Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Мичидмаа: “Мөрөөдөл биелдэг юм байна шүү” гэж хэлмээр санагдаад ном бичсэн

Ч.ДӨЛГӨӨН

“Мөрөөдөл хүн бүрт бий ч, биелүүлэхийн төлөө ямар нэг алхам хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс өөрсдөө бага багаар заавал ямар нэг алхам хийгээрэй” хэмээн М.Мичидмаа охин ярилаа. Тэрээр “Би мөрөөдөлтэй хүүхэд” номынхоо нээлтийг өнгөрсөн долоо хоногт хийсэн бөгөөд ирээдүйд “эрдэмтэн” болох мөрөөдөлтэй найз нь түүний номыг уншаад мөрөөдөлдөө хүрэх алхмаа хийж эхэлсэн тухай мөн ярьж байлаа.
М.Мичидмаа охин Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 5б ангид суралцдаг бөгөөд хүүхдэд ээлтэй “Хөгжилтэй номын сан”-г санаачилж, 2016 оны “Онцлох хүүхэд”-ээр шалгарчээ.
------------------------------------------------

-Номынхоо нээлтийг хийж байгаа дүүдээ баяр хүргэе.
-Баярлалаа.

-Гэр бүлийнхээ талаар товч танилцуулахгүй юу. Хоёр хөөрхөн дүүтэй гэж байсан?
-Тийм ээ. Би хоёр хөөрхөн дүүтэй. Тэд маань нэг болон гурван настай. Адтай, сахилгагүй, хөөрхөн хүүхдүүд байдаг. Маш эгдүүтэй.
Харин манай аавыг Н.Мөнх-Очир гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Аливаа ажлыг няхуур нямбай хийж байж л сэтгэл нь амардаг. Сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, хариуцлагатай хүн. Харин ээжийг маань В.Бэрцэцэг гэдэг. Нийгмийн ажилтан мэргэжилтэй ч одоохондоо бага дүүг хараад гэртээ байдаг. Би ээжийгээ хариуцлагатай, нөхөрсөг, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй гэж боддог. Намайг мөрөөдлөө биелүүлэхэд үргэлж тусалж, дэмжиж, хамт байдагт аав, ээж хоёртоо маш их баярлалаа, бахархдаг шүү, хайртай шүү гэж хэлмээр байна.

-Номтой их нөхөрлөдөг үү. Дүү нартаа үлгэр уншиж өгөх дуртай юу?
-Ер нь, миний эргэн тойронд номын сан олон бий. Жишээ нь, манай гэрт жижиг байшин хэлбэртэй дөрвөн давхар номын сан байдаг. Манай машины суудал дээр хүртэл зөндөө ном байдаг юм. Тэгээд л гэртээ ч, машинд ч ном уншиж өгнө. Харин дүү маань ээж бид хоёроос “ном уншиж өгөөч” гэж үргэлж гуйдаг. Би дүүдээ ном уншиж өгөхөөс хэзээ ч цааргалдаггүй. Бас бид гурав нохойнд маш их хайртай. Тиймээс дүү маань үргэлж нохойны зурагтай ном бариад явж байдаг.

-Миний дүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Би тухайн өдрийнхөө ажлаа төлөвлөж сурахыг хичээж байгаа. Өдрийн дэглэм гаргаад, түүнийгээ мөрдөөд сурчихвал их хэрэгтэй гэж боддог. Дугуйландаа явна, гэрийн даалгавраа хийнэ, гэр орноо цэвэрлэнэ, англи хэлний клубээ төлөвлөнө, дүүгээ харна гээд л өглөө босоод “ажил ундарна”. Ер нь, өдөр болгон их завгүй л өнгөрдөг дөө.

-Их завгүй байдаг юм байна. Энэ бүхний ха­жуугаар “Хөгжилтэй но­мын сан”-гийнхаа үйл ажиллагаанд хэрхэн оролцдог вэ?
-Намайг номын сан бай­гуулсан гэж битгий яриасай гэж боддог. Үүнд, миний санаа маш зовж байгаа. Учир нь, би өөрөө санаачилга гаргаж, ээж маань бидэнд туслах байгууллага олсон. Олон ах, эгч нар тусалж байгуулсан учраас ганцхан намайг “Хөгжилтэй номын сан” байгуулсан гэж ярих нь бусдыг гомдооно. Тиймээс би үргэлж талархснаа илэрхийлдэг. Энэ номын сан маань хувийн номын сан биш. Хорооны номын сан л гэсэн үг юм. Харин миний хийсэн хэд, хэдэн алхам бий. Жишээлбэл, би өөрийнхөө амьдарч байгаа газарт хүүхдүүдэд бүжиг заасан. Олон хүүхэд цугласан учраас “Хүүхдийн Эко клуб” байгуулж картон хайрцган дээр нүд, ам хийгээд хогоо ангилахыг уриалж хороололынхоо бүх орцонд байрлуулсан. Тэгээд “Хуванцар саваа тушаах өдөрлөг” зохион байгуулж, мөнгө олоод түүгээрээ “Аз хур” номын дэлгүүрээс ном хямдруулж авсан. Тэдгээр номнуудаа бүгдийг нь номын сандаа байрлуулсан. Одоогоор би ээжтэйгээ сайн дураараа ажиллаж байгаа. Мягмар, бямба гарагт “Хүүхдийн англи хэлний ярианы клуб”-ээ удирдана. Мөн “Үлгэрийн цаг”, “Драмын клуб” гээд бүх л үйл ажиллагааг өөрсдөө санаачлаад  хүмүүсийг  уриалаад ажиллаж байгаа.

-Номын санд ирсэн хүүх­дүүдийг хараад өөрөөрөө бахархаж, урамшдаг уу?
-Тийм ээ. Бахархах сэтгэл төрдөг. Миний санаачилсан номын санд ирсэн хүүхдүүд хөгжилтэй байхыг  харах  сайхан. Заримдаа бүр номын “санд баймаар байна, хичээлдээ явахгүй, дугуйландаа явмааргүй байна, энд баймаар байна...” гээд уйлдаг хүүхдүүд ч байдаг. Даанч би өдөр бүр тэдэнтэй хамт байж чаддаггүй. Гэхдээ энэ миний мөрөөдлийн номын сан болохоор надад сайхан санагддаг.

-Ийм олон номын сантай болохыг хүсдэг үү. Энэ талаар бодож үзэж байв уу?
-“Хөгжилтэй номын сан”-г олон хороонд салбарлан байгуулвал мэдээж маш гоё. Гэхдээ нэг номын сангаа сайн ажиллуулаад, дараа нь нээвэл зүгээр байх гэж боддог. Номын хандив цуглуулаад өөр сургуулиуд дээр ч юм уу, эсвэл сайн Засаг даргатай хороонд дахин номын сан нээгдвэл сайхан л байх.

-Номын нээлтээ хийлээ. Ямар сэтгэгдэл төрж байна. Догдлох, сандрах гээд ямар мэдрэмж төрсөн бэ?
-“Би мөрөөдөлтэй хүүхэд” номын нээлт сайхан болж өнгөрлөө. Нээлтийн үг хэлэхдээ л жаахан сандарсан. Гэсэн ч гоё санагдсан. Би энэ номоо сайхан сэтгэлтэй том хүмүүсийн тусламжтай мөрөөдөлдөө хүрсэн 30 алхмаараа бичсэн. Бас хэвлэл, мэдээллийн олон ах, эгч нар ирж сурвалжлага авсан.

-Ном бичихэд хамгийн сайхан бас хэцүү зүйл нь юу байв?
-Надад тийм ч хэцүү зүйл байгаагүй. Би мөрөөдөл хэрхэн биелдэг талаар сонирхон уншиж, тэмдэглэл хөтөлдөг байсан. Тэгээд миний мөрөөдөл биелсний дараа хүүхдүүдэд хандаж “Мөрөөдөл биелдэг юм байна шүү” гэж хэлмээр санагдсан учраас тэмдэглэлээ улам баяжуулаад ном болгохоор шийдсэн юм.

-Чинийхээр мөрөөдөл гэж юу вэ. Дараагийн мө­рөөд­лөө хэрэгжүүлэх алх­маа хийж эхэлсэн үү?
-Миний бодлоор мөрөөдөл гэдэг нь хүний хүсч байгаа зүйл. Тэр нь өөртөө юм уу, эсвэл хүмүүсийн төлөө хийх ажил байж болно. Миний дараагийн мөрөөдөл Япон Улс уруу аялах, тэнд байдаг номын сангуудаар орж, үйл ажиллагаатай нь танил­цаж, ном цуглуулна. Бас “Дисней лэнд” орж үзмээр байна.

-Мичидмаа том боло­хоороо ямар хүн болохыг хүсдэг вэ. Хүүхдүүд том болохоороо гэж их ярьдаг.
-Тийм ээ. Хүүхдүүд том болохоороо “эмч болно, багш болно, цагдаа болно” гээд л ярьдаг. Харин хэрхэн, яаж хүрэх талаараа арай бодож үзээгүй байдаг юм болов уу гэж би боддог. Одооноос л бодоод, төлөвлөөд мөрөөдөл рүүгээ тэмүүлэх хэрэгтэй. Би одоогоор олон зүйлд суралцаж байна. Том болохоороо хамгийн сайн хийж чаддаг зүйлээрээ улам сайн сурч мэргэжлээ сонгоно доо.

-Том болох, хүүхэд байх хоёрын аль нь илүү гоё гэж бодож байна?
-Хүүхэд байх нь илүү гоё байх аа. Том хүн болохоор хүнд хүчир ажил хийгээд бас завгүй байдаг. Харин хүүхэд бол тоглож наадаад, бэлэг аваад л, аав ээждээ эрхлээд гоё ш дээ. Гэхдээ хааяа хурдан том болмоор санагддаг л юм. Би 10 жилийн дараа оюутан болсон байна. Тэр үед би хэд хэдэн гадаадын орноор аялаад үзчихсэн, хичээлийнхээ хажуугаар өөрийн гэсэн ажил хийдэг мундаг оюутан болсон байх болов уу гэж төсөөлдөг.

-Ххайр бас аз жаргал гэж чинийхээр юу вэ?
-Хайр бол яг л аз жаргалтай адилхан. Аз жаргалтай байна гэдэг хэн нэг нь өөрийг нь хайрлаж байна гэсэн үг байх л даа. Амьдралдаа ямар ч өргүй, эрүүл саруул, амьдрах байр оронтой, халуун ам бүлээрээ, ажилтай, ямар ч зовлон бэрхшээлгүй амьдрах нь миний хувьд аз жаргал.

0 Сэтгэгдэл
Mundag sain ohin bn, ulam ih moroodloo buteegeerei!
Хамгийн их уншсан