Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баатар: Жанжин клубийг сэргээн засварлах ажилд оролцоод Сүхбаатар жанжны Баатар гэдэг нэрээр шагнуулсан


Б.ЦЭДЭВСҮРЭН

Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд үнэлж барашгүй гавьяа байгуулсан жанжин Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой. Энэ өдөр Тусгаар тогтнолын ордонд О.Баатар өөрийн цуглуулгаа дэлгэж, жанжны тухай үзэсгэлэн гаргаж байна. Түүнтэй уулзаж үзэсгэлэнгийнх нь талаар ярилцсан юм. 82 настай тэрээр энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн баримтуудаа 50 гаруй жилийн турш цуглуулж байгаа ч хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлээгүй өдийг хүрчээ. Уг нь түүнийг Жанжин клубээс зургаан удаа Сүхбаатарын одонгоор шагнуулахаар, таван удаа Соёлын гавьяат зүтгэлтэнд тодорхойлсон ч хариу ирээгүй талаар жаахан сэтгэл дундуур байгаагаа ч нуугаагүй юм.

-Сүхбаатар жанжны тухай үзэсгэлэнгээ хэд дэх жилдээ гаргаж байна вэ. Анх яагаад түүний талаар судалж, баримт сэлт цуглуулах болсон бэ?
-52 дахь жилээ Жанжин Сүхбаатарын тухай үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Үүнийг гаргах болсон шалтгаан маань их сонин түүхтэй л дээ. Сүхбаатарын санаачилгаар 1922 онд Амгаланбаатар хотод одоогийн Жанжин клубийг хэсэг залуус барьсан. Ингэж 1923 онд анхны ший янгуу үзүүлэх клуб тэнд байгуулагдсан байдаг. “Улаан булан” нэртэй. Гэтэл 1943 онд тэр клуб маань нурсан. Аргагүй л дээ. 150 хүний суудалтай, шургаагаар барьсан шавар байшин учраас элэгдэж муудаад нурсан хэрэг. Яг тэр үед Амгаланбаатарчууд санаачилга гаргаж дахин клуб барихаар болсон. Манай аав, ээж тэр үед хорооны зарлага байсан. Айлуудад бичиг хүргэж, хурал цуглааны зар тараадаг одоогоор бол хэсгийн ахлагч гэх юм уу даа. Тэгээд аав, ээж хоёр маань надад хэлж байсан. “За миний хүү, Жанжин клуб нурчихлаа. Амгаланбаатар хотынхон үнэ төлбөргүй ажиллаж, клубээ дахин босгохоор боллоо. Тиймээс очиж ажил” гэсэн.

-Та тэгэхэд хэдэн настай байсан юм бэ?
-Би найман настай, сургуульд ороогүй хүүхэд байлаа. Ингээд л клубийг бүр нураасан. Тэнд Ардын жүжигчин Хандсүрэн, Дамдинсүрэн гуай гээд мундаг уран бүтээлчид олон байсан. Тэднийг би ах аа, эгч ээ гээд гүйнэ. Наймхан настай хүүхэд чинь тоосго үүрч, ус зөөх ажил л хийнэ. Олны хүчээр жилийн хугацаанд сайхан шинэ барилга барьж дууссан. 1944 оны хавар шинэ клубээ нээж баярын хурал болсон. Барилгын ажилд оролцсон бүх л хүн уригдаж оролцож, шагнууллаа. Удалгүй тайзан дээр “Манай хамгийн бяцхан ажилтан Наваан” гээд дуудсан. Аав, ээж маань надад Наваан гэдэг нэр өгсөн байсан. Тайз надаас өндөр учраас нэг бүдүүн хүн намайг өргөөд тайзан дээр гарсан. Огт газар буулгахгүй өргөөд л яваад байсан. Сүүлд түүнийг Жанжин клубийн ерөнхий найруулагч, орлогч даргаар ажиллаж байсан “Нүгэл буян” киноны ловон ламын дүрд тоглодог Тэрбиш гэдгийг мэдсэн. Тэр хүн намайг шалан дээр буулгахгүй өргөөд “Очирын Наваан гэж хүү манай клубийг сэргээн засварлах ажилд хамгийн идэвхтэй оролцсон тул Сүхбаатар жанжны Баатар гэдэг нэрийг өгье” гээд сайшаалын үнэмлэхээр шагнасан. Аав, ээж хоёр ч их бэлгэшээсэн. “Миний хүү Жанжны нэрийг авлаа” гээд Сүхбаатар жанжны тухай түүх ярьж хэлж өгөөд энэ талаар хэзээ ч мартаж болохгүй гэж захидаг байсан.

-Энэ үеэс л та Сүхбаатар жанжныг таних мэдэх сэтгэлдээ хөтлөгджээ дээ?
-Тэгсэн. Ганц хоёр тэмдэг, нэг марк олдсон ч цуглуулж эхэлсэн. Жанжны юм гээд л. Жолооч боллоо. Голдуу л том дарга нарын жолооч байсан. 1966 онд л “Ер нь Сүхбаатар жанжныг сурталчилъя” гэж бодсон. Эхлээд ханын жижиг сонин хийлээ. Цуглуулгуудаа наагаад. Тэр үед хоёрдугаар сургуулийн захирал нь Жамбаанямдаг гэж хүн байсан  лдаа. Түүнд хандаад Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр нөгөө ханын сонингоо авч ирж танилцууллаа. Гэтэл пионерийн жагсаал болоод, хүүхдүүд дуулаад сүрхий юм болсон. “Сүхбаатарын тунхаг” гээд дууг дуулаад жигтэйхэн. Үүнээс би их урам авсан. Би Амгаланбаатарт төрсөн болохоор гэрт тэнд байдаг. Тэр хавийнхаа сургуулиудыг тойроод л Сүхбаатар жанжны яриад, жил бүр Жанжин клуб дээр арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Энэ арга хэмжээг их олон жил хийсэн. Дараа нь ханын сонингоо шинэчлээд эвхдэг самбар хийлээ. Одоо үзэсгэлэнд тавигдсан байгаа самбарыг л гэхэд 23 дугаар сургуулийн наймдугаар ангийн хүүхэд Орос хэл дээр хийсэн. Эвхдэг самбар их амар. Авч очоод л дэлгээд үзүүлчихдэг. Үүнийгээ барьж бас их олон жил явсан. Дараа нь булант үзэсгэлэн хийсэн.

-Үзэсгэлэнгийн үзмэрүүд нь илүү олон болохоор уу?
-Тэгэлгүй яахав. Хоёрдугаар сурууль, Жанжин клуб, 19 дүгээр цэцэрлэг дээр булант үзэсгэлэн зохион байгуулсан. Сүүлдээ ч үзмэрүүд нэмэгдсэн. Үзэсгэлэнгийнхээ чанар чансааг ч сайжруулах хэрэг гарлаа. Хуучин юмнууд хоцрогдоод байгаа юм чинь. Ингээд люминатороор бүрүүлсэн. Бүх зургуудаа люми­натордуулчихсан. Нэг цүнхэнд хийчихээд албан байгууллагууд дээр очоод үзүүлээд явсан ч хөнгөн, их амар болсон. Тэгээд хэдэн жил явлаа. Сүүлдээ хараад байх нь ээ, их муухай харагддаг болсон. Одоогийн энэ Тусгаар тогтнолын ордон зэрэг томоохон газар тавихад зохимжгүй. Тиймээс зургуудаа жаазанд хийх хэрэгтэй болсон.

-Та энэ бүхнийг хувийнхаа мөн­­гөөр л хийгээд байдаг юм уу, зу­­­раг жаазлуулах чинь үнэтэй шүү дээ?
-Тэтгэврийн хэдээ бүгдийг нь л зарцуулчихдаг. Ханийхаа тэтгэвэрээр л амьдардаг байсан. Зураг жаазлуулах их үнэтэй. Усан онгоцны гурван зураг жаазуулахад л 70 гаруй мянган төгрөг болчихно. Бэрхшээл их бий. Тэр үед жанжныхаа хэлсэн үгийг санана. Хүн ямарваа нэг зүйлийг хийхдээ туйлд нь хүргэхийг чин зориг мэднэ гээд. Тэгээл энэ үзэсгэлэнгийнхээ туйлыг үзэх гээд л хичээж, тэвчээртэй, шүд зууж явлаа. Ид залуу 30-аадхан насандаа л анх ханын сонин хийж байсан бол одоо 80 гарчихаад үзэсгэлэнгээ гаргаад явж байна. Харин өнөө жил МАН-ынхан тусалж, үзэсгэлэнг маань гаргах өгч байна. Одоо бол би өөрөө зургаа ч өлгөж чадахгүй, сандал дээр зогсоод бариад өгч ч чадахгүй л болоод байна.

-Таны ярьсан “Сүхбаатар” нэртэй усан онгоцны зургууд их сонирхол татлаа. Хөвсгөлд одоо бол ганцхан “Сүхбаатар” хөлөг бий шүү дээ...
-Түүний нэрээр нэрлэсэн гурван үеийн онгоцны гэрэл зураг юм. Хамгийн анхных нь 1932 оных. Харин сүүлийнх нь болох одоо явж байгаа Сүхбаатар нэртэй усан онгоцны ашиглалтын хугацаа 2025 онд дуусна. Бусад нь үеэ элээгээд дууссан даа. 1932 оноос өмнө Хөвсгөл нэртэй усан онгоц Хөвсгөл далайд явдаг байсан. Түүнээс хойш их жанжны нэрээр нэрлэх болсон юм. Тэрхүү түүхийг харуулсан гурван үеийн усан онгоцны гэрэл зураг даа.

-Та энэ их үзмэрээ хаана хадгалдаг юм бэ?
-Амбаартаа л хадгална. Зарим ном, хуучир нь хуучирчихсан. Баримлуудыг нь угаагаад үзэсгэлэнд тавьж байна. Гипсээр хийсэн Сүхбаатарын баримлууд бий. Тэд л гэхэд хамар нь сэтэрчихсэн, толгой нь салаад уначихсан байх жишээний. Найман ширхэг баримлыг сэргээлгэхэд л нэгийг нь 30 мянган төгрөгөөр хийлгэсэн. Тэгээд нийт үзмэрээ нааш нь зөөж ирэх гэхэд л 11 хайрцаг болсон. Нэг микро автобусанд ачаад ирсэн. Тэгэхээр ямар хэцүү байдаг гэдэг нь ойлгомжтой байгаа биз. Өвөө нь одоо бол шантарч байна. Энэ жил үзэсгэлэнгээ намын байрандаа хийж байгааг их бэлгэшээж байна. Тиймээс намынхандаа “Миний энэ үзэсгэлэнг зохих үнээр нь үнэлээд ав” гэлээ. Тэгвэл сайн л байна. Жанжны мэндэлсний 124 жилийн ойгоор өөрийн цуглуулгаа 52 дахь жилдээ дэлгэж байгаадаа баяртай байна.

-Таны үзмэрүүд дундаас олоход хамгийн хэцүү байсан үзмэр нь аль вэ?
-Ер нь бүгд л олоход их хэцүү. Энэ үзэсгэлэнд зохиолчдын бичсэн 100 гаруй ном бий. Ш.Нацагдорж, Лон­­­жид, О.Пүрэв, Лувсанноров, Ичин­норов, Л.Бат-Очир гээд олон эрдэмтний бүтээл бий. Зандраа­байдий гэх зэрэг мундаг зохиолчид ч жанжны тухай бичиж байсан. Тэр бүхнийг олох гээд л явахгүй газар байхгүй дээ. Хаанаас л олж болох уу, тэр газар руу л явна. Тэгж л олсон.

-Тэгвэл хамгийн хайртай үзмэр тань?
-Бүгдэд нь хайртай. Гэхдээ онцлох зүйл гэвэл ховор тэмдгүүд, маркууд байна. Монгол Улсад Сүхбаатар жанжны олон улсын гимнастикийн тэмцээн болж байсан юм билээ. Би ч мэдэхгүй юм. Тэр тэмцээний ганцхан медаль бий. Үзэсгэлэнд тавигдсан. Тэр медалийн ард “Д.Сүхбаатарын нэрэмжит олон улсын гимнастикийн тэмцээн” гээд. Аргагүй л дээ. Сүхбаатар жанжин Монгол Улсад биеийн тамир спортыг үүсгэж, санаачилсан хүн. Тэр тэмцээний медалиудыг олон улсын мундаг тамирчид зүүгээд явчихсан юм байлгүй, надад олддоггүй. СТО-оор таван жил гүйсэн. Тэгж тэгж гавьяат тамирчин, гимнастикийн Хишгээ гэж хүний шавьд байсныг уйлан шахуу гуйж байж авсан. Үзэсгэлэнд маань бас тавигдсан.
Бас нэг хайртай үзмэр бий. “Сүхбаатарын араншин” гэж нэртэй шүдэнзний хайрцаг шиг ном. Базарсад гэж хүн бичсэн юм билээ. Сүхбаатар аймгийн “Туг зам” гэж хэвлэлийн газар хэвлэсэн байсан. Сүхбаатарын тухай Чех хэл дээр бичсэн ном бас бий. Орос, хятад хэл дээр бичигдсэн байдаг гэсэн. Гэхдээ би олон хүнд захиад олоогүй. Ховор номнууд байна аа байна.

-Та дээр тэтгэврээ бүгдийг нь л үзэсгэлэнгийн баримт сэлтдээ зориулдаг гэсэн. Таныг хань тань их ойлгодог байх нь ээ?
-Миний хань Сүхбаатар жанжиныг Янжмаа дагаад ямар болсон билээ түүн шиг л байдаг. Үзэсгэлэнд маань туслаад л, “Чи тэтгэврээрээ авах гээд байгаа юмаа ав” гэдэг байлаа. Гэхдээ хань минь эрт өнгөрсөн л дөө. Одоо хэдэн охинтойгоо л амьдардаг. Хүүхдүүддээ ч жанжны талаар их ярьж өгнө.

-Сүхбаатар жанжны тухай олон таамаг байдаг. Их намхан хүн байсан гэх зэргээр. Та судалж, мэдсэнээсээ жанжны гадаад төрхийг дүрсэлж ярьж өгөөч?
-Сүхбаатар битгий хэл Янжмааг хараагүй хүүхдүүд үзэсгэлэнг ирж үздэг л дээ. Энэ хэн бэ гээд л. Одоо хүүхдүүдэд ч тэдний талаар заахаа ч больсон, аргагүй дээ. Сүхбаатар жанжин их өндөр 181 см, 43 размерийн гутал өмсдөг байсан гэхээр том биетэй байгаа биз.

-Жанжиныг судалдаг хү­ний хувьд түүний үр ач, зээ, зээнцэ­рүүдтэй нь уулзаж учирч байв уу?
-Жанжны хүү Галсан гэж бий. Түүний охин Наран одоо 87 хүрч байгаа. Түүний хүүхдүүд Сүхжаргалмаа, Сүхбүрэн, Сүхээмаа, Сүхгэрэл гээд олон Сүх бий дээ. Тэдэнтэй холбоотой байдаг. Жанжны хоёр ач охин, нэг ач хүү байна. Наран, Амгалан, Сүхболд гээд. Үзэсгэлэнг маань ирж үзэх байх. Галсан гуай 2003 онд нас барахаасаа өмнө миний үзэсгэлэнг үзэж л байсан.

-Та дээр хэцүү үед жанжны хэлсэн үгийг бодож зориг ордог гээд дурдсан. Өөр таньд эрхэмлэдэг жанжны хэлсэн үг, үйл хэрэг юу байдаг вэ?
-Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө “Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ” гэж хэлсэн. Мөн “Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул” хэмээн гэрээсэлсэн байдаг. Эдгээр үгийг зөвхөн намынхаа нөхдөд биш нийт монголчуудад хандаж хэлсэн байна гэж ойлгодог. Тиймээс хүн бүхэн л эх орноо мандуулан хөгжүүлэхийн тулд гар бие оролцох хэрэгтэй юм байна гэж бодож, сэтгэж өнөөг хүрсэн дээ, өвөө нь.

0 Сэтгэгдэл
Saihan buyantai uvuu baina. Tany uil hereg ariun, gegeen bolohoor mandan badrah bolnoo. Tand Urt udaan naslahyg eruue! Baatar uvuugiin uzesgeleng uls hudaldaj avah ni Hoich ireeduid heregtei zuil bolno gedegt itgeltei baina.
Saihan buyantai uvuu baina. Tany uil hereg ariun, gegeen bolohoor mandan badrah bolnoo. Tand Urt udaan naslahyg eruue! Baatar uvuugiin uzesgeleng uls hudaldaj avah ni Hoich ireeduid heregtei zuil bolno gedegt itgeltei baina.
ЭНЭ ЯМАР МУНДАГ ӨВӨӨ ВЭ ЭНЭ ЗЭРЭГТЭЙ Сүхбаатарын тухай бичдэг мэддэг хүн хэд байна үзэгслэнг нь улс худалдаж авөх хэрэгтэй шүү Баатар өвөөд баяр хүрэгье
Хамгийн их уншсан