Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Өлзийтогтох: Малаа мах, сүү үйлдвэрлэх үйлдвэр гэдэг талаас нь харах хэрэгтэй


Б.МЯГМАРЖАВ


Мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой мал эмнэлгийн үйлчилгээ, өнөөгийн байдал, УИХ-д өргөн бариад байгаа Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Манай улсын мал эмнэлгийн одоогийн тогтолцоог хэдэн жилийн өмнө батлагдсан хуулиар зохицуулж байна вэ. Юун түрүүнд шийдэх шаардлагатай ямар асуудал тулгарч байгаа вэ?
-Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль 1993 онд батлагдсан. Уг хууль батлагдахаас өмнө мал эмнэлэгтэй холбоотой асуудлыг дүрмээр зохицуулж ирсэн. Ингээд  20 гаруй жил дүрмээр зохицуулахдаа малын үржлийн болон эрүүл мэндийн асуудлыг хамтад нь багтаасан байдаг. Тухайлбал, мал эмнэлгийн ажлыг мал зүйч хийх нөхцөл бүрдүүлсэн хэрнээ нөгөө талд нь үржлийн ажлыг малын эмч хийх боломжтой хэмээн хоёр өөр мэргэжлийг хольсон. Малчдад мал эмнэлэг, мал зүй хоёр нэг мэргэжил мэт ойлголт төрүүлэх болсон. 2010 онд батлагдсан “Монгол мал хөтөлбөр”-т сумдад мал эмнэлгийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн байх ёстой гэж заасан юм. Гэсэн ч нөгөө хүмүүсийн ажил үүргийн хуваарилалтыг тодорхойлж өгөөгүй. Цалингаа аваад сумын Засаг даргын хажуу өрөөнд сууж байдаг ажлын мест бий болсон. Тэгэхээр мал эмнэлгийн ажил сумдад хүрэхгүй байна. Сум, багийн хэмжээнд вакцин хийх төдий л ажиллаж байгаа юм.

-Малынхаа үр шимийг малчид хүртэж байгаа учир малаа эрүүлжүүлэх талаар тэд өөрсдөө анхаарах ёстой. Гэтэл энэ бүхнийг төр ха­риуцдаг гэх шүүмжлэл сүү­лийн жилүүдэд нэмэгдсэн?
-Монгол Улсын үндсэн хуу­лиар мал улсын хамгаалалтад байна гэж  заасан. Мөн Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.1-д шүлхий, мялзан гэх мэт гоц халдварт өвчинтэй тэмцэх зардлыг төр даана гэсэн заалт бий. Тэмцэх гэдэгт урьдчилан сэргийлэх, хорио цээр тогтоох, малыг нядлахад гарч байгаа зардлыг багтаадаг. Түүнчлэн уг хуулийн 13.1-2-т Боом, Галзуу, Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх зардлыг ч төр хариуцна гэж бий. Сэргийлэх зардалд вакцин, вакцин хийх үнэ багтсан. Бусад улс оронд мал эмнэлэгийн салбарыг  таван чиглэлд тулгуурлан хөг­жүүлдэг. Нэгдүгээрт, малын эрүүл мэндийг хамгаалах энэ дотор малын халдварт өвчнөөс сэргийлэх, малын халдварт,  халдваргүй өвчнөөс сэргийлж  угаалга, туулга хийдэг. Монгол Улсын мал эмнэлгийн байгууллага анх Засгийн газрын 1923 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн тогтоо­лоор байгуулагдсан. Түүнээс хойш мал амьтны эрүүл мэндийг хамгаална гэж явсан. Хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдлын тухай асуудлыг багтаасан байдаг. Үнэндээ манай улсад мал амьтны гаралтай хүнсний бүтээг­дэхүүний эрүүл ахуйн шаардлагад төдийлэн ач холбогдол өгөлгүй өнөөдрийг хүр­сэн.
Өчигдөр вакцин тарь­сан малыг өнөөдөр нядлаад, махыг нь маргааш идэж байна. Гурав хоногийн өмнө ивомек тарьсан ма­лынхаа сүүг ууж байгаа. Ер нь, малынхаа мах сүүгээр дамжаад та өөрөө хордож байна гэдгээ мэдэрдэггүй байсан. Гуравдугаарт, ний­тийн эрүүл мэнд. Энд мал амьтнаас хүнд халдварладаг өвчин, антибиотикийн хорд­лого, вакцины халдварын хордлогын асуудлыг хамруул­сан. Хамгаалах ажлыг мал эмнэлгийн байгууллага хийх ёстой. Гэтэл манайд заримдаа мал эмнэлэг, заримдаа мэр­гэж­лийн хяналтын байгууллага хамгаалах мэт харагдаад байдаг. Дөрөвдүгээрт, гадагшаа махаа гаргая гээд л яриад байдаг. Өнөөдөр цөөн ч гэсэн аж ахуйн нэгж багахан хэмжээгээр экспортод мах гаргаж эхэлсэн шүү дээ.

-Малын эрүүл мэндийн тухай хуулийн нэг зорилго нь малын түүхий эдийн өндөр үнэд хүргэж, малч­дын амьдрал ахуйг дээш­лүүлэх. Гэтэл манай улсын мах бэлтгэлийн тогтолцоо стандартын шаардлага хангахгүй л байна?
-Үнэн хэрэгтээ Европын холбооноос өндөр шаардлага тавибал манай улс нэг ч килограмм мах гаргаж чадахгүй. Өнөөдөр төрөөс мал эмнэлгийн байгууллагын талаар явуулж байгаа бодлого алдаатай байна. Нөгөө талд орон нутагт ажиллаж байгаа мал эмнэлгийн байгууллагын ажилтан ч үүргээ биелүүл­дэггүй. Малчдын амьдрал дорой байгаа нь малаа үнэд хүргэж зарж чадахгүй учраас тэр. Гадагшаа зардаг малын мах эрүүл байх ёстой гэдэг. Гэтэл бид ч гэсэн эрүүл мах идэх ёстой. Иймээс ресторан, хоолны газар, махны худалдагчид махны бэлтгэлд хатуу шаардлага тавих ёстой. Мөн манай улс мал амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний чөлөөт худал­дааны байдлыг хангахад дэмж­лэг үзүүлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ биелүүлдэггүй. Иймээс өнөөдөр 61 сая тол­гой малтай гээд л малын тоо ярьсаар сууна. Уг нь малаараа бизнес хийх ёстой. Мал бол мах, сүү бэлтгэж байгаа үйлдвэр. Энэ талаас нь бодохгүй явсаар өнөөдөртэй золголоо.

-Манай улсын бэлчээ­рийн даацын 95 хувь нь доройтолд орсон гэдэг. Малчид маань малынхаа чанарт бус тоо толгойд нь анхаарал хандуулах байдал үргэлжилсээр байна?
-Япон улсад зөвхөн гэрийн тэжээвэр амьтан 30 сая орчим байдаг. Энэ 30 сая гэрийн тэжээмэл амьтны үсийг нь засуулдаг, гоо сайханд оруулдаг. Зарим нь гэрээс гарахгүй байсаар  таргалсан байдаг. Түүнийг фитнесст явуулдаг. Мал эмнэлгийг нэг талаас нь  урлаг болгон хөгжүүлсэн байдаг. Монголд байдал эсрэгээр. Гэр бүлийн нэг гишүүн нь хүндээр өвчлөхөд хэдэн төгрөг ч байсан зарцуулдаг. Гэтэл хонь нь өвчлөхөд тоодоггүй. Энэ хонинд 200 мянган төгрөгөөр мэс засал хийлгэж яадаг юм. Хонины үнэ 80 мянган төгрөг мэс засал хийлгэж 200 мянган төгрөг ч зарцуулсан байсан 80 мянган төгрөг гээд үл тоодог. Харин том амьтанд дээр эдийн засгийн талаас нь бодож үзээд өндөр үнээр эмнэлгийн үйлчилгээ авдаг. Тухайлбал, хурдан морь, “Макс” ХХК-ийн захирал Ганбаатарын морь саяхан нэг наадамд төрүүлээд л хоёр сая ам.доллар авсан. Энэ моринд 200 сая төгрөг зарцуулах нь асуудал биш л дээ. Тэгэхээр энэ тухай заалт хуульд чухал үүрэгтэй байсан. Гэвч хуулийн төсөл боловсруулж байгаа албаны хүмүүс анхаарахгүй орхигдуулаад л байна.

-Өмнөх хуулиас шинээр боловсруулаад байгаа хуулийн төслийн ялгарах гол онцлогийг та хэрхэн харж байна вэ?
-Өмнө нь зөвхөн амьтны эрүүл мэндийн харилцааг зохицуулдаг байсан. Одоо үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд гэсэн үүргийг хуульд нэмж оруул­сан. Ингэхээр хаа хаанаа хариуцсан ажилтай болж, харилцан уялдаатай хамтран ажиллах болно. Шинэ хууль гарснаар энэ бүхэн зохи­цуулагдах учиртай. Мөн  малчид халдвартай малынхаа махыг зарах байдал үгүй болно. Доржийнхоос хонь худалдаж авлаа гэхэд хонь нь нэгдүгээр сарын тэдний өдөр галзуугийн вакцинд хамрагдаж, 28 хоногийн өмнө ивомек тариулжээ. Иймээс өнөөдөр худалдаж авч болох нь гэдэг мэдээллийг харах боломжтой болно. Одоо Улаанбаатар 10 жилийн дараа цэвэр усны хомсдолд орно гээд анхаарал хандуулж байгаа шиг мах, сүүний аюулгүй байдалд хүн бүр анхаарал хандуулах учиртай. Үүний тулд ХХААХҮЯ, мал эмнэлэг үржлийн газраар дамжуулан бодлогод нөлөөлж, нөгөө талаас малчид үүргээ биелүүлс­нээр  энэ хоёрыг харилцааг нь  зохицуулж байгаа мал эмнэлгийн салбарын эрхлэх ажил тодорхой болно. Дээрх гурван байгууллагын үйл ажиллагааг хуулиар зохицуулж өгөхгүй юм бол бид махаа ч зарж чадахгүй.

-Манай улсад малын гоц халдварт өвчин тасрахгүй байна.  Малаа вакцинд хамруулах байдал үнэхээр хангалтгүй байгаа учраас гэж хэлж болох уу?
-Ховд аймгийн арван хэдэн сумын малд  мялзан өвчин гарсан тул нийт айлуудын малыг вакцинд хамруулсан. Уг нь, мялзан туссан айлын мал дархлаатай болдог.Тиймээс  вакцинд хамруулдаггүй. Гэтэл тухайн хотны бүх малыг, ойрхон залгаа аймгийн малтай нь вакцинд  хамруулсан. Нэгэнт дархлаа тогтсон малд вакцин хийх хэрэггүй байсан юм. Ингэхээр  малчин, аймгийн удирдлагууд манай малд вакцин тарьсан юм чинь эрүүл гэсэн ойлголттой болдог. Хэдийгээр вакцин тарь­сан ч нөгөө халдварын вирусийг мал тээсээр байдаг. Уг нь, тусгаар­лах хорио цээр тогтоох ёстой.
Өнгөр­сөн жил шүлхий зүүн хэдхэн аймагт л гарч байсан. Гэтэл одоо ихэнх нутгаар тархаж, Архангай аймагт хүрлээ. Вакцинжуулалтын зөв бодлоготой хийхгүй бол урьдчилан сэргийлэх ажлаа гүйцэтгэж чадахгүй байна. Өвчин гарсан Доржийн хотонд нэг эмч очиж ажиллах ёстой.  Гэвч Доржийнд очиж малд нь вакцин хийсэн эмч дараагийн Батын хотонд очиж  малд нь вакцин тарьдаг. Гэтэл  эмчийн дээлний үс, гутлын түрүүнд халдварт өвчний вирус наалдаж очоод Батын малыг өвчлүүлдэг байдал хэвээр үргэлжилсээр байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан