Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архангайнхан хотын үнээр цагаан идээгээ борлуулж байна


Н.БАТ


Улсын сайн малчин Эрдэнэбаатарынх 2000 гаруй толгой малтай. Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн малчин.Тэрээр нийслэлд цагаан идээгээ борлуулахаар иржээ. Тонн гаруй цагаан идээтэй ирээд байгаа гэв.

-Сайхан өвөлжиж байна уу. Энэ жил танай нутгаар өвөлжилт хэр байгаа вэ?
-Дажгүй сайхан байгаа шүү. Архангай аймгийн зарим сум зудын байдалтай л байгаа. Би Ихтамир, Чулуут сумын заагт өвөлжиж байна. Манай тэрүүгээр бол сайхан тогтуун өвөл боллоо.

-Ченжийн гар дамжилгүй, малчид маань өөрсдөө цагаан идээгээ борлуулахаар ирсэн гэхээр хотод зарагддаг цагаан идээнээс арай хямд бас чанартай гэж бодож нийслэлчүүд ирж байгаа. Үнийн хувьд ижил л юм байна?
-Бид өөрсдийнхөө бэлтгэсэн идээг л өөрсдийн унаагаар хотод авч ирээд борлуулж байгаа юм шүү дээ. Малчны хотноосоо цагаан идээгээ зарах боломжгүй л дээ. Тиймээс төв рүүгээ оруулж ирээд борлуулдаг. Чанарын хувьд хотод байгаа цагаан идээтэй харьцуулах аргагүй байх л гэж бодож байна.

-Малчдын маань амьжиргааны төвшин ер нь ямар байна вэ. Бэлэн мөнгөгүй хэцүүхэн л байна гэдэг.
- Мөнгө ховор байна даа. Мал, мах, арьс шир хямдхан болохоор бэлэн мөнгө гар дээрээ бараг авч чадахгүй л байна. Бүтэн жилийнхээ хөдөлмөрийг идэх хоолондоо л зарцуулж байна даа. Зуны цагт идээгээ базааж аваад хаа нэг хот орж борлуулж байна. Аймаг дээр мах цагаан идээ арай хямдхан. Бид чинь сүү сааль, мах, малаараа л хэдэн цаас олдог юм шүү дээ.

-Хотынхон цагаан идээ гэхээр гурил холиогүй биз гэж заавал асуудаг болж. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хөдөөнийхөн цагаан идээндээ гурил холино гэж юу байхав дээ. Аймгийн төв дээр бөөнөөр нь цагаан идээ хийдэг жижиг үйлдвэрүүд бий. Гэхдээ арай ч гурил холихгүй гэдэгт итгэлтэй л байна гэв.
Архангай аймгийнхан цагаан идээгээ борлуулахаар Эрх чөлөөний талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тав дахь жилдээ уламжлал болон гарч буй энэ худалдаа хоёрдугаар сарын 1-20-ны хооронд нийслэлчүүдэд хүрнэ. Энэ сарын 10-ныг хүртэл Цахир,Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Их тамир сумын 50-70 малчин ааруул, цагаагаа борлуулна. Харин 10-наас 20-ныг дуустал үлдсэн сумын малчид энд цагаа идээгээ борлуулах юм байна.
Үнийн хувьд таван ааруул тойруулж, таван үеэр зассан тавгийн идээ 160 мянгаас эхэлж буй гэнэ. Тавгийн идээний ааруул кг нь 15000 төгрөг. Хэв, зузаан нимгэнээсээ шалтгаалаад идээ засах ааруул 5 ширхэг нь 1-2 кг-ийн жин татдаг юм байна.

Хорхой ааруулаа кг нь 10-12 мянгаар борлуулж байгаа бол сүүн хурууд 22000 төгрөг.  Өрөм хэмжээнээсээ шалтгаалаад 3-10 мянган төгрөг. Тос кг нь 8000. Мэхээртэй тос, хайлмаг 10 мянган төгрөг. Аарц кг нь 2500-3000 төгрөг, сүү 3000 төгрөгөөр борлуулж байв.

Байгалийн зэрлэг жимсээр зарим бүтээгдэхүүндээ өнгө оруулж, чимэглэжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн үйлдвэрлэл бага зэрэг шат ахиж л байгаа нь энэ. 600 гаруй км-ийн цаанаас ирж байгаа малчид цагаан идээгээ зах зээлийн ханшаар л борлуулахыг хүсчээ. Хэдийгээр ченжийн гар дамжилгүй нийслэлчүүддээ цагаан идээгээ хүргэхийг зориод гэж байгаа ч үнийн хувьд зөрүү алга. Хотын томоохон худалдааны төв, дэлгүүрт буй цагаан идээний үнээр л борлуулж байв.
Малчид маань эхний өдөр жаахан бэлтгэлгүй ирчихэж хэмээн өөр хоорондоо ярилцах. Учир нь лангуу цөөнтэй болохоор газраар голдуу цагаан идээгээ зулж. Бас тохойвчгүй, цагаан халадгүй. Цагаан идээгээ жинлэхдээ, мөнгөө тоолохдоо ч нүцгэн гараараа л үзээд байна. Өөрсдөө ч үүнийгээ маш сайн мэдэж байгаа бололтой.

Архангайн цагаан идээний үзэсгэлэн гарна гэсэн зарын дагуу хүмүүс олон нийтийн сүлжээнд гурилгүй гэдгийг яаж мэдэх вэ хэмээн өөр хоорондоо асууж эхэлжээ. Харин малчдад энэ тухай дуулгахад их л дурамжхан хүлээж авч байгаа нь илт. Амсаад л мэднэ биз дээ. Бид ямар гурилаар ааруул хийж идэж үзсэн биш хэмээн их ундууцангуй хэлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан