Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Түвдэндорж: Швейцарь цаг шиг ажиллахын тулд бид дүрмээ сайтар нягталж байж батална


-АН-ын VII Их хурлаар бүтцээ, VIII Их хурлаар Үндсэн дүрмээ эцэслэн батлахаар болсон-

 Л.НОМИН

Ардчилсан намын VI Их хурлаас байгуулсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-Ардчилсан намын VII Их хуралд оруулах Үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг анхан шатны нэгжүүдэд үргэлжилж байна. Хэлэлцүүлгээр гарсан саналуудыг тусгаж ирэх ням гарагт болох Их хуралд оруулж амжих болов уу?
-Өмнө нь нэлээн олон удаа хэлэлцсэн учраас давтан гарч байгаа саналууд бий. Намын үүрүүд, гишүүдийн улс төрийн хамгаалалтын асуудал яригдаж байна. VII Их хурлаар намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө батлуулна. Энэ удаад зохион байгуулалтын асуудлуудаа нэмэлт өөрчлөлтөөр оруулахаар тусгасан. Үндэсний бодлогын хороо, Нийслэлийн намын хороо, аймаг, дүүрэг, сумын намын хороо үүрүүдээ байгуулна. Тэр бүтцээ байгуулахын тулд дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Түүний дараа тавдугаар сард намын VIII Их хурлаа хийнэ. VIII Их хурлаар үзэл баримтлал, Үндсэн дүрмээ бүхэлд нь батална. Тэгэхээр энэ удаагийн Их хурлаар бүтцээ байгуулна гэж ойлгож болно. Мэдээж, намын даргаа батламжлана, Үндэсний бодлогын хороо, Нийслэлийн намын хороо, аймаг дүүргийн хороогоо хэрхэн байгуулах зэргийг дүрмэндээ тусгахыг хэлэлцүүлгийн үеэр гишүүд хэлж байна. 

-VI Их хурлаар намын даргын сонгууль, гишүүдийн бүртгэлийг дүрмэнд тусгаж баталсан бол одоо болох Их хурлаар бүтцээ хэрхэн байгуулах тухай оруулж, VIII Их хурал дүрмээ бүхлээр нь батална. Тэгэхээр Үндсэн дүрмийн өөрчлөлтийг үе шаттайгаар хийж байгаа гэж болох уу?
-Гишүүдээ бүртгэсэн учраас одоо бүтцээ тэднээр хэлэлцүүлнэ. Энэ бүх нэмэлт өөрчлөлтүүдээ тусгаад VIII Их хурлаар АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдана. Тэгэхээр манай намын гишүүд одоо сандрах шаардлагагүй. Энэ хурлаар дүрмээ бүхэлд нь батлах гээд байгаа юм биш. Энэ удаад аль болох зохион байгуулалттай холбоотой саналаа өгөх ёстой. Цаашдаа бүтцээс гадна, бодлогын түвшинд манай нам ямар байх, үзэл баримтлалын зэрэг нарийн ширийн асуудлаа яриад дутуу зүйл байна уу гэдгээ нягтлаад оруулна. Гурван Их хурал дамжиж дүрмээ хэлэлцэнэ. Намын шинэчлэлтийг нэг амьсгаагаар хийхэд маш түвэгтэй. Олон жил ротаци, хурал хийгээгүй болохоор манай гишүүд, дэмжигчид намаа шинэчлэх хүсэл зорилгын үүднээс шат дараатайгаар хэлэлцээд саналаа өгч, оролцох нь зүйтэй.

-Хэлэлцүүлгийн үеэр гишүү­дэд тарааж байгаа эмхтгэсэн хувилбараа VII Их хуралд танилцуулах уу?
-Тийм.

-Энэ эмхтгэлээс харахад АН-ын бүтцийг нарийвчилж бас өргөтгөж өгчээ. Дүрмийн гол нуруу нь бүтцийг нарийвчилж, тодорхой зааж өгч байгаад оршиж байна гэж болох нь ээ.
-Бүтцийн онцлогтоо гол нь байгаа. Намын Их хурлаа Их хуралдай, Үндэсний зөвлөлдөх хороогоо Үндэсний бодлогын хороо болгоно. Бодлогын нам гэсэн үүднээс. Гүйцэтгэх зөвлөлд орон нутгийн төлөөлөл багтдаг байсан бол одоо намын дэргэдэх байгууллагуудаа оруулаад бүтцээ томсгоод тодорхой асуудал шийддэг байгууллага болгоно. Үндсэн дүрмийн хороогоо дотор нь Санхүүгийн хяналтын дэд хороо, Ёс зүй-Сахилгын дэд хороо гэж хуваана. Үндсэн дүрмийн салбар хороо нь тухайн орон нутагт болж байгаа асуудалд дүгнэлт гаргана. Дүгнэлтэд тухайн анхан шатны намын дарга нь тамгаа дарж асуудлыг шийднэ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол Үндсэн дүрмийн хороо доторхи Ёс зүй-Сахилгын дэд хороонд хандана. Хэрэв Ёс зүй-Сахилгын дэд хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Үндсэн дүрмийн хороогоор шийдэх юм. Ингэж давж заалдах боломж олгож байгаа гишүүддээ.

-Гишүүдийн эрхийн тухайд?
-Бүх гишүүнийхээ хуралд оролцоод намын Их хурлдайн төлөөлөгчөө сонгоно. Намын чуулгануудын төлөөлөгчдийг сонгоно, намын даргаа, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцох хүнээ сонгох эрх гишүүдэд бий. Чуулган гэдгийн хувьд намын хороо, намын хорооны дарга, тухайн дунд шатны сонгуулийн байгууллага, хяналтын байгууллагуудыг бие даасан байдлаар сонгохын тулд ийм бүтэц байгуулж байгаа. Энэ бол нэг талаасаа төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа хэлбэр. Бүх гишүүнээс намын даргыг сонгох ч жижиг бүтцэд янз бүрийн байдлаар гадны нөлөөллүүд ирдэг. Нэг дүүрэг, хороонд ч юм уу, үүрийн даргыг нэг компани эсвэл хэн нэгэн нь худалдаж авах эрсдэл байдаг. Тэгэхээр арай хариуцлагатай, тодорхой түвшний хүмүүсээ бүх гишүүдээс сонгож батлаад намын хороогоо байгуулах хэрэгтэй. Үндэсний бодлогын хорооны гишүүдээ чуулганаасаа нэр дэвшүүлнэ.

-Чуулган нь Үндэсний бод­логын хорооны гишүүдээ сонгоно гээд хариуцлагаа давхар тусгажээ. Ямар үүрэг хариуцлага Үндэсний бодлогын хорооны гишүүд хүлээх юм бэ?
-Үндэсний бодлогын хорооны гишүүдээ намын бүх гишүүнээс сонгочихоор эргээд тухайн аймаг, дүүрэгтээ ажиллахыг шаардаад байдаг. Тэгтэл Үндэсний бодлогын хорооны таван гишүүний хоёр нь тухайн тойрогтоо сонгуульд өрсөлдөх сонирхолтой байх жишээний. Одоогийнхоор Үндэсний зөвлөлдөх хороо ийм байгаа. Үлдсэн гурав нь тухайн аймгийнхаа бүх сумаар хотод бол бүх хороогоор яваад байх шаардлага гардаггүй. Үндэсний бодлогын хороо нь намын мөрийн хөтөлбөр гаргах, сөрөг хүчин болсон үедээ сүүдрийн Засгийн газар байдлаар ажиллаж, эрх барьж байгаа бол мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байх юм. Тэр бүхнийг тойргоор бүтэн тойроод явж байгаа гишүүд нь л хийх болчихдог. Тэгэхээр тэр тойрогтой нь шууд уяж болохгүй бас салгаж болохгүй байдал үүссэн. Бүтцийн байгууллагад сонгогдсон бол хариуцлагаа хүлээж ажиллах хэрэгтэй. Жишээ нь, намын төлөөллийн төв байгууллагад Баян-Өлгий аймгийн АН-ын гишүүдийн санал, бодлогыг хүргэж, төлөөлж байх хэрэгтэй, үүрэгтэй. Тиймээс тэр дундын хувилбарыг авч үзээд чуулган гэдэг байгууллагаас сонгогддог болно. Архангай аймагт гэхэд жишээ нь, Үндэсний бодлогын хорооны 15 гишүүнтэй байхаас энэ тойрогт тэр нь ажиллана гэж тогтоолоор хуваарилна. Гишүүдээс нь сонгочихоор хадагдчихдаг эсвэл ротаци явуулахаар манай тойрогт ажиллаагүй учраас солино гэх байдал үүсдэг. Тийм болохоор тойргоор тойрч ажиллах, Үндэсний бодлогын хороондоо ажиллаж байх хүмүүсийн ялгааг тусгаж өгч байна.

-Үндэсний бодлогын хорооны гишүүнийг ямар зарчмаар сонгох вэ?
-41 тойрогтой аймаг байлаа гэхэд 10-аар үржүүлээд 410, хоёр үүртэй тойрог бол 20-иор үржүүлээд, намын хорооны гишүүд чуулганаа хуралдуулна. Тэр чуулган дээр тухайн тойргоос Үндэсний бодлогын хороонд нэр дэвших сонирхолтой хүмүүс нь нэрээ дэвшүүлэн, гишүүд саналаа өгнө. 30 хүн нэр дэвшлээ гэхэд эхний 15-ыг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдлоо гэж Их хуралдайд өргөн мэдүүлнэ. Энэ хүмүүс нь өөрсдөө саналаараа Байгаль орчны бодлогын, Хууль зүйн гэх мэт зөвлөлүүдд орох эрхтэй байна.

-Байнгын ажиллагаатай болно гэсэн үг үү?
-Тийм. Бодлогын зөвлөлүүд нь хуралдаад түрүүн хэлсэн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр батлах зэрэг ажлуудаа хийгээд явна. Явцын дунд мэдээж хүмүүс шалгарч гарч ирнэ шүү дээ. Байгаль орчны чиглэлээр мэдлэг, боловсрол, туршлагатай гэж үзвэл сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад тохирно гэдэг ч юм уу. Намын хүний нөөцийн асуудал Бодлогын зөвлөлөөс гарч ирж байгаа хэрэг. Түүнээс биш танил тал, мөнгө их төлсөн, аль нэг компани, фракцын нөлөөллөөр цаашдаа явахгүй. Ийм байдал үүсэхээс ингэж хааж байгаа. Бодлогын зөвлөл тогтоол гаргаад Ерөнхий зөвлөлд өгөөд Намын тэргүүнд тухайн хүнийг сайдад томилуулна гээд хандчихна гэсэн үг. Ерөнхий сайд намын тэргүүн болсон үед Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр Байгаль орчны сайдаар Дамбыг, Дэд бүтцийн сайдаар Гончигийг гэх мэтээр шийднэ. Намаас боловсон хүчний бодлогоо шийддэг болно. 

-Хариуцлагын асуудлыг тү­рүүн дурдаад өнгөрсөн. Ямар тохиол­долд хэрхэн хариуцлага тооцох вэ?
-Үндсэн дүрмээ зөрчсөн ч гэсэн сахилгын шийтгэл ногдуулахгүй тохиолдолд өөр байдлаар хариуцлага тооцно. Жишээ нь, хоорондоо муудалцсан, татвараа төлөөгүй, хугацааг нь хоцроосон тохиолдолд эхлээд аймаг, дүүрэгт байгаа Үндсэн дүрмийн салбар хороо алдаа дутагдлаа зас гэж “тусгайлан даалгавар өгөх” арга хэмжээ авна. Ёс зүйн хариуцлагаас өмнөх нь. Тэгээд хоорондоо эвлэр, хэвлэлээр уучлалт гуй зэргээр тусгайлан даалгавар өгнө. Тэрийг нь хүлээж авахгүй бол сануулах хариуцлага тооцно. Сануулах хариуцлага тооцсон ч дахин алдаа дутагдал гаргах юм бол сахилгын шийтгэл рүү орж эхэлнэ. Хуралдаан үймүүлээд хэрүүл, маргаан үүсгээд зодоон цохионд хүргэвэл тухайн үед сануулаад болохгүй байвал нэг удаагийн саналын эрхийг хасна. Өнөөдрийн хуралдаанд санал өгөх эрхгүй гэх юм. Энэ бол ёс зүйн хариуцлагын хэлбэрүүд. Сахилгын шийтгэл нь тодорхой хугацаагаар нэр дэвших болон санал өгөх эрхийг хасах. Энэ жил аливаа нэр дэвшилтээс хасъя, санал өгөх эрхийг нь хасъя гэх маягаар шийднэ. Дараагийнх нь сонгуульт албан тушаалаас огцруулах. Улс төрийн болон төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхийг дөрвөн жилээс дээш хугацаагаар хасах. Сонгуульд намын нэр дэвшигчийн эсрэг ажилласан, дэмжээгүй болон бие дааж өрсөлдсөн, Засгийн газар, Засаг даргаа огцруулсан бол шууд намын гишүүнээс хасах хариуцлага тооцно. Сахилгын шийтгэл удаа даваа авсан бол гишүүнээс хасна. Намаас хасагдсан хүн эргэж орох бол Үндсэн дүрмийн хорооны тайлбар гарч байж элсэхээр тусгасан.

-Үндсэн дүрмэнд фракцууд намын асуудалд оролцохгүй байх, хязгаарлах заалтууд оруулсан байсан?
-Сахилгын шийтгэл оногдуулах гэсэн хэсэгт тусгасан. Жишээ нь, фракцууд хүний нөөцийн бодлогын зарчмыг зөрчин намын сонгуульт албанд болон төрийн улс төрийн албан тушаалд хүн томилуулахаар зохион байгуулалтад орсон, эрх бүхий албан тушаалтад өргөн мэдүүлсэн, өөрөөр хэлбэл шахсан бол дөрвөн жилийн хугацаагаар нэр дэвших эрхийг нь хасна. Нөгөө талаас нэг нам болж эвлэлдэн нэгдсэн ч дотроо фракцлан нэгдээд дотоод асуудал, дотоод сонгуульд оролцохыг хориглох юм. Фракцуудыг бид одоо задалж, хорьж чадахгүй учраас намын дотоод асуудалд үгсэн оролцдог байдлыг нь таслаж өгнө гэсэн үг. Фракц байлаа ч зохион байгуулалтад орвол сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

-Намын даргын сонгуулийн дараанаас л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ АН хэрхэн тодруулах вэ, сунгаа явуулах уу гэж сонирхож эхэлсэн. Энэ талаар дүрмийн төсөлд тусгайлан заалт орсон уу?
-Ерөнхийлөгчийн сунгааг энэ удаад дүрмээрээ зохицуулна. Намын даргын сунгаатай адилхан байх болов уу гэж бодож байгаа.

-Таны ахалж байгаа энэ ажлын хэсэг тавдугаар сард болох VIII Их хурал хүртэл Үндсэн дүрмийн төсөл дээр ажиллах уу?
-Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөл гэдэг байгууллагыг энэ дүрмээр байгуулж байгаа. 21 хүнтэй байх юм. Их хуралдайгаас байгуулж, батална. Манай ажлын хэсэг гэхэд анх 60 гишүүнтэй байгуулагдаад шигшигдээд 30 хүнтэй болоод одоо 20 орчим нь байнга идэвхтэй оролцож байна. Дүрмийн төсөл дээр ажилласан бүтцээрээ явах юм бол эцсийн байдлаар батлах хүртэл эхнээс нь  оролцсон хүмүүс нь ажиллах зүйтэй. Дахиад бүтэц байгуулахаар эх­нээс нь судлах болно. Тэгэхээр дөр­вөн жилийн хугацаатай ажиллах зөв­лөлтэй болох нь зөв. Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт, шинэчлэлт, яаж өргөн барих, хэнээс хэрхэн санал авахыг зохицуулдаг байх юм.
-Хэлэлцүүлгийн үеэр АН-ын гишүүд андгай, намын дарга нь тангараг өргөнө гэж ярилаа. Одоо болох VII Их хурлаар тангараг, андгайгаа өргөх үү?
-Уг нь амжих санаатай байгаа. Андгай, тангаргийн үгийг бичиж байна. Хэлэлцүүлэг маань өнөөдөр, маргааш гээд VII Их хурал хүртэл үргэлжлээд явна. Орон нутагт ч гэсэн зэрэгцээд хэлэлцүүлэг хийж байна.

-АН-ын гишүүдээс энэ удаа­гийн хэлэлцүүлгээр хамгийн их гарч байгаа санал нь юу байна вэ?
-Хариуцлагаа дээшлүүлэх, фракцын эсрэг байх, мөнгөтэй хүнд нам худалдагдаж болохгүй гэх санал их хэлж байна. Өнгөрсөн хугацаанд манай гишүүд их хаширсан. Тэр асуудлуудаа ярьж байна. Тэгэхээр цаашдаа манай улсад улс төрийн намын санхүүжилтийг төрөөс шийддэг хэлбэрт орох шаардлага үүсч байна. Аль нэг компани, хэн нэгний халаасанд орох асуудал тэгж байж л цэгцлэгдэнэ.

-УИХ-д суугаа гишүүдээрээ дамжуулан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Улс төрийн намуудын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчлөх асуудал яригдсан. Зарим дүүрэг аймгаас ч олон хүн амтай байхад сумын статустай жишиж тооцож болохгүй. Явцын дунд санхүүжилт, гишүүнчлэлийн талаар Улс төрийн намуудын тухай хууль, мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж шийдэх тухай яригдсан.

Олон тэрбум төгрөг зарцуулж мажоритор системээр сонгууль явуулах хэрэг байна уу. Германы Бундестагийн сонгуулийг 20 гаруй сая еврогоор хийдэг. Ангела Меркел гэдэг хүн Ерөнхий сайд болно гэж зарлаад тэдний намаас хэн нэр дэвшихээс хамаарахгүй хүмүүс улсаа удирдан чиглүүлэх хүн энэ гэж сонголтоо хийдэг. Тэгэхээр яваандаа Ерөнхий сайдын сунгаа гэж нам дотор гарч ирнэ. Ерөнхий сайд нь хүчтэй, эрх мэдэлтэй байхын  тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг нь манай намын дүрмийн өөрчлөлтийн явцад харагдлаа. Пропорциональ системтэй байсан бол намд нь санал өгөөд явж болох байсан. Тойрог дээр гэхэд хэдэн тэрбум төгрөг зарцуулж байхаар Ерөнхий сайд нь тэр болно гэж зарлаад сонгуульд оролцох ёстой дүрмийн өөрчлөлтийг бид хийх ёстой юм байна.

Манай намын дүрмийн өөрчлөлтийн гол санаа бол улс төрийн намуудыг манлайлж, өөрчлөлт шинэчлэлтийн түүчээ болох. АН сайн шинэчлэгдэж, өөрчлөгдөнө гэдэг бусад улс төрийн хүчний, түүгээр ч зогсохгүй тогтолцооны хувьд өөрчлөлт оруулах гол суурь болж өгнө. Бусад намыг муулж байгаа юм биш шүү. Гэхдээ, тэднээс санал, санаачилга гарах нь ховор байдаг. Тэгэхээр манай намын Үндсэн дүрмийн өөрчлөлтөд бүгд анхаарал хандуулж байгаа. Тавдугаар сар хүртэл дахиад гурван сарын хугацаа бидэнд байна. Тэр болтол гишүүд саналаа улам л сайн тусгаж, чамбайруулаад дүрмээ маш сайн баталж авах хэрэгтэй. Түүнээс хойш манай нам Швейцарь цаг шиг л ажиллах ёстой.     

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан