Стив Бэннон: АНУ-Хятад хоёр 10 жилийн дотор дайн хийнэ
2017 оны 2 сарын 8

Б.СЭВЖИДМАА

“АНУ-Хятад хоёр ойрын 10 жилийн дотор Өмнөд Хятадын тэнгисийн арлаас болж дайн хийнэ. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй”  гэж Цагаан ордны ахлах стратегич Стив Бэннон есөн сарын өмнө ярилцлага өгч байжээ. Тэр үед Стив Бэннон АНУ-ын засаг захиргаанд ямар нэг алба хашиж байсангүй. “Breibart” хэмээх мэдээллийн сайтын захирал байв. Харин тэр одоо Трампын засаг захиргааны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, АНУ-ын төрийн бодлогыг тодорхойлох ахлах стратегич болжээ. “Тime” сэтгүүл түүнийг Трампын дараах дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн гэж нэрлэсэн юм. Трамптай үзэл бодол яв цав нийцдэг, тиймдээ ч зөвлөхөөрөө томилсон гэдэг Стив Бэннон бол дэлхий нийтийн анхаарлыг татаад буй муслим шашинт долоон орны иргэдэд хориг тавих бодлогын ард зогсч буй хүн гэлцдэг. Тэгвэл түүний есөн сарын өмнөх ярилцлагадаа хэлсэн үгийг Трампын засаг захиргааны бодлого болно хэмээн таамаглаж болох уу? Түүний үгийг ноцтойгоор хүлээн авах хэрэгтэй юу?

Үүний тулд эхлээд Стив Бэннон гэж хэн болохыг цухас танилцуулах хэрэгтэй. Нэгэн хэвлэлд түүний тухай бичихдээ “Трамп юу хүсч байгааг дэмжигчид нь мэдэхгүй. Нам нь ч мэдэхгүй. Ер нь, тэр өөрөө ч мэдэхгүй. Харин Трампизмын улс төрийн харааг тодорхойлъё гэвэл Трампаас биш, харин түүний зөвлөх, Трампын захиргааны ахлах стратегич Стифен Бэнноноос асуу” гэжээ.
АНУ-ын Виржиния мужийн ажилчин ангийн гэр бүлээс гаралтай Бэннон тэнгисийн цэрэгт алба хаасан, Харвардын бизнесийн сургуулийг төгссөн нэгэн. Тэрээр залуудаа “Goldman Sachs”-т санхүүчээр ажиллаж байгаад дараа нь хэвлэл, энтертайментын салбараар дагнасан хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байжээ. Хэт барууны үзэл бодолтой тэрээр хэд хэдэн консерватив баримтат кино хийж байсан бөгөөд 2012 оноос “Breibart News”-ийн захирлаар томилогдсоноос хойш улс төрийн үзэл баримтлалаараа олонд танигдсан аж. Тэрээр өөрөө радио ярилцлагын шоу хөтөлдөг. Бүгд найрамдахчууд голдуу консерватив улстөрчдийг урьж оролцуулдаг байсны дотор Трамп байнгын зочин нь байж.

Олон улсын худалдаа, цагаачлал, олон нийтийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчин гээд маш олон асуудлаар Трамп, Бэннон хоёрын үзэл бодол, байр суурь нэгддэг аж. Тийм ч учраас Трамп өөрийн засаг захиргааны нөлөө бүхий суудлыг түүнд өгсөн хэрэг. Ажиглагчид, тоймчдын бичиж буйгаар Бэннон Америк ямар байх ёстой талаар өөрийн гэсэн тов тодорхой философитой. Түүндээ хатуу итгэдэг. Тийм ч учраас түүнийг карьер эсвэл эрх мэдэл хайсан бусад албан тушаалтантай харьцуулах аргагүй. Трампын захиргаанд мөнгө, албан тушаал хайж тэр ирээгүй. Гагцхүү түүхийг өөрчлөх гэж ирсэн хэмээн “Time”-д өгүүлжээ. Үүнийг ч батлах гэсэн мэт Бэннон “Вашингтон пост”-д илгээсэн захидалдаа “Улс төрийн шинэ дэглэм мэндэлж буйг би одоо харж байна” хэмээн бичжээ.  
Тэгвэл түүний хэлсэн улс төрийн дэглэм гэж юу вэ? Түүнд нь АНУ-Хятадын харилцаа, Өмнөд Хятадын тэнгист дэгдэж болзошгүй дайн холбоотой юу?
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтах болсон Бэнноны үзэж буйгаар АНУ-ын хамгийн том хоёр аюулын нэг нь Хятад, нөгөө нь Ислам гэнэ. Тийм ч учраас өнгөрсөн оны гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Ирэх 5-10 жилийн хугацаанд бид Өмнөд Хятадын тэнгист дайн хийнэ. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Тэд элсэн арал барьж, онгоц тээгч хийж, түүн дээрээ пуужингаа суурилуулж байна. Тэгээд АНУ-д ирээд, бидний нүүрэн дээр “Энэ бол эртнээс манай газар нутгийн нэг хэсэг байсан” гэж хэлж байна” гэжээ.

БНХАУ-ын тал Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхлээрээ өөрийн газар нутагт хамаатай гэж үздэг. Гэхдээ энэ тэнгисийг бас өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг хэд хэдэн орон бий. Харин тэднээс Хятад хамгийн шаргуу хөдөлж, өөрийн байр суурийг бататгахын тулд хиймэл шүрэн арал хийж буй. Одоогийн байдлаар долоон хиймэл арал Өмнөд Хятадын тэнгист бий болоод байна. Энэ долоон арал руу хятадуудыг ойртуулахгүй байх хэрэгтэй гэж АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон албаа авахаас өмнө мэдэгдэж, нэг хэсэг шуугиан тарьсан. “Бид Хятадад тодорхой дохио өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт, Өмнөд Хятадын тэнгист арал барихаа зогсоо. Хоёрдугаарт, энэ арлууд руу ойртож болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй” гэж тэрээр хэлсэн юм.

Хэрэв АНУ үнэхээр Хятадыг шинээр байгуулсан аралдаа хүрэхийг нь хориглох аваас дайн болно гэж экспертүүд үзэж байна. Үүнтэй ижил санааг Хятадын коммунист намын хэвлэл “Global Times”-т ч илэрхийлжээ. “Вашингтон Өмнөд Хятадын тэнгист томоохон дайн л дэгдээе гэж санаагүй бол Хятадыг хиймэл аралдаа хүрэхийг нь хориглоно гэдэг тэнэг хэрэг” гэж Хятадын тал хариуг нь барьсан. Гэхдээ Рекс Тиллерсон үүнийг албан ёсоор ажлаа авахаас өмнө хэлснээс гадна түүний дараа Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис Японд айлчлах үеэрээ Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг дипломат замаар шийдэх хэрэгтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “АНУ-ын цэргийн байр суурь бол дипломатуудаа л дайчлах” гэж хэлээд гэнэтийн цэргийн ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэж харж байгаагаа хэлсэн юм. 

Тэгвэл хэний үг, хэний байр суурь бодит үнэнтэй илүү нийцэх бол? Жил бүр таван их наяд ам.долларын худалдааны тээвэр дамжин өнгөрдөг Өмнөд Хятадын тэнгис үнэхээр аюулгүй, амар тайван байж чадах уу?

Харамсалтай нь, тийм гэж бүрэн итгэлтэй хариулах аргагүй. Яагаад гэвэл зөвхөн АНУ-ын тал ч биш, БНХАУ өөрөө энэ бүс нутагт дайн гарах магадлалтай гэж үзэж байгаа юм. Д.Трампыг тангараг өргөсөн өдөр Хятадын Ардын чөлөөлөх армийн албан ёсны цахим хуудаст анхаарууштай нэгэн нийтлэл гарсан тухай “South China Morning Post”-д мэдээлжээ. Хятадын Цэргийн төв комиссын албаны хүн өөрөө бичсэн тэрхүү нийтлэлд “Ерөнхийлөгчийн /Трампын.орч/ бүрэн эрхийн хугацаанд, ер нь өнөө орой ч дайн гарахгүй гэх газаргүй. Энэ зүгээр нэг уухай хашгирсан хэрэг биш, бодит байдал боллоо” хэмээн дурджээ.

АНУ Ази дахь стратегиа өөрчилж, Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист цэрэг армиа авчирч, Өмнөд Солонгост пуужингаас хамгаалах системээ байрлуулсан нь халуун цэгийг улайсгаж байна гэж Хятадын шинжээч дүгнэжээ.

Хятадын People’s Daily  хэмээх өөр нэг хэвлэлд саяхан “Гадаадын өдөөн хатгалгыг үл хэрэгсэн Хятадын арми далайд цэргийн сургуулилтаа хийх болно” гэдэг мэдээ ч гарсан. Хятадын нисэх онгоц тээгч Лиаонин өнгөрсөн сард Тайванийн хоолойг өнгөрсөн. Энэ мэт цөөнгүй тохиолдлоос ажиглавал Өмнөд Хятадын тэнгис хоёр том гүрний ашиг сонирхлын зөрчил огтлолцсон, халуун цэг болох нь тодорхой байна. Гагцхүү тэр халуун цэг улайссаар тэсэрч дэлбэрэх үү, эсвэл түүнээс өмнө намжааж чадах уу гэдэг анхаарал татаж байна. Одоогийн байдлаар бол хоёр улс нэгнийхээ чихийг сортолзуулзах мэдэгдлийг харилцан шидэлцэж, гал дээр оч нэмсээр байгаа юм

Тухайлбал, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер “Өмнөд Хятадын тэнгис дэх олон улсад хамаарах хэсгийг Хятад эзэмшилдээ авахаас АНУ хамгаална. АНУ өөрийн ашиг сонирхлыг хамгаалах нь мэдээж хэрэг” гэсэн бол үүний дараа Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч “АНУ хэлэх үг, хийх үйлдэлдээ анхааралтай байж, бүс нутгийн энхтайван, тогтвортой байдалд хор учруулахаас сэргийлэх хэрэгтэй” гэж анхааруулсан юм. 

Энэ мэт Өмнөд Хятадын тэнгисийг тойрсон зөрчил 5-10 жилийн дараах дэлхийн хамгийн халуун үйл явдал болж ч магадгүй хэмээн таамаглахад хүргэх сэжүүр олон байна. Ялангуяа, АНУ-ын бодлогыг тодорхойлж буй эрхэм Хятадыг №1 аюул гэж үздэг, Америкийн эрх ашгийг Трамп шиг бүхнээс тэргүүнд тавьдаг нэгэн байгаа тохиолдолд дайн гарахгүй гэх газаргүй бололтой.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.