Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Дивангар: Өвчин гарсан үед тээвэр, туувар хийж халдварт өвчин тараавал малчин хариуцлага хүлээнэ


Б.МЯГМАРЖАВ

Манай улс гурван сая гаруй хүн амтай. Гэтэл 60 сая гаруй малтай гэсэн статистик тоо байдаг. Энэ нь манай улсын мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дотоодын зах зээлээсээ хэд дахин давсан гэсэн үг. Харамсалтай нь, малынхаа махыг гадаад зах зээлд гаргах боломж хомс байна. Иймээс мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ХХААХҮЯ-наас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьжээ.
Уг хууль хэрэгжснээр мал эмнэлгийн байгууллага малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчингүй, тайван байдлыг баталгаажуулахад чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлдэг болохоос гадна малчдын өрхийн орлого ч нэмэгдэх юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн С.Дивангартай ярилцлаа.

-Манай улсын мал эмнэлгийн үйлчилгээ, тогтолцоо ямар төвшинд байна вэ. УИХ-д өргөн бариад байгаа Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль одоо мөрдөгдөж байгаа хуулиас ямар зүйл заалтаараа онцлог юм бэ?
-Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн мал эмнэлгийн ажилтай холбоотой зохи­цуулал­туудыг нарийн тодор­хой болгон тусгаж өг­сөн. Хуулийн төслийг боловс­руулах­даа олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмж болон өндөр хөгжсөн, мал эмнэлгийн үйлчилгээ үр дүнтэй хэрэгжиж байгаа гадаад орнуудын туршлагыг харгалзан үзсэн. Мөн хөдөө орон нутгийн малын эмч мэргэжилтнүүдийн саналыг тусгасан. Ингэснээр амьдралд нийцсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль болсон гэж үзэж байгаа. Бидний одоогийн мөрдөж байгаа хуульд зайлшгүй тусгах шаардлагатай олон асуудлыг орхигдуулсан байдаг. Энэ нь олон сөрөг үр дагавар дагуулж байна. Тухайлбал, Мал эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа албан ту­шаалтнууд, малын эмч нар болон малчны хариуцлага хаа хаанаа сул байна. Тэгэхээр хууль батлагдсанаар малын эмч нар төдийгүй малчид ма­лынхаа эрүүл мэндийг хам­гаалах үүрэг хүлээнэ гэсэн үг.

-Малчид малынхаа эрүүл мэндийг хамгаалах үүрэг­тэй гэлээ. Яг ямар ха­риуцлага хүлээлгэх талаар одоо хэлэлцэх хуульд хэр­хэн тусгасан бэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсад малын халдварт өвчний нөхцөл байдал ноцтой байна. Гэтэл халдварт өвчин олон аймаг, сумыг хамарч тархахад хүргэсэн буруутай малчинд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол байх­гүй. Мөн хариуцлага хүлээсэн албан тушаалтан ч байхгүй. Малаа эрүүл байлгах нь мал эмнэлгийн байгууллага болон малчид, улмаар орон нутгийн удирдлагуудын оролцоо дэмж­лэгтэйгээр хэрэгжих ажил. Гэтэл энэ хүмүүсийн дэмжлэг сул байна. Нэг талаас малын эмч мал эмнэлгийн үйлчилгээ хүргэх гээд очиход нөгөө талаас малчид, орон нутгийн удирдлагаас дэмжлэг ирэхгүй болохоор малын халдварт өвчинтэй тэмцэх ажил бидний хүсэж байгаа хэмжээнд хүрэхгүй байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Энэ хуулийн зохицуулалт малын халдварт өвчин гарсан үед хэрэгжүүлэх үйл ажиллагаа руу чиглэсэн байгаа. Харин өвчин гарахаас өмнө хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт хангалтгүй бай­на. Эрх зүйн энэ орчин нь нийгмийн сэтгэл зүйд төдийгүй мал эмнэлгийн байгууллагын албан хаагч, малын эмч нарын сэтгэлгээний хандлагад сөргөөр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтний гол үүргийг малын өвчин гарсан үед хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбон ойлгож байна. Хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдсан мах хаанаас авах вэ гэж мал эмнэлгийн байгууллагаас асуувал өнөөдөр тодорхой баталгаа нотолгоотой хариулт өгч чадахгүй хэмжээнд ажиллаж байна. Учир нь, мал эмнэлгийн байгууллагын гол үүрэг болох өвчингүй байгааг нотлох, түүнийгээ баталгаажуулах ажлаа хийж чадахгүй байгаа гэсэн үг. Тэр нь өнөөдөр ажлаа хийж байгаа мэргэжилтэн, мал эмнэлгийн байгууллагын буруу биш. Манай улсад мөрдөж байгаа хууль эрх зүйн орчиндоо хөтлөгдөж байгаа асуудал гэж үзэх үндэслэлтэй. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой зохицуулалтыг нэлээд тодорхой тусгаж өгсөн. Ингэснээр хууль батлагдсны дараа мал эмнэлгийн бай­гууллага урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хэрэг­жүүлдэг, өвчний тохиолдлыг эрт илрүүлдэг, өвчингүй, байгаа бүс, нутгийг нийтэд зарлан мэдээлдэг болно.

-Малын гоц халдварт өвчин тарах гол шалтгаан нь малын шилжилт хөдөлгөөн гэдэг. Гэтэл хүссэн хэн нэг малчин малынхаа удам угсааг сайжруулахаар нэг аймгаас нөгөө аймаг руу мал тээвэрлэж байна. Энэ үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Бид мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээг­дэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед мөрдөх хуультай. Тэгсэн хэрнээ дотооддоо шилжилт хөдөл­гөөн хийхэд мөрдөх эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Өнөөдөр малын халдварт өвчин гарч олон аймаг, сумдыг хамарч байгаа нь малын дотоод дахь шилжилт хөдөлгөөний хяналт сул байгаагийн сөрөг үр дагавар. Хуулийн төсөлд дотоодын шилжилт хөдөлгөөнтэй хол­боо­той хариуцлагын нарийн механизмыг тусгаж өгсөн. Энэ нь хууль гарснаар малын дотоод шилжилт хөдөлгөөнийг хорино, хязгаарлана гэсэн үг биш. Гагцхүү мал эмнэлгийн байгууллагын хяналт дор шилжилт хөдөлгөөн хийгдэнэ гэсэн үг. Ингэснээр малын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, өвчингүй бүс нутгийг хамгаалж, малын гаралтай бүтээгдэхүүнийг өндөр үнэд хүргэн гадаад зах зээлд гаргах боломж бүрдэх юм. Мөн төрөөс малын халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан зарцуулж байгаа зардлыг илүү үр дүнтэй болгоно. Үүнээс гадна мал эмнэлгийн салбарт тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй болсон байна. Үндсэндээ мал эмнэлгийн ажил дээрээсээ доош сумын түвшинд хүрээд хүч нь сулардаг. Энэ нь шуурхай байдлыг хангах босоо удирдлага алдагдсантай холбоотой. Сумын түвшинд нэг мэргэжилтэн бус хэд хэдэн хүнээс бүрдсэн тасаг ажиллаж байж мал эмнэлгийн ажлын чанар, хүртээмж сайжирна.

-Мал эмнэлгийг хувьчилснаар малчид малаа урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахгүй болсон гэдэг. Тэгэхээр энэ хувийн мал эмнэлгүүд төрийн мал эмнэлэг болно гэсэн үг үү?
-Анхан шатанд буюу суманд мал эмнэлгийн тасагтай болно гэхээр хувийн мал эмнэлгээ тараах гэж байна гэж зарим хүн ойлгож байгаа байх. Хувийн мал эмнэлэг байна үүний зэрэгцээ улсын мал эмнэлгийн тасгийг байгуулж хамтран ажиллана.
-Малчдын хариуцлагыг нэмэгдүүлэх ямар зохи­цуу­лалт тусгагдаж байгаа вэ?
Төрөөс малчинд үзүүлж байгаа дэмжлэгүүд олон бий. Тухайлбал, малынх нь вакциныг үнэ төлбөргүй тарьж өгнө, малын гоц халдварт өвчин гарч малыг нь устгавал нөхөн олговор өгнө гэх мэт. Төрөөс үзүүлж байгаа эдгээр дэмжлэгийг авахын тулд малчид малаа эрүүлжүүлэх талаар өөрийн хүлээсэн үүргээ биелүүлсэн байх шаардлага тавьдаг болно. Хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулаагүй, зайлшгүй шаардлагатай мал эмнэлгийн үйлчилгээг аваагүй бол нөхөн олговор олгохгүй. Малчин та эхлээд үүргээ биелүүл түүний дараа төрийн дэмжлэгийг аваа гэж буй хэрэг. Энэ бол малчинд ногдуулж байгаа том хариуцлага. Нөгөө талаас гоц халдварт өвчин гарсан үед мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр мал тээвэрлэж, тууварлаж өвчин тараасан байвал энэ нь мэргэжлийн байгууллагаар нотлогдох юм бол тухайн үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Мөн шилжилт хөдөлгөөний үед мал амьтнаа мал эмнэлгийн байгууллагад хянуулж эрүүл мэндийн гэрчилгээ авахгүй явж байгаад замдаа хорио цээрийн хяналтын цэгүүдэд саатуулагдах юм бол тэнд 21 хүртэлх хоногоор малыг нь хяналтанд оруулна. Хяналтанд байхдаа хэрэглэх малын тэжээл, маллагааны зардлыг үүргээ биелүүлээгүй этгээд хариуцна. Эцэст нь хэлэхэд төрөөс малчдад үзүүлж байгаа дэмжлэг буурахгүй, хэвээр байна. Гэхдээ малчин үүрэг хүлээнэ, үүргээ биелүүлсэн малчин төрийн хишгийг хүртэнэ.

-Одоо манай улсад ма­лын гоц халдварт өвчний нөх­цөл байдал ноцтой бай­на гэсэн. Аль аймгийн аль сум­дад байдал хурц байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсын мал эмнэлгийн байгууллага гурван ноцтой өвчинтэй тэмцэж байна. Үүнд нэгдүгээрт шүлхий өвчин. Уг өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт ордог. Бид бүсчилсэн стратеги баримтлан тэмцэж байна. Энэ ажил тодорхой үр дүнд хүрч байгаа. Хоёрдугаарт цэцэг өвчин. Энэ бол богино хугацаанд тархдаг хохирол ихтэй өвчин. Цэцэг өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг, вакцин олон улсын чанарын шаардлага хангадаг. Гэвч үйлдвэрээс гарах хугацаа урт байдаг, нэг удаа 500 сая орчим тун вакцин үйлдвэрлэдэг. Тэгэхээр богино хугацаанд бүрэн хэмжээний дархлаажуулалт хийгдэж чадахгүй байна. Иймээс Засгийн газар ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр вакцин оруулж ирж байна. Өвлийн хүйтэнд мал вакцинжуулах нь дулааны улиралд вакцин хийхээс хоёр дахин хүндрэлтэй байдаг. Гуравдугаарт манай улсад байгаагүй бог малын мялзан өвчин гарсан. Тус өвчин нь баруун аймгуудад гарсан. Тухайн бүс нутгийн малыг вакцинжуулж тархалтын хүрээг хумьсан. Гэсэн ч эрсдэлтэй нөхцөл байдал дарагдаагүй. Мал төлөлтийн үед буцаж дэгдэх олон малын хохирол гарах эрсдэл байна. Мөн малын гаралтай гоц халдварт өвчний үед зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнөөс эхлээд төвөгтэй асуудал гарч ирдэг. Үүнд мал эмнэлгийн байгууллага анхаарч ажиллаж байгаа.

-Баруун бүс нутгийг эрүүл гэж зарлаж байсан ч тэнд малын халдварт өвчин гарлаа. Одоо аль нутгаас мах экспортлох боломжтой вэ?
-Шүлхий өвчний үед манай улс бүсчилсэн стра­теги  баримталдаг тухай дээр дурдсан. Энэ нь манай улсын аль нэг аймагт Шүлхий гарахад тухайн бүсэд худалдааны хориг тавина гэсэн үг. Өмнө нь шүлхий өвчин манай улсын аль нэг нутаг дэвсгэрт гарахад манай улс бүхэлдээ хоригт ордог байсан. Бүсчилсэн стратеги баримталснаар шүлхийгүй аймгаас мах бэлтгэж гадаад зах зээлд гаргаж болно гэсэн үг. Энэ стратегийг Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Тус байгууллага манай улсын шүлхийтэй тэмцэж байгаа арга барил нь олон улсын жишигт нийцсэн гэдгийг хэлсэн. Өнгөрсөн жилээс төвийн бүсийг мах нийлүүлэх бүс нутаг болгохоор ажиллаж байна. Ялангуяа БНХАУ-ын мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Ажлын хэсэг гарсан. Хавраас үр дүн гарах байх. БНХАУ-ын мал эмнэлгийн байгууллага хүлээн зөвшөөрвөл төвийн бүсээс мах экспортод гаргана гэсэн үг.

-Манай улс малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ванцин худалдаж авахад жилд ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулдаг юм бэ?
-Өмнөх жилүүдэд төсөв сайн байх үед жилд дунджаар 26 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Харин сүүлийн жилүүдэд эдийн засаг хямралтай байгаагаас шалтгаалан 18 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ бол төсөвлөгдсөн зардал. Үүнээс гадна төлөвлөөгүй гэнэтийн өвчин гарахад Засгийн газраас нэмэлтээр  мөнгө гардаг. Тэгэхээр жилд 20 орчим тэрбум төгрөг зардаг гэсэн үг. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд хүрэлцэхгүй байгаа ч гэсэн тодорхой үр дүн гарах хэмжээний мөнгө. Энэ мөнгийг үр ашигтай зарцуулдаг болоход энэ хуулийн төсөл хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Малын халдварт өвчнийг эрт илрүүлэх тогтолцоо хамгийн чухал байдаг. Малын халдварт өвчин гарч түүнийг нь малчин олж хараад дуудлага өгөөд малын эмч очиж оношилдог. Гэтэл өвчний шинж тэмдэг илэрхээс өмнө нууц үе гэж бий.  Энэ үед нь багадаа гурав хоног тэгээд 20 хүртэл хоног байдаг. Тэр хугацаанд өвчний вирус олон газар тархдаг. Тэгэхээр малын халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ авахад оройтсон байдаг. Иймээс Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар урьдчилан сэргийлэх тогтолцоог нь бүрдүүлж өгөх юм бол өвчний шинж тэмдэг малчны нүдэнд харагдахаас өмнө барьж авдаг болно. Малын халдварт өвчнийг эрт илрүүлдэг хоёр арга бий. Нэг нь, мал эмнэлгийн байгууллага эрт илрүүлэг тандалтыг хийх. Малчнаар төлөөлүүлж сорьц дээж аваад шинж тэмдэг илрээгүй бие дотор нь байхад олж илрүүлнэ гэсэн үг. Хууль гарснаар мал эмнэлгийн байгууллагын ажлын нэг хэсэг нь малчинтайгаа хамтран ажиллаж мэдлэгийг нь дээшлүүлнэ. 2015 онд БНХАУ-д бог малын мялзан өвчин гарч байхад хил залгаа аймгуудад мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар товхимол гаргаж тараасан. Гэсэн ч  ингэж ажиллах нь үр дүнгүй гэдгийг харуулсан.

-Манай улсын мал эмнэлгийн байгууллага олон улсын жишигт нийцсэн тогтолцоотой боллоо гэхэд энэ салбарын боловсон хүчин хэр хүрэлцээтэй байна вэ?
-ХӨААИУ-ийг малын эмчээр төгссөн төгсөгчдөөс хэдэн хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа талаар  судалгаа гаргуулж авахад дийлэнх нь ажлын байраар хангагдсан гэсэн судалгаа танилцуулсан. Гэтэл мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа нь цөөн. Гуравны нэгээс хэтэрдэггүй. Тэгэхээр малын эмчээр бэлтгэгдсэн нөөц бэлэн байна. Гагцхүү  төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын байр бий болгох шаардлагатай гэдгийг харуулж буй хэрэг. Ялангуяа сумдад  мэргэжилтэн илгээх бодлого хэрэгтэй байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан