Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жэк Ма: Америкчууд дайн байлдаанд мөнгөө үрээгүй бол ажлын байртайгаа үлдэх байсан


Б.СЭВЖИДМАА

Хятадын тэргүүн баячуудын нэг “Алибаба” группийн эзэн Жэк Ма Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор БНХАУ-ын дарга Си Зиньпинийг дагалдан Давост ирэхдээ дараахь ярилцлагыг өгчээ. Тэрээр одоо дэлхийн нийтийн ярианы сэдэв болоод байгаа АНУ-Хятадын худалдааны харилцаа, шинэ Ерөнхийлөгч Трампын бодлогын талаар үзэл бодлоо илэн далангуй илэрхийлснээрээ олны анхаарлыг ихээхэн татлаа. Тэр дундаа Д.Трампын хэлэх дуртай “Хятадууд манай ажлын байрыг булаасан” гэсэн үгэнд даацтай хариулт хэлсэн юм. Ингээд Жэк Магийн ярилцлагыг сонирхоно уу.

-Та саяхан Трамп цамхагт саатаж, Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан. Уулзалт ямар болж өнгөрөв. Та хоёр юун тухай ярилцсан бэ?
-Миний бодсоноос хавьгүй илүү үр дүнтэй уулзалт болсон шүү. Төсөөлснөөс ч илүү.

-Та юу төсөөлж байсан бэ?
-Яахав, би бусдын л адил түүний тухай элдвийн мэдээ сонсдог. Янз бүрийн л мэдээлэл байдаг. Гэхдээ тэр их нээлттэй хүн юм билээ. Миний яриаг анхааралтай сонссон. Би энэ уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Ерөнхийлөгч ч бас сэтгэл хангалуун үлдсэн байх. Намайг бүр өөрөө доошоо буулгаж өгсөн шүү.

-Яаж яваад ийм уулзалт болчихов оо? Хэн энэ уулзалтыг санаачилсан бэ? Тэр тань руу эхэлж залгасан уу, эсвэл та өөрөө түүн рүү ярьсан уу?
-Би ч бас өөрөө гайхаж л байлаа. Миний  зарим танил надад энэ санааг анх өгсөн л дөө. “Жэк, чи шинэ Ерөнхийлөгчтэй уулзахыг хүсч байна уу” гэж. Тэр үед надад уулзах тухай санаа огт байгаагүй тул би тэднийг үнэн яриад байна уу үгүй юу гэж их гайхсан. Би өөрөө ч бэлэн биш байлаа. Харин энэ тухай нэлээд хэдэн хүнээс сонссоны  дараа  нээрээ яагаад уулзаж болохгүй билээ гэж бодоод  найздаа “За тэгье, би уулзмаар байна” гэж хэлсэн.  Миний энэ саналд Ерөнхийлөгч Трамп ч таатай хандсан учраас харилцан уулзахаар зөвшөөрсөн байх.

-Та түүнд юун тухай ярив?
-Бид жижиг дунд бизнесийн тухай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаар , мөн АНУ-Хятадын худалдааны талаар, тэр дундаа Америкийн жижиг бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг Хятад болон Азийн зах зээлд хэрхэн худалдаж, ажлын байр бий болгох тухай  ярилцсан.

-Та АНУ-д нэг сая ажлын байр таван жилийн дотор бий болгож өгнө хэмээн амласан. Энэ их ажлын байрыг яаж гаргах юм бэ? “Алибаба” групптээ ажилд авах хэрэг үү?
-Өө яалаа гэж. Манайх 30-40 мянган ажилтантай. Сая хүнийг яаж манай компани ажиллуулах билээ. Бид зөвхөн өөрийн платформоор дамжуулан АНУ-ын жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих замаар ажлын байр бий болгоно.

-Тэгэлгүй яахав.
-30 жилийн өмнө их сургуулиа төгсөх үедээ би нэг ном уншсан юм. Тэр номонд АНУ-ын  гайхамшигтай стратегийн талаар өгүүлсэн байв. Тэр номонд үйлдвэрлэлээ Хятадад, Мексикт явуул. Үйлчилгээний ажлаа Энэтхэгт даалга гэх мэтээр бичсэн байв. Тэр  бол “Дэлхий бол хавтгай” гэдэг ном л доо.

-Тийм ээ, Томас Фридманы ном.
-Тэр үед би үүнийг уншаад “Төгс стратеги” байна гэж бодсон. Америкийн аварга том компаниуд даяаршлын ачаар сая сая долларын ашиг олсон шүү дээ. Америкийн шилдэг 100 компани гээд л бодоод үз. Би санадаг юм. Их сургуулиа төгссөний дараахан би “Motorolla”-гийн пэйжерийг авах гэхэд 250 доллар байж билээ. Гэтэл тэр үед багшаар ажилладаг миний сарын цалин 10 доллар л байлаа. Харин сонирхолтой нь тэр пэйжерийг хийх зардал ердөө найман доллар гээд бод. IBM, CISCO, Microsoft гээд Америкийн компани хэдэн арван сая ам.долларын ашгийг глобальчлалын ачаар л олсон. Тэдний олсон нийт орлого ашгийг тооцвол Хятадын дөрвөн том банкийг нийлүүлснээс ч давж гарна. Тийм их хэмжээний мөнгө олсон. Гэтэл тэр их мөнгө хаачсан бэ. Би бол бизнесийн хүн. Тиймээс орлого, зарлагын тэнцлийг, мөнгө хаанаас орж ирэв, хаашаа урсав гэдгийг хамгийн түрүүнд боддог. Өнгөрсөн 30 жилийн дотор Америк 13 дайнд оролцсон.  Тэд дайн байлдаанд 40,2 их наяд ам.доллар зарцуулсан.  Мөнгө ийшээ л явсан байна. Хэрэв энэ мөнгөний нэг хэсгийг дэд бүтцээ барихад, цагаан, хөх захтан ялгаагүй ард иргэддээ зориулсан бол... Хэчнээн сайн стратеги байлаа ч улс орныхоо мөнгийг ард түмэндээ өөрсдөд нь зориулах хэрэгтэй. Хүн болгон Харвардад сурч чадахгүй шүү дээ. Над шиг босгыг нь давж чадахгүй хүн зөндөө байна. Өндөр боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүстээ улс мөнгөө зарцуулах ёстой шүү дээ.
Би залуу байхдаа Америкийн Ford, Boeing гээд том үйлдвэрлэгчдийн тухай сонсдог байлаа. Харин өнгөрсөн 10-20 жилд юу сонсов. Цахиурын хөндий, Уолл Стрит л гэж сонсогддог боллоо. Мөнгөний нөгөө хэсэг чинь ийшээ яваад байна. Тэгээд юу болов оо? 2008 оны санхүүгийн хямралаар зөвхөн Америк 19,2 их наяд доллараа салхинд хийсгэлээ шүү дээ. Дэлхий даяар 34 сая ажлын байр үгүй боллоо. Хэрэв Уолл Стрит, Ойрхи Дорнодод зарцуулсан мөнгөө АНУ-ын төвийн мужууддаа, үйлдвэрүүддээ зориулсан бол яах байсан бол. Нэлээн өөрчлөлт гарах байсан даа.
Эндээс харвал та нарын ажлын байрыг бусад улс хулгайлаагүй байгаа биз, залуус аа? Энэ бол та нарын өөрсдийн л сонгосон стратеги. Та нар мөнгөө зөв хуваарилж чадаагүй.

-Даяарчлалын тухай, худалдаа эдийн засгийн харилцааны тухай маргаан одоо ид үргэлжилж байна. Давост ч энэ тухай ярьж байна. Ерөнхийлөгч Си Зиньпин даяаршлын талд зогсоно гэдгээ хэлсэн. Түүний хэлсэн үгийн талаар та ямар бодолтой байна?
-Даяарчлал бол агуу зүйл. Даяарчлал ямар чухал вэ гэдгийг бидэнд заасан улс бол Америк шүү дээ. 2002 онд манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийн өмнө хүн бүр айж эмээж байлаа. Би ч айж байсан. Гадны бүтээгдэхүүнүүд орж ирээд, манай үйлдвэрлэлийг үгүй хийгээд, биднийг ажилгүй болгочихвол яанаа гэж эмээж байсан.  Гэтэл даяарчлал үнэхээр хэрэгтэй юм гэдгийг ойлгуулаад 20 жил өнгөрсний дараа үүнийг аймшигтай юм гэж хэлж байна.  Харин би хувьдаа даяаршил бол хүн төрөлхтөнд хэрэгтэй гэж боддог. Гэхдээ сайжруулах ёстой. Илүү олон улсыг, олон хүнийг хамрах ёстой. 30 жилийн өмнө дэлхийн даяаршлыг 60 мянган том компани хянаж байлаа. Харин 100 жилийн өмнө хэдхэн тооны хаад ноёд энэ системийг хянадаг байсан.  Хэрэв бид ирэх 30 жилд зургаан сая жижиг бизнесийг дэмжвэл байдал яаж өөрчлөгдөх бол. Ийм учраас л даяаршил илүү өргөн хүрээг хамрах ёстой гэж хэлээд байгаа юм.
Дэлхийд манлайлал хэрэгтэй. Гэхдээ энэ нь хэн нэг удирдагч, аль нэг улс гараад удирдах ёстой гэсэн үг биш. Бид хамтдаа манлайлах ёстой.  Би Хятад хүний хувиар, бизнесмэн хүний хувьд Ерөнхийлөгч Сигийн хэлсэн үгийг сонсоод баярлаж, бахархаж байлаа.  Дэлхийд хоёрт орох эдийн засагтай улсын  хувьд Хятад өөрт оногдох үүрэг хариуцлагаа бүрэн дааж явна гэдгээ амлалаа гэж би харж байна. Хятадын удирдагчдаас ингэж үүрэг хариуцлагаа ухамсарлаж, амлалт өгсөн анхны удирдагч нь тэр учраас би баярлаж байгаа юм. Хятадын дарга Си “Ирэх 10 жилд бид 8 их наяд долларын бараа бүтээгдэхүүнийг эх орондоо импортолно” гэж хэлсэн. Ийм бодитой тоо, зорилго тавихаар бидэн шиг бизнесмэн хүмүүс ажиллахад илүү дөхөм болж байгаа юм. Энэ нь зөвхөн Хятадад биш, дэлхийд томоохон өөрчлөлт авчирна гэж итгэж байна.

-Танай Алибаба групп EWTP гэж зүйл бий болгосон. Энэ талаараа танилцуулаач?
-Дэлхийн худалдааны байгууллага хэрэгтэй боловч энэ систем өөрөө хөгжилтэй орнууд, томоохон компаниудад зориулагдсан. Харин жижиг бизнест боломж олгож чадаагүй. Тиймээс бид EWTP  /Electronic World Trade Platform/ буюу дэлхийн цахим худалдааны платформыг бий болгохоор шийдсэн. Энэ бол залуу хүмүүс, жижиг бизнесийг дэмжих зорилготой, интернэт, гар утас, компьютер гээд орчин үеийн техник хэрэгслээр холбогдоод бүтээгдэхүүнээ худалдах талбар байх юм. Дэлхийн худалдааны байгууллага өөрөө сонин бүтэц, үйл ажиллагаатай. Аливаа нэг шийдвэр гаргахад бүх гишүүн орноор дэмжүүлэх ёстой болдог. Тийм юм гэж байхгүй шүү дээ. Харин EWTP бол бизнесмэн хүмүүс хамтдаа суугаад, шийдэл гаргаад , Засгийн газраар дэмжүүлдэг өөр системтэй байх болно.

-“Алибаба”-г барууны ижил төрлийн компанитай харьцуулвал огт өөр загвартай. “Амазон” гэхэд илүү хөрөнгөд суурилсан, өөрийгөө хүчирхэгжүүлдэг компани. Харин танайх жижиглэн худалдаанд төвлөрсөн компани.Тэгвэл “Амазон”-ы Жефф Безосын загвар зөв үү, таны загвар зөв үү?
-Хоёулаа зөв байгаасай гэж найдаж байна. Яагаад гэвэл энэ дэлхий дээр нэг загвараар л явна гэж байхгүй. Хэрэв ганцхан зөв загвар байдаг байсан бол үнэхээр уйтгартай байхсан. Загварыг бий болгож байгаа хүмүүс тэр загвараараа амьдрах ёстой болдог. Харин би бол өөрийн итгэж үнэмшиж яваа зүйлээ л хийж байгаа хүн. “Амазон”, манай компанийн хоорондох ялгаа бол тэд хаант улс шиг систем бий болгосон. Өөрсдөө бүхнийг хянадаг. Харин манай систем бол бүгд ижил тэгш байх систем. Бидний философи бол бусдыг хүчирхэгжүүлэх. Бидний технологи, бидний инноваци бусдыг хөгжүүлж дэвшүүлэх, хүчирхэгжүүлэхэд л зориулагддаг. Тэгж 10 сая бизнесийг хөгжүүлж байж л тэд “IBM”, “Microsoft”-той өрсөлдөнө.  Бид технологийнхоо хүчээр бүх жижиг компанийг Амазон” шиг болгож чадна. Хэрэв бид өнгөрсөн жилд хийсэн нийт борлуулалтаа өөрсдөө хүргэж өгсөн бол таван сая хүнийг хөлслөх шаардлагатай байсан. Бид яаж таван сая хүнийг ажиллуулж дийлэх юм бэ. Энэ их ажлыг нугалахын тулд л үйлчилгээний, логистикийн компаниудыг дэмжиж, хөгжихөд нь туслаж байгаа юм.

-“Алибаба” сүүлийн үед Холливудын бизнест орж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Танай компанийн нэр ч зарим киноны танилцуулгад харагддаг болжээ. Та яагаад киноны бизнест орохоор шийдсэн юм бэ? Зорилго нь юу вэ?
-Манай компани таван жил тутам стратегиа эргэн харж, шинэ стратеги боловсруулдаг. Ингэхдээ 10 жил, 30 жилийн дараах ирээдүйг харж, стратегиа шийддэг. Стратегийн шийдвэр гаргах бүртээ бид нэг л асуултыг тавьдаг. Бидний гаргасан шийдвэр нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэж чадах уу гэж. Бидний баримталдаг философи бол нийгмийн том асуудлыг шийдэж буй эсэхээр амжилтаа үнэлэх зарчим. Хэрэв нийгмийн ямар ч асуудлыг шийдэхгүй бол, нэг сарын дараа ашгаа өгөх бизнес байсан ч бид тийшээ ордоггүй. Харин 10 жилийн дараа амжилтад хүрч, ашгаа өгсөөр байх бизнес байвал бид түүнийг сонгодог.
Таван жилийн өмнө бид 10 жилийн дараах ирээдүйгээ ярилцаад нэлээн мэтгэлцсэн юм. 10-20 жилийн дараа Хятадын нийгмийг ямар байгаасай гэж хүсч байна вэ гэж бид өөрсдөөсөө асуусан. Бидний олсон хариулт бол “аз жаргалтай”, “эрүүл” байх.  Үүнийгээ бид “Хоёр H”-ийн стратеги (healthy, happy) гэж нэрлэсэн.
Кино бол хүмүүст аз жаргал бэлэглэдэг зүйл. Өнөөдөр хар л даа. Хүн бүр л аз жаргалгүй. Баячууд нь ч жаргалгүй, ядуус нь жаргалгүй. Тэгвэл ядаж кино үзэж жаргалтай болъё л доо. Тийм учраас л бид Холливудтай түншилье гэж шийдсэн юм.
Гэхдээ АНУ, Хятадын амьдралын хэв маяг өөр л дөө. Хятадын кинонд их олон баатар гарна аа. Даанч үхчихнэ. Гэтэл Америк киноны баатар огт үхдэггүй. Хэрэв бүх баатар нь үхээд байх юм бол хэн баатар болохыг хүсэх юм бэ. Тийм болохоор би баатар нь амьдардаг кино хиймээр байна. Гэхдээ энэ бизнест ороод дөнгөж хоёр жил болж байна. Одоо дахиад 8 жил ажиллах шаардлагатай. Компаниа зүгээр нэг цахим худалдааны бизнес гэж хардаггүй. Манай бизнес хүмүүст урам зориг, итгэл найдвар өгөөсэй гэж хүсдэг. Би жишээлбэл киноноос их олон зүйлийг ухаарч ойлгож байсан. Миний дуртай кино бол “Форест Гамп”.  Энэ киноноос би амьдрал хатуу гэдгийг ойлгосон. Хүмүүс намайг тэнэг, галзуу, чиний бизнес амжилтад хүрэхгүй гэж байхад би Форест Гамп шиг урагшаа зүтгэсээр өдий хүрсэн.

0 Сэтгэгдэл
ze muu hujaa min hol ochij hevt ***** olon yum yarigtii hen be ene
Асашерю гэж ***** гудас энэ Жак Маг Монголд уриад л нурууг илээд бялдуучлаад байсан.
uursduu udahgui ulburch uheh gej baij
zevsegt ureh munguu ded butetsdee zartsuulah baisan yum gej helsiim
Хамгийн их уншсан