Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Бүх гишүүнээсээ сонгогдсон даргыг хэн нэгэн огцруулах эрхгүй”


Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын дүрмийн Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн дарга Ш.Түвдэндорж нар VII Их хурлын талаар мэдээлэл өглөө. Сум бүрээс хоёр, хороо бүрээс таван төлөөлөгч энэ удаагийн Их хуралд оролцохоор болсон. Ингээд нийтдээ 2700 гаруй төлөөлөгч ирэх ням гарагт болох Их хуралд оролцох юм байна.
Намын шинэ даргыг батламжлах, хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо буюу Үндэсний бодлогын хорооны сонгууль, нийслэл, аймаг, дүүргийн АН-ын дарга нарыг сонгох зэрэг бүтэцтэй холбоотой өөрчлөлтийг дүрмэндээ тусгаж, батлуулах юм. Зөвхөн бүтэц, зохион байгуулалтыг хэрхэн хийхийг VII Их хурлаар хэлэлцэж тусгана. Харин дараагийн нэмэлт өөрчлөлтүүдийг тавдугаар сард болох VIII Их хурлаар хийж, Үндсэн дүрмээ эцэслэн батлана. Зарим мэдээлэлд тэд ийм хариулт өглөө.

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад долоон хүний нэр яригдаж байгаа. Хэзээ сонгох вэ?
Л.Эрхэмбаяр: -Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал оруулж Үндэсний бодлогын хорооны олонхийн саналаар сонгодог дүрмийн төсөлд байгаа. Өмнө нь ч тийм байсан.

-VII Их хурлаас Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгох уу?
Л.Эрхэмбаяр: -Энэ бол шинэ даргын бүрэн эрхийн асуудал. Одоогоор шинэ дарга хэдэн хүний нэр өгсөн байгааг мэдэхгүй байна.

-Ерөнхийлөгчийн сон­гуульд АН ялагдвал дарга нь хариуцлага хүлээх үү. Энэ талаар дүрмэнд тусгасан уу?
Ш.Түвдэндорж: -Ерөн­хий­­­­лөгчийн сонгуулийн дүнг намын Их хурлаараа хэлэлцье гэж байгаа юм. Аль аймаг сонгуулийн ажилд идэвхтэй оролцов, аль нам хэдий хэмжээний хандив өгөв, хэн нь тааруухан ажиллав гэдэгт дүгнэлт хийнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог бол намаас нэр дэвшсэнд, сонгогдсоны дараа намын гишүүн биш болдог. Хэрэв Ерөнхийлөгчийн сон­гуульд нам ялагдвал намын даргад хариуцлага тооцох нь харьцангуй ойлголт. Тэгсэн гээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тоохгүй хаяж болохгүй. Ийм онцлогтой учраас нэр дэвшигчээ сонгуульд ялуулахын төлөө хичээж ажиллах хэрэгтэй. Харин намын дарга УИХ-ын сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлага үүрнэ. Нийслэл, аймаг, дүүргийн намын дарга орон нутагтаа хариуцлагаа хүлээгээд явах нь зөв гэж дүрмийн төслөө боловсруулсан.

-Тэгвэл ямар тохиолдолд намын даргыг огцруулах вэ?
Ш.Түвдэндорж: -Эрүүл мэндийн шалтгаан, өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол эсвэл Ерөнхийлөгчөөр сонгогдвол намын даргаас чөлөөлөгдөнө. УИХ-ын сонгуульд нам ялагдсан бол мөн чөлөөлөгдөнө. Итгэл үзүүлэх эсэх асуудал байхгүй.

-Фракцгүй болох заалтуудыг дүрмэнд хэрхэн оруулсан бэ?
Ш.Түвдэндорж: -Нам дотроо дахиад эвлэлдэх нэгдэхийг хориглож байгаа. Гишүүд аль нэг төрийн бус байгууллага, хуулийн этгээдэд харьяалагддаг бол намын дотоод хэрэгт ТББ, хуулийн этгээдийн зүгээс оролцох оролдлого хийлгэхгүй байхыг тусгасан. Гишүүнд сахилгын 20 орчим шийтгэл хүлээлгэхээр заасан. Хүний нөөцийн бод­лого зөрчиж, зохион байгуулалтад ороод эрх бүхий хүмүүст тэрийг дарга, сайд болгоё гэж шахвал хариуцлага хүлээлгэнэ. Фракцаар зохион байгуулалтад орж ажиллахыг хорьсон. Ямар нэг байдлаар танил тал эсвэл ах дүү, фракцын зүгээс манай намын боловсон хүчний асуудлыг шийддэг хуучин систем халагдана. 

Л.Эрхэмбаяр: -Эрхзүйн хувьд фракцлаад ч ач холбог­долгүй болох заалт дүрмэнд орсон. Намын даргаа бүх гишүүнээрээ сонгосон учраас хэн нэгэн огцруулах боломжгүй. Тэгэхээр фрак­цууд барьцаалаад ч юм уу огцруулъя гэдэг асуудал харь­цангуй тогтвортой болно. АН дөрвөн жилдээ нэг даргатай явах тогтолцоо руу орсон.   
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан