24,6 их наяд төгрөгөөр тооцогдож, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2500 руу ойртсон гээд макро эдийн засгийн олон хүчин зүйл, гадаадын хөрөнгө оруулалт зэргээс хамаараад  нийт эдийн засгийн үзүүлэлт унасан, дээрээс нь санхүүгийн тааламжгүй байдал, үнэт цаасны зах зээл хөгжөөгүй, бизнес эхлэх болон өргөжүүлэхэд эх үүсвэр дутагдалтай гэх мэт тааламжгүй үзүүлэлт нь 138 улсаас 102-т жагсахад хүргэсэн нь тодорхой.
Гэрэлтэй үзүүлэлт нь боловсрол, хүмүүн капиталтай холбоотой байгаа юм. Бага дунд боловсролын хамралт гэсэн үзүүлэлтээр манайх 75-т орсон байна. Их дээд сургууль хамрагдсан байдлаар 38 дугаарт, математик шинжлэх ухааны боловсролын чанараар 46-д, эрдэмтэд инженерийн хүрэлцээгээр 47-т жагссан байна.

Олон улсын санхүүгийн Moodуs болон бусад байгууллагаас гаргасан судалгаанд манай итгэлцүүр буурсаар байна. 2015 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В3 үзүүлэлттэй гэж байсан бол одоогоос дөрвөн сарын өмнө Саа1 болгон бууруулж дампуурлын ирмэг дээр байна гэж тодорхойлсон. Дэлхий дээр ийм тодорхойлолттой болсон 18 улсын нэг нь бид.

“Дотоод, гадаадын санхүүгийн шинжээчдийн хийсэн судалгаан дээр тулгуурлан дүгнэж үзвэл Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг санхүүгийн хямрал+ хариуцлагын хямрал=Монгол Улсын эдийн засгийн хүндрэл гэж тодорхойлж болох юм” хэмээн Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн ТББ-ын захирал, эдийн засгийн ухааны доктор  Д.Амгалан хэлэв.

Тэгвэл эдийн засгийн хүндрэлээс гарах гарц  байна уу. Хамгийн тү­рүүнд ямар гарц харагдаж байна вэ?
Түүний хэлснээр  Бид өртэй, эдийн засгийн хүндрэлтэй байгаа учраас зээл олгооч хэмээн гар тосоод явбал алгаа тэнийлгэх улс байхгүй нь бололтой. Тиймээс хамгийн түрүүнд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах.  Хэрвээ хамрагдаж чадвал Монгол Улс санхүүгийн сахилга батын хувьд харьцангуй сайжирлаа гэх итгэл үнэмшил төрөхүйц суурь үзүүлэлтүүд ажиглагдаж эхлэх аж. Үүний ачаар хөрөнгийн урсгал нааш эргэх боломж нэгдүгээрт бүрдэнэ. Хоёрдугаарт, өр, макро эдийн засгийн хүндрэл, валютын ханштай ноцолдоод байхаас илүүтэйгээр бизнесийн орчноо сайжруулахад анхаарлаа хандуулах ёстой. 2017 оны эдийн засгийн үзүүлэлт тааламжгүй гарсан хэдий ч 2018, 2019, 2020 он хүртэл санхүүгийн үзүүлэлт, чадавхиа сайжруулахын тулд суурь нөхцөлөө бэлтгэх хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгж, бизнесийн орчныхоо үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээг юун түрүүнд хэрэгжүүлэх нь тулгамдаад байгаа асуудал аж.

Монголд бизнес эрхлэх боломж алга гэжээ

Монголд бизнес эрхлэхэд ямар хүндрэл байна вэ гэдгийг Дэлхийн эдийн засгийн форумаас тодорхойлжээ.

Ахиад л юун түрүүнд институцын бодлогын алдаа гэсэн байгаа юм. Мөн санхүүгийн эх үүсвэрийн олдоц алга. Ялангуяа гарааны бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын эх үүсвэр дутагдалтай хэмээн гол хүндрэлийг тодорхойлжээ.
Харин дотоодын судалгаанд оролцогсдын дийлэнх нь Монголд бизнес эрхлэх боломж алга гэсэн хариулт өгч.  Учир нь эх үүсвэрийн хомсдол, төрийн байгууллагын хүнд суртал топ үзүүлэлт болдог гэж бизнес эрхлэгчид үзжээ. Судлаачид эдгээр үзүүлэлтийг маш богино хугацаанд алга болгох нь чухал гээд дунд хугацаандаа Монгол санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байдлыг арилгах ёстой.

Харамсалтай нь, хөрөнгийн болоод үнэт цаасны зах зээл хөгжөөгүй учраас ганцхан мөнгөний зах зээл дээрээс эх үүсвэр босгодог. Энэ бол банкнаас зээл хэлбэрээр эх үүсвэр босгох. Гэтэл дэлхийн аль ч улсад байхгүй хүү  төлдөг нь тэдэнд дарамт үүсгэн бизнес эрхлэх боломжийг үгүй хийхэд хүргэдэг гэж үзсэн байна. Мэдээж, бизнес эрхлэгчдийн зүгээс ч банкны зээлийн хүүгийн дарамтын талаар асуудал тавьдаг.

Банк, санхүүгийн байгууллагууд өндөр дүнтэй барьцаа шаардаж,  багадаа 10, ихдээ 30 хүртэлх  хувийн хүүтэй зээл олгодог. Нэг талаар банкны салбар өөрөө хадгаламж татаж, зээл олгох байдлаар үйл ажиллагаа явуулдаг нь зээлийн хүү буурахгүй байх нөхцөл болдог нь тодорхой. Судлаачдын хэлснээр Азийн орнуудад өнөөдөр хадгаламжийн хүү дунджаар 0,01-2,3 хувь байхад манайд 14 хувь. Зээлийн хүү 4,3 хувьтай байхад манайд 19 байгаа юм. Африкийн орнуудад хадгаламжийн хүү 3.2, зээлийнх нь 8,5 хувьтай  байгаа гэнэ.

Гэтэл Монголын банкинд хадгаламж эзэмшигчдийн 2-3 хувь нь нийт хадгаламжийнхаа 98 хувийг эзэлдэг гэсэн дүн бий. Тэгэхээр манай улсын банк, санхүүгийн систем банкинд мөнгөө хадгалуулж байгаа хэсэг бүлэг хүний эрх ашгийн төлөө л ажиллаж байна гэж дүгнэхэд хүргэдэг нь нууц биш.  
“Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн” ТББ-аас  “Эдийн засгийн өнөөдөр ба өнөөгийн гарц” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулж, судлаачид бидэнд хямралыг гэтлэх гарц байна уу гэдэг асуултын хариуг хамтдаа эрлээ.

Компаниуд статистик тоо баримтаас илүүтэйгээр өөрсдийн судалгаанд найддаг болсон

Энэ үеэр тус хүрээлэнгийн шинжээч, доктор Д.Мөнхнасан “Банк санхүүгийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлийн эх үүсвэрийг оновчтой бүрдүүлж, амжилттай тоглолт хийж, үнэт цаасны мэдээллийг ард иргэддээ өгснөөр хөгжлийн гарцаа тодорхойлно. Худалдааны  салбарын  хөгжил бол бидний хөгжлийг тодорхойлох үзүүлэлт биш. Энэ салбарт хийх  хөрөнгө оруулалтынхаа оронд үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих талаар банк санхүүгийн орчинд түлхүү бодлого хэрэгжүүлж ажиллабал илүү  үр дүнтэй. Үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж байж худалдааны салбараа давхар хөгжүүлнэ. Бидэнд өнөөдөр банк санхүүгийн эрүүл, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан, хүү хувь хэмжээг бууруулсан орчин хэрэгтэй. “Стэнд бай” бол төсвийн алдагдлыг багасгахад чиглэсэн хямралаас аврах нэг том гарцыг л тодорхойлж байгаа юм“ хэмээн бодлоо илэрхийлсэн бол  шинжээч М.Чимэддорж “Манай бодлогын нэг том алдаа бол индексжүүлэх гэдгийг орхигдуулдаг байдал.  Зах зээлд шилжсэн орнуудад хамгийн түрүүнд цалин хөлс, татвар нь инфляцынхаа төвшнөөс хамаараад автоматаар өсвөл өсөөд,  өсөхгүй бол тогтвортой байдлаар явах ёстой. Хэрвээ индексжүүлбэл нэгдүгээрт, хурааж байгаа татварын хэмжээ нэмэгдэнэ. Хоёрдугаарт, цалин хөлс тэтгэвэр тэтгэмж гэх зэрэг асуудал автоматаар шийдэгддэг болно” гэлээ.

Харин “Сити” их сургуулийн доктор, профессор Г.Төртогтох “Эдийн засагчид ч бай, энгийн иргэд ч бай статистикийн тоо баримтад шүтэх үзэл нэлээн дэлгэрээд байна. Судлаачид статистик тоог ямар нэг дүгнэлт хийлгүй шууд авч хэрэглэдэг болжээ. Гэтэл энэ нь зөв үү, буруу юу гэдгийг тунгааж бодох цаг ирсэн. Яагаад статистикийн тоо баримт эдийн засгийг гуйвуулдаг гэж үзэх болов уу?
Тухайлбал, эдийн засгийн гол үзүүлэлт бол ДНБ. Энэ тоо өсвөл Засгийн газрын нэр хүнд өсч, ард түмний дэмжлэгийг авдаг. Хэрвээ буурвал Засгийн газрын нэр хүнд, тухайн эрх барьж буй намын нэр хүнд унадаг. Тэгэхээр ДНБ гэдэг үзүүлэлтээс их зүйл хамаарч байна. Гэтэл, Энэтхэг улс ДНБ нь маш өндөр өсөлттэй байдаг ч ард түмний ядуурал дээд цэгтээ тулсан хэвээр байна. АНУ гэхэд эдийн засгийн хүчин чадал нь их өссөн ч сүүлийн 25 жилд иргэдийн аж амьдрал дээшлээгүй байгаа юм. Үүнээс статистикийн XX зуунд боловсруулсан үзүүлэлт тодорхойлох индикатор нь энэ зуунд тохирохоо больжээ гэж харж болно.

Тэгэхээр статистик тоон мэдээллийн индикатороо ахин нэг харж үзэх цаг нь болсон. Шинэ үзүүлэлтийг бий болгох шаардлагатай байна гэж үзэж байгаа. Бодлого шийдвэр гаргаж байгаа улс төрийн хүрээнийхэн, эдийн засагчид маань статистик тоонд, маш болгоомжтой хандаасай гэж дэлхийн эрдэмтэд бичээд эхэлснийг манайхан ч анхаарах хэрэгтэй. Английн эрдэмтэд сүүлийн 70 жил бидний мэддэг эдийн засаг төгсгөл боллоо гэж бичсэн байгаа юм. Тэгэхээр дэлхийн томоохон компаниуд статистик тоо баримтаас илүүтэйгээр өөрсдийн судалгаанд найддаг болсон” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан