Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс 2012 оноос хойш 56289 Иргэнээ “цаазалсан”

-Үр хөндөлтгүй Монгол найман сая иргэнтэй байх байв-

Ж.ЖАМУХА

Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол Улс цаазын ялгүй 97 дахь орон боллоо” хэмээн зарлан тунхаглаж байв. Харамсалтай нь, тэр цагаас хойш үр хөндөлт хэмээх “аллагын машин”-аар 56289 иргэнээ нөгөө ертөнцөд аваачжээ. Гэхдээ энэ бол зөвхөн үр хөндөлт хийх зөвшөөрөл бүхий 10 гаруй эмнэлгийн дүн мэдээг нэгтгэсэн байдал. Үүний цаана бүртгэгдээгүй үр хөндөлт хэчнээн хийгдсэнийг хэлэх аргагүй. Ердөө тавхан жилийн хугацаанд 56 мянган ураг, эрхээ эдэлж чадалгүй эхийнхээ хэвлийд “цаазлуулсан” гэхээр зүрх зүсэм тоо. Үүнийг дундажлан үзвэл жил бүр 11.2 мянган эх үр хөндүүлсэн гэсэн үг.

 Эхийн хэвлийдэх ургийг эдлэх эрхтэй болгоё

“Хүн бүр төрсөн цагаасаа хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой” хэмээн Хүүхдийн эрхийн тухай конвенцын оршил хэсэг эхэлнэ. Өөрөөр хэлбэл, төрсөн цагаасаа эхийн хэвлийгээс хүйгээр салж, энэ орчлонд хүн болж мэндэлснээр хууль, конвенцоор хамгаалагдах эрхтэй гэсэн үг.

 Тэгвэл хүн болж төрөөгүй ч эхийн хэвлийд бүрэлдэж буй ураг ямар эрх эдлэх вэ. Тэдэнд эдлэх ёстой эрх гэж бий юу. Харамсалтай нь, зүүний үзүүр дээр тогтсон арвай адил их хувь тохиолоор хүмүүн заяаг олсон ч “хүсээгүй” гэх шалтгаанаар “эцэг эхийнхээ гарт” амиа алдаж буй ургийн тоо жил ирэх бүр өссөөр байна.

Сүүлийн дөрөвхөн жилийн дүн мэдээнээс үр хөндөлт жилээс жилд нэмэгдэж байгааг харж болно. 2013 онд 7258, 2014 онд 8740, 2015 онд 10499, 2016 онд 11334 үр хөндөлт хийгджээ. Угтаа цаасан дээр нэргүй ч эхийн хэвлийд ураг бүрэлдэж эхэлсэн цагаас хүн болж байна гэж ойлгож болохоор. Гэтэл бид үр хөндөлт гээчийг хүүхэд, хүний аминд хүрч байна гэж ойлгодоггүй. Тэгсэн атлаа “Хүүхдийн эрх” гэж хэлтэй амтай болгон хэлдэг ч нэдэр дээрээ нийгэм тэр аяараа өдөр тутмын “аллага” дунд амьдарч байгаа гэлтэй. Тиймдээ ч зах зээлд шилжсэнээс хойш борооны дараах мөөг шиг олширсон хувийн эмнэлгүүдийг хүний амиар хөлжиж байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Нөгөөтэйгүүр “үйлчлүүлэгч” нь байгаа болоод л эдгээр эмнэлгүүд ил далд хүний амь “тасалсаар” байгаа хэрэг. Тиймээс хамгийн түрүүнд эдгээр эмнэлгийг цэгцэлж, цаазын ялгүй орон болсон шигээ, хүний эрхийг дээдэлсэн, хүнлэг ардчилсан нийгмийг цогцлоосон шигээ эхийн хэвлийдэх ургийг эдлэх эрхтэй болгохсон.

Нэг үгээр эрүүл мэндийн тухай хуулийг ахин харах, эмч, эмнэлгийн байгууллагуудад тавих хяналтыг чангатгах зүй ёсны шаардлага тулгараад байна.

 

Нийт жирэмслэлтийн талаас илүү хувь нь хүсээгүй жирэмслэлт байдаг

Жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох үйлдлийг үр хөндөлт гэх бөгөөд манай улсад жирэмсний 12 долоо хоногт буюу эхний гурван сарын хугацаанд үр хөндөлт хийхийг хуулиар хүлээн зөвшөөрдөг. Харин 13-23 долоо хоногтой буюу ураг эхийн хэвлийд бүрэлдээд 91-189 хонож байгааг хожуу үр хөндөлт гэх бөгөөд зөвхөн эмчийн магадлагаа, зөвшөөрөлтэй хийгддэг. Гэхдээ хуулийн дагуу хожуу үр хөндөлт хийх цөөн хэдэн тохиолдол байдаг бөгөөд үүнд тухайн жирэмслэлт нь эхийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах нь тогтоогдсон эсвэл 18 хүртэлх насны охид, цус ойртсон, хүчирхийлүүлсэн нь нотлогдсон тохиолдолд хийдэг аж. Гэвч манай улсад зөвхөн хүсээгүй хүүхэд гэх шалтгаанаар хожуу үеийн үр хөндөлт нууц байдлаар хийгдсээр байна.

Учир мэдэх нэгний хэлж буйгаар үр хөндөлтийн тохиолдол яг ХДХВ, ДОХ-той адил нэг хүний ард дахин нэг хүн байдаг гэх нь бий. Товчхондоо, хуулийн хугацаанд, албан ёсны бүртгэлтэйгээр хийгдсэн нэг үр хөндөлтийн цаана нууцаар хийгдсэн нэг байдаг гэсэн үг. 7, 8 сартай урагт үр хөндөлт хийсэн тохиолдол ч гарч байсан гэдэг. Түүнчлэн, жил бүр бүртгэгдэж буй нийт жирэмслэлтийн талаас илүү хувь нь хүсээгүй жирэмслэлт байдаг бөгөөд тэдгээрийн 40 гаруй хувь нь үр хөндөлтөөр дуусдаг. Мөн үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 58 хувь нь 25-аас доош насны охид, бүсгүйчүүд байдаг бол гэрлээгүй эмэгтэйчүүд 70 орчим хувийг эзэлдэг.

Д.Энх-Оюун: “72 цаг” эм бол гэр бүл төлөвлөлтийн арга биш

Сүүлийн жилүүдэд “72 цаг” нэрээр хүмүүс мэдэх болсон постинор, прегнон зэрэг эмийг охид бүсгүйчүүд ойрхон давтамжтайгаар хэрэглэх нь нэмэгдсэнээр өндгөвчний өвчтэй болох, сарын тэмдэг алдагдах, алга болох мөн киста буюу уйланхайтай болох тохиолдол газар авчээ. Угтаа эдгээр эмийг жилд 1-2 удаа хэрэглэх ёстой ч манай охид бүсгүйчүүд хэт ойр давтамжтай хэрэглэж заншсаныг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Постинор, прегнон зэрэг эм нь дааврын өндөр агууламжтай байдаг учир ойр давтамжтай, олон удаа хэрэглэвэл цаашлаад хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг аж.

Эл эмийг ямар ч хяналтгүй борлуулж байгаа нь эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад тавих хяналт сул, иргэдийн дунд ойлголт, мэдээлэл дутмаг байгаагийнх хэмээн  эмч нар хэлж байна. Энэ тухай “Marie Stopes International” олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн захирал Д.Энх-Оюунтай ярилцлаа.

-Охид бүсгүйчүүд хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсны дараа хүүхэд олсон байж магадгүй хэмээн “72 цаг” гэх эмийг ууж хэрэглэх нь олширч. Гэтэл эл эмийг жилд 1-2 удаа л хэрэглэх ёстой гэх юм?

-Тиймээ. Гадуур “72 цаг” нэрээр хүмүүс мэдэх болсон постинор, прегнон зэрэг эмүүд жирэмслэлтээс хамгаалах арга биш. Эмч нар ч энэ эмийг ууж жирэмслэхээс хамгаал гэж зөвлөдөггүй. Энэ эмийг ууж хэрэглэснээр нэг үгээр жирэмслэлт явагдах гэж байсан үйл явцыг хүчээр таслан зогсоож байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймдээ ч нэлээд хүчтэй эмд тооцогддог. Өндөр тунгаар гормон агуулдаг учир өндгөвчний үйл ажиллагааг зохиомлоор хямраадаг. Хэрэглэсэн зарим хүнд байнга цус алдах шинж тэмдэг ч илэрдэг. Гэтэл манай охид бүсгүйчүүд энэ эмийг байнгын түргэн тусламж мэтээр ойлгож, бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагт багтаан ууж хэрэглээд хэвшчихэж. Энэ нь маш буруу. Өндгөвч өндгөн эс боловсруулах байнгын үйл ажиллагаатай байхад гэнэт дундаас нь зохиомол үйл хэрэглэхтэй зэрэг яаж эрүүл байхав. Ер нь, гормон нь цусанд ормогц бүх эрхтэний системд нөлөөлдөг учир маш болгоомжтой хандах ёстой. Гормоны найрлагатай эм уусан эмэгтэйн цус зургаан сар болж байж бүрэн цэвэршдэг. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дотор цусанд гормоны агууламж байж байдаг бөгөөд энэ үед дахин эм ууж хэрэглэвэл агууламж нь байх ёстой хэмжээнээс хэтэрч, сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тиймээс л жилд 1-2 удаа уух ёстой гээд байгаа хэрэг. Гэтэл зарим охид бүсгүйчүүд сар бүр хэрэглэх нь ч байна.

-Ер нь, манай улсад жирэмслэлтээс хамгаалах хэч­нээн төрлийн эм, бэлд­мэл худалдаалж байгаа бол?

-Жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэл, хэрэгслийн хувьд нэг үеэ бодоход харьцангуй сонголт ихтэй болсон. Жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийг урт болон богино хугацааны, байнгын гэж ангилдаг. Манай охид бүсгүйчүүд жирэмслэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд ихэвчлэн ерөндөг сонгодог. Ерөндгийн хэрэглээ 54 хувьтай байдаг. Харин богино хугацааны арга гэхээр тариа, эмийн аргууд бий.

-Ер нь эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах аргын талаарх мэдлэг, мэдээлэл хэр байдаг вэ. Тодорхой судалгаа, тандалт байдаг уу?

-Өнгөрсөн онд эмэгтэй­чүүдийн дунд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн мэдлэг ямар байгаа талаар түүвэр судалгаа явуулсан. Энэ судалгаагаар эмэгтэйчүүдийн мэдлэг 94.5 хувьтай гарсан бол хэрэглээний хувьд 54 хувьтай байсан. Энэ нь бүсгүйчүүд жирэмслэлтээс хамгаалах ямар аргууд байдгийг мэддэг боловч хэрэглээний тухайд учир дутагдалтай байна гэсэн үг.

-“72 цаг” эмийн сөрөг нөлөөллийн тухайд?

-Аливаа бүх эм, тарианд давуу болон сул тал гэж байдаг. “72 цаг” эм бол гэр бүл төлөвлөлтийн арга биш. Жишээ нь, эмэгтэйчүүд сар бүр ууж хэрэглэдэг “Феминил” эм бол жирэмслэлтээс сэргийлэх эм. Бүсгүйчүүдийн хувьд гэр бүл төлөвлөлтөөс шалтгаалж сар бүр, тогтмол энэ эмийг хэрэглэж сэргийлдэг. Харин “72 цаг” эм бол гэр бүл төлөвлөлтийн арга биш. Тохиолдлын бэлгийн харилцаанд орсон, жирэмснээс хамгаалах эмээ уухаа мартах, бэлгэвч урагдсан тохиолдолд л хэрэглэдэг. Гол нь энэ эмийг сар бүр хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ер нь ямар ч аргыг зөв зохистой хэрэглэвэл гаж нөлөө багасч, үр дүн нэмэгддэг. Түүнтэй адилхан энэ эмийг аргагүй тохиолдолд жилдээ нэг л хэрэглэж болно. Түүнээс биш сар бүр хэрэглэвэл сөрөг нөлөөтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан