Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Импортын шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд авч байна гэв

Б.МЯГМАРЖАВ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр шатахуун импортлогч зарим компани литр тутмын үнээ 50-150 төгрөгөөр нэмсэн. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү үнээ нэмэхийг  Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарласан байдаг учраас МҮЭХ-ноос эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Эдийн засаг хүнд байгаа өнөө үед Монгол Улсын Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр удаа дараа арга хэмжээ авсаар байтал зохион байгуулалтайгаар үгсэн хуйвалдсан  мэт шатахууны үнийг нэмэгдүүлж,  иргэдийг бухимдуулж байгааг тэд буруутгалаа.

Хэрэв үнэ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бол асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад тавин шийдвэрлүүлэх ёстой. Тиймээс МҮЭХ-ноос шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгааныг бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах, цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүнг тодорхой болгохыг хүслээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны уул уурхайн томоохон компани бөөний үнээр авч байгааг эсэргүүцэж байна гэв.  Дээрх шаардлагыг Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайдад  хүргүүлэхээр болсон аж.  Харин даваа гарагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс хамааран 2017 оны нэгдүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн борлуулалтад нөлөөлсөн хэмээн мэдээлсэн. Шатахууны үнэ нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг болсон.
Жишээ нь, эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлөх талаар МҮЭХ-ны Эрүүл мэндийн салбарын холбооны дарга Б.Мягмар “ 2017 оны эрүүл мэндийн салбарын төсөв хүрэлцэхгүй хүнд байгаа үед шатахууны үнэ нэмэгдвэл энэ салбар сөхөрнө. Наад зах нь иргэдэд хүрч байгаа түргэн тусламж, сумын эрүүл мэндийн үйлчилгээ доголдоно. Нөгөө талаар сүүлийн гурван жилд төрийн албан хаагчид тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын цалин  царцанги байдалд байна. Ийм байхад шатахууны үнэ нэмэгдэж, түүнийг дагаад бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх юм бол иргэдийн амьжиргаа улам бүр доройтно. Монгол Улсын Засгийн газар үнэ тарифынхаа тогтвортой байдлыг хангах талаар тодорхой арга хэмжээнүүд авахгүй бол бүхий л салбар хүндхэн байдалд орно. Хэрэв бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж чадахгүй бол цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага тавихаас өөр аргагүй” гэсэн юм.


Х.Амгаланбаатар: Засгийн газар ард иргэдийн амьжиргааны түвшинг бууруулахүй байх үүрэгтэй

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсад импортоор орж ирж байгаа шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шатахууны  үнэ бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хөлсөд шууд нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэддэг. Тиймээс шатахууны үнийг барих талаар олон улсын болон дотоод хэлэлцээр  бүрт сануулдаг. 2015-2016 оны хэлэлцээрийн үед нэлээд нухацтай ярьж, Монголбанк Сангийн яам, импорлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзаж тооцоо судалгаа гаргаж ярилцсан. 2016 оны байдлаар хөнгөлөлттэй үнээр хилээр  оруулж ирж байгаа шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд авч байна гэсэн тооцоо судалгааг гаргаж байсан. Энэ тоо одоо буурлаа гэхэд 60 орчим болсон байх. Хөнгөлөлттэй үнэтэй шатахуун чинь гол нь  хэрэглэгчийн гар дээр очих ёстой. Гэтэл ийн импортлогчид үнээ нэмснийг бид эсэргүүцэж байна.

-Шатахууны үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлж эхэлсэн талаар судалгаа хийж эхэлсэн үү?
-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт даваа гарагаас иргэдэд мэдрэгдэж эхэлсэн. Удахгүй “Цагаан сар” болох нь. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал өндөр байна. Бид үнийн өсөлтөд судалгаа хийх цаг хугацаа хомс байна. Тиймээс үнэ ханшид нөлөөлөхөөс урьтаж арга хэмжээ авч эхлэх ёстой гэдгийг хэлье. “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар дээр ШӨХТГ-ын дарга Лхагвагийн ярилцлага гарсан байна билээ. Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байх магадлалтай шатахууны үнийг нэмэх бодит нөхцөл байдал бий болоогүй ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэдгийг албан ёсоор илэрхийлсэн байсан.

-Эдийн засгийн нөхцөл хүнд, ард иргэдийн амьжиргаа тааруу байгаа энэ үед танай холбооны зүгээс иргэдийн нуруун дээрх ачааг багасгахын тулд ямар ажлууд хийж байна вэ?
-2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр МҮЭХ, Монгол Улсын Засгийн газар, МАОЭНХ  хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.5-д валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан учирч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах талаар судалж хамтран хэрэгжүүлнэ гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу Засгийн газар холбогдох арга хэмжээг авах шаардлагатай.Ялангуяа шатахууны үнэ дээр. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Валютын сантай “Стэнд бай” хөтөлбөрийг ямар нөхцөлөөр хэрэгжүүлэх вэ гэдгийг ойрын хугацаанд эцэслэн шийвэрлэхээр болсон. Энэ чиглэлээр манай холбоо 2016 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор дөрвөн удаа мэдээлэл хийсэн. Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиолдолд ард иргэдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын өнөөгийн түвшинг дордуулахгүй байх нөхцөлийг Олон улсын валютын сантай тохирох ёстой. Аль болох ажлын байр цомхотгохгүй байх үүргийг Засгийн газар хүлээх ёстой. Өнөөдөр энэ шаардлагаа дахин сануулж байна.


Шатахуун импортлогч компаниудаас үнээ
бууруулахыг шаардав


Шатахуун импортлогчид үнэ нэмсэнтэй холбоотойгоор өчигдөр ШӨХТГ-аас автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн “Шунхлай Трейдинг”, “Магнай трейд”, “Петростар”, “НИК” зэрэг компаниас үнээ бууруулахыг шаардсан байна. Шатахуун импортлогч компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр атал бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх талаар Шатахууны үнийн зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн байна. Тиймээс шатахууны үнийг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн дотор буулгах шаардлагыг нэр бүхий компаниудад хүргүүлжээ.

Уг нь, өнгөрсөн сарын 25-ны өдөр буюу шатахууны үнэ нэмэхээс ердөө 10 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулах шийдвэр гаргасан.

Ингэхдээ газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан. Түүнчлэн өмнө нь Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор 2015 оны арваннэгдүгээр сар, 2016 оны аравдугаар сард автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг шат дараалан бууруулсаар ирсэн. Мөн 2013 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй сая төгрөгийн эх үүсвэрийг шатахуун импортлогч 13 компанид олгосон. Харамсалтай нь, Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийг үл хайхран импортлогч компаниуд үнээ нэмсэн. Тиймээс Засгийн газар болон холбогдох байгууллагын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх нь зайлшгүй болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
ongorson jil garangiin xugatsaand neftiin une navs unasan barag l unegui boloxoo shaxsan ene uyed ta nar unee buulgasanuu tegeed jaaxan nemegdexeer ni shuud l dagaad unee nemex yumdaa novshiin *****
Хамгийн их уншсан