Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын шинэ мөчлөг

-Сонгуулийн ирц 50 хувийн босго давсан тул хүчинтэйд тооцогдлоо-


Б.БИЛГҮҮН

Хагас жилийн өмнөх УИХ-ын сонгуулиар АН есөн тойрогт ялалт байгуулав. 2012 онд энэ намаас УИХ-д суусан 34 улстөрчөөс ердөө тав нь суудлаа хадгалж, шинээр дөрвөн гишүүн парламентын танхимд орж чадсан билээ. Гэвч, энэ бол Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн хэлснээр “улс төрийн цунами” болж, АН-тай ширүүн өрсөлдөнө гэж төлөвлөсөн МАН-ынханд хүртэл ийм таамаг үнэндээ байгаагүй юм. Намын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Засгийн газрыг тэргүүлсэн Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг... гээд энэ намын фигурууд сөрөг хүчний залуухан улстөрчдөд “үнэмлэхүй” ялагдсанд нь АН биш МАН-ыг гайхахад хүргэсэн талтай. Ямартай ч, аль, аль нь зог туссаны дараа МАН улс орноо, АН дотоод тогтолцоогоо анхаарах шаардлагатай болж, улс төрийн амьдрал үргэлжилж байна.

Баяртай, Зэ

Сонгуулийн шокноос хамгийн түрүүнд гарсан хүнээр АН-ын дарга З.Энхболдыг нэрлэж болох. Тэрээр намаа УИХ-ын сонгуульд удирдан оролцсон тул хамгийн түрүүнд хариуцлага үүрэхээр шийдэж, даргын суудлаа өгөхөө зарласан нь нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон ялагдал хүлээсэн дүүрэг, аймаг, сумдын дарга нарыг ч “хөлдөө чирсэн” үйлдэл болов. Товчхондоо, шат шатны удирдлагууд бүгд хариуцлага хүлээх шаардлагатай гэж намын дарга нь үзсэн нь цаашдаа ч ийм тогтолцооны эхлэлийг хатуу тавих суурь болов.

Гэхдээ З.Энхболд түүний аппарат муу ажилласнаар АН улс төрийн асар их хохирол амссан гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай. Жишээ нь, АН 2012 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 34 хувийн санал авч, олонхи болж байсан бол 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын 33 хувийн санал авч ялагдсан нь сонгуулийн тогтолцоотой зарим талаараа холбогдсон байв. Монгол Улсыг жижиг 76 тойрогт хуваасан нь эрх баригч АН-ын хийх ёсгүй, эсвэл хийлгэх ёсгүй үйлдэл байсныг сонгуулийн үр дүн харуулсан бөгөөд 1000 хүртэлх саналын тоогоор ялагдсан АН-ын 14 нэр дэвшигч байсан нь пропорциональ тогтолцоо АН-д ямар ашигтай байсныг оройд нь ортол мэдрүүлсэн биз ээ. Мөн санал хуваагч намтай, энэ намын зарим нэг гишүүн сонгуулийн өмнө хариуцлагагүй үйлдэл, мэдэгдэл хийгээгүй бол улс төрийн нөхцөл байдал арай өөр байж болох байсан юм.
Гэхдээ үр, дүн нэгэнт тодорхой болсон тул даргын суудлыг хэнд шилжүүлэх хийгээд, хэрхэн сонгох асуудлыг Их хурал зарлан ярилцсан энэ намын дахин сэхэх хамгийн эхний алхам болсон гэдэгт АН-ынхан бүрэн дүүрэн итгэж байна. Хамгийн гол нь дээрх хурлаас намын даргыг сунгаагаар сонгох шаардлагатай гэж үзсэн нь Монголын улс төрийн цоо шинэ үзэгдэл болж, АН шинэ системээр, шинэ даргатайгаар, өөр нэг мөчлөг эхлүүлэхэд ганц, хоёрхон хоног үлдэв.

Энэ нь АН-д хийгдэж байгаа ганц шинэчлэл биш бөгөөд З.Энхболд намын даргын суудлаа шилжүүлэхээсээ өмнө нам дотор нь үүссэн асуудлыг томъёолов. Тухайлбал,

Нэгдүгээрт, АН-ын бүх шатны байгууллага толгойлж сонгуульд орсон намын дарга нар тухайн шатны Засаг даргаар шууд томилогдон ажилладаг тогтолцоог хүлээн АН-ын Их хурлаар хүлээн зөвшөөрсөн.
Хоёрдугаарт, Сонгуульд ялагдсан тохиолдолд бүх шатны намын удирдлага шууд халаагаа өгч, дараагийн дөрвөн жилд тухайн шатныхаа намын удирдлагад өрсөлдөхгүй болсон. Үүнийг үлгэрлэн энэ удаагийн намын даргын сунгаанд З.Энхболд оролцоогүй юм.

Гуравдугаарт, бүх шатны байгууллагын санхүүжилтийг тухайн шатны гишүүдийн хандив, татвараар санхүүждэг тогтолцоо бүрдүүлэхээр болсон. Учир нь, энэ нам дотор санхүүгийн бүлэглэлд багтдаг хэд, хэдэн хүн байгаа гэж З.Энхболд өөрийн амаар хэлсэн билээ. Харин тэдгээр нь эрх мэдэлд хүрсэн цагтаа эргээд бүлэглэлдээ үйлчлэх явдал гарсан хамгийн том жишээ нь Тавантолгойн ордын асуудал юм.

Дөрөвдүгээрт, нам нээлт­тэй байх ёстой гэж үзсэнээр энэ нам шинэчилсэн бүртгэл хийж эхэлсэн. Ингэснээр энэ намын гишүүнийг таньж, мэдэх нь хялбар болж, татвараа төлдөг гишүүд нь саналын эрхтэй болж өөрчлөгдсөн юм. Өчигдөр энэ дагуу намын даргын сонгууль явагдлаа. Намын даргын суудлаа шилжүүлэхээр болсон З.Энхболд дээрх шинэчлэлийн ажлыг эхлүүлээд, өөрөө явахаар болсон нь энэ намын шинэчлэлийн эхлэл гэх нь зүй.

“Сумтай тав” гэх даргын сунгаа

АН-ын даргад өрсөлдөж байгаа таван нэр дэвшигчийн хэн нэгэн нь УИХ-ын дараагийн сонгууль хүртэл энэ намыг удирдах нь гарцаагүй. Харин түүнийг давын өмнө Ерөнхийлөгчийн сонгууль, сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эхний сорилт нь хүлээж буй.

Хэдийгээр С.Эрдэнэ, Д.Эр­дэ­нэбат, Ж.Батзандан, Л.Ган­­төмөр, Н.Алтанхуяг нар намаа шинэчлэх ганцхан зорилготой гэж буй ч өөр, өөрийн гэсэн ашиг сонирхол хэн, хэнд нь бий. Мөн үүнийг дагаад АН-ын жигүүр, фракцууд хуваагдаж, сүүлийн хэд хоног хэн нь хэн бэ гэдгээ харуулав.

Жишээ нь, Л.Гантөмөрийг хүний хүн гэдэг. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг төлөөлөн энэ намын даргын сонгуульд өрсөлдсөн гэх яриа гарсан. Сунгаа эхлэхийн өмнөхөн “Нэг ардчилал” фракцыг татан буулгалаа гэж зарласан ч амралтын өдрүүдээр “Нэг ардчилал” фракц МоАН-тай нэгдэж буйгаа зарлав. Эргэж, буцсан энэ үйл явдлын гол дүрүүдэд Г.Батхүү, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нар багтаж буй. Тэд Л.Гантөмөрийг дэмжиж байна гэсэн үг.

Харин эд дундаа Д.Эрдэ­нэбат “фракцгүй”. Фракц, жигүүр байх ёстой гэж үздэг ч, энэ нь зөвхөн бодлогын өрсөлдөөний хэмжээнд байгаасай гэж хардаг улстөрч. Гэхдээ түүнийг илэрхий дэмжиж, намын дарга болоосой гэх улстөрч АН дотор байхгүй байгаа нь фракцын дэмжлэг түүнд хэрэгтэйг сануулж буй. Уг нь түүнийг МҮДН фракцад багтдаг гэдэг ч, энэ фракцаас ил цагаанаар зарлаж, дэмжиж буйгаа илэрхийлсэнгүй. Магадгүй энэ нь ч түүнийг “ноён нуруутай” гэж тодорхойлоход дөхөм болж байгаа бололтой. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намын даргын сонгуульд оролцож байгаа ганц шалтгаан нь “өшөө авалт”. Ерөнхийлөгчтэй зарласан түүний “дайн” энэ сонгуулийн үр дүнгээс асар хамаатай бөгөөд гол өрсөлдөгчдөө ялагдвал АН-аар овоглож, улс төрд цаашдаа орших эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. Мөн энэ сунгаанд оролцсоноор үр дүнгээс нь үл шалтгаалан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох магадлал нь буурч байгаа. Учир нь, Н.Алтанхуяг намын дарга болбол, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй, харин ялагдвал, ялсан хүний “хүн” нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм. Түүнийг намын дарга болгохгүйн тулд АН-ын байрны асуудлаар багагүй баалсан ч үүнээс илүү ах, дүү, амраг саданг нь АТГ-аас шалгах болсон нь сэтгэлийг нь зовоож буй. Түүнд хамгийн том, АН-ын чиг заагч “Алтангадас” фракц бий.

Гэвч, энэ сонгуульд “хал үзэж, халуун чулуу долоосон” хүчтэй өрсөлдөгч байгаа нь С.Эрдэнэ. Сонгуулиар АН дүүргүүдэд ялагдал хүлээж байхад Эрдэнэ вангийн хошуу гэж нэрлэгдсэн Баянгол дүүргийн АН-ынхан МАН-ыг сэхэлгүй ялсан нь С.Эрдэнэтэй шууд холбоотой. Тэрээр энэ дүүрэгт сүүлийн гурван сонгууль дараалан ялсан бөгөөд АН-ыг энэ хэрээр “базаж” чадах хүн гэдэг юм. Түүнийг МоАХ дэмжиж ажиллахаа мэдэгдсэн нь том дэмжлэг болсон ч залуу үеэ гэх АН-ын гишүүд мэр сэр бий. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийгөө “дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэж хэлсэн ч намын даргын сонгуулийн зардлыг хэт их байна хэмээн шүүмжилж, зүйл бүр рүү үсчдэг нь өөрийг нь буурь, суурьгүй болгож харагдуулдаг тал бий. Мэдээж, мөнгөгүй хүн нам удирдана гэж хэлж болох ч, сонгуулийн зардлаа босгож чадахгүй бол “шилний цаанаас л зайрмаг долоох”-оос аргагүй. Гэхдээ тэр намын даргын сунгаанд оролцох мөнгөө төлж, тийзээ авсан тул эцсийг нь үзэхээр болсон билээ. Тэд өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүрэгт намын гишүүдтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, саналын эрхтэй 120 мянган гишүүн саналаа өгөхөөр болсон юм.

Сонгуулийн ирц бүрдэж, санал тоолж байна

УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн жишгээр АН-ын гишүүд саналаа өгөв. Тэд эхлээд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, гишүүний татвараа төлснөөр санал өгөх эрхтэй болсон юм. Энэ бүртгэлд 120 мянган гишүүн бүртгүүлж, саналын эрх авсан байна.

Харин хэд хоногийн өмнө 16 мянган гишүүний саналын эрхийг хүчингүй болгохоор тооцсон юм. Учир нь, өөрийн биеэр намын хороон дээрээ очилгүй төв нам дээр олон мянган иргэний анкет бүртгүүлсэн зөрчил илэрсэн байна. Эдгээрий ялгаж, салгах болох боломжгүй тул төв нам дээр бүртгүүлсэн 16 мянган бүртгүүлэгчийн санал өгөх эрхийг хязгаарласан юм. Өчигдөр зарим дүүргүүд дээр төв нам дээр бүртгүүлсэн АН-ын гишүүд саналаа өгөхөөр очсон ч саналын эрхгүй хэмээн санал аваагүй нь багагүй маргаан үүсгэсэн юм. Тиймээс 16 мянга орчим гишүүдний бүртгэлийг дахин хянаж, дууссаны дараа санал авахаар шийдвэрлэжээ.

АН-ын даргыг сонгох сонгуулийн санал авах байрыг бүх сум, дүүрэгт нээж, 07.00 цагаас эхлэн авч эхэлсэн юм. Санал хураалт 22.00 цагт дуусах товтой ч 18.00 цаг гэхэд улс даяар сонгогчдын ирц 57 хувьтай болж, сонгууль хүчин төгөлдөрт тооцогдлоо.

АН-ын гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь үд дунд гэхэд сонгогчдын ирц 40 хувьд хүрснээс харж болох бөгөөд зарим дүүрэгт урт дараалал үүссэн байна. Харин намын дарга З.Энхболд “Түшээ” дээд сургуулийн санал авах байранд саналаа өгсөн юм.

Тэрбээр “Энэ сонгууль нэг намын дотоод ажил юм шиг боловч АН Монгол Улсын төрийг сүүлийн 26 жил тасралтгүй бүрдүүлсэн хэсэг. Бид энэ сонгуулийг төрийн сонгуулиас дутахгүй явуулах зорилго тавьсан. Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэгт санал хураах байр нээгдсэн. Бид анх удаа зарчмын том өөрчлөлтийг зориглож хийж байна. Аль ч нам даргаа төлөөлүүлэн сонгож, түүгээрээ бусад байгууллагаа байгуулдаг. Харин АН анх удаа дэлхийн жишигт хүрч, нийт гишүүдээрээ даргаа сонгуулж байна. Энэ нь мөнгөтэй хүмүүс улс төрд орж, улс төрийн намыг өөрийн болгох, төрийн бодлогод хувийн ашиг сонирхлын зүгээс нөлөөлөх зүйлийг таслан зогсоох зорилготой. Мөн фракцуудаас хамааралгүй нийт гишүүдээс дэмжлэг авсан лидертэй болох зорилгыг агуулж байгаа. Таван нэр дэвшигчдэдээ амжилт хүсье. Хэн ч сонгогдсон бусад дөрвөн нэр дэвшигч дэмжиж ажиллах болно гэж амалсан. Тэр амлалт хэрэгжинэ” гэсэн юм.
18.00 цагийн байдлаар Ж.Батзандангаас бусад нь саналаа өгч, намын гишүүддээ хандан, дэмжиж байгаа бол ирж саналаа өгөхийг уриаллаа. Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн АН-ын санал авах байранд санал өгсөн бол Л.Гантөмөр “Түшээ” дээд сургуульд, С.Эрдэнэ  “Энх-Орчлон” дээд сургуульд, Д.Эрдэнэбат Багануур дүүргийн АН-ын санал авах байранд тус, тус саналаа өглөө.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр

0 Сэтгэгдэл
BURUU,,,!!!!iI. IRGED NAMD DURTAI BISH, IRGED ULSIIN UURCHLILTIIN TULUU ARDCHILSAN NAMIIN SONGUULIIG,UUR HUNEER,SHINECHLEH BAGAAR HARJ BAISAN. ENE BISH BAIHAA,
ардчилсан намын гишүүд гэж хамуурсан толгойтой хүмүүс юм даа. одоо жагсаж огцруулах тал руугаа тун удахгүй орох байлгүйдээ
Хамгийн их уншсан