Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт”-ийн асуудлаар эрх баригчид ч нэгдэж чадахгүй нь


Б.БИЛГҮҮН


УИХ-ын намрын чуулган өндөрлөж, байнгын хороод болон намын бүлгүүд өнгөрсөн хугацааны ажлаа тайлагналаа. УИХ нийт 85 өдөр чуулж, бие даасан 22 хууль, өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай гурван хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталжээ. Гэхдээ эдгээрээс намрын чуулганы хаалтын өдөр шийдвэрлэсэн “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал болон Засгийн газрын түвшинд яригдаж байгаа ОУВС-гийн хэлэлцээрийн асуудал үргэлжилж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах ёстой гэх шийдвэр гаргаснаар цаашид ОХУ-ын “Ростех” компани хэлэлцээрт гуравдагч этгээд болж орж ирэхээс гадна арбитрын шүүхэд маргаан үүсгэх зэргээр үйл явдал өрнөх бололтой. Сөрөг хүчний бүлгээс “Эрдэнэт”-ийн асуудал олон улсын хөрөнгө оруулалтад нөлөөлж, маргаан нь томорно гэж байгаа бол эрх баригч намын бүлэг ОХУ-ын талд хамаагүй, асуудлыг дотооддоо шийднэ гэсэн байр суурьтай байгаагаа өчигдөр мэдэгдлээ.

Дээрх асуудлын хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдээс зарим зүйлийг тодруулав.

/Төсвийн байнгын хорооны дарга/

-Байнгын хорооны тай­лангаас харахад Төрийн өмчит болон төрийн орол­цоотой аж ахуйн нэгжүүд 11.3 тэрбум төгрөгийн алдаг­далтай ажилласан байна. Энэ хүрээнд өр авлага, алдагдлыг бууруулах, үр өгөөжийг дээшлүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөл бо­ловсруулна гэж. Үр дүн нь ямар байгаа вэ. Эргээд тайлагнасан зүйл бий юу?
-Улирал тутамд хянаж, үр дүнг нь Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл өгсөн. Төсвийн байнгын хороонд хэд, хэдэн зарчим байгаа. Зөвхөн Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд биш Үндэсний аудитын ерөнхий газраас хийсэн аудит бүрийг байнгын хороогоор хэлэлцүүлж, холбогдох тогтоолуудыг гаргаж байхаар тохиролцсон. Монголбанк, эрчим хүчний салбар гээд аудит хийж, шалгах газрууд бий. Мөн өрийн асуудал. Бид яг хичнээн төгрөгийн өртэй юм гэсэн мэдээлэл тодорхой биш байсан. Тиймээс аудит хийж, өрийн мэдээллийг илүү тодорхой болгоно. Концесс, вексель зэргээр хийгдсэн төслүүдийг мөн шалгаж, өр үүсэхэд ямар нөлөө үзүүлсэн бэ, гэдгийг нь нарийн шалгах юм.

-ОУВС-гийн төлөөлөг­чид ирсэн. Ойрын хуга­цаанд “Standby” хөтөлбөрт хамрагдах эсэх асуудлыг шийднэ гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа. Танд ямар мэдээлэл байгаа вэ?
-ОУВС-гийн төлөөлөгчид Засгийн газартай хэлэлцээр хийж байгаа. Энэ долоо хоногтоо эцэслэгдэнэ гэдгийг л хэлмээр байна.

-Хэрвээ, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар бол улсын төсөвт тодотгол хийгдэх үү?
-Засгийн газар ОУВС-тай гэрээ хэлэлцэл хийж байгаа. Үр дүн нь ямар байхаас хамаарч тодотгол хийгдэх байх. ОУВС, Засгийн газар хоорондоо тохирч аль, аль нь шийдвэрээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр манай улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрээ баталгаажуулдаг. Тэгэж байж энэ хөтөлбөр хэрэгжих эсэх тухай яригдана. Хэрвээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах шаардлагатай тухай асуудал хуульд багтсан бол ээлжит бус чуулган хуралдаж, хуульд холбогдох өөрчлөлт оруулах байх. Нарийн мэдээллийг Засгийн газар л өгнө. Надтай уулзахдаа энэ долоо хоногтоо багтаж, эрмэлзэх захидал буюу эрмэлзэж буй зүйлээ олон нийтэд мэдээлнэ гэсэн.

-Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр энэ хуулийг хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь та. Нэг үндэслэл нь ОУВС-гийн хэлэлцээрт нөлөөлж магадгүй гэж байсан?
-Тийм. Уг нь, Хөгжлийн банкны асуудлаар миний байр, суурь маш тодорхой байсан. Гурван долоо хоногийн өмнөөс эхлээд Хөгжлийн банкны асуудлаар ОУВС болон олон улсын хэмжээнд ажилладаг экспертүүдийн саналыг тусгах ёстой гэсэн хатуу байр, суурьтай байсан. Яагаад гэвэл, энэ банкийг олон улсын санхүүгийн зах зээл дээр ажиллаж чаддаг, Засгийн газрын баталгаагүйгээр мөнгөө босгодог, үйл ажиллагаа нь ил тод, улс төрийн оролцоогүйгээр бие даасан шийдвэр гаргаж чаддаг байгаасай л гэж бодсон юм. Гэхдээ би ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзаж, 13 санал авсан. Түүнийгээ хуулийн төсөлд оруулж, батлуулж чадсан. Дөргүй бух шиг зүтгэхгүй анхнаасаа олон улсын экспертүүдийн саналыг нь аваад хуулийн төслөө боловсруулсан бол хэл амгүйгээр батлагдах байсан. Дараа нь санал аваад нэг хоногийн дотор өөрчлөлт оруулах шаардлага байгаагүй.  
      
-Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 3.5 хувь гэж төсөөлсөн. Гэвч, томоохон орд, газруудыг хөдөлгөхгүйгээр ийм хэмжээний өсөлт гарахгүй биз дээ. Орд, газруудаас хичнээн төгрөгийн орлого олно гэж тооцсон юм бэ?
-Засгийн газар төсөв оруулж ирэхдээ 2017 оны улсын төсвийг 3.5 хувиар өснө гэж оруулж ирсэн. Мэдээж, энэ өсөлт “Тавантолгой”, “Гацуурт” зэрэг орд газар болон төмөр барина, эрчим хүчний төслүүдээ хөдөлгөнө гэж төсөөлсний л үр дүн. Тиймээс 3.5 хувиар өсгөх бол томоохон төслүүдээ зайлшгүй хөдөлгөх ёстой. Хэрвээ, хэрэгжүүлэхгүй бол эдийн засагт 3.5 хувийн өсөлт гарахгүй, төсвийн орлого тэр хэрээрээ багасна.

-Ер нь, одоогоор төсөв, мөнгөний байдал ямар байгаа вэ?
-2017 оны төсөв томоохон төслүүдийг хөдөлгөнө гэсэн тооцоолол дээр хийгдсэн. Хэдийгээр бид зардлуудыг хянаж, Засгийн газар, төрийн байгууллагууд хэмнэлт гаргах чиглэлээр ажилласан ч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байж өсөлт гарна. Тиймээс нилээд шахаж, шаардаж байх ёстой. Засгийн газар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх төслүүдийг хурдтай шийдэх хэрэгтэй.

-Томоохон төслүүд болон лицензүүдийг сэргээ­нэ гэвэл хууль, эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу?
-Төсвийн байнгын хорооноос хөрөнгө оруулалтын орчныг сайжруулъя гэвэл Татварын тухай хуулиудаар оролдоод байх шаардлагагүй гэж дүгнэсэн. Одоо байгаа хуулиа чанд мөрдөхөд л болно. Тиймээс хуулиар бага оролдож, Засгийн газар ажлаа сайн хийх хэрэгтэй.

-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ямар байр, суурьтай байгаа вэ. Ажлын хэсгийн дүгнэлтэд хариуцлага хүлээлгэх хүний нэр байхгүй байна гэж шүүмжилж байсан?
-Хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байгаа юм бэ, гэдгийг би байнга лавлаж байгаа. Хэрвээ тухайн үеийн Засгийн газар нь “үгүй” гээд хэлчихсэн бол өнөөдрийн байдалд орохгүй байсан. Тэгэхээр би ажлын хэсгийн дүгнэлтэд улстөрчид, тухайн үеийн шийдвэр гаргасан Ерөнхий сайд, асуудал хариуцсан сайд нарт ямар хариуцлага тооцох тухай оруулах ёстой гэж байгаа юм. Гэтэл ширхэг ч өгүүлбэр байхгүй. Хоёрдугаарт нь, хоёр сарын дараа бид Евро бондын 580 сая ам.долларын үндсэн төлөлт хийнэ. ДНБ-д эзлэх өрийн дарамтаараа нэгдүгээрт явж байна. Ийм нөхцөл байдалд дахиад ихээхэн хэмжээний ам.доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь цаг үеэ олсон шийдвэр эсэхэд эргэлзэж байна. Бид олон талаас нь харах ёстой байсан. Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Яагаад гэвэл, 2009 оны долдугаар сарын 7-ны Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр Ураны лицензүүдийг эмхэлж, цэгцэлсэн асуудал байдаг. Тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дүнг үндэслэсэн. Энэ нь зургаан жил арбитрын шүүхээр яваад эцэстээ Засгийн газар 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүгдийг эргэцүүлж үзэж байгаад шийдвэрээ нухацтай шийдвэр гаргах байсан. Байр, суурь маань одоо ч хэвээрээ байна.

-Гэхдээ одоо нэгэнт 49 хувийг төрийн мэдэлд авна гэсэн шийдвэр гарчихсан. Одоо тэгвэл ямар нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа вэ. Арбитрын шүүхэд асуудал очих болов уу?
-Ямар маргаан хэрхэн үргэлжлэхийг би мэдэхгүй байгаа ч эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.


Д.Хаянхярваа: Эхний хагас жилдээ багтаад Тавантолгойн асуудал хэлэлцэгдэх байх

/УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/

-Засгийн газрын 330 дугаар тогтоол буюу “Эрдэнэт”-ийн хувьцаанаас татгалзсан улстөрчдөд хариуцлага тооцох асуудлыг хөндөхгүй байна гэх шүүмжлэл танай намын бүлгээс мэр сэр гарч байна. Энэ асуудлаар бүлэг ямар байр, суурьтай байгаа?
-Засгийн газар хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзээд прокурорын байгууллагад хандсан шүү дээ. Прокурорын газар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг нь, энэ бичигт нь давж заалдах боломж байдаг ч бичиг нь давж заалдах хугацаа дууссаны дараа ирсэн байх жишээтэй. Гэхдээ өмнөх Засгийн газар хууль зөрчсөн гэж үзвэл хууль, хяналтын байгууллагад хандах эрх нь нээлттэй байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлыг сөрөг хүчний бүлэг хүчтэй шүүмжилж байгаа. Английн арбитрын шүүхээр ялагдаж, 140 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөгийн төлбөр төлөх ёстой болсон гэдэг. Үүний 54 сая ам.долларыг нь төлчихсөн юм уу?
-360 тэрбум төгрөгийн 50 орчим сая ам.долларыг нь хохирол учруулсан “Жаст” групп төлж барагдуулсан. Үлдэгдэл байгаа гэдэг асуудал яригдсан. Яг өнөөдрийн байдлаар Засгийн газрыг төлбөр төл гэсэн шийдвэр ирээгүй. Ямар нэг шийдвэр ирвэл ярьж, шийднэ. Гэвч, залилан хийсэн хүмүүс нь тодорхой тул Засгийн газарт биш хувь хүмүүс дээр л энэ ачаа нь очих байх. Энэ үйлдвэртэй холбогдсон яриа зөндөө гарч байна. Шахаа, арбитр гээд. Зөвхөн энэ жил биш байнга л ярьж байгаа. Тиймээс ил тод, нээлттэй болгох асуудлыг хөндөх хэрэгтэй.
Ер нь, “Эрдэнэт” болоод томоохон төрийн өмчт улсын үйлдвэрийн газруудыг нээлттэй компани болгох тухай асуудал цаашид яригдана. Өөр зарчим байхгүй. Шударга, ил тод, тодорхой хэсэгт нь хувьцаа гаргаж, арилжина. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш боломж олгоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэтийн данс ил тод болох ёстой” гэж ярьж байна лээ. Үүнийг нь дэмжиж байгаа. УИХ-ын дарга М.Энхболд ч гэсэн ил тод байх зарчмыг дэмжиж байгаагаа хэлсэн.

-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлаар бүлэг ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг энэ Засгийн газар маш нухацтай судалж буй юм билээ. Бүлгийн хуралд нэг удаа танилцуулсан. Бүлгийн гишүүдийн зүгээс багагүй санал гарссан тул дахин чамбайруулахаар ажиллаж байна. Аль болох богино хугацаанд эргэлтэд оруулах шаардлага бий. Гэхдээ том хэмжээгээр нь буюу төмөр зам тавих, нэмүү өртөг шингээх зэрэг бүхлээр нь хэлэлцүүлэх шаардлагатай. Намрын чуулган эхлэх хугацаанд, эхний хагас жилдээ багтаагаад Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулах болов уу гэж найдаж байгаа.

0 Сэтгэгдэл
ЭРДЭС БАЯЛАГ ТУУХИЙ ЭДИЙН УНЭ УНАЖ, УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ХУНДРЭХЭД, АРД ТУМЭН ОЛОН НИЙТ НЬ УЛС ТОРИЙН УУГАН ХУЧИН МАН-ыг ХЯМАРЛААС ХУРДАН ГАРГАЖ ЧАДНА ГЭЖ УЗЭЭД УНЭМЛЭХУЙ ОЛОНХИ БОЛГОСОН Ч ЭНЭ ХУГАЦААНД ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙХЭЭС ООР ЯМАР Ч ОЛИГТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГУЙ БАЙГАА БОЛОН ДАРГА НАР НЬ НИЙЛЭЭД ТОРООС ХУЛГАЙ ХИЙСНЫГ МЭДСЭЭР БАЙЖ ХАЙЦААЛЖ ХАМГААЛСААР ХУГАЦАА АЛДСАН ТУЛ ХАРИЛЦАН ХЯНАЛТТАЙ БАЙХ УУДНЭЭС Н.АЛТАНХУЯГИЙГ ЕРОНХИЙЛОГЧ БОЛГОХ НЬ НИЙГМИЙН ЗАХИАЛГА ЮМ ШУУ.
Хамгийн их уншсан