Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Батсэлэм: Оюутны хөгжлийн зээлийг 70 мянган оюутанд олгох боломжтой ч 1000 гаруй оюутан л зээл аваад байна

Оюутнууд зээл авч сургалтын төлбөрөө төлөх нөхцөл энэ хичээлийн жилээс бүрдээд удаагүй. Тэгвэл энэ ажил хэр ахицтай яваа талаар БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн Зээлийн албаны дарга Э.Батсэлэмээс тодрууллаа.

 -Сургалтын төлбөрийн зээлд оюутнууд хэр хамрагдаж байна вэ. Мөн зээл авахаар хандаж буй оюутнуудын гаргаж буй нийтлэг алдаа юу байна вэ?

-Оюутны хөгжлийн зээлийг ХААН, Хас, Голомт, Капитрон, Төрийн, Улаанбаатар хотын банкаар дамжуулан олгож байна. 2016 оны сүүлчээр банкуудад санхүүжилтийн эхний эх үүсвэрийг байрлуулснаас хойш 1000 гаруй оюутан зээл авч, сургалтын төлбөрөө төлсөн байна. Хүү бууруулах, богино болон урт хугацаатай гэсэн гурван төрлийн зээлээс оюутнууд сонголт хийж болно. Ингэхдээ хүү бууруулах гэдэг нь цалин, тэтгэврийн, малчны зээл авч оюутныхаа сургалтын төлбөрийг төлсөн гэдгээ нотолвол жилийн таван хувийн хүүтэй энэ зээлд шилжүүлж болно гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Гэхдээ оюутан элсэлтийн шалгалтад 400-гаас дээш оноо авсан байх шаардлагатай.

Хоёрдугаарт, 2.0-оос дээш голч дүнтэй оюутан зээлийн хүү болон төлбөрөө 12 сард бүрэн төлөх богино хугацаатай зээл авч болно. Гуравдугаарт, урт хугацаатай зээлийг оюутан бакалаврын боловсролоо эзэмшсэнээс хойш 3-5 жилийн хугацаанд төлөх боломжтой. Урт хугацаатай зээлийн шалгуур бусдаас илүү өндөр.

Тухайлбал, элсэлтийн шалгалтад 650-аас дээш оноо авсан, оюутны голч дүн 3.0-оос дээш байх шалгуур тавьсан. Зээл авсан оюутан курсээсээ шалтгаалан зээлээ 5-10 жилийн хугацаанд төлж дуусах ёстой. Мөн Засгийн газраас тэргүүлэх ач холбогдолтой гэж зарласан мэргэжлээр сурч байгаа бол голч дүн 2.3-аас дээш байж болно гэж заасан.

-Сургалтын төлбөрийн зээл авахын тулд ямар материал бүрдүүлэх вэ?

-Оюутан гэр бүлийн тогтмол орлоготой гишүүнийг хамтран зээлдэгчээр оруулна. Сургалтын төлбөрийн зээлийг дээрх банкууд ажлын өдрүүдэд хэвийн олгож байгаа. Энэ зээлийг 70 мянга орчим оюутанд олгох боломжтой ч одоо 1000 гаруй оюутан зээл аваад байна гэдгийг дахин хэлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан