Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цогжаргал: Иргэдийн буцаан олголт авах мэдээллийг 15-ны өдөр хүртэл баталгаажуулна

Т.ЖАНЦАН

Худалдаа, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдэдээ НӨАТ-ын төлбөрийн баримт олгох болсон. Энэ баримтаар иргэд сугалаанд оролцох, татварын хоёр хувийг эргүүлэн авах юм. Харин өнгөрсөн онд төлсөн татварынхаа хоёр хувийг иргэд өчигдрөөс эхлэн авч байна. Тиймээс Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргалтай НӨАТ-ын буцаан олголтын талаар ярилцлаа.

-НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ. Хэдэн иргэнд хэчнээн банкаар дамжуулан уг мөнгийг олгож байна вэ?
-УИХ-аас баталсан НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн. Энэ хуулийн дагуу НӨАТ төлөгчтэй хийсэн худалдааны  20 хүртлэх хувийн татварыг  иргэд буцаан авах эрхтэй болсон. Нийт 620 мянга 409 иргэнд 35.6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт өгнө. Тэдний буцаан олгох мөнгийг данс руу нь шилжүүлж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр /өчигдөр/ 10 цагын байдлаар Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Чингис хаан банк, Богд банк, Хас банк, Хаан банкинд данстай 87467 иргэнд 7.9 тэрбум төгрөг шилжүүлээд байна.

-Та буцаан олголт өгч байгаа цөөхөн банк дурдлаа. Нэр дурдагдаагүй үлдсэн банкуудад данстай иргэд буцаан олголтоо хэзээ авах вэ?
-Татварын ерөнхий газар, Сангийн яам, Монголбанк хамтарч буцаан олголт хийж байгаа. Долоо хоногийн хугацаанд олгож дуусгах төлөв бий. Иргэд хувийн болон дансны мэдээлэл нь буруу байвал гүйлгээ буцаж болзошгүй. Энэ тохиолдолд цахим төлбөрийн систем, гар утасны апп-аар дамжуулж мессеж илгээнэ. Тухайлбал,  банкны болон дансны дугаарын мэдээлэл зөрүүтэй тул таны гүйлгээ буцлаа гэдгийг мэдэгдэнэ.  Ийм мессеж ирвэл иргэд хувийн мэдээллээ шалгаад зөв болгох хэрэгтэй. Ингээд дахин гүйлгээ хийгээд буцаан олголтын мөнгө нь орно.

-Буцаан олголтын мөнгө авч чадахгүй олон иргэн бий. Тэдний асуудлыг яаж шийдэх вэ?
-НӨАТ-ын буцаан олгох мөнгө авах эрх үүссэн иргэдээс 138 мянга нь хувийн мэдээллээ дутуу оруулсан юм. Энэ иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор НӨАТ-ын буцаан олголтын нэгдсэн системд хувийн мэдээллээ бүрэн оруулах шаардлагатай.
Хувийн мэдээлэлд овог нэр, утасны дугаар, тухайн иргэний регистерийн дугаар, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкны дансны дугаараа яаралтай бүртгүүлж нэгдүгээр улиралд багтаан НӨАТ-ын буцаан олгох мөнгө авах боломжтой юм. Дансаа бүртгүүлэхдээ хамтран эзэмшигчгүй өөрийнх нь данс байх ёстой. Мөн кредит картын дугаар оруулж болохгүй. Иймд иргэд хувийн мэдээллээ шалгах, дутуу бол нэмж оруулах хэрэгтэй. Татварын алба тухайн иргэний хувийн мэдээллийг бүрэн, зөв оруулах талаар холбогдох арга хэмжээнүүд авч байна. Хөдөө орон нутаг, сум суурин газар амьдардаг иргэд малчин өрх цахимаар холбогдож чадахгүй байгаа бол татварын албаны 18001288 утас руу залгаж дээрх мэдээллүүдээ оруулах боломжтой. Харин аймгийн төв, Улаанбаатар хотын дүүрэгт амьдардаг өрхүүд өөрт хамгийн ойр татварын албаны нэг цэгийн үйлчилгээнд хандаж болох юм. Эдгээрээс гадна өөрсдөө цахим баримтын системд нэвтэрч бүртгүүлээрэй.

-Тэгэхээр төлбөрийн баримт хүлээж авах дугаарт мессежээр бүртгүүлсэн иргэд хувийн мэдээллээ баталгаажуулж чадаагүй гэж ойлгож болох уу?
-НӨАТ-ын шинэ хуульд энэ буцаан олгох мөнгийг оны нэгдүгээр улиралд багтааж олгох зохицуулалт бий. 131313 тусгай дугаарт бүртгүүлсэн иргэдэд буцаан олголт авах эрх үүссэн. Тэд хувийн мэдээллээ үнэ зөв бүрэн бүртгүүлсэнээр НӨАТ-ын буцаан олголтын мөнгө авах бүрэн боломжтой.

-Та  НӨАТ-ын 20 хүртлэх хувийг иргэдэд буцааж өгнө гэлээ. Тэгэхээр жишээ нь Дорж төлсөн НӨАТ-ынхаа 10, Дулмаа 20 хувиа авна гэсэн үг үү. Буцаан олгох мөнгийг яаж бодож байна вэ?
-Хуульд НӨАТ-ын 20 хүртлэх хувийг буцаан олгоно гэж заасан. Монгол Улсад 10 хувийн НӨАТ ногдуулдаг. Тиймээс энэ төлсөн татварын 20 хувь гэдэг нь хоёр хувийн буцаан олголт авна гэсэн үг юм.
 
-Тэгвэл буцааж авч буй мөнгө нь жилийн худалдан авалтын үнийн дүнгийнхээ хоёр хувьд хүрэхгүй байгаа тохиолдол гарсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Үүнийг ялгаатай ойлгох ёстой. Жилд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол НӨАТ төлөгч болдог. Тэгэхээр тухайн иргэний үйлчлүүлж буй газар энэ босгонд хүрээгүй НӨАТ төлөгч биш бол хэвлэгдсэн баримтаа бүртгүүлж зөвхөн сугалаанд оролцох эрхтэй болох юм. Хэрэв НӨАТ төлөгч бол тухайн иргэний худалдан авсан бүтээгдэхүүнд 10 хувийн татвар суутгасан байдаг. Үүнийхээ л 20 хүртлэх буюу хоёр хувийг буцаан авна гэсэн үг. Ийм учраас НӨАТ төлөгч мөн эсэхээс шалтгаалж буцаан олгох мөнгө нь зөрүүтэй гарч байгаа юм.

-Аж ахуйн нэгж илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй гээд бүрт­гэгдээгүй баримт олон бий. Гэтэл тухайн иргэн НӨАТ төлсөн байдаг. Иргэдийг хохироохгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Татварын алба 2016 оны худалдан авалтын баримт бүртгэхийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр тасалбар болгосон. Ингээд татварын алба бүх худалдан авалт, борлуулалтын мэдээллийг бэлтгэсэн. Энэ хугацаанд иргэдийн цахим хуудсанд таны хэлсэн хоёр төрлийн төлөв харагдаж байгаа. Иймд аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн төлөвтэй тохиолдолд иргэд танд бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн НӨАТ төлөгч  хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж ойлгож болно. Иргэд өөрийн гар утасны апп, цахим хуудаст аж ахуйн нэгж илгээгээгүй төлөвтэй хэдэн баримт байгааг харах хэрэгтэй. Тэр баримт дээр дарахад тухайн борлуулагчийн нэр гарч ирнэ. Тэгэхээр тэр худалдаа үйлчилгээний газар, дэлгүүр хуулиа биелүүлэлгүй танд хүндрэл учруулжээ гэж ойлгох хэрэгтэй. Харин үнийн дүн зөрүүтэй төлөвтэй баримт байгаа бол иргэд нэг зүйл анхаарах хэрэгтэй. Төлбөрийн баримт дээр дахин давтагдашгүй дугаар гэж бий.  Үнийн дүнгээ оруулаад болохгүй бол уг дугаарыг үнийн дүнгийн оронд оруулах ёстой юм. Ингээд зөв дүнгээ татан авч бүртгэдэг.

-Тухайн баримтын мэдээллийг илгээлгүй иргэдийг хохироосон хэчнээн аж ахуйн нэгж гарав. Хууль биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Энэ талаар Татварын ерөнхий хуульд тодорхой заасан байдаг. Тухайлбал, НӨАТ төлөгч бэлэн мөнгөний тасалбар /НӨАТ-ын баримт/ олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол  татварын алба тухайн борлуулагч, НӨАТ төлөгчид хариуцлага тооцог юм. Гэхдээ зөрчилөөс хамаарч хариуцлага тооцох нь ялгаатай.  Жишээ нь төлбөрийн баримт олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын дүнгийн хоёр хувиар торгоно. Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын дүнгийн 20 хувиар торгох зэргээр хариуцлага тооцох юм. Эдгээрээс гадна буцаан олголтын журамд зааснаар НӨАТ төлөгчтэй холбоотой аливаа хууль зөрчил, асуудал үүсвэл тухайн НӨАТ төлөгч бүрэн хариуцах ёстой.

-Төлбөрийн баримт өгөөгүй аж ахуйн нэгж хэд байна. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн үү?
-Баримт өгөөгүй аж ахуйн нэгжийн тодорхой тоо хараахан гараагүй. Нэгдсэн системээс үүнийг тогтоохоор ажиллаж байгаа.

-Шатахуун түгээгүүр, дэлгүүрийн худалдагчид бусдад баримт өгөлгүй өөрсдөө бүртгүүлж сугалаанд олон удаа  хожсон асуудал гарсан гэж байгаа. Энэ талаар ямар нэг арга хэмжээ авсан уу?
-Өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалаа ашиглаж их хэмжээний төлбөрийн баримт бүртгүүлсэн бол НӨАТ-ын буцаан олголт авах, сугалаанд оролцуулахгүй. Татварын алба өнгөрсөн жил тодорхой тооны татвар төлөгч, иймэрхүү зөрчил гаргасан иргэдэд эрсдэлийн шалгалт хийсэн. Ингээд тодорхой тооны иргэдэд буцаан олголтыг нь цуцлах, сугалаанд хожсон тохиолдолд хонжвор олгохгүй арга хэмжээ авсан. Бид ийм зөрчил гаргахгүй талаар ажиллаж байгаа. Хамгийн гол нь иргэд үйлчлүүлсэн байгууллага бүрээсээ төлбөрийн баримтаа нэхэж хэвшээрэй. Энэ нь хоёр хувийн буцаан олголт авах, сар бүр сугалаанд оролцох тасалбар гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Таны хэлсэн жишээний аж ахуйн нэгжүүдэд дээрх зөрчлийг гаргахгүй байх албан шаардлага хүргүүлсэн.

-Буцаан олголтын хамгийн ихдээ хэдэн төгрөг авч байна. Ер нь дундаж нь ямар гарч байгаа вэ?
-Энэ тоог хэлэх боломжгүй. Хувь хүний нууц. Зөвхөн статистикийн зорилгоор ашиглах боломжтой мэдээлэл бий. Одоогоор тодорхой болоогүй байна. Тухайн өрхийн хэрэглээ, хувь хүний худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалж хуульд заасан хэмжээгээр татварын алба, Сангийн яам буцаан олголт өгөхөөр ажиллаж байгаа юм.

-Төлбөрийн баримтыг цаасаар хэвлэхгүй болно. Карт гаргана гэсэн. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
-Ийм асуудал ярьж байгаа. Тодорхой мэдээлэл удахгүй өгнө.

-Суглааг энэ онд яаж явуулах бол. Хонжворын санд өөрчлөлт орох уу. Журам нь өөрчлөгдөх үү?
-Урдын адил сугалаа үргэлжилнэ. Хонжворын санд одоогоор өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн жилийн журмаа мөрдөнө.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан